АНУ Монголд био лаборатори байгуулна гэх Оросын талын мэдээлэл – НОТЛОГДСОНГҮЙ

Товч агуулга

Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг.

Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус.

ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийг ДЭМБ, Австралийн Засгийн газрын дэмжлэгээр байгуулж, барилга байгууламжийг нь улсын төсвийн хөрөнгөөр босгосон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын санхүүжилт, дэмжлэг орсон гэсэн нотолгоо байхгүй.

Монгол Улсад бактериологийн зэвсэг байтугай хүний өвчилдөг өвчнүүдээ ч бүрэн төгс оношлоход төвөгтэй байна.

Монгол Улс Биологийн зэвсгийг хориглох тухай конвенцод 1972.04.10-ны өдөр нэгдэн орсон.

Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын яам болон Европын Холбооны төлөөлөгчийн газар ОХУ-ын уг мэдээллийг үндэслэлгүй хэмээн эср няцаав.



ОХУ-ын Парламентын дээд танхимын төлөөлөгч Константин Косачевийн хэвлэлд өгсөн ярилцлага олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрбээр Федеральное агентство новостей(ФАН) буюу Холбооны мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа америкчууд Украин дахь био лабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа ба ийнхүү лабораториудыг нүүлгэх гэж байна гэж үзэх ноцтой шалтгаан байгаа талаар ярьжээ. 

Энэ талаар ОХУ-ын өөр хэвлэлүүд ч мэдээлээд байна. 

Тухайлбал, ФАН-д ярьснаар ийнхүү нүүлгэх гол шалтгаан нь Монгол Улс ОХУ-тай нутаг дэвсгэр ойр учраас гэж Константин Косачев тайлбарлажээ. Мөн 

  • АНУ одоо Украины оронд Монголыг аюултай эмгэг төрүүлэгчдийн гол сорилтын талбар болгож байна. Орос, Хятадтай хиллэдэг тус улсад АНУ, Германы мэргэжилтнүүд биоматериалын дээжийг олон жилийн турш цуглуулж ирсэн”.
  • “Вашингтон Монголыг Евразийн хүн амын геномыг судлах шинэ тавцан болгож байгаа”.
  • “Монгол төрөл бүрийн бактери, вирусийн байгалийн голомт ихтэй. Эдгээр хилийн лабораториудыг хаалттай байлгахын тулд Орос, Хятад хоёр хамтран ажиллах ёстой” гэсэн бол

“Известия” сайтан мэдээлснээр

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа халдварын голомтыг тусгасан, өвчин тээгч сарьсан багваахай, хачиг, шумуул зэргийг харуулсан зураглал гаргахаар төлөвлөж байна. АНУ Монголыг бүс нутгийн эпидемиологийн хяналтын тогтолцооны нэг хэсэг болгох гэж байна. Үүнд Бутан, Бангладеш, Вьетнам, Камбож, Лаос, Филиппин аль хэдийн нэгдсэн.
  • АНУ-ын судалгааны ажлын хүрээнд ОХУ, БНХАУ-тай ойр оршдог Монгол Улсын оршин суугчдаас биологийн материал цуглуулах ажлыг зохион байгуулна. Энэхүү мэдээлэл нь АНУ-ын Зэвсэгт хүчний ариун цэврийн хяналтын хэлтэст хэрэгтэй бөгөөд АНУ-ын цэргийнхний байлдааны ажиллагаанд оролцох боломжтой газруудын био аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан Пентагон тус улсын биологийн лабораториудыг шинэчлэх, шинэ төвүүдийг байгуулах, дотоодын мэргэжилтнүүдийг сургахад дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсад санал болгохыг хүсэж байна.
  • Харин Монгол ажилчдыг сургах, био аюулгүй байдлын чиглэлээр тус улсын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Европын холбооны “Төсөл 53”, “Төсөл 87” хөтөлбөрүүдийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа нь тодорхой болоод байгаа. Үүний зэрэгцээ Нур-Султан дахь Олон улсын шинжлэх ухаан технологийн төвөөр дамжуулан хөрөнгө мөнгө оруулна.
  • Монголын вирус судлаач, микробиологичдод зориулсан сургалтыг Зүүн Европт буюу Гүрж, Украинд зохион байгуулах ёстой байсан. Монгол Улсын нийслэлд байгуулах биолабораторийн төслийн “албан ёсны ивээн тэтгэгч” нь Азийн хөгжлийн банк юм.
  • Био аюулгүй байдлын талаарх хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хийх судалгааны ажлын гол хэсэг нь Пентагоны ашиг сонирхолд нийцүүлэн хийгдэнэ гэдгийг АНУ нуухыг зорьж байна. Тийм ч учраас төслүүдийг бүс нутгийн зуучлагч, түүнчлэн Вашингтоны Европ дахь түншүүдээр дамжуулан санхүүжүүлэх болно гэжээ.

Энэхүү мэдээллийг FactCheck Mongolia нягталлаа.

Factcheck 1:

Юуны өмнө энэ талаар анх мэдээлсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг шалгалаа. 

Известия” сайт нь 2022.03.22-ны 09:50 цаг буюу өглөө мэдээллээ гаргасан бөгөөд гол эх сурвалжаар   “Международные хроники” гэх Telegram постыг эш татсан байна. Харин уг постыг Telegram-д нийтэлсэн 2022.03.22-ны 20:21 цагт оруулжээ.


Өөрөөр хэлбэл, мэдээдээллийг нийтэлсэн сайтыг эш татсан пост уг мэдээнээс 10 орчим цагаар хоцорч байна. 

Известия сайтын мэдээллийг харвал National Media Group буюу “Үндэсний медиа групп” хэмээн бичжээ. Тус медиа группийн талаар хайж үзвэл 2008 онд бизнесмэн Алексей Мордашов өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, илүү үр ашигтай менежментийг бий болгох зорилгоор “Согаз” даатгалын групп болон Оросын газрын тос, хийн хамгийн том компаниудын нэг “Сургутнефтегаз” компанийг хөрөнгийг 2008 онд нэгтгэснээр хоёрдугаар сард нь National media group-ийг үүсгэн байгуулж байжээ.

Улмаар 2008 оны тавдугаар сард нь Оросын үндэсний өдөр тутмын “Известия” сонины 50.19%-ийг Gazprom-Media холдингоос худалдан авсан байна.

Газпром медиа холдинг нь 1998 онд байгуулагдсан бөгөөд 2005 онд Оросын тэргүүлэгч сонин болох “Известия”-г худалдан авч байжээ. 2005 оны наймдугаар сард Газпром банк Газрпром медиа группийг худалдан авчээ.

2012 оны байдлаар тус банкны 41.73 хувийг Газфонд эзэмшиж байсан бөгөөд менежментийг нь хэрэгжүүлэгч Лидер компани нь SOGAZ даатгалын группийн бүрэлдэхүүн компани аж. Харин SOGAZ компанийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хяналт дор байдаг хэмээн бичдэг. Учир нь SOGAZ даатгалын компанийн менежментийн багт буюу Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэд даргаар Михайл Евгеневич Путин ажилладаг бөгөөд 2004-2007 онд “Газпром Газораспредение” хэмээх хийн түгээлтийн компанид удирдлагын багт ажиллаж байжээ.

Энэ хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний холын хамаатан гэгддэг бол зарим хэвлэлээр үеэл нь ч гэж бичдэг.

Өөрөөр хэлбэл, энэ бүх мэдээллээс харахад “Үндэсний медиа групп”-ийн дэргэдэг “Известия” сайт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хамааралтай хэмээн харагдаж байна. 

Factcheck 2:

АНУ Украинд био лоабораториуд ажиллуулж, санхүүжүүлж байсан гэх мэдээллийг ОХУ-аас анх гаргажээ.

Энэ талаар BBC агентлаг нягталж шалгасныг бид хүргэсэн. Нягталсан мэдээллийг ЭНД болон ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу.

  • Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй.
  • АНУ-ын Батлан хамгаалах яам болон Украины Эрүүл мэндийн яам 2005 оноос хойш нийгмийн эрүүл мэндийн лабораториудыг сайжруулах, халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудад хэрэгжиж байсан үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг бууруулах зорилгоор 1991 онд эхэлсэн аюулыг бууруулах хамтарсан хөтөлбөрийн нэг хэсэг юм.
  • Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус бөгөөд биологийн зэвсгийн зураг төсөл эсвэл бүрэлдэхүүн хэсэг биш.
  • Оросын албаныхан устгасан эмгэг төрүүлэгчдийн жагсаалт бүхий баримт бичигт онцгой аюултай эмгэг төрүүлэгч байхгүй гэж дүгнэсэн.

Түүнээс гадна 

АНУ-ын Департаментаас 2022.03.09-нд албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд АНУ, Украин химийн болон биологийн зэвсгийн үйл ажиллагаа явуулж байна гэж Кремль зориудаар худал мэдээлэл тарааж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд үндэслэлгүй болохыг бичсэн байна.

Factcheck 3:

Монгол орны мал, амьтны вируст өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх арга боловсруулах, шинээр болон дахин сэргэж буй вирусын халдварт өвчнүүдийн молекул биологийн судалгаа хийх чиглэлээр Мал Эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори нь үйл ажиллагаа явуулж байна. Тус лаборатори нь 

  • Шувууны томуу
  • Хонь, ямааны цэцэг
  • Үхрийн вируст диарей
  • Крым-Конгийн цусархаг халуурал
  • Хачигт энцефалит
  • Ньюкастлийн өвчин
  • Тугалын ринотрахейт
  • Рота-корана вирусын халдвар
  • Япон энцефалит
  • Нохойн гударга зэрэг

вирусийн өвчнүүдийг шинээр оношилж байсан бөгөөд дараах төслүүдийг хэрэгжүүлж ирсэн нь нээлттэй байна. Төслүүдийг бүгдийг нь жагсаавал

  • 1990-1991 онд хамтарсан төслийн хүрээнд мал, амьтны халдварт өвчнийг оношлох ELISA урвалын лаборатори байгуулагдав.
  • 1992-1995 онд хамтарсан төслөөр СМФ-д нилээд тархалттай байсан Үхрийн лейкоз, Ринотрахейт, Диарей, тугалын Рота- Корона вирусийн өвчнүүдийг шинээр оношлож, тэдгээрийн тархалтыг тогтоосон.
  • 1996-1999 онд хамтарсан төслөөр СМФ-ийн үхрийг Лейкоз ба Бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн
  • 2000-2002 онд төслөөр Монгол улсад анх удаа Малын ийлдсийн сан байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж 30 гаруй сая малыг төлөөлсөн 30-аад мянган ийлдэстэй сан байгуулсан.
  • 2003-2006 онд Монгол улс Үхрийн мялзан өвчнийг устгасан орон болохын батлагааг эрх бүхий олон улсын байгууллагаар гаргуулж батламж /Сертификатууд/-ыг гаргуулж дэлхий нийтэд зарлуулсан.
  • 2007-2009 онд Монгол улс үхрийн цээж өвчнийг устгасан орон болох батламжийг гаргуулах ажлыг гүйцэтгээд хянан магадлагаа гаргуулах шатанд явж байна.
  • 2007-2009 онд Мал, амьтны халдварт өвчнийг оношлох молекул биологийн аргыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
  • 2012-2014 онд АНУ-ын Флоридагийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүрээлэнтэй хамтарсан “Адуу, тэмээний томууг тандан судлах” судалгаа
  • 2012-2014 онд БНСУ-ын Хорио, цээр хяналтын агентлагтай хамтарсан галзуу өвчний судалгаа
  • 2012-2015 онд Япон улсын “Кёорицу Сейяку” корпорацитай 3 жилийн хугацаатай байгуулсан хамтарсан зарим вируст өвчний судалгаа хийгдсэн.
  • 2014 онд Япон улсын Ямагүчи их сургуультай хамтарсан зарим вируст өвчний судалгаа эхэлсэн.
  • 2014 онд Япон улсын Хоккайдо их сургуультай хамтарсан зарим вируст өвчний судалгаа эхэлсэн
  • 2015-2016 онд Вьетнамын Ханойн Хөдөө Аж Ахуйн Их сургуультай “Ямааны цэцэг өвчний вакцины технологи” хамтарсан вакцины судалгаа
  • 2012 оноос Япон улсын Нихон их сургуульд залуу судлаачдыг мэргэшил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Эндээс АНУ “Адуу, тэмээний томууг тандан судлах” судалгааг л хийж байжээ.

Биотехнологи, Зоологи болон Экологийн чиглэлээр ШУА-ийн Биологийн хүрээлэн ажиллаж байгаа ба Генетикийн лаборатори, Молекул биологийн лаборатори, Микробиологийн лаборатори, Микробын нийлэгжлийн лаборатори зэрэг 10 орчим лабораториор дамжуулан судалгаа, шинжилгээ хийж байгаа ба судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, олон улсын түвшинд хүрэхүйц лаборатори, өндөр нарийвчлал, хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангах нь гол бэрхшээл гэжээ.

Харин нийгмийн эрүүл мэндийн тухайд Монгол Улс анх 1970-аад онд Биобэлдмэлийн улсын хяналтын лабораторийг Эрүүл ахуй, нян судлалын улсын институтийн дэргэд байгуулж байжээ. 

1979 онд “Вакцин, биобэлдмэл, цус цусан бүтээгдэхүүн”-д улсын хэмжээнд чанарын хяналт тавих бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлж, тус лабораторийг өргөжүүлж байж.

Улмаар 1989 онд Биобэлдмэлийн улсын чанарын хяналтын лабораторийг Эмийн улсын хяналтын төв лабораторитой нэгтгэн “Эм, биобэлдмэлийн улсын хяналтын төв лаборатори” болгож, 2000 онд “Эрүүл мэндийн улсын хяналтын алба” болсон бөгөөд 2013 оноос “Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар”-ын харьяан дор ажиллаж байна.

Энэхүү лаборатори нь зөвхөн хүний эм, эмийн бүтээгдэхүүнд хяналт тавьж, шинжилгээ хийдэг. Хүний вакцин хяналтын лаборатори Монгол Улсад байхгүйг НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацын албаны дарга Б.Ичинхорлоо ярьж байсан бөгөөд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын лабораториудын хүчин чадал харьцангуй сайжраад байгааг тэрбээр хэлсэн юм.

Монгол Улс арав гаруй жил ярьсны эцэст цар тахлын нөхцөл байдлын хүрээнд ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторитой болж буй. ДЭМБ-ын дэмжлэгтэй “NGS” буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг Австралийн Засгийн газар болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2022.03 сард ашиглалтад оруулсан. Барилга байгууламжийг нь улсын төсвийн хөрөнгөөр барьсан. Өөрөөр хэлбэл, АНУ-ын санхүүжилт, дэмжлэг орсон гэсэн нотолгоо алга. 

Түүнээс гадна ЖАЙКА-ийн тусламжаар мутац тодорхойлох боломжтой лаборатори нээх талаар мэдээлж байсан. Энэ нь мөн л АНУ-тай хамааралгүй, Японы Засгийн газрын тусламжаар хэрэгжиж буй төсөл байна.

Биологийн зэвсэг болох аюултай вирус, бактерийг BSL-4 буюу манай улсынхаас дахин нэг шат ахисан лабораторид гарган авах боломжтойг Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр тайлбарлав. Тэрбээр BSL-4 буюу био аюулгүй ажиллагааны IV шатлалын лаборатори дэлхийд цөөхөн оронд байдгийг мөн тодотгов.

Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар “Манай лабораторийн, ялангуяа бактерологи, вирусологийн лабораторийн нөхцөл байдал өндөр хөгжсөн орны түвшинд хүрээгүй. Тэр яриад байгаа био лаборатори гэдэг нь био аюулгүй ажиллагааны III, IV зэрэглэлийн лабораторийн хийдэг ажлууд. Манайд био авюулгүй ажиллагааны II зэрэглэлийн лаборатори ХӨСҮТ болон бусад газарт байдаг. 

10 гаруй жилийн өмнөөс ХӨСҮТ-д III шатлалын лабораторийг байгуулах суурийг тавьсан. Өнөөдөр хүлээж аваагүй, ажил нь урагштай явахгүй байна” гэдгийг хэллээ.

Монгол Улсад бактерологийн зэвсэг байтугай хүний өвчилдөг өвчнүүдээ ч бүрэн төгс оношлоход төвөгтэй байгааг ярив.

Тэрбээр хүний эмч учраас бактериологи, биологийн зэвсгийг яаж хийдэг талаар мэдэхгүй ч олон хүн амыг ноцтойгоор өвчлүүлдэг, саажуулдаг үхүүлдэг, ийм төрлийн ноцтой гэж хэлж болох, янз янзын өвчин үүсгэгчдийг тодорхой лабораторийн нөхцөлд өсгөж үржүүлээд зэвсэг болгон ашигладаг болов уу гэсэн ойлголт байгааг тайлбарласан юм. Тухайлбал, боом өвчнийг нэрлэж болох ч түүнийг нь өсгөж үржүүлдэг лаборатори манайд байхгүй.

“Жишээ нь, КОВИД-19 цар тахал гарлаа. Энэ цар тахлыг бид зүгээр оношилж л чадаж байна. Тухайн хүн вирусийн халдварыг авсан уу, үгүй юу гэдгийг оношилж байгаагаас биш тэр вирустэй ажилладаг, ургуулдаг, үржүүлдэг нөхцөл нь Монгол Улсад байхгүй.

Бид ямар түвшинд байгаа билээ. Ийм түвшний биологийн болон бактерологийн зэвсэг хийх тийм лаборатори нь ч алга, хүний нөөц, мэрэгжилтнүүд нь ч алга.

ХӨСҮТ-ийн III шатлалын лаборатори нь өвчин үүсгэгч вирусээ ялгаж аваад вирусийн биологийн өвөрмөц шинж чанарыг судалдаг. Түүнээс биш энэ дотор үржүүлээд, хоруу чанарыг тодорхойлоод, зэсвэг хийнэ гэдэг IV шатлалын лабораторийн хийдэг ажил. Манайд III шалтлалынх нь ч алга. Америк ийм лаборатори байгуулахад хамтарч байна гэж сонсоогүй. Үндэс ч байхгүй” хэмээн хэллээ.

Мөн ХАА-н салбарт III шатлалын лаборатори байгаа боловч хүчин чадал тийм өндөр биш, ядаж л вирус болон өвчин үүсгэгч үйлдвэрлэхэд хадгалах сав хэрэгтэй. Тиймээс манай улсад ямар ч боломж байхгүй, үндэслэлгүй хэмээн доктор, профессор Г.Батбаатар тайлбарлаад “Гаднын орны ийм ойворгон мэдэгдэлд ГХЯ, ЭМЯ, холбогдох эрх бүхий хүмүүс цаг тухайд нь хатуу хариу мэдэгдэл өгч байх ёстой” гэсэн юм.

Factcheck 4:

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл 2020.03.10-ны өдөр Биотерроризмын аюул занал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар дүн шинилгээний танилцуулга хийж байжээ. Уг танилцуулгад “Дэлхийн түүхээс авч үзэхэд хими, биологийн зэвсгийг ашиглах замаар олон нийтийг айдаст автуулах, цаашилбал зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаанд түүнийг ашигласаар ирсэн нь хүн төрөлхтөний эсрэг үйлдэж буй хамгийн ноцтой гэмт хэрэг болоод байна.

Иймд олон улсын хамтын нийгэмлэгээс энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах зорилгоор “Биологийн зэвсгийг үл хэрэглэх тухай” Женевийн протоколыг санаачилсан нь томоохон дэвшил хэмээн үзэж болох хэдий ч хүчирхэг гүрнүүдийн зүгээс энэ төрлийн зэвсгийг хязгаарлагдмал хүрээнд янз бүрийн зорилгоор нууцаар ашиглах, хэрэглэх тохиолдлууд гарсаар байна” гэж тодотгоод ийм учраас тус протоколын үйлчлэх хүрээ, зохицуулж буй харилцааг тодотгож 1972 онд “Биологийн зэвсгийг хориглох тухай” Женевийн конвенцийг санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 183 улс нэгдсэнийг бичжээ.

Монгол Улс Биологийн зэвсгийг хориглох тухай конвенцод 1972.04.10-ны өдөр нэгдэн орсон байна.

Манай улсад байгаа эрсдэлийг дараах байдлаар тодорхойлжээ.

Монгол Улсын хувьд өнөөдрийг хүртэл хими, биологийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан нэгж, мэргэшсэн баг /CBRN Team – Chemical, Biological, Radiological and Nuclear Team/ байхгүй, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагад энэ чиглэлийн чиг үүрэг нь тодорхой бус байгаа нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна. Иймд цаашид био аюулгүй байдал, биотерроризмын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж, мэргэшүүлэх, эм, бэлдмэл, өвчин судлалын тусгай лаборатори байгуулах, хими, биологийн аюул занал, болзошгүй террорист халдлагын үед түүнийг илрүүлэх, саармагжуулах, аюулгүй болгох, устгах чиг үүрэг бүхий тусгайлсан чиг үүргийг төрийн аль нэг байгууллагад хариуцуулах, тэдгээрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн тусгай чиг үүрэгтэй баг байгуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна гэжээ.

Био аюулгүй байдлын талаарх Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн мэдээллийг эндээс уншиж болно.

Factcheck 5:

ОХУ-ын хэвлэлээр мэдээлээд байгаа Монгол Улсад лаборатори байгуулах үйл ажиллагаанд нэр цохогдоод байгаа АНУ, Европын холбоо, Азийн хөгжлийн банк зэрэг холбогдох байгууллагын тайлбарыг бид авлаа. 

Монгол дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар

Европын Холбооны “Төсөл 053” буюу Төв Азийн орнуудад үндэсний эрх зүйн орчныг бэхжүүлэх, био аюулгүй байдал, био аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн сургалт явуулах гэсэн нэртэй хөтөлбөрийн танилцуулга албан ёсны цахим хуудаст нь нээлттэй байна. Уг танилцуулгад сүүлийн жилүүдэд шинэ тутам өвчин ихсэж, төрөл зүйлүүдийн тархалт эрс нэмэгдсэнээс гадна хил дамнасан хөдөлгөөн, худалдааны либералчлал, хүнсний аюулгүй байдал, байгаль орчны зэрэг асуудалтай холбоотойгоор хил дамнасан хортон шавьж, өвчинтэй тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг урьдац нөхцөл болгон тавьжээ.

Үүний зэрэгцээ био аюулгүй байдал, тогтолцоо нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой ба энэ чиглэлээр зохих сургалт, мэдлэг хэрэгтэйг дурдсан байна. Иймд био аюулгүй байдал, энэ талаарх шинэ санаачилгууд нь нийгмийн эрүүл мэнд, тахал, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж Төв Азийн бүс нутгийн био аюулгүй байдал, чадавхыг нэмэгдүүлэх нь энэ хөтөлбөрийн гол зорилго аж. Ингэхдээ

  • Биологийн шинжлэх ухааны салбарт аюулгүй, хариуцлагатай байдлыг сайжруулж, сурталчлах замаар үндэсний оролцогч талуудын био аюулгүй байдал, онцгой байдлын хариу арга хэмжээ, ослын менежментийн асуудлаар мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, тархалтын эрсдэлийг бууруулах
  • Үндэсний эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, биологийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зарчим, арга хэрэгслийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хамтын ажиллагааг оновчтой болгох, төслийн хэрэгжилтийн дараах чанарын менежмент, тогтвортой байдлыг сайжруулах үүднээс сургалтын хэрэгцээг илүү сайн үнэлж, сургалт явуулах, барилга байгууламжийн зураглалыг гаргах зорилгоор оролцогч улс орнуудад байгаа нөөцийн тооллого хийж, каталоги бүрдүүлэх
  • Био аюулгүй байдлын чиглэлээр бүс нутгийн бие даасан сургалтын тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, заах арга зүйг боловсронгуй болгох, сургалтын үйл ажиллагааны суурьт сургагч урьдчилан бэлтгэх, цахим сургалтын хэрэгслийг нэвтрүүлэх замаар төслийг хэрэгжүүлнэ гэж заажээ.

Энэхүү төсөл нь 2015 онд эхэлсэн бөгөөд 2022 оны зургадугаар сард дуусах товтой ба Афганистан, Албани, Казахстан, Киргиз, Украин, Узбекистан зэрэг 16 улсад хэрэгжиж байна.

“Төсөл 087” хөтөлбөр нь Төв Ази дахь олон нийтийн цугларалт болон эрүүл мэндэд заналхийлэхэд бэлэн байх, хариу арга хэмжээ авах тухай юм байна.

Сүүлийн жилүүдэд олон нийтийг хамарсан цугларалт нь хөгжингүй болон буурай хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй байна. Ялангуяа томуу, коронавирусийн дэгдэлт зэрэг халдварт өвчний дэгдэлттэй холбоотой шинэ сорилтуудыг бий болгодог. Цар тахлын хямрал нь олон нийтийг цуглуулах менежмент, эрт сэрэмжлүүлэг, харилцаа холбоо, мэдээлэл солилцох, улс орон даяар зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна гэж Европын холбоо үнэлжээ. 

Олон нийтийн цугларалтад бэлтгэх нь одоо байгаа эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах замаар бэлэн байдлын арга хэмжээг нэмэгдүүлэх, хөрш орнуудын туршлагаас суралцах, олон нийттэй тууштай харилцах зэрэг зорилготой байна. 2020.12 сард эхэлсэн уг төсөл 2024.06 сард дуусах юм байна. 

Энэ төсөл Афганистан, Казахстан, Монгол, Пакистан, Тажикистан, Узбекистан улсад хэрэгжиж байна.

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дээрх мэдээлэлд нэр холбогдсон тул АНУ-ын Монгол дахь ЭСЯ-тай холбогдож тайлбар авлаа.

Тус ЭСЯ-наас “ОХУ Украин дахь өөрийн аймшигт үйлдлээ зөвтгөхийн тулд хуурамч шалтаг сэдэж байгаа бөгөөд цаашид ч иймэрхүү зүйлс сэдсээр байх болно.

ОХУ-ын тарааж буй “Монгол Улс дахь биологийн болон химийн лабораторийн талаар” худал мэдээлэлд үнэн бодит гэх зүйл нэг ч байхгүй.

Бид мэдээллийг нягтлах бодит хүчин чармайлт гаргаж байгааг, мөн сэтгүүлчид болон чөлөөт, нээлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд АНУ-ын адилаар Монгол Улсад энэхүү ач холбогдол нь урьд өмнөхөөсөө илүү тод харагдаж байна. Сэтгүүлчид худал мэдээллийг ухаж, үнэнийг түгээн, ардчиллыг бат бөх хэвээр нь хадгална гэдэгт бид найдаж байна” хэмээн хэлээ.

Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тус улсын үзүүлж буй дэмжлэгийн тухайд “Нийт 8 сая ам.доллар цар тахалтай тэмцэх Монгол Улсын хүчин чармайлтад зориулагдсан бол үүний 3.7 сая ам.доллар нь “Ковид-19-ийн яаралтай тусламж”-д зориулагдсан байна.

Үлдсэн дүн нь КОВИД-19 өвчний халдвар анхлан тархсанаас хойш Монгол Улсад үзүүлсэн АНУ-ын тусламж юм.

Эдгээр санхүүжилт нь Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжихийн тулд нэн шаардлагатай эд материалын хангамжаас гадна хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэх болон өвчний цаашдын тархалтаас урьдчилан сэргийлэх хамгийн сүүлийн үеийн арга барилыг Монголын эмнэлгийн ажилтнуудад сургах үйлсэд дэмжлэг үзүүлж ирсэн.

Одоо ч энэ ажил үргэлжилсээр байна” гэдгийг албан ёсоор тайлбарлав.

Монгол Улсын Гадаад харилцааны яам

Монгол Улсын зүгээс одоогоор Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсоор тайлбар өгөөд байна.

Тэрбээр “Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Ийм лабораторитой болох эрх зүйн үндэслэл ч байхгүй. Энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын Холбооны улсуудтай энэ талын харилцааг хөгжүүлэх, лаборатори байгуулах асуудал огт яригдаагүй” гэдгийг албан ёсоор хэлсэн.

Мөн “Энэ мэдээлэл ОХУ-ын “Извезтия” сонинд 3-4 удаа нийтлэгдсэн. Анхны эх сурвалж болох судлаач, эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Мөн Хятадын хэвлэлд гарсан. Олон улсын хэвлэлүүд дээр гарч байгаа мэдээлэл нь үнэн бодит байдал нийцээгүй. Манай бодлогын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Манай гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа баримталж байгаа” гэсэн юм.

Эх сурвалжууд:

  • Гадаад харилцааны яам
  • Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ
  • Монгол дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар
  • Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл
  • Аюулгүй байдал судлалын хүрээлэн
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  • АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар
  • Япон улсын Каназава Үндэсний их сургуулийн Анагаахын сургуулийн дэд профессор, ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч, АШУҮИС-ийн дэд профессор Д.Нямбаяр
  • Мал эмнэлгийн хүрээлэн
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Bloomberg
  • Reuters
  • BBC агентлаг
Төстэй мэдээлэл

НЭМҮТ-ийн зөвлөх, Монголын анагаах ухааны академийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Оюунбилэгийн Unuudur.mn сайтад өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой мэдээллүүдийг нягталлаа. “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн саяхан “Вакцин тариулаад халдвар авсан хүмүүсийн дотор “Вироселл” хийлгэсэн хүн хамгийн цөөн байна” гэж ярьсан. Би үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл идэвхгүйжүүлсэн вакцин бол бүтэн вирус. Хонины махтай зүйрлэвэл […]

Товч агуулга Номын багш нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ. Харин Орост “Украйны газар хэрэггүй” хөдөлгөөн өрнөв” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу шалгалаа. Factcheck: Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Разумков центр […]

Коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Токио 2020 зуны Олимп зохион байгуулагдахаа больсон гэх мэдээлэл өчигдрөөс Япон улс болон бусад олон улсын нийгмийн мэдээллийн сүлжээнд тархсан. Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл нь ХУДАЛ гэдгийг Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах комиссоос  мэдээлжээ. Уг мэдээлэл нь өчигдөр буюу 29-ний өдөр Геманы DPA агентлагийн мэдээлсэн  “ОУ-ын Олимпын хороо,  Дэлхийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх