Мэдээллийн дайнд монголчууд “ялагдаж” байна 

Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа. 

Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс дайн эхэлснээс хойш хийсэн хоёр удаагийн сошиал мониторинг монголчуудын мэдээлэлд, ялангуяа дайны тухай, Оросын талаарх постод хэрхэн хандаж, хариу үйлдэл үзүүлж байгааг ийнхүү дүгнэхэд хүргэсэн юм.        

Мониторингийн сонирхолтой үр дүнгүүдийн талаар доор өгүүлэх болно. Үүний өмнө хэрхэн хийсэн талаар бага зэрэг тайлбар хүргэе. 

MCIR 2023 онд анх удаа Орос, Украины дайны талаарх мэдээлэлд иргэд цахим орчинд ямар хандлагатай байгаа дүр зургийг гаргах цогц анализ хийж байсан бол энэ удаа илүү нарийвчилж, хуурамч мэдээллийн түвшин, шинж чанарыг тодорхойлохыг зорив. Ингэхдээ 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээлэлд тусгай хайлтын программ ашиглан, ОХУ болон Монголтой хамгийн их харилцан хамааралтай буюу дайн, орос монгол ахан дүүс, төмөр зам, эрчим хүч, станц зэрэг сэдвийн хүрээнд холбогдох түлхүүр үгсийн тусламжтайгаар дайнтай холбоотой анхдагч мэдээллийн санг үүсгэсэн. Эндээс шүүж, илүү оновчтой, хамааралтай мэдээлэл бүхий 554 постод дүн шинжилгээ хийв.

Нийт цуглуулсан мэдээлэлд контент анализ хийж, мэдээллийг зорилгоор нь үйл явдлын, пропаганда, хуурамч, Оросын эсрэг, про-Орос мэдээлэл хэмээн ангилсан. “Үйл явдлын мэдээлэл”-д аль нэг улс орон, тодорхой хүмүүсийн байр суурийг илэрхий дэмжиж, эсэргүүцээгүй, ихэвчлэн холбогдох үйл явдал, арга хэмжээ, ярилцлага зэргийг нэмэлт дүгнэлт, үзэл бодолгүйгээр түгээсэн мэдээллийг оруулж авч үзсэн бол “Хуурамч мэдээлэл”-д бодит бус баримтыг ашигласан, үнэн бус мэдээллийг хамааруулсан юм.

Судалгаагаар нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга болон хуурамч мэдээллүүд байв. Тодруулбал, 

  • Оросын пропаганда мэдээлэл 24%,
  • Оросыг хэт туйлширч дэмжсэн буюу про-Орос үзэл бодол 23%,
  • Хуурамч мэдээлэл 6%  
  • Үлдсэн хувь нь Оросыг шүүмжилсэн болон үйл явдлын мэдээллүүд байв.

Өөрөөр хэлбэл, нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга буюу пропаганда болон хуурамч мэдээллүүд байсан.

Оросыг хэт туйлширч дэмжсэн про-Орос гэсэн ангилалд багтах пост хамгийн олон буюу нийт бүртгэгдсэн 238 постоос 25%-ийг эзэлсэн бол Оросын пропаганда 20%-д нь байв.

Хариу үйлдлийг нь харвал Оросын пропаганда пост дунджаар 300 орчим, про-Орос пост 268 байсан нь Оросын эсрэг болон үйл явдлын мэдээлэлд ирсэн хариу үйлдэлтэй харьцуулахад 2 дахин их байлаа.

Түүнчлэн Оросыг хүчтэй дэмжсэн болон дэмжихийг ятгаж ухуулсан, барууны орнуудыг үзэн ядсан пропаганда постын тархац нь үйл явдлын болон Оросыг шүүмжилсэн постоос ойролцоогоор 5 дахин их байсан юм.

Агуулгын хувьд нийт мэдээллийн

  • 42% нь Орос Украины дайнтай холбоотой байсан бол
  • 29% нь Орос, Америк, НАТО, барууны орнууд гэсэн олон улсын асуудалтай холбоотой,
  • 17% нь эрчим хүч, тог, цахилгаантай холбоотой
  • 12% нь төмөр зам, царигтай холбоотой мэдээлэл, постууд бүртгэгдэв.

Эдгээр мэдээлэл, пост дунд Монгол Улсын стратегийн асуудалд хамаарах эрчим хүчний хараат байдал, цахилгаан станц зэрэг асуудлаар Оросын эсрэг байр суурь давамгай ажиглагдсан бол Орос болон барууны орнуудын харилцаа, Украинтай хийж буй дайн зэрэг олон улс хоорондын асуудалд Оросын байр суурийг дэмжсэн пропаганда болон про-Орос мэдээллүүдийн тархац маш их байсан нь ажиглагдсан.

Ийнхүү дүн шинжилгээ хийхэд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн гэсэн үр дүн гарсан.

Нэг үйл явдлын мэдээлэл болон постыг дунджаар 14 удаа шэйрэлсэн байгаа бол нэг хуурамч мэдээллийг дунджаар 110 удаа шэйрэлсэн буюу Орос Украины дайнтай холбоотой хуурамч мэдээллийг Монголын фэйсбүүк хэрэглэгчид үйл явдлын мэдээллээс 8 дахин илүү түгээжээ.  

Түүнчлэн Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс гадна Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг ихээхэн харлуулсан пропаганда маш ихээр тархсан талаар дээр дурдсан. Тэдгээр мэдээллийг түгээгчдийн нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудастаа Оросыг дэмжихийг ятгаж, суртал ухуулга хийсэн пост, зураг, бичлэг маш идэвхтэй оруулдаг ч өөрийн хувийн мэдээлэл, зураг огт байдаггүй. Нөгөө нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудаст огт идэвхгүй боловч олон дагагч нартай группүүдэд маш идэвхтэй, олон давтамжтай постууд оруулдаг байна.

Тиймээс судалгааны үр дүнгээс пропаганда болон хуурамч мэдээллийн талаар илүү тодруулан хүргэхийн зэрэгцээ тэдгээрийн шинж чанарыг дэлгэрүүлэн тайлбарлая.

АНУ-ын “RAND” хэмээх ашгийн бус судалгааны хүрээлэн Оросын пропаганда загвар буюу “firehose falsehood” гэх загварыг судлан гаргаж ирсэн байдаг. Энэхүү загварт

  • Мэдээллийн олон суваг + маш их хэмжээний мэдээлэл
  • Давтагдсан, тасралтгүй үргэлжилсэн, түргэн шуурхай
  • Бодит байдалд бүрэн нийцээгүй, зарим тохиолдолд хэзээ ч болоогүй үйл явдлыг шинээр үйлдвэрлэдэг
  • “Нэгэн хэвийн бус” баригддаггүй хэлбэр багтана хэмээн тодорхойлжээ.

Монголын фэйсбүүк орчинд үйлдвэрлэж, тархаж буй пропаганда, хуурамч мэдээллүүдэд Оросын “firehose falsehood” загварын дараах шинж тэмдгүүдийг агуулсан нь  мониторингийн явцад хамгийн тод илэрсэн. Энэ нь

-Пропаганда мэдээлэлтэй хамааралтай мэтээр зураг, бичлэг хавсаргах боловч тэдгээр нь тухайн посттой хамааралтай баримт биш, харин өөр цаг үе, газар нутагт болсон зургуудыг ашигласан. Уншигчдын анхаарлыг шууд татахуйц хурц, тод өнгөтэй, эсвэл дэлбэрэлт болсон зэрэг хүчтэй агуулгатай зургууд их ажиглагдсан. Энэ нь “Firehose falsehood” хэмээх Оросын пропаганда загварын эх сурвалж болон мэдээллийн ямар нэгэн хэсгийг зохиомлоор бий болгох гэсэн үндсэн шинжтэй нийцэж байгаа юм.

-Тролл болон ботт байж болзошгүй аккаунтууд нь хувийн мэдээлэл, зураг байхгүй, ихэвчлэн олон дагагч нартай фэйсбүүк группүүдэд пропаганда агуулгатай постуудыг урт хугацаанд, олон давтамжтайгаар оруулдаг. Энэ нь “Firehose falsehood” загварын олон давтагдсан, байнга үргэлжилдэг, их хэмжээний мэдээллүүд түгээдэг гэсэн шинжийг агуулж байна.

  • Дайнаас гадна Оросыг ерөнхийд нь хамгаалж, шүтэн биширсэн пропаганда, үзэл бодол буюу “АГУУ ОРОС” гэсэн хандлага хүчтэй байгаа нь ажиглагдсан. Эдгээр мэдээлэл нь Орос улсыг дэлхийн хамгийн агуу орон, Путинийг хамгийн чадварлаг удирдагч, Оросын армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми гэх зэрэг үндсэн агуулгаар суртал ухуулгын шинжтэй байв.
  • Оросын пропаганда мэдээлэл Фэйсбүүк орчинд гэхэд харьцангуй их урт бичвэртэй, ятган ухуулах зорилгоор ихэвчлэн ямар нэгэн бодит болон бодит бус түүхийг оршил болгож бичсэн хэдий ч тодорхой цаг хугацаа, тоон мэдээлэл ихэвчлэн дурдалгүйгээр ерөнхийд нь туйлширч эсэргүүцсэн, үзэн ядсан эсвэл шүтэн биширсэн шинжтэй байсан нь мониторингоор ажиглагдсан юм.

Тиймээс зөвхөн дайны талаар гэлтгүй ОХУ-ын дээрх “Firehose falsehood” загварын шинжтэй аливаа мэдээлэл, постыг фэйсбүүк хэрэглэгчид дахин нэг нягталж, ялгаж салгаснаар хуурамч мэдээлэлд автахгүй байх боломжтой. Нөгөө талаар энэ тухай мэдээллийн боловсролыг фэйсбүүк хэрэглэгчдэд хүргэж, цахим орчинд илүү хэрсүү байх дадлыг бий болгох шаардлага их байгаа нь улам тодорхой болсон юм.

Хэрэв монголчуудын мэдээллийн боловсролыг сайжруулахгүй, ялангуяа цахим орчинд аливаа мэдээллийг нягтлах наад захын ойлголттой болгохгүй бол цаашид улам цар хүрээгээ тэлж, нарийсах магадлалтай мэдээллийн дайнд манай иргэд ямар ч дархлаагүйгээр “ялагдах” нь.

Төстэй мэдээлэл

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.31-нд “Америкийн моргийн ажилтан вакцинтай хүн гэнэт нас барсан хүний бие судас дотроос 1-2 метрийн урт үл мэдэх резин шиг шимэгч олдож байгаа” гэсэн пост оруулаад гурван зураг хавсаргажээ. Уг постыг 157 хүн шэйрэлж, 199 хүн лайк дарсан байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: Юуны […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх