С.Жавхлангийн лайвын үеэр ярьсан ХУДАЛ мэдээллүүд

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байна.

Тухайлбал, Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын 24-нд хийж хадгалсан, 604 хүн цааш түгээж, 1.9К хүн лайк дарж, 587 хүн коммент бичиж, 38К хүнд хүрсэн бичлэгт нэгэн эмэгтэй КОВИД-19-ийн талаар маш олон баримтыг хэлсэн нь нийтийг илт төөрөгдүүлэхүйц байсан тул FactCheck.mn нягтлан хүргэж байна. Мөн зарим иргэн энэ мэт худал агуулгад итгэхгүй байхыг анхааруулан уг бичлэгийг түгээжээ.

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нээлттэй ч аливаа мэдээллийг хүн бүр нягталж, баттай эх сурвалжаас авахыг FactCheck.mn зөвлөсөөр байгаа бөгөөд С.Жавхлангийн лайваас зөвхөн КОВИД-19-тэй холбоотой мэдээллийг нягталж байгааг сануулъя.  

Бичлэгт ярьсан эмэгтэй:

Чехт амьдардаг, нүүрний тунгалаг хаалтыг зохиосон инженер Мөнхбаяр гэдэг хүн наймдугаар сард бидэнд мэдээлэл өгсөн. 100 гаруй КОВИД-той хүнээс коронавирус гэдгийг хайгаад олоогүй. Энэ хүн Европын олон улсын эмч, эрдэмтэн, микробиологийн судалгаанд оролцсон хүн юм билээ. Тэгээд КОВИД-той хүнээс коронавирус байна уу гээд судалгаанд оролцтол коронавирус нь өөрөөсөө тунгалаг, шингэн, ногоон өнгийн шингэн ялгаруулдаг учраас хүний биед байх боломжгүй гэсэн. 

Коронавирус гэж юу вэ гэхээр жирийн ханиадыг ДЭМБ-аас КОВИД гээд нэрлэчихсэн. Тэгэхээр энэ КОВИД бол улс төрийн зорилготой жүжиг. Яагаад гэхээр манай КОВИД-19-ийн хууль зургадугаар сарын 30-нд дуусаж байсан. Энэ хуулийн 3.9 дээр шахцалдаж болно, сонгуулийн үеэр ямар ч дэглэм үйлчлэхгүй гэж заасан байгаа нь улс төрийн жүжиг гэдгийг баталж байна. 

Саяхан Цахим үндэстэн гээд 3 хоног болсон, 120 байгууллага орсон шоугаар энэ бол улс төрийн жүжиг гэдгийг баталж байна. 

Хамар руу хийдэг PCR-ийн шинжилгээ бол бүгдээрээ худлаа. Яагаад гэхээр тэр хүн өөрөө эрдэмтдийн судалгаанд оролцож байхдаа хамар руу шургуулдаг энэ шинжилгээ бол 150 төрлийн нян бактерийг заадаг гэж хэлсэн, ханиад болон харшлын. Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр хүн КОВИД-ын шинжилгээнд ороход нөхөр нь сөрөг гарч байхад эхнэр нь эерэг гарч байдаг. Энэ нь худлаа заадаг шинжилгээ байна гэдгийг баталж байна. 

Хоёрдугаарт маск дэглэм гэдгийг батлаад харуулчихлаа. Маскийг зүүхгүйгээр хоёр жил болсон хүмүүс байна, нийтийн тээврээр явдаг, хүнсний дэлгүүрийн кассан дээр суудаг. Маск бол хортой гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлсэн байна. 

ДЭМБ цар тахал гэж зарлаад байгаа нь юу вэ гэхээр өнөөдөр дэлхийн долоон улсын 9 тэрбум хүнээс аравдугаар сарын 22-ны мэдээгээр 4.9 сая хүн нас барсан байна. Дэлхийн хүн амын 0.06 хувь нь хоёр жилийн хугацаанд нас барсан байна. Энэ бол цар тахал биш гэдгийг баталж байна. Хэрэв цар тахал байсан бол энэ хоёр жилийн хугацаанд ядаж 1 тэрбум хүн нас барах байсан. 

Тэгэхээр энэ бол цар тахал биш, дэлхийн мөнгөний эздийн вакцинаа тарих жүжиг гэдгийг баталж байна. Тийм учраас вакциныг хүний үржлийг зогсоох химийн тариа гэдгийг олон улсын судалгаанд оролцсон Мөнхбаяр гэж судлаач танилцуулсан. Тиймээс вакциныг л тариулж болохгүй шүү гэжээ.

Factcheck 1:

КОВИД-19-ийн халдвар анх гарсны дараа вирусийн геномыг тайлбарласан шинжлэх ухааны нийтлэлүүд болон ДЭМБ-аас коронавирус нь шингэн ялгаруулдаггүй, харин хүний биеэс ялгардаг шингэнүүдээр дамжин халдварлах боломжтойг мэдээлж, сануулсаар ирсэн.

Factcheck 2:

Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг анх 2020.04.29-нд баталж, 2020.12.31, 2021.06.29-нд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийт 19 зүйл бүхий уг хуулийн 3 дугаар зүйл дараах гурван заалттай буюу 9 дэх заалт гэж байхгүй.

  • 3.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна. 
  • 3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
  • 3.3.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно гэж заажээ.

Factcheck 3:

Биохимич Кэри Б. Маллис нь 1993 онд ДНХ-г маш хялбар болон хямд аргаар шинжлэх аргыг нээснээрээ Химийн салбарын Нобелын шагнал хүртэж байсан талаар factcheck.mn өмнө нь мэдээлж байсан.PCR нь шинжлэх ухааны хэд хэдэн процесст ашиглагддаг. Энгийнээр тайлбарлавал, амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Тэгвэл PCR буюу Полимеразын гинжин урвал нь тухайн шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг, молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний арга бөгөөд эмнэлгийн судалгаа, шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой нээл болсон гэж үздэг байна.

Бүх төрлийн бактери, шимэгч хорхой, вирус, мөөгөнцрийг PCR-аар, ДНХ, РНХ-ийн өвөрмөц дарааллыг ашиглан илрүүлэх боломжтой. Одоогоор ашиглаж байгаа, зөвхөн COVID-19-ийг л илрүүлэх “алтан стандарт” болох PCR болох шинжилгээ нь SARS-COV2-ийг өвөрмөцөөр илрүүлж байгаа юм.

Factcheck 4:

COVID-19 нь уг вирусийг тээж байгаа хүмүүсээс ярих, дуулах, ханиах, найтаах гэх мэт үед амьсгалын замаас бичил дуслаар дамжин бусдад халдварладаг. Шинж тэмдэггүй ч халдвар тээгээд явж байх боломжтой учраас хүнийг гаднаас нь хараад халдвартай эсэхийг мэдэх боломжгүй. Тийм учраас амны хаалт зүүх нь өөрийгөө халдвар авахаас хамгаалахаас гадна бусдад халдвар тараах эрсдэлийг бууруулдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.

АНУ-ын Халдвар өвчний хяналт, судалгааны төв, Жон Хопкинсын их сургуулийн өгч байгаа зөвлөмжөөр вакцины бүрэн тунтай ч эрсдэлээс сэргийлэхийн тулд амны хаалтыг олон нийтийн газар зүүх шаардлагатай гэж байгаа юм. Харин амны хаалтыг тогтмол солихыг зөвлөж байна.

Монгол Улсын хувьд КОВИД-19-ийн халдвар дэлхий дахин тархаж эхэлсэн 2020 оноос эхлэн бүх иргэдээ амны хаалт байнга зүүхийг зөвлөж ирсэн. Ялангуяа, олон нийттэй харилцаж буй байгууллагууд дахь үйлчилгээний ажилтнууд, дэлгүүрийн касс, бичигч нарыг битүү орчинд амны хаалттай ажиллахыг зөвлөж байна. Амны хаалтгүй хүнийг нийтийн тээвэр болон олон нийтийн газарт үйлчлүүлэхгүй байх шаардлага тавьж байна. Учир нь КОВИД-19-ийн Дельта хувилбарын халдварлах чадвар альфа хувилбараас хоёр дахин өндөр болсон тул амны хаалтгүй хүн халдвартай хүнтэй зөрөхөд халдвар авах боломжтой талаар ЭМЯ анхааруулж байгаа.

Factcheck 5:

2021.10.26-ны байдлаар дэлхийн 245,256,199 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилснөөс 4,978,191 хүн буюу 2 хувь нь нас барсан байна. Манай гарагийн хүн ам 7.9 тэрбумд хүрсэн. Үүнтэй харьцуулбал, нийт дэлхийн хүн амын 0.06 хувь нь цар тахлын улмаас нас баржээ. 

SARS-COV2 вируст халдвар дэлхийн олон орны хамарч, эрчимтэй тархсан тул олон улсад вакцин гарган авах ажилд зориулсан хөрөнгө оруулалт, анхаарал өндөр байсан бөгөөд эрдэмтэд шаргуу ажилласнаар 2020.12.31-нд анхны вакцин болох  Pfizer/BioNTech-ийг ДЭМБ бүртгэж, яаралтай горимоор ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Израиль улс дэлхийн орнуудаас хамгийн өндөр дүнтэйгээр иргэдээ дархлаажуулж чадсан бөгөөд хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувь хамгаалж байгааг тогтоогоод байна.

Монгол Улс 2021.02.23-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлж, хүн амынхаа 65 хувийг хоёр тунд хамруулаад байгаа. ХӨСҮТ-ийн судалгаагаар Монгол Улсад ашигласан Синофармын вакцин халдварын хүндрэл, нас баралтаас хамгаалах байдал 92 хувьтай байгаа гэж дүгнэсэн. Хэрэв дархлаажуулалтыг хоёрдугаар сард хийгээгүй бол 15,000-45,000 хүн нас барах байсан гэсэн тооцоог УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ гаргаад байгаа юм.   

КОВИД-19-ийн 20,000 гаруй мутац бий болсноос дельта хувилбар хамгийн тархалт өндөртэй, аюул учруулж байгаа ба вакцины үр дүнг 30 хүртэл хувиар бууруулж байгаа учраас дэлхийн улс орнууд дархлаа сэргээх гурав дахь тунг хийж эхлээд байна.  Гурав дахь тун нь дельта хувилбарын эсрэг үр дүн сайн байгааг ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд танилцуулсан юм.

Factcheck 6:

КОВИД-19-ийн эсрэг вакцин нөхөн үржихүйд нөлөөлдөг гэсэн нотолгоо байхгүй бөгөөд АНУ-ын Халдварт өвчний хяналт, судалгааны төв жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Тиймээс дээрх мэдээлэл бүхэлдээ иргэдийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ агуулгатай байна. 

Иймд иргэд аливаа мэдээллийг баттай эх сурвалжаас авч, нягталж байхыг дахин анхааруулж байна.

Эх сурвалжууд:

https://www.scientificamerican.com/interactive/inside-the-coronavirus/

https://www.who.int/vietnam/news/detail/14-07-2020-q-a-how-is-covid-19-transmitted

https://old.legalinfo.mn/law/details/15312

https://www.nobelprize.org/prizes/chemistry/1993/mullis/facts/

https://discoverysedge.mayo.edu/2020/03/27/the-science-behind-the-test-for-the-covid-19-virus/

https://www.unicef.org/mongolia/covid-19-and-masks-tips-families

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/coronavirus-face-masks-what-you-need-to-know

https://www.worldometers.info/coronavirus/

https://www.who.int/news/item/31-12-2020-who-issues-its-first-emergency-use-validation-for-a-covid-19-vaccine-and-emphasizes-need-for-equitable-global-access

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Эмгэг физиологийн тэнхмийн багш, Анагаах ухааны доктор О.Зэсэмдоржтой хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

Khulan Gankhuyag фэйсбүүк хаягаар “КОВИД-ын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч, зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн it залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардаж байна!!!” гэсэн мэдээллийг гурвадугаар сарын 7-нд постолжээ. Уг постыг 3.1К хүн шэйрлэж, 302 хүн коммент бичиж, 514 хүн хариу үйлдэл үзүүлжээ. Бид энэхүү мэдээллийг […]

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ. Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа […]

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх