Ерөнхий сайдын 9 шийдвэр: Бид юуг хүртэх, юуг хянах вэ?

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийг танилцуулахдаа “Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй” гэсэн гурван багцын хүрээнд есөн шийдвэр зарласан. 

Оюутолгойн ногдол ашиг, 1072 хувьцаа, татварын хөнгөлөлт, тэтгэвэр, орон сууц, цахилгаан станц, сургууль, эмнэлэг, ногоон хөгжил гээд тэдгээр есөн шийдвэрийн дийлэнх нь иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбогдохоор байна. 

Гэхдээ тэр мөнгө хаанаас гарах вэ, хэрэгжүүлэхэд ямар эрсдэл байх вэ, хэн хамгийн их өгөөж хүртэх вэ зэргээр нь бид уг шийдвэрүүдийг задалж үзлээ.

НЭГ. Анх удаа хүртэх Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалтыг иргэд шийдвэрлэнэ

Засгийн газар “Рио Тинто” компанитай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийсний үр дүнд өнгөрсөн зургаадугаар сарын уулзалтаараа Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, монголчууд төслийн бодит өгөөжийг 2027 онд анх удаа хүртэх нөхцөл бүрдээд буй. Тодруулбал, “Оюу толгой” төслийн Монгол Улсын 34 хувийн эзэмшилд ногдох өгөөжөө анх удаа авах гэж байгаа нь энэ.

2027 оны төсөв энэ дүнг 3 их наяд төгрөг хэмээн тооцож тусгасан бөгөөд энэ мөнгөөр ДЦС-6-г барих уу, боловсруулах үйлдвэр босгох уу, боловсролд зарцуулах уу гэдгийг E-Mongolia-аар дамжуулан иргэдээсээ асууна гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй.

Хэдийгээр дэлхийн зэсийн аварга төсөл болох Оюутолгойгоос Монгол Улс татвар, АМНАТ, бусад төлбөр авч, мөнгөөр хэмжигдэхгүй үр өгөөжийг хүртсээр ирсэн нь 34%-д ногдох ашиг авах гэж байгаа нь анхных учраас улсын хувьд чухал бөгөөд иргэд ч өндөр хүлээлттэй байгаа. Гэхдээ энэ мөнгө 3 их наяд байна гэдэг нь эцсийн дүн биш гэдгийг анхаарах ёстой. Учир нь яг хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх нь зэс, алтны үнийн хэлбэлзэл, олборлолтын хэмжээ зэргээс шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг мартаж болохгүй.

Иргэдээс санал асуух нь буруу биш ч байгалийн баялгаас орж ирэх өгөөжийг өнөө болон хойч үеийн иргэддээ хүртээмжтэй байдлаар зарцуулах нь Засгийн газрын үүрэг учраас зарцуулалт эдийн засгийн төдийгүй нийгмийн үр ашигтай байх ёстой.

ХОЁР. Иргэд 1,072 хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно

Анх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцааг иргэдэд 2011, 2012 онд Засгийн газар шийдвэр гарган эзэмшүүлсэн ч оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний бэлэн мөнгөний хишиг зэргээр хувьцаагаа ашиглах сонголтыг нь өгч, 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр Засгийн газар худалдаж авах зэргээр иргэдийн хувьцааг мөнгөжүүлж, нөгөө талдаа төр хувьцааг нь буцаан авсан. Тиймээс өнөөдөр хүн бүрийн хувьцааны дүн өөр өөр байдаг. Ямар ч байсан 2019 оноос хойш 1,072 хувьцаанд ногдох ашиг хэмээн 825 мянган төгрөгийг олгожээ. Бага хувьцаатай нь үүнээс бага дүнгээр авсан гэсэн үг.

Тэгвэл үлдсэн хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих боломжийг Засгийн газар нээх гэж байна. Энэ шийдвэрийг дагаад олон хүн хувьцаагаа зарж мэднэ. Дагаад хувьцааны үнэ унах эрсдэлтэй. Тиймээс үнэхээр энэ шийдвэрийг өгөөжтэй болгоё гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоож, бүх мэдээллийг нээлттэй болгон жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах, өмчлөлийн хэт төвлөрлөөс сэргийлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж харж байна.

Үгүй бол санхүүгийн мэдлэг, мэдээлэл муутай иргэдийн хувьцааг мэдээлэл болоод хөрөнгө мөнгөтэй цөөн тоглогч хямд үнээр цуглуулж болзошгүй.

ГУРАВ. Цалингийн доод хэмжээнд ногдох татварыг авахаас татгалзаж, иргэдийн гарт ₮840 тэрбумыг үлдээнэ

Энэ бол хөдөлмөрлөж, цалингаараа амьдарч буй иргэн бүрд хамаатай бөгөөд баяртай мэдээ мөн. Ямар ч байсан 79,200 төгрөг татварт бус, таны гарт үлдэнэ. Энэ нь жилдээ 950 мянга буюу бараг нэг сая төгрөг хэмнэх нөхцөл бүрдүүлж байгаа юм. Гэвч мөнгөний худалдан авах чадварыг хадгалах буюу үнийн өсөлтийг сааруулах дорвитой бодлого явуулж чадахгүй бол энэ бодлогын нөлөө сул байна гэж харагдаж байна. Хэрэв инфляц өнөөдрийнх шиг 13% буюу хоёр оронтой тооноос буурахгүй бол энэ мөнгө үнийн өсөлтөд идэгдэж, иргэн надад бодит дэмжлэг болж чадахгүй. 

Татварын бас нэг онцлох дэмжлэг бол аж ахуйн нэгжүүдэд хамаарч байна. “Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани 1% татвар төлнө. НӨАТ-ын босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23 мянган компани сар бүр НӨАТ тайлан гаргах хэрэггүй. 25 хувийн татварыг 15 хувийн шинэ шатлалтай болгоно. Үр дүнд нь 600 гаруй компанийн татварын ачаалал буурна.

Бизнес эрхлэгч, хувийн хэвшлээ Засгийн газар ингэж дэмжинэ” гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. Энэ бол бизнес эрхлэгчдэд ирдэг төрийн олон дарамтаас бага ч болов ангижруулах нэг чухал шийдвэр болж байна.

ДӨРӨВ. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно

Энэ бол хамгийн хэрэгтэй шийдвэрүүдийн нэгд тооцогдож байгаа. Монгол Улсад өнөөдөр тэтгэвэр авч буй 518,700 иргэн байгаагаас 60% нь тэтгэврийн доод хэмжээний орлоготой амьдарч буй. Тийм ч учраас нийгмийн баталгаа болсон, өдөр тутам амьдрах зардал болох тэтгэврээ барьцаалж, зээл авч ахмадын тоо 300 мянга давсан. 

Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийг дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэх нь. Одоо 955 мянган төгрөг байгаа дундаж тэтгэврийн хэмжээг ирэх оноос 1,335,400 төгрөг болгохоос гадна энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадуудад орлогын баталгаа болгож, 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор шийдвэрлэснээ Н.Учрал Ерөнхий сайд танилцуулав. Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авах шударга тогтолцоог эхлүүлэх аж. 

Үүнээс гадна 2026 онд багш нарын цалинг 50%, эмч нарын цалинг 30% нэмсэн байсан зөрүүг арилгаж, эмч нарын цалинг 20% нэмж, ижил тэгш хандах болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулаад “Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалинг нэгэн жигд 50% нэмнэ” гэв. Мөн оюутнууд ажил хийвэл НДШ төлөхгүй аж. Энэ мэт иргэн хүний хувьд дэмжлэг болох, өөрийн болон өрхийн орлогод нөлөөтэй шийдвэр багтжээ.

ТАВ. Орон сууцтай болох боломжийг наашлуулна

Шинээр орон сууцтай болно гэдэг монгол хүн бүрийн энэ насны мөрөөдөл, амьд явсны утга учир болж, ипотекийн зээлд хамрагдвал аз од гийсэн мэт баярладаг тогтолцоо бий болсон. Өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлт 3-4 их наядаар хэмжигдэж, 30 гаруй мянган хүн хүсэлтээ өгөөд оочерлож буй. Тэгвэл 14 мянган айлыг ипотек 6%-ийн зээлээр, 2,000 айлыг түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр байртай болгоно гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв. Тэр дундаа төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30% биш 15% болгоно гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгав.

Гэхдээ энэ шийдвэртэй зэрэгцээд ямар хүмүүс энэ нөхцөлөөр байртай болох вэ, тэгш хүртээмжтэй байх уу, шударга хэрэгжих үү гэх мэт олон асуулт урган гарч буй. Мөн төрийн шийдвэртэй зэрэгцээд үнийн хөөсрөлт бий болж, байртай болох мөрөөдөл улам алсардаг гашуун туршлага бий.

ЗУРГАА. “ДЦС-6”-г барина

Эрчим хүчний салбарт гараа өргөөд дэмжих чухал шийдвэрүүдийг Ерөнхий сайд танилцуулав. Үүний нэг нь “ДЦС-3”-ын дэргэд 300 Мвт-ын хүчин чадал бүхий “ДЦС-6”-г барих тухай юм. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг хангадаг “ДЦС”-3″-ыг засварлана гэв. Энэ бол онцгой ач холбогдолтой ажил. Түүнээс гадна гацаад байгаа 10 аймгийн ДЦС-уудыг ашиглалтад оруулах зорилт тавьжээ. 

Өнөөдрийг хүртэл хоёр хөршөөсөө эрчим хүч импортолдог манай улсын хувьд эх үүсвэрийн хүчин чадлыг бүхий л төрлөөр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага их байгаа. Тиймээс VI цахилгаан станц барих нь маш чухал шийдвэр юм. Гэвч энэ том төслийг нэг жилийн дотор хэрэгжүүлэхгүй нь ойлгомжтой. Төсвийн дөнгөж эхний хэсгийг амсуулаад орхивол өнөөдрийг хүртэл 10 жил ч үргэлжилж, төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн хэрэгждэггүй төслүүдийг нэг болох вий гэсэн болгоомжлол байна.

Монгол Улс “ДЦС-5”-ыг “барина, эхлүүлнэ, ашиглалтад оруулна” гэсэн шийдвэр, гэрээ, хугацааг дор хаяж есөн удаа шинэчлэн зарлаж, ашиглалтад оруулах талаар зургаан өөр оныг мэдээлж байсныг бид мартаагүй байгаа билээ.

ДОЛОО. Боловсролыг дэмжиж, бүс бүрд Кембрижийн сургуультай болно

Боловсролын тэгш бус байдлыг бага ч болов бууруулж мэдэх шийдвэрийг Ерөнхий сайдын есөн шийдвэрээс олзуурхан хүлээж авав. Тэрбээр бүс болгонд Кембрижийн хөтөлбөртэй сургууль хоёрыг, төрөлжсөн ахлах сургууль нэгийг тус тус байгуулахаар шийдвэрлэж, 2027 оны төсөвт тусгажээ. Улаанбаатар хотод байгаа, Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчит хэдхэн сургууль хаанаа ч хүрэлцдэггүй, төрийн хийж чадахгүй, хаяж ирсэн боловсролын салбарын орон зайг хувийн сургуулиуд нуруундаа үүрч ирсэн. Ялангуяа, орон нутаг. Үүний цаана боловсролын тэгш бус байдал гаарсан. Ялангуяа, орон нутагт сурч байгаагаараа хүүхдүүд олон улсын боловсролоос хоцрох нөхцөл үүссэн байсан бол энэ байдал бага ч гэсэн салхи оруулах шийдвэрийг гаргаснаа танилцуулаад байна. 

Үүний зэрэгцээ Google-ийн 100,000 компьютерээр сургуулиудыг хангаж, 100 сургууль Google-ийн лаборатори сургууль болгож, 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон сургууль, 15 дотуур байр байгуулах зорилт тавьснаа Ерөнхий сайд зарлав. Энэ шийдвэрүүд бүгд бодитоор хэрэгжээсэй.

НАЙМ. 34 шинэ эмнэлэг барина

Эрүүл мэндийн салбарт 34 эмнэлгийг шинээр барьж, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутам хэрэглэгддэг амин чухал эмүүдийг оруулна гэж мэдэгдэв. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эмээ үнэ төлбөргүй авна гэж мөн зарлалаа. 

Эмнэлэг барих шаардлгатай, ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хэрэгцээ өндөр байгаа учраас энэ шийдвэр олон хүнд үр өгөөжөө хүртээнэ. Ялангуяа орлого багатай ахмадуудын хувьд маш таатай мэдээ.

Гэвч нөгөө талд асуудлын учир шалтгаан буюу нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авах шаардлага хэвээр байна.

ЕС. Ногоон хөгжил

Н.Учрал Ерөнхий сайд болсон цагаасаа эхлэх ногоон хөгжлийн бодлогоор санаачилгатай, хурдтай ажилласан. Ялангуяа, сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн бие даасан байдал, иргэдийн оролцоо, хувийн хөрөнгө оруулалттай холбож, ялангуяа өрхийн түвшинд нарны эрчим хүчийг дэмжих замаар гэр хорооллын бага орлоготой өрхөд дулаалга, үр ашигтай халаалттай хосолсон шийдлийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Тэгвэл 2027 оны төсвийн хүрээнд 500 цахилгаан машин цэнэглэгч “Ногоон өртөө” байгуулна гэж мэдэгдэв.

Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машиныг гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөхөө мөн зарлаад байна.

Шатахууны импортоос өндөр хамааралтай, ялангуяа хэдэн сарын турш бензиндээ оочерлож, бензин авах өдөртэй болтлоо үйлээ үзэж байгаа манай улсын хувьд энэ бодлого үр дүнгээ өгөх өгөөжтэй шийдвэр хэмээн харж байна.

Эцэст нь

Н.Учрал ийнхүү Ерөнхий сайд болсноосоо хойш анхны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад буй нь энэ. 

Түүний танилцуулсан есөн шийдвэр иргэдийн бодит хэрэгцээг хөндөж байна. Харин хэрэгжих боломжийг нь орлогын баталгаатай эх үүсвэр, төслүүдийн бэлэн байдал, санхүүгийн сахилга бат шийднэ. Татварын хөнгөлөлт, тэтгэврийн нэмэгдлийг богино хугацаанд хэрэгжүүлж болох ч цахилгаан станц, эмнэлэг, сургуулийг олон жилийн санхүүжилт, мэргэжлийн боловсон хүчинтэй нь төлөвлөх шаардлагатай. 

Төсвийн ачаалал ч өндөр байж таарна. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд л гэхэд дор хаяж 2.37 их наяд төгрөг шаардагдана. Үүн дээр цалингийн өсөлт, үнэгүй эм, шинэ байгууллагуудын тогтмол зардал нэмэгдэхийн зэрэгцээ татварын хөнгөлөлтөөр орлого буурна.

Хамгийн гол эрсдэл бол уул уурхай. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Харин уул уурхай өөрөө гадаад зах зээлийн нөлөө, үнийн хэлбэлзлээс хамаардаг учраас орлого тасрах эрсдэл үргэлж байж байдаг. Хэрэв гэнэтийн ийм асуудал үүсвэл Засгийн газар зээлээ нэмэх, бүтээн байгуулалтаа царцаах, эсвэл бусад үйлчилгээг танах сонголттой нүүр тулна. Нийлүүлэлт нэмэгдэхээс өмнө хэрэглээг огцом тэлбэл тэтгэвэр, татварын хөнгөлөлтийн өгөөж үнийн өсөлтөд гүйцэгдэх нэг том эрсдэл бас бий. Иймээс бүх төслийг зэрэг эхлүүлэхээсээ илүүтэй ач холбогдлоор нь эрэмбэлэх, эрсдэлээ сайтар тооцох, хэт өөдрөг төсөөлж дахиж төсвөө тодотгох хэмжээнд тулж очихгүй байх нь чухал байна. 

Нөгөө талаар дээрх есөн шийдвэр бол иргэдэд өгсөн амлалт биш юм. Иргэдийн мөнгө, өмч, ирээдүйн үйлчилгээтэй холбоотой есөн том бодлогын сонголт. Эдгээрээс сайныг нь дэмжиж, сул талыг нь асууж, хэрэгжилтийг нь хэмжих үүрэг иргэд бидэнд бий. Харин Ерөнхий сайд гаргасан шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлж харуулах нь чухал байна.

Төстэй мэдээлэл

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Шинэ төрлийн электрон тамхи нь янжуур тамхинаас хор багатай гэж сурталчилж, мэдээлдэг. Тэгвэл энэ төрлийн тамхи нь үнэхээр хор багатай эсэх талаарх мэдээллийг хүргэж байна. Электрон тамхи бол эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ мэдэгдсэн бол АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-өөс уламжлалт тамхи ч бай, электрон тамхи ч бай, бүх төрлийн тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтэдийн судлагаа гарлаа…” гэсэн пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан гэсэн нь нотлогдохгүй байна. Харин Улаанбурхан өвчний вакцинтай холбоотой хамгийн сүүлийн шинэ судалгааг 2025.01.11-нд АНУ-ын Биотехнологийн […]

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм.  Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх