Монгол руу чиглэсэн Оросын суртал ухуулгын ээлжит бай

Сошиал орчинд өдөр бүр тааралдах “Орос ах”, “Агуу Орос” гэх энгийн мэт үгс үнэндээ санамсаргүй тархдаггүй. Тэдний ард Монголын стратегийн томоохон төслүүдийг онилсон, илүү нарийссан, системтэй мэдээллийн урсгал байгааг сүүлийн судалгаанууд харуулж байна. Эх сурвалжгүй, хувь хүний байр суурь хэлбэртэй, сэтгэл хөдлөлд тулгуурласан ийм постууд бодит мэдээллээс хэд дахин хурдтай тархаж, олон нийтийн хандлага, ойлголтод нөлөөлж эхэлжээ. Өмнө нь геополитикийн тайлбар төдий байсан суртал ухуулга өнөөдөр Монголын эдийн засаг, эрчим хүч, хөгжлийн шийдвэрүүд рүү чиглэсэн нь анхаарал татах ноцтой өөрчлөлт болж байна.

Монголын баримт шалгах анхны талбар Factcheck.mn гурав дахиа хийж буй энэ удаагийн цуврал судалгаагаараа фэйсбүүк орчинд 2025-2026 онд нийтлэгдсэн, ОХУ-тай холбоотой 1930 мэдээллийг хамруулан шинжиллээ. Судалгааны гол зорилго нь Монголын мэдээллийн орчинд илэрч буй гадаадын хортой нөлөөллийн хэлбэр, өгүүлэмжийг тодорхойлох, контентын давтамж, түгээлтийн хэлбэр, оролцооны (engagement) хэв шинжийг үнэлэхийн зэрэгцээ суртал ухуулга, мэдээллийн нөлөөлөлд түгээмэл ашиглагддаг арга барил, техникүүдийг илрүүлэх байв. 

Дээр дурдсан 1930 мэдээллийн 1728 нь ОХУ-ын төрийн албан ёсны буюу буюу ОХУ-ын Элчин сайдын яам, Русский дом зэрэг фэйсбүүк хуудсуудын 12 сарын постууд, 205 нь хувь хэрэглэгч, группийн жишээ контент ба эдгээр нь мөн л ОХУ-тай холбоотой өгүүлэмж агуулсан, гараар цуглуулсан түүвэр постууд юм.  

Энэхүү судалгаанд Фэйсбүүк платформыг онцлон авсан шалтгаан нь тодорхой үндэслэлтэй. Өмнөх буюу 2022–2024 онд хийсэн хоёр удаагийн мониторингоор Оросын суртал ухуулга, хуурамч мэдээлэл Фэйсбүүкээр илүү өргөн тархаж, олон нийтэд нөлөөлж байгаа нь тогтоогдсон юм. Тухайн үед эдгээр нь тодорхой эх сурвалжгүй, хувь хүний үзэл бодол хэлбэрээр түгж, “Орос ах нар”, “Агуу Орос” гэх мэтээр Оросыг зөвтгөсөн, өмгөөлсөн өнгө аястай байсныг Factcheck.mn мэдээлж байв.

Харин энэ удаагийн судалгаагаар дээрх нийтлэг хандлага улам баталгаажаад зогсохгүй шинэ түвшинд хүрснийг харууллаа. Өдгөө Монголын Фэйсбүүк орчинд ОХУ-тай холбоотой контент тогтмол өндөр давтамжтай нийтлэгдэж, улс төр, аюулгүй байдал, түүхэн ой санамж, соёл-боловсролын сэдвүүдийг хооронд нь нарийн уялдуулан, нэгдмэл нэгэн концепцоор түгээж байна.

Мониторингоос үзэхэд ОХУ-ын нөлөөллийн гол хэв маяг нь албан ёсны сувгуудын тасралтгүй оролцоо, ухуулгын тогтвортой байдал, мөн олныг талцуулсан маргаантай сэдвүүдийг өндөр давтамжтайгаар байнга давтан хурцатгах тактикаар илэрч байна гэж дүгнэв.

Хуурамч мэдээлэл, суртал ухуулгын агуулга нь баримтад суурилсан мэдээнээс 2-3 дахин илүү тархаж, хариу үйлдэл авч байгаа нь өмнөх судалгаагаар ч тод ажиглагдсан. Энэ нь фэйсбүүк орчинд мэдээллийн чанараас илүү сэтгэл зүйн нөлөө давамгайлж байгааг илтгэж байсан.

Энэ удаа 2025-2026 онд хийсэн судалгаагаар Оросын суртал ухуулга Монголын дотоод бодлогын эмзэг сэдвүүдтэй шууд огтлолцож эхэлсэн юм. Учир нь энэ цаг үед мега төслүүд идэвхтэй яригдаж, Монгол Улс том төслүүдээ урагшлуулах бодлого барьсан.

Харин яг үүнтэй зэрэгцээд хойд хөршөөс ураны талаар айдаст автуулсан (25%), барууныг эсэргүүцсэн буюу гурвадагч хөршийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн (24%), “Агуу Орос” (21%) гэсэн агуулга зонхилж, манай улсын стратегийн том төслүүд рүү чиглэсэн хортой нөлөөллийн мэдээллүүд илт ихэссэн нь ажиглагдлаа.

Өөрөөр хэлбэл, 2022 онд голдуу геополитик, Орос-Украины дайныг тайлбарлахад чиглэсэн мэдээллээс 2024 онд “Агуу Орос”, “Орос ах” гэх мэтчилэн түүхэн найрамдалт харилцааг ашигласан пропаганда руу шилжсэн байсан бол 2025-2026 онд Монголын эдийн засаг, эрчим хүч, стратегийн төслүүд рүү чиглэсэн, илүү нарийвчилсан агуулгатай болж хувьсаж байна.

Ингэхдээ эхлээд сэдвүүдийг айдас төрүүлэх агуулгаар гаргаж ирдэг. Тухйлбал, уран бол сүйрэл дагуулна, цацрагт хордож үхнэ гэсэн постууд “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах мэдээлэлтэй зэрэгцэн ихэссэн. Эдийн засаг ба Байгалийн баялаг гэсэн агуулгын хүрээнд судлагдсан суртал ухуулга бүхий постуудын 25% нь Францын хөрөнгө оруулалттай ураны төслийн эсрэг сөрөг мэдээлэл байв. Тэгсэн хэрнээ ОХУ Мардайн ордыг дахин ашиглахдаа ОХУ-тай хамтран тухай мэдээллийг дэмжиж байв.

Эрүүл мэндийн агуулгаар л гэхэд вакцин хортой, эрүүл мэндэд аюултай, аутизм үүсгэдэг гэх боловч Оросын вакциныг дэмжиж, хамгийн сайн гэсэн агуулга тарж байсан нь ажиглагдсан.

Өөрөөр хэлбэл, сэдвүүд нь ялгаатай, бүгд Монголд аюултай, иргэдийг зовлонд унагана гэсэн агуулгатай нь аврагч нь Орос, Орос ах нар гэсэн санаа түгээмэл байв.

Түүнчлэн Монголын нийгэмд айдас, талцал бий болгоход чиглэсний зэрэгцээ улс төрийн шинжтэй болж өргөжжээ. Харамсалтай нь ийм агуулгатай пост мэдээллүүд бодит мэдээнээс хэд дахин өндөр хариу үйлдэл авч буй нь Оросын суртал ухуулгыг үнэн сэтгэлээсээ дэмжигчид болон троллууд аль аль нь их байгааг харуулж буй юм.

Угтаа бол “Орос ах” гэдэг нь бид дээр үеэс уламжилж ирсэн биш, харин хойд хөршөөс удаан хугацаанд, олон жилийн турш суртал ухуулгадаа ашиглаж ирсэн нэр томъёо. Хуучин нийгэмд энэ хэллэг ашиглагдаж байсан байж болох ч яг өнөөдөр залуучууд сошиал орчинд Орос гэж ярихгүй, шинэ үеийнхэн бүүр ч танихгүй.

Энэхүү судалгааны дүн Монголын мэдээллийн орчинд гадаадын нөлөөлөл санамсаргүй биш харин ч улам бүр нарийсаж, зорилтот, системчилсэн хэлбэрт шилжсэнийг тод харуулж байна. Ялангуяа ОХУ-аас гаралтай суртал ухуулга нь зөвхөн геополитикийн агуулгаар хязгаарлагдахгүй, Монгол Улсын дотоод бодлого, стратегийн томоохон төслүүдтэй огтлолцон нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх түвшинд хүрчээ. Хуурамч болон сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээлэл бодит баримтад суурилсан мэдээнээс илүү тархаж, олон нийтийн хариу үйлдлийг илүү татаж байгаа нь мэдээллийн боловсролын сул талыг тодотгож, энэ орчныг гадаад нөлөөлөлд эмзэг болгож байна.

Ийм нөхцөлд мэдээллийн дархлааг бэхжүүлэх, баримтад суурилсан сэтгүүл зүйг дэмжих, олон нийтийн шүүлтүүртэй сэтгэлгээг хөгжүүлэх нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбарын бус, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай асуудал болсныг илтгэнэ. Хэрэв энэ чиг хандлагад бодлогын түвшинд анхаарал хандуулахгүй бол гадаадын суртал ухуулга нь Монголын нийгмийн шийдвэр гаргалт, хөгжлийн чиглэлд хүртэл нөлөөлөх эрсдэл улам бүр гүнзгийрэх нь тодорхой байна.

Төстэй мэдээлэл

“Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас Даваа гараг(2025.11.17)-т мэдээлэл хийсэн бөгөөд вакцин тариулахгүй байхыг, тэр дундаа 11 настай хүүхдүүдийг Хүний папилломавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхыг уриалсан нь иргэдийг төөрөгдүүлэв.  Factcheck: Вакцины найрлагад орсон бодисууд нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд тухайн өвчний эсрэг үр дүнтэй, аюулгүй болохыг мэргэжлийн байгууллагууд […]

Скүүтер, мопед нь Улаанбаатар хотын түгжрэл цаг, мөнгөө хэмнэх нэг сонголт мөн ч нөгөө талдаа бусдын эрүүл мэндийг хохироож байгаа, эрсдэл өндөртэй тээврийн хэрэгсэл болоод буй. Тиймээс Factcheck.mn “1 сар 1 сэдэв”-ээрээ энэ удаа скүүтер, мопедын хэрэглээг сонгоод буй. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа. ХЭҮК өнгөрсөн 2026.05.12-нд […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Factcheck.mn сайт 2025 онд ашиглалтад орно хэмээн улстөрчид мэдээлж, нийгэмд хүлээлт үүсгэсэн байсан ажлууд дахин нэг оны босго давж байгааг эргэн сануулж байна. Хамгийн анх 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тавантолгойн цахилгаан станц барих талаар ярьснаас хойш 13 дахь онтойгоо золгох гэж байна. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн 2018 онд Засгийн газрыг төлөөлж “Оюу толгой” […]

Шинэ төрлийн электрон тамхи нь янжуур тамхинаас хор багатай гэж сурталчилж, мэдээлдэг. Тэгвэл энэ төрлийн тамхи нь үнэхээр хор багатай эсэх талаарх мэдээллийг хүргэж байна. Электрон тамхи бол эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ мэдэгдсэн бол АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-өөс уламжлалт тамхи ч бай, электрон тамхи ч бай, бүх төрлийн тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх