Хаачих вэ хө: То вангийн холч ухаанаар бүтсэн Их Бурхант

Монгол Улсынхаа өнцөг булан бүрд нуугдсан гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэх хамгийн тохиромжтой зун цаг ирлээ. Хэрэв энэ жил Дорнод аймгийг зорихоор төлөвлөж байгаа бол байгалийн үзэсгэлэн төдийгүй түүх, соёл, шашны өвийг нэгэн дор мэдрүүлэх онцгой аяллын цэгийг заавал төлөвлөгөөндөө багтаагаарай. Тэр нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолбор юм. Соёлын үнэт өв бол бидэнд өнгөрсөн цагийн үнэт бүхнийг өгүүлэх хосгүй эрдэнэ билээ. Монголд төдийгүй Төв Азид дахин давтагдашгүй Их Бурхант цогцолбор тухайн үеийн мэргэдийн ур чадвар, эв нэгдэл, холч ухааныг илтгэсэн гайхамшигт өвийн нэг юм. Энэхүү цогцолбор нь Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс хойш 35 километр зайд, Халх голын баруун эрэгт оршдог. Уг газар найман аюулаас аврагч Жанрайсэг бурхны дүрийг уулын энгэрт хэвтээ байдлаар залж, түүнийг тойруулан 20 гаруй бурхад, суваргыг босоо байдлаар эгнүүлэн байрлуулж, 20 гаруй ланз үсгийг газарт шигтгэн цогцлоосноороо онцлогтой. 

Их Бурхант хэрхэн бүтсэн бэ? 

XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийн нутагт ган, зуд удаа дараалан нүүрлэж, мал сүрэг олноор хорогдон ард иргэдийн амьдрал туйлдаж эхэлжээ. Энэ үед Сэцэн хан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр буюу То ван хэмээн алдаршсан эрхэм хүн арга чарга хайж, аймгийн ноёдтой хэлэлцсэн боловч шийдвэрт хүрч чадаагүй аж. Иймд хутагт лам нараас зөвлөгөө авахад, Жанрайсиг бурхны дүрийг том хэмжээгээр эсвэл олноор бүтээвэл гамшиг зовлонгоос аврагдана хэмээн айлдсан байна.

То ван энэхүү айлдварыг зөвхөн шашны талаас нь харсангүй. Харин тухайн үеийнхээ улс орон, эдийн засгийн бодлоготой холбон хэрэгжүүлсэн гэдэг. Эл үед сүсэгтэн олны өргөл барьц, үнэт эдлэл их хэмжээгээр Түвд, Хятад, Энэтхэг рүү урсаж байсныг тэрбээр гярхай анзаарч, үнэт металл ашиглахын оронд нутгийн чулуу, элс, шаврыг ашиглан энэхүү бурхныг бүтээхээр шийдсэн хэрэг. Судлаачид Их Бурхантыг Монголын зүүн хязгаарт байгуулсан нь бас нэгэн утга агуулгатай ажээ. Жанрайсиг бурхныг “Найман аюулаас аврагч Арьяабал” ч гэж нэрлэдэг бөгөөд аюул зовлонгоос хамгаалж байдаг гэж үздэг. Энэ ч утгаараа Монголын Дорнод хил, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалах нэгэн том бэлгэдэл болгох зорилгыг энэхүү цогцолборт шингээсэн бөгөөд То ван судлалынхан түүнийг алсын хараатай эх оронч хүмүүн байсан хэмээн тодорхойлсон байдаг.

Монгол дахь цорын ганц хэвтээ байрлалтай чулуун Жанрайсэг бурхан

Буддын шашны томоохон бурхдын ихэнх нь босоо, эсвэл сууж буй байдлаар бүтээгдсэн байдаг бол Их Бурхантын Жанрайсиг бурхан уулын энгэрт хэвтээ байрлалтайгаар дүрслэгдсэнээрээ Монголд төдийгүй Төв Азид дахин давтагдахгүй өвөрмөц хийц хэмжээтэй дурсгалд тооцогддог.

Жанрайсиг бурхныг урласан энэхүү бүтээлийн цар хүрээг дүрсэлбэл ойролцоогоор 30 метр урт бөгөөд баруун хөлөө завилан, зүүн хөлөө хагас нугалж, найман мутраа дэлгэсэн байдлаар урлажээ. Түүний баруун талын мутруудад арслан, заан, лусын аюулыг илэрхийлсэн могой, догшин хүний дүрс байдаг бол зүүн гар талын мутруудад гал, ус, архины аюулыг илэрхийлсэн гох дэгээ, гарьдыг дүрстэй байдаг. Эдгээр нь хүний амьдралд тохиож болох найман аюулыг дүрсэлж, үүнээс хамгаалахыг бэлгэдэж буй.

Уг дурсгалын хажууд “Энэхүү дурсгалыг бүтээхэд 100 гаруй гар урчууд оролцсон” хэмээсэн байдаг. Ингэхдээ Буйр нуурын болор элс, Халх голын хайрга, нутгийн цагаан шавраас гарган авсан хиймэл чулууг ашиглаж, хэдэн жилийн хүч хөдөлмөрөө шингээн урласан гэдэг. Бурхны өлмийн харалдаа 44×26 метрийн харьцаатай мөргөлийн талбай байгуулж, хоёр талаар нь нар зөв тойрон мөргөх зориулалттай чулуун шат хийсэн нь мөргөлчид бурхны дүр дээр гишгэлгүйгээр зан үйлийн дагуу мөргөх нөхцөлийг бүрдүүлжээ. Жанрайсиг бурхныг тойрон жижиг чулуун бурхад, суварга болон ланз үсгээр бичсэн тарни бүхий хүрээ бий. Эдгээр жижиг бурхдыг маш нарийн урласан бөгөөд зарим сударт “Чулууг хайлуулан бүтээсэн мэт” хэмээн зүйрлэн бичсэн байдаг ч хэрхэн бүтээсэн нь өнөөг хүртэл нууц хэвээр байна. Буддын шашинд ланз үсгийг бурхдын номын хүчийг илэрхийлдэг ариун бичиг гэж үздэг бөгөөд тухайн газрыг адислан хамгаалж, муу бүхнийг арилгана хэмээн бэлгэддэг. Мөн ланз үсгийг харж, унших, бичих нь асар их буяныг хурааж, хүний сэтгэл бодол, үйлийг ариусгадаг ач тустай гэж үздэг аж.

Цаг хугацааны сорилтыг давж үлдсэн өв

Соёлын өв бол тухайн ард түмний түүх, үнэт зүйл, өв соёл, ур ухааныг үеэс үед өвлүүлэн хадгалсаар байдаг. Их Бурхант өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гэмтэж сүйдэж байв. Ялангуяа, XX зууны эхэн үеийн үймээн самуун болон шашныг хавчин гадуурхсан жилүүдэд чулуунуудыг нь салган авч барилга, хашаа зэрэгт ашигласнаар дурсгал ихээхэн гэмтжээ. Хожим энх цаг ирж 1990-ээд оноос эрдэмтэн судлаачид, нутгийн иргэд хамтран сэргээн засварлах ажлыг эхлүүлж, 2020 онд Засгийн газрын 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэжээ.

Хэрэв та Дорнод аймгийг зорьж аялбал, Их Бурхант цогцолборыг заавал үзэх газрынхаа жагсаалтад багтаагаарай. Энэ нь Монголын түүх, соёл, шашин, байгалийн өвийг нэгэн дор мэдрэх боломжийг олгох аяллын цэг юм. Их Бурхантаас аяллаа үргэлжлүүлэн цэнгэг тунгалаг Буйр нуур, цэлгэр уудам Мэнэнгийн тал, үзэсгэлэнт Нөмрөгийн сав газар, үүх түүхийн өлгий Халх голын дайны дурсгалт газруудаар зочлоорой.   

А.Дүүрэнбилэг

Төстэй мэдээлэл

Налгар намрын завгүй өдрүүдээс урьтаж наадмын амралтаар хөдөөг зорих гэж буй эрхэм уншигч танд энэ бичвэрээ хаяглая. “Зуны сар зургаа биш” гэдэг дээ. Утаа, түгжрэл энэ үеэр л  мартагддаг тул бидний монголчууд уртаас урт өвөл, хаврын дараа ингэж нэг аялж, зугаалах цагаа товлодог. Харин хаачихаа мэдэхгүй байвал энэ сарын турш factcheck.mn танд хөтөч болъё.  Аялж […]

Товч агуулга Монголын морин спорт, уяачдын холбоо НҮТББ-ын Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагадаа уламжлал болсон хаврын морин уралдааныг цаашдаа тогтмол зохион байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлэх үеэрээ дараах мэдээллийг өгөв. “Хаврын уралдаан ч бай, зуны бүсийн уралдаанууд ч бай Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулалттай хийж байгаа уралдаанууд дээр энэ олон жилийн […]

Халуунаар шарах нар газрын хөрсийг улам гандааж, хааяа нэг сэвэлзэх салхинаар өлөн тоос суунаглана. Хаа хамаагүй хатгасан улаан хүрэн банзан хашаанууд уйтай гэмээр хувхайрч үзэгдэх, гудамжаар хөнгөн тэрэг, хүн зоны хөлөөр гарсан шороон замыг туучсаар 3 давхар байшинтай, байшингаасаа ч өндөр сүндэрлэх мододтой айлд ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У. Мижиддоржийнх. […]

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо. Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр […]

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх