Уранд хордож мутацид орсон ишиг – НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

2012 онд Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэгт Засгийн газраас Ажлын хэсэг гарган судалж, шинжлэхэд уранаас болж биш, селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан.

2020 онд мөн Ажлын хэсэг гарч, судлахад ураны хайгуулын талбайд ойрхон гүний ус болон булгийн ус, хөрсөнд уран, хүнцэл аль аль нь илэрснээс үзэхэд усан дахь уран, хүнцлийн бохирдол нь тухайн газар нутгийн геологийн тогтоцтой холбоотой хэмээн дүгнэсэн.

2021 онд ШУА-ийн томоохон баг ажиллахдаа малчдын мах, сүүнд шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй.

2020 онд 18 аймаг, нийслэлийг хамруулсан гажиг төлийн судалгаагаар Дорноговь аймаг бусад аймгаас хамаагүй бага буюу 11-т бичигджээ.

Улаанбадрах суманд 2022 он гарснаас хойш бүртгэгдсэн гажиг төлийн шалтгаан нь генийн өөрчлөлт биш, механик гэмтэлтэй холбоотой гэж дүгнэсэн.

2013 ОНООС ХОЙШ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ДОРНОГОВЬ АЙМАГТ ТӨРСӨН ГАЖ ТӨРӨЛТИЙГ УРАНААС ШАЛТГААЛСАН ГЭСЭН НОТОЛГОО АЛГА.



Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Уранд хордож мутацид орсон 2 ам 3 нүдтэй ишиг МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ Орос улсаас тусламж авч Франц Японы биологийн лаборатори Бадрах энержиг хөөж гаргах болно. Оюун-Эрдэнэ Хүрэлсүхэд тултал шэйрлээрэй” гэсэн пост оруулсныг 5.4К хүн үзжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирсний дагуу нягталлаа.

FactCheck:

Уранд хордож гажиг төл гарч байгаа талаарх энэ мэт мэдээллийг нягтлах зорилгоор Засгийн газраас 2013, 2020 онд Ажлын хэсэг гарч, томоохон шалгалт явуулсан байдаг.

2012 оны сүүлчээр Улаанбадрах суманд нутаглаж байсан Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн 20 тугал гэнэт үхсэн хэрэг гарсны дараа Н.Алтанхуягийн Засгийн газар 2013 онд 47-р тогтоол гаргаж, судалгаа, шинжилгээний бүхий л байгууллагыг багтаасан томоохон Ажлын хэсэг байгуулсан бөгөөд судалгааны үр дүнд селенийн ужиг хордлогоор тугал үрэгдсэн гэсэн дүгнэлт гарч байв.

Тухайн үед орчны хөрс, уснаас гадна үхсэн тугалын дотор гэдсээс дээж авч судалсан бөгөөд нэг хувийг нь БНСУ руу явуулж, лабораторид шинжлүүлснээр мөн ижил дүгнэлт гарчээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 131 дүгээр тушаалаар томилогдож, малын гажигтай холбоотой асуудалд, иргэдийн эрүүл мэндэд үнэхээр уран нөлөөлж байгаа эсэхийг судлах ажлын хэсэгт БОАЖЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, мэргэжлийн судлаачид, эрдэмтэн оролцоод “Нөлөөлөөгүй” гэсэн дүгнэлтийг мөн гаргаж Засгийн газарт танилцуулсан.

Тодруулбал, 2020 онд хийсэн судалгаагаар Улаанбадрах орчмын бүсэд гадаргын усны хамгийн том төлөөлөл буюу Зүүнбаянгаас Дулаан уулын чиглэлд сунаж тогтсон Зүүнбаянгийн гүний хагарал дагуу, Дулаан уулын ураны хайгуулын талбайн зүүн хойд, зүүн захын хэсэгт оршдог, гүний усны илэрц болох Баруунбаян булгийн ус, хөрсөнд уран, хүнцэл аль аль нь илэрснээс үзэхэд усан дахь уран, хүнцлийн бохирдол нь тухайн газар нутгийн геологийн тогтоцтой холбоотой хэмээн дүгнэсэн байдаг.

Баруунбаянгийн булгийн ус нь маш их хэмжээгээр магни, хлор, сульфат уран, хүнцэл агуулсан тул хүн ам, мал аж ахуйд хэрэглэхэд нэн тохиромжгүй. Энэхүү булгийн уснаас мал уусан тохиолдолд туулгах буюу үхэлд хүргэх ч аюултай, иймээс хашиж хамгаалах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтэд Дорноговь аймгийн бараг бүх сумын ундны усанд ураны агууламж стандарт түвшнээс их байдгийг онцолсон байна.

Хамгийн сүүлд 2021 онд Шинжлэх Ухааны Академийн томоохон баг судалгаа хийгээд байгалийн цацраг идэвхт бодисын агуулга хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна.

Малчид малаа услах, ундны усны зориулалтаар ашигладаг худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Уг газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа.

Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжийг авч судалгаа хийхэд эдгээр элементийн агууламж хэвийн гарсан.

Малчдын мах, сүүнд шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй. Мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байна гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан байна.

Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооноос 2020 онд Улаанбаатар хот болон 18 аймаг дахь 1,006 мал эмнэлгийн нэгжүүдийн 81.4%-ийг хамруулж, 20 асуултад хариулт авах байдлаар малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжил, эрхтэн, тогтолцооны гажигтай төл малын судалгаагаар гол шалтгаан нь бэлчээрийн чанар болон цус ойртолттой холбоотой гэсэн үр дүн гарч байв.

Ялангуяа, гаж төрөлтийн бүртгэлийг харвал Дорноговь аймаг бусад аймгаас хамаагүй бага буюу 11-т бичигджээ. Тухайлбал, Архангай аймагт 35 тохиолдол бүртгэгдсэн байхад Дорноговь аймгийн хэмжээнд 11 бүртгэгдсэн байна.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 2022 оны мал төллөлт эхэлснээс хойш малчдаас хоёр удаа дуудлага иржээ. Эдгээр нь урьдчилсан байдлаар генийн өөрчлөлттэй холбоотой бус малчдын буруугаас буюу механик гэмтлийн улмаас үүдсэн болохыг тогтоогоод байгааг тус аймгийн Мал эмнэлгийн газрын дарга У.Мөнгөнхүү тайлбарлаад “Цахим орчинд тарсан ишигний талаар аймгийн Мал эмнэлгийн газарт албан ёсоор дуудлага ирээгүй. Тиймээс хэзээний бичлэг, ямар учиртайг тайлбарлах боломжгүй” гэв.

Улаанбадрах сумын Мал эмнэлгийн дарга, тус сумын ИТХ-ын төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ “Манай эмнэлэгт энэ талаар дуудлага ирээгүй. Малчид ийм тохиолдол гарвал ТББ биш Мал эмнэлэгтээ хамгийн түрүүнд мэдэгдэх хэрэгтэй” гэлээ.

Сүүлийн жилүүдэд малчид машин, мотоциклоор малаа ширүүн тууж, худгаас дизель мотороор усаа татаж, малаа усалж байгаа зэрэг нь малын гажигт нөлөөлөх нэг шалтгаан болж байгааг тэрбээр тайлбарлав. Мөн малын селекц хийгдэхгүй байгаад анхаарах хэрэгтэй байгааг хэллээ.

Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Дорноговь аймагт төрсөн гаж төрөлтийг уранаас шалтгаалсан гэсэн нотолгоо алга. Мөн тус аймагт бүртгэгдэж байгаа малын гаж төрөлт бусад аймагтай харьцуулахад заримаас нь гурав дахин бага байна. Сүүлд албан ёсоор бүртгэгдсэн гаж төрөлтийн хоёр тохиолдол нь генийн өөрчлөлт бус, механик гэмтлээс үүдсэнийг эхний байдлаар тогтоогоод байгаа аж.

Иймд дээрх мэдээлэл НОТЛОГДСОНГҮЙ.

Эх сурвалжууд:

  • Шинжлэх Ухааны Академи
  • Засгийн газар
  • Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо
  • Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар
  • Улаанбадрах сумын Мал эмнэлэг
Төстэй мэдээлэл

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр […]

Товч агуулга Газрын тухай хуульд хамгийн сүүлд 2022.07.05-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба дээр пост дахь агуулга бүхий заалт алга. Ж.Энхбаяр одоогоор парламентад дэвшиж, сонгогдоогүй буюу УИХ-ын гишүүн биш, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Уг бичлэг дорж хаяж хоёр жилийн өмнөх үйл явдлыг харуулж байна. Хөтлөгч Ezo Enhzorig нэртэй фэйсбүүк хаягаас 2022.09.15-ны […]

Товч агуулга Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дахь мэдээллийг хүргэвэл: “Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил […]

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна. вакцинд хамруулахдаа эцэг эхийн зөвшөөрөлд үндэслэн гарын үсэг зуруулж хийнэ
Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх