Тамхины асуудлаар сүүлийн долоо хоногт Метад Монголоос хамгийн их зардал гаргажээ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж буй энэ үед улс төрийн маргаан сошиал орчинд өрнөж, улмаар төлбөртэй сурталчилгааны шинжтэй, зохион байгуулалттай кампанит ажиллагааны шинж тэмдэг илэрч байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны зургаадугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ Эдийн засаг, хөжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины салбарын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн буруутгасан юм.

Тэрбээр “Ж.Энхбаяр сайд өөрийн албан бланкаар тамхины хуульд өөрчлөлт оруулах даалгаврыг Сангийн сайдад ил цагаанаар өгөөд сууж байна. Тооцооллыг нь харах юм бол ямар нэгэн байдлаар Вольтам, Алтангадас, Электроник гаджет зэрэг тамхины компаниудын татвар бууруулах гэсэн бүх тооцоолол албан бичигт нь тусаж, төрийн бодлого болох гээд явж байна” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Ж.Энхбаяр гэдэг энэ сайд Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулж болно гэдэг зөвшөөрлийг өгөөд бүх янжуур тамхи, утаат тамхины гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн” хэмээн буруутгасан юм. 

Ингэж мэдэгдсэний дараахан нь ижил постууд зэрэг цацагдав

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаж эхэлснээс удалгүй Ж.Энхбаярыг хамгаалсан өнгө аяс бүхий мэдээллийг олон фэйсбүүк хуудсаар зэрэг түгээж эхэллээ. Factcheck.mn сайтын мөшгөснөөр үг үсгийн зөрүүгүй, яг ижил текстүүдийг өөр өөр нэртэй олон хуудас нэгэн зэрэг нийтэлсэн нь тогтоогдов. Цаашлаад эдгээр постуудыг Meta компанийн сурталчилгааны системээр төлбөр төлж, олон нийтэд түгээжээ.

Meta Ads Library-ийн мэдээллээс харахад дараах хоёр агуулгыг ижил цаг хугацаанд хэд хэдэн хуудсаар төлбөртэйгөөр сурталчилсан байна. Тухайлбал, “ЭЗХЯ: Тамхины онцгой албан татварыг 2027-2030 онд жил бүр 10 хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсэн” болон “Сангийн сайд Мэндсайхан: Номинчимэг гишүүн буруу ойлгосон байх. Ж.Энхбаяр сайд тамхины онцгой албан татварыг 2030 он хүртэл жил бүр 10 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн” гэсэн агуулгууд үүнд багтаж буй юм.

Meta-ийн зар сурталчилгааны сангийн мэдээллийг нягтлахад Ж.Энхбаяр сайдыг хамгаалсан дээрх мэдээллийг “Шуурхай мэдээлнэ”, “Онцгой мэдээ”, “Ondoo news”, “Супер Зугаа”, “Aimar News”, “ЭЛДЭВ ЧИМЭЭ”, “Aimar Social News”, “Шуурхай Мэдээ”, “Сонин хачин” зэрэг 9 өөр фэйсбүүк хуудас нэгэн зэрэг түгээсэн байна.

Meta-гийн нэг сарын тайлангаас нягталж харвал, дээрх 9 хуудас ойролцоогоор 9 сая төгрөг буюу 2,477 ам.долларын сурталчилгаа цацаж, Монгол Улсаас Meta-д хамгийн их төлбөр төлсөн 20 хаягийн жагсаалт дотор бүгд багтжээ.

Сүүлийн долоо хоногийн мэдээллээр, тус 9 хуудас ижил агуулгатай 26 контентыг 3 өдөр сурталчлахад ойролцоогоор 4 сая төгрөг буюу 1,110 орчим ам.доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, сарын нийт зардлынхаа тал шахам хувийг зөвхөн улс төрийн энэ маргаанд зориулан, гуравхан хоногийн дотор зарцуулсан байна.

Эдгээр хуудас яг ижил цаг хугацаанд, ив ижил текст бүхий постыг Meta-ийн сурталчилгааны системээр төлбөр төлөн түгээснээс үзвэл пост тус бүрийг нэг саяас олон хэрэглэгчид хүрэхийг зорьж төлөвлөснийг харуулж байна. 

Сурталчилгааны ард хэн байна вэ?

Мөшгөх явцад дээрх хуудсуудын нийтэлсэн бусад мэдээллийг тогтмол хуваалцаж байсан фэйсбүүк хэрэглэгч анхаарал татсан юм. Тэр нь Amrsna Ba нэртэй хаяг байв.

Тус хаяг нь эдгээр хуудсын агуулгыг олон удаа давтан түгээсэн бөгөөд сошиал орчинд түүнийг Aimar Sanaa хэмээх контент үйлдвэрлэгч байгууллагатай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл түгээмэл байдаг. Тэгвэл тухайн продакшны бэлтгэн гаргасан “Энгийн нэгэн” подкаст контентыг Амарсанаа нь хөтлөн явуулдаг байсан нь “Aimar sanaa” нэртэй Youtube сувгийн 2020 оны 5 сарын 20-ны өдөр нийтэлсэн дугаарт нь үлджээ.

Түүнчлэн Б.Амарсанаа нь Ж.Энхбаяр сайдын зөвлөхөөр ажилладаг бөгөөд электрон тамхины салбарын төлөөлөгчдийг УИХ-ын гишүүдтэй холбож, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож байсан байж болзошгүй талаар шүгэл үлээгчид мэдээлсээр байгаа юм. Amrsnaa Ba хаягийн нээлттэй мэдээллийг шалгахад тухайн хүн өөрийгөө Монгол Улсын Засгийн газрын түвшинд ажилладаг, Шадар сайдын зөвлөх хэмээн танилцуулсан байна.

Хэрэв дээр дурдсан сурталчилгааны кампанит ажилтай холбоотой нь нотлогдох аваас төрийн албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн оролцоотой зохион байгуулалттай мэдээллийн ажиллагаа өрнүүлсэн асуудал хөндөгдөхөөр байна.

Төстэй мэдээлэл

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин […]

Хурдан морины хаврын уралдааныг сэргээх нь зөв, уламжлалаа дээдлэх хэрэгтэй гэдэг нэг тал, хүүхдийн эрх амь насанд хүртэл ноцтой зөрчигдөж байна гэсэн хоёр талд нийгмийг хуваагаад байгаа энэ сэдэв дээр гарц шийдлийг эрэлхийж бид гуравдугаар сарын турш энэ сэдвийг олон талаас хүргэх болно.  Монгол бол эртнээсээ мал аж ахуйн нүүдэлчин соёлтой ард түмэн гэдэг утгаараа […]

Монгол Улсынхаа өнцөг булан бүрд нуугдсан гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэх хамгийн тохиромжтой зун цаг ирлээ. Хэрэв энэ жил Дорнод аймгийг зорихоор төлөвлөж байгаа бол байгалийн үзэсгэлэн төдийгүй түүх, соёл, шашны өвийг нэгэн дор мэдрүүлэх онцгой аяллын цэгийг заавал төлөвлөгөөндөө багтаагаарай. Тэр нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Их Бурхант цогцолбор юм. Соёлын үнэт өв […]

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо. Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр […]

Тамхи хэрэглэгчдийнхээ 50%-ийг үхэлд хүргэдэг. Хорт хавдаг үүсгэдэг 70 гаруй төрлийн хорт бодис тамхинд агуулагддаг. Хүний эрүүл мэндэд энэхүү бүтээгдэхүүн нь ийм хор уршигтай, 20 жил хэрэглэхэд үр дүн нь үхэл байдгийг олон судалгаа нотолжээ. Тэгвэл тамхи гэж яг юу вэ? Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Тамхины суурь конвенцоор, тамхины ургамал болох Nicotiana tabacum-оос гарган […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх