Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ – ХУДАЛ

Coupon Mongolia нэртэй фэйсбүүк хуудаст 2021 оны 9-р сарын 20-ны өдөр “ШУУРХАЙ МЭДЭЭ!! Солонгос улс уруу визгүй зорчиж ажил хийх боломжтой боллоо” гэсэн тайлбартай мэдээг оруулжээ.

Уг мэдээллийг Zagdaa.com сайтад “Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ” гэх гарчигтайгаар нийтэлсэн байна.

Мэдээний зурагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ширээн дээр мөн ард нь Монгол, Солонгос улсын далбааг байрлуулсан байх агаад Ерөнхийлөгч хоёр гараа атган талархаж буй байдалтай инээмсэглэсэн байна.

Зургийн өнгө аяс, мэдээний гарчгийг харвал таатай үйл явдал тохиосон, визгүй зорчих болсон мэт сэтгэгдлийг төрүүлэхээр байна. Мэдээллийн дор иргэд харилцан визгүй болсон мэтээр ойлгож, зарим нь БНСУ-г зорьж ажиллах боломжтой боллоо гэсэн бол зарим нь улс эзэнгүйдэх нь, зарим нь худал мэдээлэл гэжээ.

Мэдээллийг нягталлаа.

Ерөнхийлөгч 2021 оны 9-р сарын 10-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийсэн. Уг мэдээнд дээрх уулзалтын талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтаас таслан авч оруулсан бөгөөд 2018 онд Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн биечилсэн уулзалтын зургийг мөн оруулжээ.

Цахим уулзалтаар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргасан бөгөөд тунхаглалд “Талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчилж, цаашид харилцан визгүй зорчих асуудлыг урт хугацаанд судлах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон” юм.

Өөрөөр хэлбэл хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсон биш уг асуудлыг цаашид судлахаар тохиролцсон гэсэн үг.

Тиймээс “Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ” гэдэг нь худал. Боломж бүрдээгүй бүрдүүлэх эсэх одоогоор судалгааны түвшинд байгаа юм.

Төстэй мэдээлэл

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа өөрийн фэйсбүүк хуудастаа коронавирусийн талаарх нэгэн мэдээллийг нийтэлсэн нь олон хүнд хүрээд байна. Уг постод “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!! Breaking news: WHO […]

Наймдугаар сарын 23-нд Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйсбүүк хуудсан дээр хуваалцсан видеог маш олон хүн цааш нь тараажээ. Уг бичлэгт: мРНА Вакцин тариулсан хүмүүс 6 сараас 3н жилийн дотор үхнэ хүүхэд гаргах боломжгүй болно цусны донор өгөх боложгүй гэх мэт … Оксфордын доктор Sean Brooks AНХААРУУЛЖ байна!!! 3р ТУН, ХҮҮХДҮҮДЭД ТАРИХ талаар яригдаж байгаа энэ үед […]

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуухдаа вакцины талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Эрдэмтэд зургаадугаар сарын дундуур КОВИД-19 буурна гэсэн ч буураагүй. Тодорхой хугацааны дараа буурах байх. Орон нутагт өвчлөл бага байхад вакцин тариад зуу зуугаараа гараад эхэлсэн. Газар газрын батлагдаагүй вакцинуудыг хийж, туршилтын туулай болж гүйцлээ” гэсэн юм. Түүний […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Уран олборлолт нь Монголд цөмийн хаягдлыг булшлах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хортой цацраг идэвхт хог хаягдал үүснэ. Монгол улс энэ төрлийн хортой хог хаягдлыг […]

Зургадугаар сарын 18-нд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л. Цагаандалай коронавирустэй холбоотой байр суурь хэлснийг нягталлаа. Тэрбээр “Тал нутагтаа морио уяад явж байгаа хүн бол вакцин гэж бичээд байгаа, өглөө бүхэн вакцин хийлгэж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх