1сар1сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1сар1сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж байна. 

10 ахмадын 6 нь хамгийн доод түвшний тэтгэвэр авч байна

Монгол Улсад өнөөдөр тэтгэвэр авч буй 518,700 иргэн байгаагаас 60% нь тэтгэврийн доод хэмжээний орлоготой амьдарч байна. Тэтгэвэр бол ахмадуудын нийгмийн баталгаа болох учиртай орлого. Гэвч 2025 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 300,000 орчим ахмад тэтгэврээ барьцаалан зээл авсан гэсэн Монголбанкны судалгаа байгаа бөгөөд 60% нь хамгийн бага буюу 700,000 хүрэхгүй төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дийлэнхийнх нь орлого амьдралд нь хүрэлцэхгүй учраас тэтгэврээ барьцаалан зээл авдаг ажээ.

Ер нь яагаад сар бүрийн амьдралаа залгуулах ёстой мөнгөө барьцаалж, дараагийн 1-2 жилийн орлогоо сох таслан, эрсдэлд оруулан байж зээл авах болсныг судалж үзэхэд юуны өмнө дээр дурдсанчлан орлого хүрэлцэхгүй, эрүүл мэндийн зэрэг гэнэтийн зардал гарахад зээл авдаг бол дийлэнх нь өөрөө биш, үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, машин авах зэрэг санхүүгийн хэрэгцээнд нь нэмэр болох гэж авдаг гэсэн судалгаа байна. Энэ нь ахмадууд төдийгүй Монгол Улсын нийт иргэдийн амжиргааны түвшин, орлогын хэмжээтэй шууд холбоотой нь ойлгомжтой.

Нөгөө талаар зээлтэй ахмадуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн өсөлт амьдралд наалдахгүй байгааг илтгэж байгаагаас гадна улстөрчдийн поп шийдвэр хүчтэй нөлөөлж байна. 

Тэтгэврийн зээлийн өсөлт нь улс төрийн шийдвэрүүдээс улбаатай байна

Монгол Улсад тэтгэврийн зээлийг анх удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэглэх шийдвэрээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр танилцуулж, Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг буюу 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ. Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.

Хэдийгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилсан тэтгэвэр тэглэх шийдвэр нь цар тахлын үед ахмадуудыг хүнд байдалд орохоос хамгаалсан гэх боловч нийгмийн сэтгэл зүйд “зээл авах нь ашигтай” гэсэн ойлголтыг өгсөн хортой үйл явдал болсныг тоонууд илэрхийлж байна.

Дараа нь УИХ-аас 2021 оны тавдугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан (Тухайлбал, жилд нэг удаа, зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон болон өр орлогын харьцаа зэрэг) заалт хасагджээ. Үүний дараагаас банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны хоёрдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөгт хүрч, 2019 оны эцэс буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэв. 

Иймд Монголбанкнаас зохицуулалт хийж, 2025 оны эхний хагаст шат дараатай арга хэмжээ авснаар дээрх дүн 1.7 их наяд төгрөгт хүрч буурсан. Гэсэн ч долдугаар сард нь тэтгэврийн зээлд мөрдүүлж байсан хязгаарлалтуудыг цуцалснаар зээлийн өсөлт эргэн эрчимжиж, 2025 оны аравдугаар сарын байдлаар буцаад 2.4 их наяд төгрөгт хүрч огцом өсөөд байгаа юм. Ахмадуудын эсэргүүцэл, улс төрийн шахалтад хавчигдсан Монголбанк зээлийн хязгаарыг 36 сар болгож, 100% олгох шийдвэр гаргасан нь дээрх огцом өссөн дүнг улам нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хөгшин 3 жилийн турш сар бүр авах ёстой тэтгэврээ нэг дор бөөнд нь аваад үлдсэн хугацаандаа огт орлогогүйгээр амьдарна гэсэн үг. Нэмээд хэлэхэд тэрхүү бөөнд нь авч буй мөнгөнөөс дунджаар 17%-ийн зээлийн хүүг хасаж тооцохоор гар дээр ирэх мөнгө нь бүр ч багасдаг талаар доор тайлбарлана.

Тэтгэврийн ахмадууд бизнесменүүд юм уу?

Ахмадууд хэзээ ч хүссэн дүнгээрээ зээл авч чаддаггүй. Жишээлбэл, 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 36 сарын хугацаатайгаар 20 орчим сая төгрөгийн зээл авахаар банканд очиход гар дээрээ 15 орчим саятай гардаг. Энэ нь арилжааны банкнаас ахмадуудад тэтгэврийг нь барьцаалан олгож байгаа зээлийн хүү, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүтэй ижил буюу дунджаар 17% байгаатай холбоотой байна. Арилжааны банкууд бизнес эрхэлж, ашиг олдог аж ахуйн нэгжүүдэд дунджаар 17.4 хувиар зээл өгдөг бол тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудад хугацаанаас нь хамаараад 15.6-18 хувийн хүүтэй зээл өгч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, улстөрчид ахмадуудыг бодож шийдвэр гаргаж байгаа мэт боловч цаанаа тэднийг бүр удаан хугацаанд санхүүгийн хувьд хүнд, бусдаас хараат байж, ядуурал руу гулсахад түлхэж байгаатай адил болохыг нотолж байна.

Ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарсаар

Ийнхүү ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарч байгаа ба зээлийг замбараагүй олгох шийдвэр гаргалтад улстөрчид ийн нөлөөлж байна. 

Монголбанкны судалгаагаар өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн өр, орлогын харьцаа дунджаар 82.6 хувь байгаа буюу зээлийн төлбөрийн дарамт өндөр байна. Зээлдэгчид дунджаар тэтгэврийн орлогынхоо 83 орчим хувийг зээлийн төлбөрт суутгуулж, үлдэх 17 орчим хувь нь гар дээр нь үлдэж байна гэсэн үг.

Нэг зээлдэгч дунджаар 8.1 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, сард 705 мянган төгрөгийг зээлийн сарын төлбөрт төлж буй аж. Санхүүгийн дарамттай байгаа учраас тэтгэврээ барьцаалан зээлсэн ахмадууд зээлээ төлж дуусахаас өмнө гэрээгээ шинэчилж, нэмж зээл авах хандлагатай байгааг Монголбанкны судалгаанд мөн дурджээ. 

Арилжааны банканд ахмадуудын тэтгэврийн нэг ч төгрөг байхгүй…

Ахмадууд 36 сараар тэтгэврээ барьцаалан зээлэх нь ямар хортой үр дагавартай тухай болон улстөрчдийн шийдвэр ахмадуудаа ядуурал руу түлхэж байгаагаас ялгаагүй гэдгийг дээр өгүүлсэн. Үүн дээр нэмээд тэтгэврийн зээлийн хүү бизнесийн зээлийн хүүтэй ижил түвшинд өндөр байгаа тухай эдийн засагчид санал нэгтэйгээр хэлж байна. 

Эдийн засагч Г.Батзориг “Тэтгэврийн зээлийн гол асуудал нь зээлийн хүү. Банкны хувьд тэтгэврийн зээл бол хамгийн ашигтай бүтээгдэхүүний нэг. Яагаад гэвэл орлого нь хэзээ ч тасалддаггүй, хэзээ ч чанаргүй зээл болдоггүй учраас ашигтай болчхож байгаа юм. Тиймээс ахмадуудын зээлийг зах зээлийн үнээс хямдаар өгөх боломжтой” гэсэн бол СЭЗИС-ийн ахлах багш, эдийн засагч Ч.Өнөржаргал “Энэ чинь тэтгэврийн зээл биш, ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ. Манайхан тэтгэврээ урьдчилж аваад байна гэж бодоод байдаг. Тэтгэвэр гэдэг нь хөдөлмөрлөх боломжгүй болсон үед сар бүр олгогдох амьжиргааны эх үүсвэр юм. Тиймээс банкны “тэтгэвэр барьцаалсан зээл” гэдэг бүтээгдэхүүнийг сонгохдоо ирээдүйн 36 сараа эрсдэлд оруулж байгаа юм биш биз гэдгээ дахин бодох хэрэгтэй” гэсэн юм. СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.Батсүх бол зээлийн хугацааг сунгах нь шийдэл биш, төрийн ухаалаг бодлого хэрэгтэй гээд тэтгэврийг урт хугацаагаар зээлэх бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.

Өнөөг хүртэл 30 жил буруу явж ирсэн тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийн тулд тэтгэврийн реформыг хийх хэрэгтэй ч энэ тухай яриад 10 жил болсныг эдийн засагч, Тэтгэврийн реформ хөдөлгөөний тэргүүн Ж.Дэлгэрсайхан хэлсэн. Гэсэн ч ядаж идексжүүлэх арга хэмжээ авч, эрт тэтгэвэрт гарсан нь хохирдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн эдийн засагч Л.Оюун сануулсан юм. 

Шийдэл байна уу?

Монголын ахмадууд ийм дүр төрхтэй амьдарч байна.

Тэтгэвэрт гарснаар хэн ч биш болж, ядуурлын эгнээ рүү дөхдөг ийм тогтолцоо Монголд бий болжээ. Улстөрчид ахмадуудын хүнд амьдрал дээр попорч, улам хүнд байдалд оруулсан шийдвэрүүдээ эргэж харах шаардлагатай байна. Үнэхээр ахмадуудаа гэсэн сэтгэл байгаа бол тэтгэврээ барьцаалан авч байгаа зээлийнх нь хугацааг хэт уртасгалгүй, гол нь гар дээрээ ядаж тал мөнгөө авч, хэн нэгнээс хараат бус амьдрахад нь чиглэсэн шийдвэр л тэдэнд хэрэгтэй. Тэгээд зээлийн хүү өндөр байгаа эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлөө сайжруулахад анхаарах шаардлагатай. 

Хоёрдугаарт, тэтгэврийн шинэчлэлийг түргэвчлэх улс төрийн зориг үгүйлэгдэж байна. 

Өнөөдөр олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа залуус биднийг ийм ирээдүй хүлээж байгаа тул байгаа ганц сонголт нь хувийн тэтгэврийн сан болж таарч байна. Тэтгэврийн реформ хийгдэж, бодлого шинэчлэгдэхийг хэдэн жил хүлээх нь тодорхой биш энэ нөхцөлд орлогоосоо бага ч болов хэсгийг хуримтлуулах сонголт л байгаа ажээ.

Төстэй мэдээлэл

“…Вакцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, барууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!!…” Энэхүү агуулгыг нягтаж […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтэдийн судлагаа гарлаа…” гэсэн пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан гэсэн нь нотлогдохгүй байна. Харин Улаанбурхан өвчний вакцинтай холбоотой хамгийн сүүлийн шинэ судалгааг 2025.01.11-нд АНУ-ын Биотехнологийн […]

Хотын экс дарга С.Амарсайхан 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан дүүжин тээвэр мөн л цар тахалтай холбоотой 2025 онд ашиглалтад орохоор болж хойшилсон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны намраас туршилтыг эхлүүлнэ гэж мэдээлсэн бөгөөд тус төслийн ажил 2025 онд дөнгөж эхлээд байна.

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж. Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.  […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх