“Зээлийн хугацааг 36 сар болгож байхаар үндсэн тэтгэврээ 1 сая болгочихвол амьдралд хэрэгтэй байхсан…”

…Тэтгэврийн зээл авмааргүй байдаг ч авахаас өөр аргагүй байх юм. Нуруу өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учраас тэтгэврийн зээлээ авч байгаад эмчилгээний ор авчихсан. Эмчилгээ, шинжилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй л бол болохгүй юм.

Ахмад насны эмнэлэгт үнэгүй хэвтэх боломжтой ч үнэгүйд нь тааруулаад эмчилсэн болоод л гаргадаг болохоор төвийн том эмнэлгээ бараадмаар байдаг. Гэтэл оочир дараалал нь хүчрэгддэггүй. Ингээд нэг удаа төлбөртэй хувийн эмнэлэгт долоо хоног хэвтэж эмчлүүлэхийн тулд хоёр сарын тэтгэврээ зээлэхэд хүрсэн.

Үр хүүхдэдээ дараа болохгүй гээд тэтгэврээ зээлчих юм. Бүгдийг нь зээлчихээр эргээд хүүхдүүд дээрээ очиж л хоол ундаа болгож байна…

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг Б.Жаргалсайхан гуайтай унаанд хамт суусан тав хүрэхгүй минутад болж өнгөрсөн яриа.

Тус хорооны гурван ч ахмадтай уулзаж ярилцлаа.

“Эмнэлгийн лабораторид 34 жил ажиллаад 2000 онд тэтгэвэртээ суусан. Сая тэтгэвэр нэмэгдээд 700 мянгад дөхсөн гэсэн. Хүүхдүүд тэтгэврийг маань аваад хүнс сэлт бэлдэж өгдөг юм. Гэхдээ ийм мөнгө яаж амьдралд хүрэлцэх вэ дээ” хэмээн Д.Цагаан-Очир ярив.

Нүүрс үнэтэй, хүрэлцээ муу, эм тариа нь үнэтэй болжээ. Хүүхдүүд нь тус тусын амьдралтай болохоор өвгөнтэйгөө хамт өөрсдийгөө болгох гээд мөнгөндөө тааруулаад л амьдардаг аж.

“Хэдэн жилийн өмнө нэг л удаа тэтгэврийн зээл аваад хүүхдүүдтэйгээ хамжаад байшинтай болсон. Энэ жил буцаад гэрээ бариад орсон. Тэтгэврийн бидэнд долоо хоногтоо нэг л удаа нүүрс өгдөг болохоор байшингаа халааж дийлэхгүй юм” хэмээн хуучлаад “Гээд яах билээ, байгаадаа сэтгэл хангалуун байх гээд л хичээдэг дээ” гэлээ.

Харин н.Нэргүй гуай 10 гаруй жилийн өмнө өвгөн нь унаж, өрх толгойлсноосоо хойш тэтгэврийн хажуугаар ганц нэг ажил хийж байгаа тулдаа амьжиргаагаа залгуулж байгаагаа ярилаа.

“Тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Тэтгэвэр нэмэх сургаар юмны үнэ дагаад өсчихдөг. Сая нэг өвчүү хиллүүлж үзлээ. Бараг 450,000 төгрөг болж байна. Өмнө нь хоёр сая төгрөгт багтаагаад Цагаан сараа хийчихдэг байсан энэ жил 3-4 сая төгрөгөөс наашгүй шиг байна. Үнэ ийм байхад тэтгэврийн мөнгө яаж хүрэх билээ” гээд хэсэг, хорооных нь ахмадууд ихэнх нь ганц биз болж, өрх толгойлж явааг дурдсан.

Тэрбээр 70 дөхөж байгаа ч ажил хийн ийнхүү амьдарч байгаа аж.

“Зарим томчууд нь хүүгүй зээл авдаг гэсэн, хөгшчүүд бид хамгийн өндөр хүүгээр тэтгэврээ зээлээд авч байна”

Түүний хажууд Д.Очир гуай элэг бүтэн хэдий ч мөн л тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байгааг хэлж байна. Тэтгэврийн зээл 36 сараар олгох болсон талаар дуулаад банкан дээр очиход нь “Батлан даагч хэрэгтэй” гээд буцаажээ. Нас сүүдэр 70 гарч яваа тэрбээр мөн л бүрэн тэтгэврийн доод дүнгээр буюу сард 689,000 төгрөг авдаг ба энэ оны эхнээс 80,000 төгрөг нэмж авах болсон байна.

“Цагаан сар болох гэж байна. Цахилгааны төлбөр, бензин тос гээд бүх л юмны үнэ өсчихсөн. Хөгшин бид хоёр тэтгэврээрээ гэрэл цахилгаанаа төлнө, эм тариагаа авна, түлээ түлшээ авна. Хөдөөгөөс хамаатны оюутан хүүхдүүд манайд суудаг. Оюутан хүүхдүүд орлогогүй учраас биднийг бараадаад амьдарч байна” гэлээ.

Хэрэгцээ шаардлага байгаа учраас нэгийнхээ тэтгэврийг зээлсэн тухайгаа тэрбээр “Тэтгэврийг ядаж 1.5 сая төгрөг болгочихвол ханшид илүү ойртох байх. Банкны хүү их өндөр. Зарим томчууд нь хүүгүй зээл авдаг гэсэн, хөгшчүүд бид хамгийн өндөр хүүгээр тэтгэврээ зээлээд авч байна. Гэхдээ өндөр хүүтэй ч зээлэхээс аргагүй л юм. Махны үнэ нэмэгдээд үхрийн мах бүр талийчихсан. Хонины мах л гэхэд 17,000 хүрчхээд байна шүү дээ” хэмээн Д.Очир гуай яриад банкны хүүг л багасгамаар байгааг хэлсэн юм.

“36 сараар тэтгэвэр зээлнэ гэдэг хэцүү, хүү нь маш өндөр”

Ө.Саранчимэг өвгөнтэйгөө, хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хамгийн бага дүнгээр тэтгэвэр авдаг ахмадуудын нэг. Хажуугаар нь хашаандаа түлш зардаг ажээ. Үгүй бол зөвхөн тэтгэврээр амьдрах ямар ч боломжгүйг тэрбээр хэллээ.

“Тэтгэврийн зээлийн хүү их өндөр шүү дээ. Заримдаа ч хүрэлцэхгүй, тэтгэврээ зээлчихмээр байдаг ч эргээд хүүхдүүдээсээ авч таарах болохоор зээлгүй амьдрах гээд хичээж байна.

Сая тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгож нэмж байхаар үндсэн тэтгэврээ илүү нэмчихсэн бол хэрэгцээтэй байлаа. 36 сараар тэтгэвэр зээл өгнө гэдэг хүү өндөр, хэцүү” гэв.

Түүний хувьд тэтгэврийг дор хаяж 1-1.5 сая болговол амьдралд арай дөхүү гэж бодож байгаагаа хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 2000 гаруй өрх, 10,000 гаруй хүн амтай бөгөөд 800 гаруй нь ахмад настантай. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, эмээ нар ажээ.

Төстэй мэдээлэл

“Төрсөн огноогоо дарж, KHAN BANK төслөөс танд хэдий

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” […]

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

Товч агуулга ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон бусад өндөр албан тушаалтнууд Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй автомашины дүрс бичлэгт хоёр хүнийг үхсэн украинчуудын дүрд тоглуулан харуулсан байна. Тэд Telegram болон Twitter дээр энэ тухай мэдээлэхдээ нэг хүн гараа хөдөлгөж байхад нөгөө хүн машины толинд сууж байгаа дүрс бичлэгийг харуулсан гэж нийтийг төөрөгдүүлжээ. Энэ үеийн […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх