Мэдээллийн дайнд монголчууд “ялагдаж” байна 

Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа. 

Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс дайн эхэлснээс хойш хийсэн хоёр удаагийн сошиал мониторинг монголчуудын мэдээлэлд, ялангуяа дайны тухай, Оросын талаарх постод хэрхэн хандаж, хариу үйлдэл үзүүлж байгааг ийнхүү дүгнэхэд хүргэсэн юм.        

Мониторингийн сонирхолтой үр дүнгүүдийн талаар доор өгүүлэх болно. Үүний өмнө хэрхэн хийсэн талаар бага зэрэг тайлбар хүргэе. 

MCIR 2023 онд анх удаа Орос, Украины дайны талаарх мэдээлэлд иргэд цахим орчинд ямар хандлагатай байгаа дүр зургийг гаргах цогц анализ хийж байсан бол энэ удаа илүү нарийвчилж, хуурамч мэдээллийн түвшин, шинж чанарыг тодорхойлохыг зорив. Ингэхдээ 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээлэлд тусгай хайлтын программ ашиглан, ОХУ болон Монголтой хамгийн их харилцан хамааралтай буюу дайн, орос монгол ахан дүүс, төмөр зам, эрчим хүч, станц зэрэг сэдвийн хүрээнд холбогдох түлхүүр үгсийн тусламжтайгаар дайнтай холбоотой анхдагч мэдээллийн санг үүсгэсэн. Эндээс шүүж, илүү оновчтой, хамааралтай мэдээлэл бүхий 554 постод дүн шинжилгээ хийв.

Нийт цуглуулсан мэдээлэлд контент анализ хийж, мэдээллийг зорилгоор нь үйл явдлын, пропаганда, хуурамч, Оросын эсрэг, про-Орос мэдээлэл хэмээн ангилсан. “Үйл явдлын мэдээлэл”-д аль нэг улс орон, тодорхой хүмүүсийн байр суурийг илэрхий дэмжиж, эсэргүүцээгүй, ихэвчлэн холбогдох үйл явдал, арга хэмжээ, ярилцлага зэргийг нэмэлт дүгнэлт, үзэл бодолгүйгээр түгээсэн мэдээллийг оруулж авч үзсэн бол “Хуурамч мэдээлэл”-д бодит бус баримтыг ашигласан, үнэн бус мэдээллийг хамааруулсан юм.

Судалгаагаар нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга болон хуурамч мэдээллүүд байв. Тодруулбал, 

  • Оросын пропаганда мэдээлэл 24%,
  • Оросыг хэт туйлширч дэмжсэн буюу про-Орос үзэл бодол 23%,
  • Хуурамч мэдээлэл 6%  
  • Үлдсэн хувь нь Оросыг шүүмжилсэн болон үйл явдлын мэдээллүүд байв.

Өөрөөр хэлбэл, нийт мэдээллийн талаас илүү хувь нь Оросын талыг хэт туйлширч дэмжсэн суртал ухуулга буюу пропаганда болон хуурамч мэдээллүүд байсан.

Оросыг хэт туйлширч дэмжсэн про-Орос гэсэн ангилалд багтах пост хамгийн олон буюу нийт бүртгэгдсэн 238 постоос 25%-ийг эзэлсэн бол Оросын пропаганда 20%-д нь байв.

Хариу үйлдлийг нь харвал Оросын пропаганда пост дунджаар 300 орчим, про-Орос пост 268 байсан нь Оросын эсрэг болон үйл явдлын мэдээлэлд ирсэн хариу үйлдэлтэй харьцуулахад 2 дахин их байлаа.

Түүнчлэн Оросыг хүчтэй дэмжсэн болон дэмжихийг ятгаж ухуулсан, барууны орнуудыг үзэн ядсан пропаганда постын тархац нь үйл явдлын болон Оросыг шүүмжилсэн постоос ойролцоогоор 5 дахин их байсан юм.

Агуулгын хувьд нийт мэдээллийн

  • 42% нь Орос Украины дайнтай холбоотой байсан бол
  • 29% нь Орос, Америк, НАТО, барууны орнууд гэсэн олон улсын асуудалтай холбоотой,
  • 17% нь эрчим хүч, тог, цахилгаантай холбоотой
  • 12% нь төмөр зам, царигтай холбоотой мэдээлэл, постууд бүртгэгдэв.

Эдгээр мэдээлэл, пост дунд Монгол Улсын стратегийн асуудалд хамаарах эрчим хүчний хараат байдал, цахилгаан станц зэрэг асуудлаар Оросын эсрэг байр суурь давамгай ажиглагдсан бол Орос болон барууны орнуудын харилцаа, Украинтай хийж буй дайн зэрэг олон улс хоорондын асуудалд Оросын байр суурийг дэмжсэн пропаганда болон про-Орос мэдээллүүдийн тархац маш их байсан нь ажиглагдсан.

Ийнхүү дүн шинжилгээ хийхэд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл үйл явдлын мэдээллээс 8 дахин их шэйрлэгдсэн гэсэн үр дүн гарсан.

Нэг үйл явдлын мэдээлэл болон постыг дунджаар 14 удаа шэйрэлсэн байгаа бол нэг хуурамч мэдээллийг дунджаар 110 удаа шэйрэлсэн буюу Орос Украины дайнтай холбоотой хуурамч мэдээллийг Монголын фэйсбүүк хэрэглэгчид үйл явдлын мэдээллээс 8 дахин илүү түгээжээ.  

Түүнчлэн Монголын Фэйсбүүк орчинд хуурамч мэдээллээс гадна Оросыг дэмжихийг хүчтэй ятгаж, ухуулсан, тодорхой тоо, баримт бага, эх сурвалжгүй, ихэвчлэн хоёр орны түүхийг сануулж, барууны орнуудыг ихээхэн харлуулсан пропаганда маш ихээр тархсан талаар дээр дурдсан. Тэдгээр мэдээллийг түгээгчдийн нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудастаа Оросыг дэмжихийг ятгаж, суртал ухуулга хийсэн пост, зураг, бичлэг маш идэвхтэй оруулдаг ч өөрийн хувийн мэдээлэл, зураг огт байдаггүй. Нөгөө нэг хэсэг нь өөрийн фэйсбүүк хуудаст огт идэвхгүй боловч олон дагагч нартай группүүдэд маш идэвхтэй, олон давтамжтай постууд оруулдаг байна.

Тиймээс судалгааны үр дүнгээс пропаганда болон хуурамч мэдээллийн талаар илүү тодруулан хүргэхийн зэрэгцээ тэдгээрийн шинж чанарыг дэлгэрүүлэн тайлбарлая.

АНУ-ын “RAND” хэмээх ашгийн бус судалгааны хүрээлэн Оросын пропаганда загвар буюу “firehose falsehood” гэх загварыг судлан гаргаж ирсэн байдаг. Энэхүү загварт

  • Мэдээллийн олон суваг + маш их хэмжээний мэдээлэл
  • Давтагдсан, тасралтгүй үргэлжилсэн, түргэн шуурхай
  • Бодит байдалд бүрэн нийцээгүй, зарим тохиолдолд хэзээ ч болоогүй үйл явдлыг шинээр үйлдвэрлэдэг
  • “Нэгэн хэвийн бус” баригддаггүй хэлбэр багтана хэмээн тодорхойлжээ.

Монголын фэйсбүүк орчинд үйлдвэрлэж, тархаж буй пропаганда, хуурамч мэдээллүүдэд Оросын “firehose falsehood” загварын дараах шинж тэмдгүүдийг агуулсан нь  мониторингийн явцад хамгийн тод илэрсэн. Энэ нь

-Пропаганда мэдээлэлтэй хамааралтай мэтээр зураг, бичлэг хавсаргах боловч тэдгээр нь тухайн посттой хамааралтай баримт биш, харин өөр цаг үе, газар нутагт болсон зургуудыг ашигласан. Уншигчдын анхаарлыг шууд татахуйц хурц, тод өнгөтэй, эсвэл дэлбэрэлт болсон зэрэг хүчтэй агуулгатай зургууд их ажиглагдсан. Энэ нь “Firehose falsehood” хэмээх Оросын пропаганда загварын эх сурвалж болон мэдээллийн ямар нэгэн хэсгийг зохиомлоор бий болгох гэсэн үндсэн шинжтэй нийцэж байгаа юм.

-Тролл болон ботт байж болзошгүй аккаунтууд нь хувийн мэдээлэл, зураг байхгүй, ихэвчлэн олон дагагч нартай фэйсбүүк группүүдэд пропаганда агуулгатай постуудыг урт хугацаанд, олон давтамжтайгаар оруулдаг. Энэ нь “Firehose falsehood” загварын олон давтагдсан, байнга үргэлжилдэг, их хэмжээний мэдээллүүд түгээдэг гэсэн шинжийг агуулж байна.

  • Дайнаас гадна Оросыг ерөнхийд нь хамгаалж, шүтэн биширсэн пропаганда, үзэл бодол буюу “АГУУ ОРОС” гэсэн хандлага хүчтэй байгаа нь ажиглагдсан. Эдгээр мэдээлэл нь Орос улсыг дэлхийн хамгийн агуу орон, Путинийг хамгийн чадварлаг удирдагч, Оросын армийг дэлхийн хамгийн хүчирхэг арми гэх зэрэг үндсэн агуулгаар суртал ухуулгын шинжтэй байв.
  • Оросын пропаганда мэдээлэл Фэйсбүүк орчинд гэхэд харьцангуй их урт бичвэртэй, ятган ухуулах зорилгоор ихэвчлэн ямар нэгэн бодит болон бодит бус түүхийг оршил болгож бичсэн хэдий ч тодорхой цаг хугацаа, тоон мэдээлэл ихэвчлэн дурдалгүйгээр ерөнхийд нь туйлширч эсэргүүцсэн, үзэн ядсан эсвэл шүтэн биширсэн шинжтэй байсан нь мониторингоор ажиглагдсан юм.

Тиймээс зөвхөн дайны талаар гэлтгүй ОХУ-ын дээрх “Firehose falsehood” загварын шинжтэй аливаа мэдээлэл, постыг фэйсбүүк хэрэглэгчид дахин нэг нягталж, ялгаж салгаснаар хуурамч мэдээлэлд автахгүй байх боломжтой. Нөгөө талаар энэ тухай мэдээллийн боловсролыг фэйсбүүк хэрэглэгчдэд хүргэж, цахим орчинд илүү хэрсүү байх дадлыг бий болгох шаардлага их байгаа нь улам тодорхой болсон юм.

Хэрэв монголчуудын мэдээллийн боловсролыг сайжруулахгүй, ялангуяа цахим орчинд аливаа мэдээллийг нягтлах наад захын ойлголттой болгохгүй бол цаашид улам цар хүрээгээ тэлж, нарийсах магадлалтай мэдээллийн дайнд манай иргэд ямар ч дархлаагүйгээр “ялагдах” нь.

Төстэй мэдээлэл

Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар ажилласан хотын дарга нарын нийтэд мэдээлсэн ч өнөөг хүртэл биелүүлээгүй зарим амлалтыг эргэн сануулж байна. 100 айлыг нүүлгэнэ 2018.06.05 “Барилгын материалын үйлдвэрүүдийг 9 дүгээр сарын 1-н гэхэд Налайх руу нүүлгэж дуусна” НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга: Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг […]

“Ээж нараа хадгалаад аваарай!!! Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй…” гэсэн гарчигтай, gerbul.life хэмээн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэл 1.9 к хүнд хүрчээ.   Тухайн мэдээлэлд “Улирал солигдож байгаа үед мөн хүүхдүүд олноор нэг дор цугларч байгаа энэ үед ямарч сайн дархлаатай хүүхэд нэг нэгнээсээ ханиадны вирус аваад байдаг. Яг […]

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй О.Магнай дараах амлалтыг иргэдэд өгсөн бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацжээ. Тэрбээр амлалтандаа “Би ялах юм бол энэ бүх дарамт шахалт бий болгож байгаа тусгай зөвшөөрлийг бүхэлд нь байхгүй болгонo. Та зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлж дэлгүүрээ нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Гуанзаа нээхдээ […]

Товч агуулга Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар КОВИД-19-ийн халдварын түвшнийг эрс бууруулдаг болох нь тогтоогдсон. АНУ-д 5-11 насны 8,082,264 хүүхдэд дор хаяж нэг тун Pfizer вакцин хийхэд 11 тохиолдолд нь л гаж нөлөө илэрсэн бөгөөд хөнгөн тохиолдлууд байв. Вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээсээ хавьгүй өндөр байна. Вакцин хийлгэснээр хүүхэд, эцэг эхчүүдийн энэ өвчнөөр өвчлөх тухай […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх