Фэйсбүүк хэрэглэгчид хуурамч мэдээлэлд үйл явдлын мэдээллээс 2 дахин илүү хариу үйлдэл үзүүлж байна

Товч агуулга:

  • Оросын пропаганда мэдээлэл 24%, Оросыг хэт туйлширч дэмжсэн үзэл бодол 23%, хуурамч мэдээлэл 6%-ийг тус тус эзэлж байна.
  • Нэг мэдээллийн дундаж шэйр л гэхэд хуурамч мэдээллийг 113 удаа, пропаганда мэдээллийг 106 удаа шэйрэлсэн бол үйл явдлын мэдээллийг 60 удаа шэйрэлжээ.
  • Нэг хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс дунджаар 2 дахин их шэйрлэгдсэн бол дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн.

Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн мониторинг харуулсан. Тодруулбал, дайнаас хойших нэг жилийн хугацаанд вэбсайт, цахим орчинд энэ тухай гарсан мэдээллийн агуулга, хариу үйлдэлд мониторинг хийхэд монголчууд фэйсбүүкт дайны талаар эх сурвалжгүй мэдээллийг илүү их тараасан гэсэн үр дүн гарсан. Тэгвэл MCIR уг судалгаагаа энэ жил илүү нарийвчилж, зөвхөн фэйсбүүк орчинд дайнтай холбоотой мэдээлэл хэрхэн тархсаныг сэдвийн хувьд өргөжүүлэн авч үзэв. Гол зорилго нь Орос улсын хуурамч, пропаганда мэдээлэл Монголын цахим орчинд ямар түвшинд байгааг судлах, хуурамч, пропаганда мэдээллийн загвар, шинж чанарыг тодорхойлох, улмаар нотолгоонд суурилсан мэдээллийг боловсруулж, олон нийтэд түгээх.

Мониторингийн анхдагч мэдээллийг цуглуулахдаа 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээлэлд тусгай хайлтын программ ашиглан, ОХУ болон Монголтой харилцан хамаарал бүхий буюу дайн, орос монгол ахан дүүс, төмөр зам, эрчим хүч, станц зэрэг сэдвийн хүрээнд холбогдох түлхүүр үгсийн тусламжтайгаар дайнтай холбоотой анхдагч мэдээллийн санг үүсгэсэн. Эндээс шууд хамааралгүй болон давтагдсан илэрцүүдийг устгах зэргээр шүүж, илүү оновчтой, хамааралтай мэдээлэл бүхий 554 постод дүн шинжилгээ хийсэн юм.

Оростой холбоотой фэйсбүүк мэдээлэл болон постууд 3-5 болон 9,10 дугаар саруудад харьцангуй идэвхэжсэн бол зуны болон өвлийн саруудад буурч байжээ. Мөн Орос Украины дайн эхэлснээс хойших нэг жилийн ойн үеэр Оросын пропаганда мэдээллүүдийн давтамж нэмэгдэж байсан.

Эдгээр постын агуулгад Орос Украины дайны сэдэвтэй холбоотой пост зонхилсон буюу 42%-ийг эзэлсэн бол 29% нь “Агуу Орос” гэсэн сэдвийн хүрээнд Орос улс, Оросын арми, Оросын зэвсэгт хүчин, орос хүмүүсийг туйлшран дэмжсэн, барууны орнуудыг хүчтэйгээр шүүмжилсэн постууд байгаа юм.

Энэ дунд дайнаас гадна Оросыг ерөнхийд нь хамгаалж, шүтэн биширсэн пропаганда, үзэл бодол буюу “АГУУ ОРОС” гэсэн хандлага хүчтэй байсныг онцлох хэрэгтэй. Ялангуяа, Орос улсыг дэлхийн хамгийн агуу орон, Путинийг хамгийн чадварлаг удирдагч, Оросын армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми гэх зэрэг үндсэн агуулгатай, суртал ухуулгын шинжтэй бөгөөд энэ нь нийт мэдээллийн талаас илүү хувьд байв.

Өөрөөр хэлбэл, Оросын пропаганда мэдээлэл 24%, Оросыг хэт туйлширч дэмжсэн үзэл бодол 23%, хуурамч мэдээлэл 6%-ийг тус тус эзэлж байна.

Хуурамч мэдээлэл гэдэгт бодит бус баримтыг ашигласан үнэн бус мэдээллийг ойлгох бөгөөд иш татсан тоо, мэдээллийг хуурамч гэдгийг нотлох боломжтой байсан мэдээллүүдийг энэ хэсэгт оруулсан юм. Харин Пропаганда гэдэг нь Оросын талын байр суурийг дэмжихийг ятгаж ухуулсан, сурталчилсан, тайлбарласан, ихэвчлэн бодит болон бодит бус тоо мэдээллийг хавсаргасан ба бодит бус баримт иш татах боловч шууд хуурамч мэдээлэл гэж нотлоход хүндрэлтэй, ихэвчлэн төөрөгдүүлсэн, нотлох боломжгүй мэдээллийг оруулсан.

Ийнхүү судалж үзэхэд, хуурамч болон пропаганда мэдээлэл, постод үзүүлсэн дундаж хариу үйлдлийн тоо бусад хэлбэрийн мэдээлэл, посттой харьцуулахад ойролцоогоор 2 дахин их байв.

Нэг мэдээллийн дундаж шэйр л гэхэд хуурамч мэдээллийг 113 удаа, пропаганда мэдээллийг 106 удаа шэйрэлсэн бол үйл явдлын мэдээллийг 60 удаа шэйрэлсэн байгаа юм. Энэ бол Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн зан төлөвийг илтгэж буй нэг тод үзүүлэлт билээ.

Хуурамч мэдээлэл болон пропаганда мэдээллийн хоёр жишээг доор үзүүлье.  

Уг постын тайлбарт байгаа “Хятадын удирдагч Ши Жиньпин дэлхийн 3-р дайны аюул заналхийлбэл бид холбоотон Оростоо туслах болно” гэсэн нь хуурамч мэдээлэл. Энэхүү пост нь нийт 7200 орчим хариу үйлдэл авсан бөгөөд үүнээс 6000 шахуу нь дэмжсэн, 1100 орчим нь шэйрэлсэн байна. 

Хариу үйлдлийн хувьд мониторингод нарийвчлан авч үзсэн 554 мэдээлэл болон постод фэйсбүүк хэрэглэгчид лайк, зүрх дарах гэхчлэн нийт 140,075 удаагийн хариу үйлдэл үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэг постод дунджаар 253 хариу үйлдэл үзүүлсэн бол харин хуурамч мэдээлэлд 483 хариу үйлдэл үзүүлсэн байгаа юм. Хуурамч болон пропаганда мэдээлэлд хамгийн их хариу үйлдэл үзүүлсэн гэсэн үг.

Яруу найрагч гэх Эмүжин нь Оросыг дэмжсэн болон дэмжихийг ятгаж ухуулсан постууд өөрийн фэйсбүүк хуудастаа үе үе оруулдаг болох нь ажиглагдсан. Үүний нэг жишээ болох Жуковын хөшөөг буулгахыг эсэргүүцсэн пост нь 2000 гаруй лайк, 215 шэйр авсан байв.

Нэг хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс дунджаар 2 дахин их шэйрлэгдсэн байсан бол дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн үр дүн гарсан. Энэ нь Оростой холбоотой бүхий л сэдвүүдээс дайнтай холбоотой асуудалд хуурамч, пропаганда мэдээллийн тархац хамгийн их байгааг илтгэв.

Өөрөөр хэлбэл, Монголын фэйсбүүк хэрэглэгчид үйл явдлаас илүүтэй хуурамч мэдээлэл, пропагандад илүүтэй итгэж, хариу үйлдэл үзүүлэн цааш түгээдэг ажээ.

Тийм учраас аливаа мэдээллийг нягтлах мэдээллийн боловсрол монголчуудад маш хангалтгүй байгааг эндээс харж болох бол нөгөө талаар дайнтай холбоотой цахим орчинд тархаад байгаа тэр хуурамч мэдээлэл, суртал ухуулгыг нягтлах баримт шалгагчдын хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Ураны хайгуул болон 2011 оны туршилт ойр орчмын ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн. Залуу эмэгтэйчүүд хүүхэдтэй болохоос айх болсон”. Factcheck: Ураны хайгуул, туршилтын олборлолт явуулсан Дорноговь […]

Хоёр цагийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн үед “Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН” гэсэн фэйсбүүк хуудсаар өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын талаар “ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн гарчигтайгаар  оруулсан постыг 3.4К хүн хуваалцаж, 336 хүн коммент бичсэн байна. Энэхүү пэйж хуудсыг нягтлахад хуурамч болох нь батлагдлаа. […]

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх