Умайн хүзүүний хорт хавдар 1993 оноос эхлүүлсэн вакцинтай холбоотой-ХУДАЛ

Товч агуулга

  • Вакцин хийлгэснээс хойш хорт хавдар үүсдэг гэх нь биологийн хувьд боломжгүй.
  • Умайн хүзүүний хорт хавдар вакцинаас үүсдэг биш, вакцинаар хамгаалагддаг.
  • Вакцинд агуулагдах формальдегидийн хэмжээ нь хүний ​​биед байгалиасаа эсвэл лийр, алим зэрэг энгийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хэмжээнээс хамаагүй бага.
  • Дэлхийн 140 гаруй улс HPV вирусийн эсрэг вакцинжуулалтыг хийж байгаагаас 76 нь сургуулиудад суурилан явуулж байна.
  • Вакцинд хүний ​​гаралтай эсийг ашигладаггүй.
  • Вакцин дахь хөнгөн цагаан нь дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй ба өдөр тутам хоол хүнс, бусад эх үүсвэрээс авч байгаа хөнгөн цагаанаас хамаагүй бага.
  • Гардасил вакцин полисорбат 80 агуулдаг ч үргүйдэл эсвэл үхлийн цочрол үүсгэх шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй.
  • Бямбаагийн Рэнцэнханд нь цар тахлын үеэр коронавирусийн эсрэг вакцины талаар олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээллийг түгээж байсан.

Бадарч Бямбадулам 2024.11.21-ний 15:57 минутад “11 сарын 25-аас хийх Гардасил вакцины тухай судлаач, хуульч Б. Рэнцэнханд, С.Отгонцэцэг нартай ярилцав” гэсэн лайв видео хийж постолжээ. Уг видеог 15К үзсэн бөгөөд 110 хүн коммент бичиж, 255 хүн сэтгэгдэл үлдээжээ.

Уг видеонд вакцин судлаач Бямбаагийн Рэнцэнханд хэмээн өөрийгөө танилцуулах Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн умайн хүзүүний хорт хавдрын вакцины талаар зарим ноцтой мэдээлэл өгснийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Энд хэд хэдэн агуулга байсныг тус бүрчлэн нягтлав.

“Монгол Улс 1993 оноос 6 вакцины 15 тун хийж эхэлсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ янз бүрийн өвчлөл, хортой хоргүй хавдрын асуудлууд 1993 оноос эхтэй гэж ойлгож болно.”

Вакцин, түүний найрлагад орсон бүрэлдэхүүн хэсгүүд хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо өнөөг хүртэл алга. Харин Хүний папиллома вирус, Гепатит В зэрэг вирусийн вакцин нь эдгээр вирусээр үүсгэгддэг хавдраас сэргийлж байна.

Вакцин хийлгэснээс хойш хорт хавдар үүсдэг гэх нь “биологийн хувьд боломжгүй” бөгөөд хорт хавдар үүсгэгч бодисуудад өртөхөд, хавдар үүсэхэд олон жил, бүр хэдэн арван жил шаардагддаг бол вакцин тухайн өвчнийг дархлааны системд таниулах үйл явц богино хугацаанд болж өнгөрдөг.

Вакцин хийлгэснээс хойш хорт хавдар үүсдэг гэх нь “биологийн хувьд боломжгүй” бөгөөд хорт хавдар үүсгэгч бодисуудад өртөхөд, хавдар үүсэхэд олон жил, бүр хэдэн арван жил шаардагддаг бол вакцин тухайн өвчнийг дархлааны системд таниулах үйл явц богино хугацаанд болж өнгөрдөг.

“Умайн хүзүүний хорт хавдар 1993 оноос эхлүүлсэн вакцинтай холбоотой”.

Умайн хүзүүний хорт хавдар нь хөхөнцөр вирус буюу хүний папиллома вирусээр үүсгэгддэг. Хүний  папиллома вирус (HPV) нь мэдэгдэж байгаа нь 200 хэв шинж байна. Эдгээрийнх ихэнх нь санаа зовоох өвчлөл үүсгэдэггүй ч зарим төрөл нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Тодруулбал, HPV-ийн өндөр эрсдэлтэй хэлбэр нь умайн хүзүүний хорт хавдар, хошного, ам залгиур, шодой, үтрээ, гадна бэлэг эрхтний хорт хавдар болон бэлгийн үү, ургацаг, амьсгалын замын папилломатоз үүсэх шалтгаан болдог.

Гэвч эдгээрээс Хүний папллома вирус (HPV)-ийн халдварын эсрэг вакцин урьдчилан сэргийлж, үр дүнтэй хамгаалж байна.

Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдар вакцинаас үүсдэг биш, вакцинаар хамгаалагддаг байна.

“Өнөөдрийг хүртэл 59 жилийн хугацаанд хийж байгаа саагийн вакцины найрлагад хорт хавдар үүсгэдэг формальдегид гэдэг бодис ордог. 40-өөс дээш насны хүмүүс умайн хүзүүний хорт хавдраар өвчлөөд байна гэдэг нь 1965 оноос хойш хийж эхэлсэн вакцины энэ бодистой холбоотой”.

Саагийн вакцинд формальдегид агуулагддаг бөгөөд вирусийг идэвхгүйжүүлэхэд ашигладаг ба вакцин үйлдвэрлэлийн явцад бохирдуулагч бусад бактер вирусүүдийг устгадаг. Вакцинд агуулагдах формальдегидийн хэмжээ маш бага бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ), Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд үүнийг аюулгүй гэж үздэг.

Вакцинд агуулагдах формальдегидийн хэмжээ нь хүний ​​биед байгалиасаа эсвэл лийр, алим зэрэг энгийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хэмжээнээс хамаагүй бага байдаг байна.

“Олон улсад боловсролын байгууллагууд дээр вакцин тарьдаггүй”.

Вакцинжуулалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх, хүүхдийг урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөс хамгаалах нийгмийн эрүүл мэндийн стратегийн хүрээнд олон улс орон сургууль, боловсролын байгууллагуудад дархлаажуулалтыг хэрэгжүүлдэг байна.

АНУ, Канад, Австрали болон Европын орнууд сургуулиудад суурилсан вакцинжуулалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр байна.

2024 оны аравдугаар сарын байдлаар дэлхийн 140 гаруй улс HPV вирусийн эсрэг вакцинжуулалтыг хийж байгаагаас 76 улс нь сургуулиудад суурилан дархлаажуулалтыг явуулж байна.

“Вакцины найрлагад абортны хүүхдийн материал ашигласан байгаа. Яагаад гэвэл тухайн эсийг таниулахын тулд. Тэгэхээр хүний папилломавирусийн эсрэг гэхээр, Папиллома вирусийг абортноос авдаг байхгүй юу. Тэрийг нь вакцины найрлага дээр Л-1 уураг гээд бичсэн байдаг”.

Гардасил (ХПВ) вакцинд үр хөндүүлсэн ургийн эд эс эсвэл уураг, тухайлбал L уураг ашигладаг гэдэг нь ХУДАЛ мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагууд тайлбарласны нэг нь АНУ-ын Хавдрын нийгэмлэг, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC), Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн дэргэдэх Вакцины мэдээллийн төв(2000 онд байгуулагдсан) зэрэг байгууллагууд тайлбарлажээ.

Вакцины судалгаа, боловсруулалтад эсийн шугамыг ашигласнаас болж энэ төөрөгдөл үүссэн гэж үздэг байна. 1960-аад оны үед зарим вакциныг үйлдвэрлэхэд ургийн эдээс гаргаж авсан эсийн шугамыг шаардлагатай вирусийг өсгөвөрлөхөд ашиглаж байжээ. Гэвч үүнд Гардасил вакцин хамаагүй юм. Хүний папиллома вирусийн гадаргуугийн зөвхөн L1 уургийн вирус төст мэдээллийг агуулсан хэсгээс уг вакциныг бэлтгэдэг.

Өөрөөр хэлбэл, хүний ​​гаралтай эсийг ашигладаггүй гэсэн үг.

Гардасил зэрэг вакцины талаарх эдгээр буруу ойлголтыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Эрүүл мэндийн байгууллага зэрэг эрүүл мэндийн байгууллага няцааж, вакцины аюулгүй байдал, найрлагад нь ургийн эд агуулаагүй болохыг баталж байна.

“Дараагийнх нь туслах бодисууд болохоор хөнгөн цагааны гидроксид. Энэ нь идээ үрэвсэл үүсгэдэг, тархи гэмтээж саатах, мартах өвчин, альцгеймер үүсгэдэг. Энэ бодис КОВИД-ын вакцинд орсон байгаа. Тэгэхээр хүмүүс КОВИД-ын вакцин тариулаад мартаж санадаг өвчтэй болоод байгаа гэдэг нь энэ хөнгөн цагааны гидроксидтой холбоотой”.

Гардасил вакцины найрлагад хөнгөн цагаан, тодруулбал, хөнгөн цагааны давс буюу гидроксифосфат сульфат ордог.

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй ба ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ.

Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг https://www.cdc.gov/vaccine-safety/about/adjuvants.html?CDC_AAref_Val=https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html линкээр ороод харж болно. Энэ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь олон жилийн туршид батлагдсан тул ийнхүү ашиглахыг олон улсын эрх бүхий байгууллагууд зөвшөөрсөн байдаг.

Вакцинд агуулагдах бага хэмжээний хөнгөн цагаан нь хүний биед аюулгүй буюу өдөр тутам хоол хүнс, бусад эх үүсвэрээс авч байгаа хөнгөн цагаанаас хамаагүй бага болохыг өргөн хүрээний судалгаа, зохицуулалтын хяналт баталж байна.

Өнөөдрийг хүртэлх хийсэн вакцины аливаа судалгаануудаар вакцинд агуулагдах хөнгөн цагаан нь альцгеймер болон мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй шууд холбоотой гэж тогтоогдоогүй буюу тийм үндэслэл байхгүй төдийгүй эрүүл мэндийн тогтолцоонд нөлөөлж, асуудалд хүргэдэггүй болохыг эмнэл зүйн туршилтууд, урт хугацааны мониторингууд харуулдаг байна.

“Дараагийнх нь полисорвит 80 гээд бодис болохоор бөөсний шампунь гэж нэрлээд байдаг шампунийн найрлагад ордог. Бөөс үхүүлэх зорилготой бодис вакцины найрлагад ороод явж байгаа. Худалдаанд байдаг Д витамины найрлагад бас ордог. Дэлхийн хүн амыг цөөлөх бодлого явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй”.

Гардасил вакцин нь полисорбат 80 агуулдаг ч үргүйдэл эсвэл үхлийн цочрол үүсгэдэг мэдээлэл нь ҮНДЭСЛЭЛГҮЙ.

Полисорбат 80 нь хүнсний болон эмийн бүтээгдэхүүнд уусгах чадварыг сайжруулах, тогтворжуулах зорилгоор ашигладаг химийн бодис бөгөөд вакцины найрлагад хоруу чанар, сөрөг нөлөө үүсгэх стандарт хэмжээнээс хамаагүй баг хэмжээгээр ордог байна. Мөн төрөл бүрийн хоол хүнс, ахуйн арчилгааны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг.

Вакцин дахь Полисорбат 80 нь үргүйдэл эсвэл үхлийн цочролд нөлөөлөх шинжлэх ухааны үндэслэл, нотолгоо байхгүй ба аюулгүй байдлыг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг, ДЭМБ, Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хянадаг.

  • Бямбаагийн Рэнцэнханд хэмээх иргэн нь КОВИД-19 цар тахлын үеэр коронавирусийн эсрэг вакцины талаар олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН мэдээллийг түгээж байсныг бид нягталж байв.
  • Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч мөн HPV вакцины талаар ХУДАЛ мэдээлэл түгээснийг бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран нягталсан.

Иймд иргэд аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn анхааруулж байна.

Нэмэлт мэдээлэл

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
Төстэй мэдээлэл

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Товч агуулга Томуугийн вакцин нь уг вирусийн идэвхгүйжүүлсэн буюу эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан, зохиомлоор дархлаа тогтоох тарилга. Харин mRNA бол вакцин үйлдвэрлэх шинжлэх ухааны дэвшилт технологи. mRNA нь шинэ технологи ч хүний ДНХ буюу удмын мэдээллийг өөрчлөх боломжгүй. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Вакцин нь нөхөн үржихүй, […]

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач,

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Pfizer компанийн захиралтай холбоотой нэгэн пост оруулжээ.  Уг постод “Энэ эрхэмийг Альберт Бурла гэнэ. Грекийн Солоники гаралтай еврей хүн. Солоники 66мянган еврейг Гитлер хүйс тэмтэрч үлдсэн 2-хон мянган хүн амь гарахад эх нь асар их хахууль өргөл барьцаар амьд үлдсэн түүх бий. Пайзерийн Ер.захирал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх