Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тухай пост ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Олборлолт явагдах 200 орчим метрийн гүнд байгаа ус нь уран болон бусад эрдэсжилтийг агуулсан, үйлдвэрлэлийн ус буюу унданд ашиглах ямар ч боломжгүй С зэрэглэлийн ус юм.
  • Харин унданд ашигладаг ус нь 10-20 метрийн гүнд байдаг тул уран агуулсан устай ямар нэгэн байдлаар холбоогүй, холилдох боломжгүй, үл нэвчих шавран үеэр тусгаарлагддаг байгалийн тогтоцтой.
  • Олборлолтод ашигласан маш бага хэмжээний хүчил газрын гүнд үүрд үлдэхгүй.
  • Хүчилжүүлсэн ус нь зөвхөн цөөн тооны эрдэстэй урвалд ордог тул геологийн бүтцэд өөрчлөлт орохгүй. ГДУО үйл ажиллагаа нь чулуулгийн үндсэн физик шинж чанарт өөрчлөлт оруулахгүй.
  • Радоны хий анх ялгарснаасаа хойш 3.8 хоногийн дараа хор хөнөөл нь 50% буурдаг байна.
  • Радигаас ялгарах альфа цацраг идэвхт радоны хий нь хүнд жинтэй нэмэх цэнэгтэй бөгөөд агаарт 2.5-8.5 см-т зөөгддөг. Уг хий нь хуудас цаас эсвэл хүний биеийн арьсыг нэвтэлж чадахгүй буюу нэвтрэх чадвар хамгийн багатай гэж үздэг.

Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ.

Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Пост дахь мэдээллийг хүргэвэл:

“Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох Ради-тай урвалд орж Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар уран болон бусад дагавар (жишээлбэл Селен) химийн бодистой шавар шавхайгаа газрын гадаргуу дээр соруулан гаргаж ирж ураныг нь салгаж авна. Уран нь уусамтгай тул уусмалдаа үлдэж харин уусдаггүй радийн сульфат үлдэгдэл шаварт тунаж үлддэг. #Хүхрийн #хүчил шахдагийн гол учир нь хэрэгтэй ураныг хэрэггүй бөгөөд хортой Радигаас салгаж авахад оршдог байна. Тэрхүү үлдэгдэл шаварыг ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа #Ради болон түүний задралын элементүүд болох цацраг идэвхит #Радон, #Полони  салхиар тархаж, байгаль орчныг цацрагаар бохирдуулдаг. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь харьцангуй хурдан задардаг бөгөөд задралын явцдаа  уранаасаа илүү маш хүчтэй цацрагаар шардаг ажээ. (Жишээлбэл 1 грамм Ради 1 секундэнд 37 тэр бум удаа задардаг байна. Задрал болгон цацраг ялгаруулна.) Ураны уурхай хаагдсанаас хойш ч гэсэн байгаль орчны цацрагийн бохирдлын асуудал байсаар байх болно.

Уран олборлолтын хаягдлын цөөрмөөс агаарт дэгдэх цацраг идэвхит #Радон хий салхиар хийсч өргөн уудам нутгийг хордуулдаг. Радон хийг амьсгалахад хамгийн түрүүнд ам, хамар, хоолойн эмзэг салст гэмтэнэ. Бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетүүд нь энгийн бүтэцтэй байдаг тул маш өндөр тунгийн цацрагт ч тэсвэртэй байдаг. Энэхүү тэсвэртэй бактери, мөөгөнцөрүүд нь гэмтсэн салстаар нэвтрэн  бие эрхтэн, цусанд орж үрждэг. Ингэж дотроосоо бактери, мөөгөнцөрт идүүлж, дотроосоо илжирсэн амьтаны махыг хээрийн үнэрч амьтад иддэггүй. Уран олборлож буй нутгийн ойролцоо оpшин суугчдад амьсгал давхцах, ханиах, ам хамраас цагаан хөөс цаxрах зэрэг шинж тэмдэг илэрсэн нөхцөлд антибиотик болон цацрагийг биеээс гадагшлуулах үйлчилгээтэй #хелатин агуулсан эм бэлдмэлийг яаралтай  хэрэглэж, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч ард иргэдийн амь насыг авран хамгаалах шаардалагатай. Уран олборлох дээрх аргыг Францын Арева(Орана) компаниас Монгол, Казахстан, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Намиб, Конго, Нигер, Бразил улсуудад голчлон хэрэглэдэг. Тухайн нутаг орны байгаль газар зүйн онцлог, салхины хурд, хүчээс шалтгаалан цацраг идэвхит бодис нь 70 км дээш зайнд хүртэл салхиар туугдан тарах боломжтой байдаг ажээ‼ гэжээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Зөөвч-Овоо уурхайгаас Франц, Монголын хамтарсан “Бадрах Энержи” компани Монголд анх удаа газар доор уусгах аргаар уран олборлох гэж байгаа.

Тус компани үйлдвэрлэлийн туршилтаа хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан. Энэ хүрээнд газрын хөрснөөс 170-200 метрийн гүн дэх уран болон бусад эрдэсжилт агуулсан үе рүү цооногууд гаргажээ. Уг цооногуудаар литр тутамд нь 1 грамм хүхрийн хүчил  найруулсан буюу 1%-ийн проценттой уусмалыг шахдаг. Энэхүү уусмалд ураныг шингээн буцааж соруулдаг ба цооногоор дамжиж байгаа тул эргэн тойрондоо нөлөөлөх боломжгүй. Түүнчлэн газрын хөрснөөс 200 орчим метрийн гүнд байгаа уг үе дэх ус нь уран болон бусад эрдэсжилтийг агуулсан, үйлдвэрлэлийн ус буюу унданд ашиглах ямар ч боломжгүй С зэрэглэлийн ус юм. Харин унданд ашигладаг ус нь 10-20 метрийн гүнд байдаг бөгөөд уран агуулсан устай ямар нэгэн байдлаар холбоогүй, холилдох боломжгүй, үл нэвчих шавран үеэр тусгаарлагддаг байгалийн тогтоцтой.

Газрын гүн рүү хүчилжүүлсэн уусмал шахаад буцаан соруулах үйл явц тасралтгүй үргэлжлэх бөгөөд нэг удаагийн шахсан усыг буцаан соруулахад тухайн урсгалын хурдаас хамаарч хэдэн цагаас нэг хоног хүртэл үргэлжлэх боломжтой байдаг аж.

Ийнхүү олборлолтод ашигласан маш бага хэмжээний хүчил газрын гүнд үүрд үлдэхгүй. Хүчлийн сулруулсан уусмалын химийн найрлага газар доор сульфат ба устөрөгч болон задарч, аажимдаа байгалийн горимоор гөлтгөнө гэх мэт сульфатын давс болж үүсдэг байна. Газар доор байгалийнхаа жамаар явагдах өөрчлөлтийн дүнд ойролцоогоор 10 жилийн дараа хүчиллэгийн 99% гаруй буюу бараг бүхэлдээ саармагжина. Энэ нь ГДУО технологи ашигладаг дэлхийн олон уурхайнууд болон Монголд, Өмнөтийн үйлдвэрлэлийн туршилтын ажиглалтын үр дүнгээр батлагдсан.

Олборлолтын дараа хүчилжүүлсэн ус нь байгалийн горимоор сэргэж, саармагжих механизмыг хянадаг. Нөхөн сэргээх зорилтоос хамааран энэхүү байгалийн горимоор саармагжих механизмыг хурдасгах боломжтой.

Тиймээс энэ нь гүний усыг бохирдуулах боломжгүй байна.

Радон бол уран задрахад байгалийн жамаар үүсдэг цацраг идэвхт хий юм. Газрын хөрс, барилгын материалд агуулагдах радийгаас альфа цацраг идэвхт радоны хий мөн ялгардаг. Энэ хий агаарт хуримтлагдаж, амьсгалын замаар хүний биед нэвтрэн ордог байна.

Альфа цацраг нь хүнд жинтэй нэмэх цэнэгтэй бөгөөд агаарт 2.5-8.5 см-т зөөгддөг. Уг хий нь хуудас цаас эсвэл хүний биеийн арьсыг нэвтэлж чадахгүй буюу нэвтрэх чадвар хамгийн багатай гэж үздэг.

Энэхүү хий нь өнгө, үнэр, амтгүй учраас зөвхөн тусгай багажаар илрүүлэх боломжтой аж. Энгийнээр тайлбарлавал радоны хий анх ялгарснаасаа хойш 3.8 хоногийн дараа хор хөнөөл нь 50% буурдаг байна.

Гэхдээ уурхайд ураны задрал байнга явагдаж, радон хий тасралтгүй ялгарсаар байдаг тул олборлох уурхайд ажилладаг хүмүүс хамгийн их өртөгчид тооцогддог. Тийм ч ураас уурхайн бүсэд зөв агааржуулалт, хяналт нь эдгээр эрсдэлийг бууруулахад чухал гэж үздэг.

Монгол Улсын цацрагийн аюулгүйн стандарт нормоор бол хүн амын авч болох цацрагийн шарлагын тунгийн хэмжээг аливаа дараалсан 5 жилийн дунджаар 1мЗв(миллизиверт), гэхдээ аль нэг жилд нь 5мЗв –ээс  хэтрэхгүй байхаар заажээ. Харин цацрагтай ажиллагчийн тунг мөн дараалсан 5 жилийн дунджаар 20мЗв, гэхдээ аль нэг жилд 50мЗв –ээс хэтрэхгүй байхаар заасан байна.

Тэгвэл “Бадрах Энержи” компанийн үйлдвэрийн туршилтаас харвал 2023 онд цацрагийн тун хамгийн өндөр авсанд тооцогдож байгаа нь нэг ажилтныг 1.7 мЗв, дундаж нь 0.7 мЗв байжээ. Энэ нь манай улсын цацрагтай ажилладаг хүнд тавьсан стандартаас хавьгүй бага байна.

Хүчилжүүлсэн ус нь зөвхөн цөөн тооны эрдэстэй урвалд ордог тул геологийн бүтцэд өөрчлөлт орохгүй. ГДУО үйл ажиллагаа нь чулуулгийн үндсэн физик шинж чанарт өөрчлөлт оруулахгүй. Ураныг сонгож уусгадаг бөгөөд уламжлалт уурхайтай харьцуулахад газрын доор нүх, сүв үүсгэдэггүй.

Тиймээс энэ нь бусад аргатай харьцуулахад байгаль орчинд сөрөг нөлөө маш багатай учраас дэлхийн ураны хүдрийн 70 орчим хувийг ГДУО аргаар хүхрийн хүчил ашиглан олборлож байна.

Хаягдал ус хуримтлуулах сангийн тухайд тийш хаягдсан усанд ураны агууламж литр тутамд ердөө 5 мг байгаа судалгааг гаргажээ. “Бадрах Энержи” компани хяналт хийх зорилгоор хаягдал ус хуримтлуулах сангийн салхины чиглэлийн доод талаас ойролцоогоор 25 метрийн зайнаас жил бүр хөрсний дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулдаг байна. Ийнхүү шинжлэхэд тухайн цэг дээрх цацрагийн шингэсэн тунгийн чадал бусад хөрсний дээж авсан цэгүүдтэй ойролцоо утгатай гардаг ажээ.

Иймд дээрх пост нь үндэслэлгүй, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа мэдээлэл агуулсан байна.

Эх сурвалж:

  • Дэлхийн цөмийн ассоциас
  • Мон-Атом
  • Монгол Улсын цацрагийн аюулгүйн стандар
  • “Бадрах Энержи” компани

Төстэй мэдээлэл

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Доналд Трамп ингэж […]

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна […]

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Дахин нийтлэв… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их […]

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх