Тэтгэвэр буусны маргааш…

Нэгдүгээр сарын 2-ны бага үд.

Жилийн эхний өдөр бүх нийтээр амарсан тул өчигдөр буусан тэтгэврээ өнөөдөр авахаар банк зүглэх хөгшчүүл л гадаа таарах. Сансар хороолол дахь Баянцээл гэж нэрлэж заншсан гудамжинд Төрийн банк, Голомт банк, Хаан банк зэрэгцээ шахуу байрладаг. Илчгүйхэн ээх өвлийн нар дор хүрэмнийхээ заханд нугдайн алхах хүмүүстэй зөрсөөр Төрийн банк руу явж орлоо. Таягтай, таяггүй эмээ өвөө нар үйлчлүүлэх дарааллаа хүлээж, цомцойн суух аж.

Банкны заал бүгчим тул хүлээж суугаа настай хүмүүсийн даралт ихэсмээр. Хүж үнэртсэн энэ зааланд гаднаас хүйтэн агаар сэвэлзүүлэн, аавыгаа сугадсаар нэгэн залуу орж ирлээ. Тэрээр аавыгаа теллерийн өмнөх сандалд суулгаад, өөрөө дэргэд нь тонгойн зогсоно. Чих хатуутай аавдаа гарын үсгээ хаана, хэрхэн зурахыг нь тайлбарлаж өгөх аж. Тэд зээл авахаар иржээ.

Теллер “Өвөө, та олон гарын үсэг зурах учраас аль болох товчхон бичвэл зүгээр шүү” гээд хүүд нь хандан “Чихний аппаратад зориулж хоёр сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж бичээрэй” хэмээн зааварлав.

Ер сарын эхний өдрүүдэд банкны заал эмээ, өвөө нараар л дүүрнэ. Нэг хороо, байрных болохоор тэд бие биеэ андахгүй, уулзсан даруйдаа л яриа дэлгэх аж. 

“Би улсад 42 жил ажилласан хүн. Гэтэл тэтгэвэр маань амьдралд хүрэлцэхгүй байна шүү дээ. Тэтгэврийн доод хэмжээг ядаж сая төгрөг болгочихвол бид нэг их юм хэлэхгүй дээ” гэж шар хүрэмтэй өвөө санаа алдахад, хажууд нь суух хоёр эмээ “Тийм шүү, биднийг арай л дорд үзээд байх шиг” хэмээн дэмжин уухайлав. Тэд ам уралдан “Бид ч хүн биш болсон юм байна л даа”, “Улсад хийдгээ хийчихсэн улсууд шүү дээ” гэж гомдоллоно.

Өвөө үргэлжлүүлэн “Хүний мөнгө нэхээгүй, өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг л хүртэх гэж байгааг төр засаг мэддэг болов уу. Тэтгэврээ дорвитойхон нэмээд, зээлийн хүүгээ л буулгачихвал болоод байна. Одоо ер нь зээлгүй хүн гэж байна уу? Түрүүн зээлээ шилжүүлэхэд хүүд нь л долоон саяыг өгсөн гээд бод доо” гэв.

Энэ өвөөг Түмэндэмбэрэл гэдэг. Тэрээр 1993 онд тэтгэврээ 327,000 төгрөгөөр тогтоолгож байсан бол нэмэгдсээр өнөөдөр 900,000 орчимд хүрчээ. Өвгөн ах тэтгэврийн зээлийн талаар “Тэтгэврийн зээлийг эрсдэлтэй гээд өндөр хүүтэй байдаг гэх юм. Улсаас тэтгэвэр ороход банк шууд татчихдаг ийм эрсдэлгүй зээл хаана байна? Зарим хүмүүс хөгшчүүлийг зээл аваад хүүхдэдээ өгчихдөг гэж шүүмжилдэг. Гэтэл бид хийсэн хөдөлмөрөө л эргүүлж авч байгаа болохоор хэндээ өгнө үү, хамаа байхгүй гэж би боддог. Гэвч зээлээ төлөөд үлдэж байгаа мөнгө нь хаанаа ч хүрэлцэхгүй юм.

Би сая тэтгэврийнхээ зээлийг дээд хэмжээгээр нь авсан. Байшингаа засах материал авч, Цагаан сарынхаа бэлтгэлийг базаах гэж тэр. Бидний ганц том баяр шүү дээ. Хүүхдүүддээ мөнгө өгөлгүй яах вэ, гэхдээ хамгийн гол нь хүн шиг амьдарч, гэр орноо тохижуулах гэж л энэ зээлийг авсан юм” гэж ярилаа.

Үе тэнгийн боловч өмссөн зүүсэн нь өөр өөр ахмад настнууд нэг л зорилгоор, үүд хойморт тэвчээртэйхэн хүлээж, зарим нь утасны тоглоом тоглож, зарим нь данс тооцооны жижиг дэвтэртээ дугаар сэлтийг нямбай гэгч нь хөтлөн бичиж байна. Хамартаа тохсон харааны шилээр өөр хоорондоо ижилссэн мэт. Ажвал, нэг өвөө ач, зээгийнх нь хэрэгцээнээс гологдсон л болов уу гэмээр цайвар ягаан, хүүхдийн үүргэвч мөрлөж, неон ногоон юүдэнтэй цамц өмсөөд, монгол гутал жийсэн харагдана. Өвлийн хүрэмний оронд хүрэн зузаан цамц өмссөн ахимаг насны эмэгтэй орж ирүүтээ, сууж буй хөгшчүүлтэй найрсуу мэндэлнэ. Утас дуугарав. “Эгч нь эртүүд зээлсэн арван долоон мянгаа шилжүүлэх гэсэн юм. Өнөө данс мөн үү, хүүхээ. За, за одоо хийчихнэ” гэж хүрэн цамцтай эмээ хэлээд утсаа тасаллаа.

“Нэг зуун арван нэг дугаартай үйлчлүүлэгч гурав дугаарын цонхонд очно уу” гэх дуунаар өөр нэг эмээ ухасхийн босов. Тэрээр оны өмнө 720,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол саяхан наян мянган төгрөг нэмэгдэж, өчигдөр 800,000 төгрөг данс руу нь оржээ. “За, үүнээсээ байрныхаа мөнгийг төлье” гэнэ. Арванхоёрдугаар сарын байр, СӨХ-ийн мөнгө нь нийлээд 100,000 орчим аж.

Яг энэ үед өөртөө үйлчлэх теллер машины өмнө учраа олохгүй зогсоо өвөөд банкны хамгаалагч тусалж харагдана. Хамгаалагч “Өвөө, машины торгууль чинь 10,000 төгрөг гарсан байна. Төлөх үү?” гэхэд, “Төл төл, юу л байна бүгдийг нь төл гэж өвөө хэнэггүй хариулав.Түүний гутлын хоншоор урагдсаныг цагаан утсаар хайнгадуухан нөхөж оёсон нь нүдэнд илхэн тусна. Өвөөгийн дараа хижээл насны хос машин дээр ирлээ. Эхнэр нь дэлгэц дээр шаламгайлан товшиж байхад, хажууд нь халамцуухан зогсох нөхөр нь бусдад сонсогдохоор чанга дуугаар “Хар даа, мөнгө орж ирэв үү үгүй юу, нөхөртөө өгөхгүй, өөрөө бүгдийг нь авдаг эхнэр байдаг гэнэ ээ” гэнэ. Эхнэр нь нэрэлхсэндээ нөхрийнхөө нэхийний хормойноос дугтарч дуугүй болгохыг хичээнэ. Гэвч агсамнах шинжтэй болсон нөхөр нь “Хүүш ээ, энэ тэтгэврийн мөнгө арай л бага байгаа юм биш үү? Ядаж сая таван зуун мянга болгочиход яадаг байна аа! гэж бархирахад эхнэр нь “Чи одоо дуугүй байгаач!” гэж зандраад, нөхрөө сугадсаар хаалга руу зүтгэв. Банкны менежер эмэгтэй тэдэнд хандан “Та олон нийтийн газар биеэ зөв авч яваарай” гэж анхааруултал, түрүүнээс хойш нөхрөө загнаж байсан эхнэр нь гэнэт өмөөрч, менежертэй хэрэлдсээр гарч одлоо.

Банкнаас гарахад өвлийн жавар хацар хайрна. Банкны шилэн хаалга зогсоо зайгүй онголзож, нэг өвөө гарахад нөгөө эмээ зөрөн орно. Түрүүхэн менежертэй хэрэлдсэн хос хоёр сугадалцсаар олны дунд уусах бол, торгуулиа төлчхөөд хөнгөрөх шиг болсон өвөө хуучин гутлаа чирсээр булан эргэх нь үзэгдэнэ.

Ахмадуудын дунд тэтгэвэр нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаагаас үүдэж зээлээс зээлийн хооронд амьдрах гинжин хэлхээ хэдийн үүсжээ. Тэтгэвэр буусан өдөр данснаас нь зээлийн төлбөр автоматаар суутгагдаж, гар дээр нь үлдэх хэдэн төгрөг дараагийн сарынхаа хэрэгцээнд хүрэлцдэггүй дүр зураг энэ салбарын зааланд ердийн үзэгдэл болж.

Насаараа улсад зүтгэчхээд, өтөл насандаа “хүн шиг амьдрах” нэмэгдэл горьдож, өөрийнхөө ирээдүйн хөдөлмөрийн үр шимийг банкнаас урьдчилж зээлэн суугаа буурлуудын төрх өнөөдрийн зураглал болж үлдлээ.

Төстэй мэдээлэл

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах […]

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 22:46 цагт Говьсүмбэр аймагт болсон 5.5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Уг үйл явдалтай холбоотойгоор иргэд гэр дотор байсан зүйлсийн байршил өөрчлөгдсөн, гэрлийн бүрхүүл хөдөлсөн, орноосоо унасан талаар цахим орчинд мэдээлж байгаа юм. Тэгвэл өчигдөр фэйсбүүкт Нандин Нандин нэртэй хэрэглэгч тааз нурсан зургийг оруулан “Ёоооох нүүхгүй бол үхэж […]

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, нөөцөд сөргөөр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх