Тамхины хууль гацаах тактик буюу дижитал ул мөр

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцээд цахим орчинд хууль санаачлагч гишүүдийг зохион байгуулалттайгаар харлуулах, хуулийн үзэл санааг гуйвуулах давалгаа эрчээ аваад байна. 

Factcheck.mn сайт Шүгэлчин, Эсэргүүцэж байна, Үнэнг илчилье, Цахим сонин, Цахим мэдээ, Бид Монголчууд, Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр, Хор хөнөөлийг бууруулах хөтөлбөр, FactCheck Review Mongolia гэсэн пэйжүүдийг нягталж, шинжилгээ хийлээ. 

Эдгээр пэйж нь 2026.06.14–20-ны хооронд ижил мессежийг ижил цаг хугацаанд төлбөртэй түгээгээд буй. Энэ нь УИХ-ын байнгын хороо, Ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа үетэй давхцаж байна. 

Төлбөртэй түгээж байгаа постууд нь өнгөц харахад олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагуудыг эш татсан, тоо баримттай, судалгаанд суурилсан мэт итгэл үнэмшил төрөхүйц, эсвэл айдаст автуулах шинж чанартай байна. Пэйжүүдийн давхардсан агуулгуудыг харвал: 

Вэйп нь янжуураас 95% буюу 20 дахин бага хортой, татвар нэмбэл үнэ 3–4 дахин өснө, 100 тэрбумын хар зах зээл үүснэ, вэйпийн 15%-ийн зах зээлийг зориуд онилж байна, хуулийг гадаадын лобби хөдөлгөж байна гэжээ. Улмаар WHO, CDC, FDA, Cochrane, Их Британийн байгууллагууд, Health Canada-гийн логог нэг зурагт байршуулж, энэ бүх байгууллага вэйпийг дэмждэг мэт ойлголт төрүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Х.Булгантуяа нарын эмэгтэй гишүүдийг “хууль ярих эрхгүй”, “гадаадын гар хөл” гэх байдлаар онилсон постууд нийтэлсэн байна. Пэйжүүдийн нэр нь мөн “Хөтөлбөр”, “FactCheck Review” гэх мэтээр итгэл төрүүлэхүйц үг, лого ашиглажээ. 

Харин мэдээллүүдийг нягталбал төөрөгдүүлсэн, баримт дутуу, баталгаа, нотолгоогүй мэдээллүүд байна. Хамгийн гол агуулга нь насанд хүрсэн тамхичин бүрэн шилжихэд гарах харьцангуй эрсдэлийн нотолгоог хүүхэд, тамхи татдаггүй хүн, амт үнэр, татвар, сурталчилгаа, зах зээлийн зохицуулалтын бүх асуудлыг шийдэх цогц үндэслэл мэтээр ашиглаж байгааг төөрөгдүүлэх гол хэрэгсэл гэж үзэж болохоор байна. 

Ийнхүү ижил агуулгаар, ижил хугацаанд төлбөртэй түгж байгаа мэдээллийн давлагаа нь сэтгэл хөдлөлдөө автан үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн постоос үүсээгүй. Харин аль нэгэн эрх ашгийн нөлөөгөөр, эсвэл тодорхой санхүүжилттэйгээр удирдан зохион байгуулж буй “Astroturfing” буюу олон нийтийн давалгааг зохиомлоор үүсгэдэг технологи гэж үзэж болохоор байна. 


Үүнийг дараах байдлаар мөн Factcheck хийж, цахим орчинд тамгалагдаад байгаа ул мөрүүдийг шинжилсний үр дүнд тайлбарлаж байгааг дурдах хэрэгтэй.

Тамхины талаар цахим орчинд явуулж байгаа төлбөртэй мэдээллүүд ба пэйжүүд

Тамхины талаар гэдгийг хоёр агуулгаар ойлгож болно. Янжуур татуулах бодлого, цахилгаан тамхи нийгмийн дайн гэж үү, хүүхдийн төлөө нэрээр заль хийж байна гэхчлэн хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийг болон санаачлагч гишүүдийг шүүмжилсэн, харлуулсан ба электрон тамхи хор багатай гэсэн агуулгатай постуудыг төлбөртэй түгээж байна.


Илүү тодруулбал,

Улс төрийн гүтгэлэг ба харлуулалт

“Үнэнг илчилье”, “Шүгэлчин” зэрэг пэйжүүд хуулийн заалтыг огт ярихгүйгээр хууль санаачлагч О.Номинчимэг, хамт өргөн барьсан Х.Булгантуяа, Х.Баасанжаргал нарын эмэгтэй гишүүдийн зурагтай, “Дэлхийн тэрбумтны Монгол дахь гар хөлүүд”, “Үндсэн хууль зөрчиж засаг булаах оролдлого хийсэн том хулгайч нар” хэмээн гэх мэтээр хамааралгүй сэдвээр санаатайгаар харлуулан олон нийтэд үзэн ядалт төрүүлэх сэдлийг дэвэргэж байна.  

Айдас төрүүлэх буюу далд зах зээлээр сүрдүүлэх

“Цахим сонин”, “Эсэргүүцэж байна” зэрэг хуудсууд нь О.Номинчимэг гишүүний зураг дээр “Democracy Dies in Darkness” гэсэн үг тавьж, “900,000 хүний хэрэглээг хориглож татвараар 4 дахин өсгөвөл… нийлүүлэлтийг хараар хийнэ… сардаа 100 тэрбумын тамхийг хууль бусаар зөөнө” гэх мэтээр  иргэдийг болон төр засгийн түвшинд тамхины хууль бус зах зээл бий болох мэтээр айдас төрүүлэх аргыг ашиглаж байна.

Хуурамч FactCheck ба олон улсын нэр барих

Бүр илүү зальжин тактик ч орж ирж байна. FactCheck Review Mongolia гэх ердөө 242 дагагчтай хуурамч баримт шалгах хуудас нээж, “Зуршлаа Өөрчилнө Хөтөлбөр”, Бид Монголчууд пэйжүүдээр ДЭМБ, FDA, CDC, Их Британийн Эрүүл мэндийн яамны логог ашиглан “Вэйп бол янжуураас 95% хор багатай, татвар нь 10 дахин бага байх ёстой” гэх псевдо-судалгаа буюу шинжлэх ухааны судалгаа шиг харагддаг ч үнэндээ судалгааны үндсэн шаардлага хангаагүй, дүгнэлт нь найдвартай биш мэдээллүүдийг иргэдэд хүчээр тулгаж байна. 

Тэд фэйсбүүкийн алгоритмоос зугтах ямар технологиудыг ашиглаж байна вэ?

Meta өөрийн Зар сурталчилгааны бодлоготой. Уг бодлогодоо уламжлалт тамхи болон вэйп, халаадаг тамхины сурталчилгааг БҮР МӨСӨН ХОРИГЛОДОГ.

Систем ийм зарыг илрүүлбэл шууд устгаж, пэйжийг хаах дүрэмтэй. Тийм ч учраас дээрх пэйжүүд үүнийг тойрч, сурталчилгааны алгоритмыг хуурахдаа дараах нарийн аргуудыг ашиглаж байгааг нягтлав.

Текст дотор тусгай тэмдэгт хавчуулах

Постуудыг ажиглахад “Утаат я.нжуур т.амхины…”, “Номинчимэг т.амхины хяналтыг…” гэхчлэн үгийн дунд зориуд цэг тавьсан байна. Фэйсбүүкийн хяналтын робот “тамхи”, “янжуур” гэдэг түлхүүр үгийг шүүч чадна. Харин нэг үгийг дунд нь цэгтэй бичсэнээр тухайн үгийг бүрэн таньж чадахгүй өнгөрөөдөг учраас энэ аргыг хайлтад илрүүлэхгүй байхын тулд санаатайгаар ашигладаг гэсэн үг. 

Зураг дээрх үсгийг таних системийг хуурах

Эсэргүүцэж байна гэсэн постерууд дээр ВЭЙП ХОР БАГА гэх мэт үгсийг том үсгээр бичихдээ доод талд нь өнгө уусгалттай, хар дэвсгэр тавих, үсгийн фонтыг робот уншихад төвөгтэй хэлбэрээр сунгаж дизайн хийжээ. Энэ нь зургийн доторх үсэг, тэмдэгтийг таних Optical Character Recognition(OCR) алгоритмын нарийвчлалыг бууруулдаг энэхүү аргыг ихээр ашиглаж буй ажээ.  

Бизнесийн зорилгоо далдлах буюу үзэл бодлын мэтгэлцээнээр халхлах

Фэйсбүүк тамхи худалдах, үнэ хаяг тавихыг шууд хаадаг ч нийгмийн мэтгэлцээн, хуулийн шүүмжлэлд үг хэлэх эрх чөлөөний хүрээнд уян хатан ханддаг. Үүнийг ашиглан “Манай вэйпийг ав” гэж хэзээ ч бичихгүй, харин “Хууль батлагдвал хомсдол үүснэ, вэйпний татвар бага байх ёстой” гэсэн үзэл санааг сэтгүүл зүйн мэдээ мэтээр бичсэн постуудыг түгээж байна.

Төлбөртэй гэдгээ яаж нууж, олон сая хүнд хүрч байна вэ?

Эдгээр постуудын миний, таны фэйсбүүк хуудаст Ad буюу төлбөртэй постоор гарч ирж байгааг та анзаарсан уу? Харин пост руу дараад орохоор Ad гэсэн сурталчигаа нь харагдахгүй. Төлбөртэй постуудыг идэвхтэй түгээж байгаа уг пэйжүүдийн Зар сурталчилгааны сан буюу Ad Library-д орж үзэхээр мөн л мэдээлэл нь ил тод байхгүй тохиолдлууд гарна. Нэг ёсондоо тархи угаалтыг маш цэвэрхнээр хийж байгаа гэсэн үг. Үүний цаана ямар технологи ашиглаж байгааг нягталбал:

News & Media Website нэрээр халхавчлах

Сөрөг мэдээлэл цацаж буй пэйжүүд өөрсдийгөө “Мэдээллийн сайт” буюу News & Media ангиллаар голдуу нээсэн байна. Фэйсбүүк улс төрийн заруудыг Ad Library буюу сурталчилгааны санд 7 жил хадгалдаг хатуу дүрэмтэй. Харин хэвлэл мэдээллийн сайтуудын мэдээллийг “Мэдээ түгээж байна” гэж үзээд дээрх сурталчилгааны сангаас хасдаг ажээ. Ингэснээр төлбөр төлж түгээсэн тухай мэдээлэл ил харгдахгүй болдог гэсэн үг.

Мөн “Энтертайнмент/Бизнес” гэсэн ангиллыг ашигладаг байна. Ийм пэйжүүдэд зарууд нь идэвхгүй болсон даруйдаа эсвэл сурталчилгааны хугацаа дуусмагц Ad Library-аас устдаг. Эдгээр нь санхүүжилтийг хянах боломжийг хязгаарлах, ил тод харагдуулахаас зайлсхийх нэг арга юм. 

Үнэн, худал нь үл мэдэгдэх олон сая үзэлт   

“Бид Монголчууд” гэх ганцхан пэйжийн вэйпийг дэмжсэн сүүлийн 14 рийлийг сошиал орчинд нийт 3.2 сая гаруй үзсэн байна.

Дижитал маркетингийн дэлхийн жишиг датаг нэгтгэдэг WordStream болон Hootsuite агентлагуудын албан ёсны тайланд фэйсбүүкийн нэг видео үзэлтийн дэлхийн дундаж үнэ 1-5 цент буюу 35-175 төгрөг байдгийг тэмдэглэжээ. Монголын хувьд хямд бүс нутагт тооцогддог тул 15-30 төгрөгт хэлбэлздэг ба энэ нь зах зээлийн том, жижгээс хамаардаг буюу нийт үзэх боломжтой хэрэглэгчийн багтаамжаар дундажлагдаж гардаг гэнэ.

Дээр дурдсанчлан 14 рийлийн нийт үзэлт 3.2 сая боловч үүнийг түгээж буй “Бид Монголчууд” пэйж нь ердөө 299 дагагчтай тул органикаар тийм их хэмжээний хүн үзсэн байх магадлал туйлын бага. Яг хэдэн доллар зарцуулж ийм их хүнд үзүүлснийг тодорхой хэлэх боломжгүй ч багагүй мөнгө төлж байж 3.2 сая хүнд хүргэх боломжтой. Эсвэл “Click Farms” буюу автомат бот ферм ашиглаж, үзэлтийн тоог зориудаар өсгөн, хуурамч давалгаа үүсгэсэн байх мөн боломжтой.

Нэгтгэвэл

Тамхины хяналтын тухай хуулийн төслийг гацаахын тулд сошиал орчинд хуурамч пэйжүүд олон улсын байгууллагуудын логог ашиглан вэйпийг хор багатай мэтээр харуулсан төлбөртэй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгааг ийнхүү нягталлаа. Энэхүү кампанит ажил нь хууль санаачлагч эмэгтэй гишүүдийг зориудаар харлуулах, татварын нэмэгдлээс үүдэлтэй далд зах зээл гэх айдас төрүүлэх тактикийг зэрэг ашиглаж “Astroturfing” буюу зохиомол давалгаа үүсгэж байна. Түүнчлэн тэд Мета-гийн хориглосон сурталчилгааны бодлогыг зөрчихгүйн тулд нэг үгийн үсэг хооронд цэг тавих зэрэг тусгай тэмдэгт хавчуулах, зургийн текстийг хувиргах, пэйжээ хэвлэл мэдээллийн ангилалд бүртгүүлж санхүүжилтээ нуух зэрэг нарийн технологиудыг ашиглаж байгааг анхааруулж байна. 

Одоо цагт, ялангуяа сошиал сувгаар мэдээлэл авахдаа дээрх арга, технологиудыг мэдэж байх нь мэдээлэлтэй харилцах суурь боловсролын нэг хэсэг бөгөөд залуусын заавал эзэмших чадвар гэдгийг төгсгөлд нь дахин нэг сануулъя.  

Энэ талаар нягталсан бусад мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. 
 
https://factcheck.mn/post/10161 
https://factcheck.mn/post/10143 
https://factcheck.mn/post/10070 
https://factcheck.mn/post/10054



Төстэй мэдээлэл

FactCheck Review Mongolia гэх фэйсбүүк хаягийг нягталж өгөх

Хур бороо, хуй салхи ээлжилсээр зуны сар хэдий нь дундаа оржээ. Дэлгэцийн ард өнгөрүүлэх урт өдрүүдээс түр ч болов холдоод өөрийн дотоод ертөнц шиг өвөрмөц хийгээд өнгөлөг газар эморохыг хүсвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавыг зориорой. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 400 орчим километр, харин Улаанбаатар хотоос 870 гаруй километр зайд […]

Монголын хаана ч очсон хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнөх нүүдэлчдийн үлдээсэн ул мөртэй тааралдана. Хадны зураг, булш, хиргисүүр, хүн чулуу, эртний хот суурины туурь гээд бидний түүх зөвхөн музейн үзмэрт бус, нутаг орны өнцөг булан бүрд хадгалагдан үлджээ. Гэвч бид байгалийн үзэсгэлэнт газрыг зорин аялахдаа замаас хэдхэн километрийн зайд орших үнэт дурсгалуудынхаа хажуугаар мэдэлгүй […]

…”Хойд Цэнхэрийн агуй”, “Ишгэн толгойн хадны зураг” анхны байгалийн яруу найраг юм. Түүнийг таньж мэдэхийн тулд одоогийн соёлт хүн төрөлхтөн бас чиг урт хугацааг элээжээ. О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” эсээний хэсгээс. Хэдхэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумд орших Ишгэн толгойн хадны яг орой дээр үүрэн холбооны үйлчилгээний нэгэн компани сүлжээний цамхгаа байрлуулж, олны […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх