Вакцинаас болж 10 хүүхдийн 4 нь аутизмтай болж байгаа – ТАШАА

Товч агуулга

Монголд төрж, өсөж байгаа 10 хүүхдийн 4 нь аутизмтай болж байгаа бол 2020 оны байдлаар 5 настай аутизмтай хүүхдийн тоо 33 мянга орчим болохоор байгаа нь үндэслэлгүй болохыг нотолж байна.

Улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон.

Европын орнууд 19 төрлийн вакцинаар хүүхдүүдийн дархлаажуулж байгаа ба төрснөөс 24 цагийн дотор Гепатит В-ийн эсрэг вакцин тарьдаг.



Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.25-ны өдөр дараах постыг оруулсныг 144 хүн шэйрлэж, 121 хүн лайк даржээ.

Уг постод

“Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?
…………………………
Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь байчхаад утаа руу хүртэл чихэж байгаа. Тэгвэл 3 сар хүртэл нь ямар ч вкцин хийхгүй байх туршилт явуулахыг төр засгаас шаардацгаая. 3 сар хүрэхэд эцэг эх нь хүүхдээ эрүүл эсэхийг баттай мэднэ, вкцины дараа гарсан аливаа өөрчлөлтийг хянах боломжтой болно! Манай улстөрчингүүд огт хэрэггүй юман дээр “Дэлхийн жишиг” ярьж галуу дуурайн хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болдог биз дээ? Тэгвэл дэлхийн жишигт байдаггүй ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙД 24 ЦАГИЙН ДОТОР ГУРВАН ВКЦИН ЗЭРЭГ ШАХДАГ “Үндэсний товлол”-оо тэр дэлхийн жишигтээ тааруулж үтэр түргэн өөрчилцгөө!!!!! Та нарын жишиг болгоод байдаг брууныхан чинь нялх хүүхдүүддээ 2-4 сар хүртэл нь ямар ч вкцин хийхгүй байна!!! Дараагийн вкциныг нь дор хаяж 2 сарын дараа хийж байна, гэтэл манай нярайд 24 цагийн дотор гурван хор зэрэг шахчихаад, дахиад 2 сартайд нь зургаан вкцин шахаад, дахиад 3 сартайд нь зургаан вкцин шахаад, дахиад 4 сартайд нь зургаан вкцин шахаж… байгаа нь аймаар биш гэж үү????? Брууныханд далдуур эзлэгдэж дайнд турхируулж сөнөхийн ирмэг дээр очсон укр, по улсууд л ганц нэг вкцин эрт хийж байна. Нөгөө шүтээд байдаг том гүрнүүд нь хор гэж мэдэж байгаа учраас дэлхийн хүн амыг хомроголон цөөрүүлэх ажиллагаанд хүүхдүүдээ хожуу хамруулж байна. Бруунд 2-4 сар хүртэл нь нялхаст вкцин хийдэггүй тул вкцины дараа өрөөл татанхай эрэмдэг зэрэмдэг болсныг нь эцэг эхчүүд нь нүдээрээ харж шүүхдэж тэмцэж баримтат кино хүртэл хийцгээсэн! Монгол нярайд төрөөд 24 цаг ч болоогүй байхаас нь 3-6 вкцин сар бүр дараалан шахаж сайн дураараа хүн амаа өвчлүүлж цөөрүүлж байгаагаа болиод өгөөч ээ, бирдүүд ээ!!! ДЭМБ гэгч нь “Манайх улс орнуудад зөвхөн зөвлөгөө зөвлөмж л өгдөг, эцсийн шийдвэрийг танай төр засаг өөрсдөө гаргадаг” гэж хариулдаг шүү! Вкцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, брууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!! …” гэгчлэн бичээд Solongo Chuluunbaatar эх сурвалжийг дурджээ.

Дээрх агуулгыг нягталлаа.



“Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?”

Factcheck 1:

Монголын Аутизмын холбоо” хэмээх төрийн бус байгууллага Монгол Улсад энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаарх албан ёсны статистикаар тус холбоонд бүртгэлтэй 785 гэр бүл байгаагаас
-насанд хүрсэн аутизмтай хүн 23,
-6-15 буюу сургуулийн насны 387
-3-5 буюу цэцэрлэгийн насны 375 хүүхэд бүртгэлтэй байна.

ҮСХ-ны судалгаагаар манай улсад 2015 онд 82,130 хүүхэд шинээр мэндэлсэн бол 2020 онд 77,716 хүүхэд төржээ. Энэ тоог дээрх постын агуулгатай харьцуулбал 2020 оны байдлаар 5 настай аутизмтай хүүхдийн тоо 33 мянга орчим, 2020 онд л гэхэд шинээр 30 мянга орчим хүүхэд аутимзтай төрсөн болохоор байна.



“…Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь байчхаад утаа руу хүртэл чихэж байгаа. Тэгвэл 3 сар хүртэл нь ямар ч вкцин хийхгүй байх туршилт явуулахыг төр засгаас шаардацгаая”

Factcheck 2:

Улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон талаар өмнө нь хүргэж байсан.

Манай улсад заавал хийгдэх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:

  1. Сүрьеэ,
  2. Халдварт саа,
  3. Гепатит В,
  4. Сахуу,
  5. Хөхүүл ханиад,
  6. Татран,
  7. Хемопелиус инфлюенза,
  8. Улаанбурхан,
  9. Гахай хавдар,
  10. Улаанууд зэрэг

1998 онд нийтлэгдсэн нэгэн судалгаа Улаанбурхан-Гахайн хавдар-Улаанууд өвчний эсрэг (УГУ) вакцин нь аутизм өвчин үүсгэдэг байж болзошгүй хэмээх асуудлыг хөндсөн. Энэ нь хожмоо хуурамч буюу луйврын шинж чанартай байсан нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч тэрхүү өгүүлэл тухайн үедээ олон нийтийг маш ноцтой цочролд оруулсан тул дархлаажуулалтын хамралт эрс бууран ба дээрх өвчнүүдийн дэгдэлтүүд ар араасаа цувран гарсан. УГУ вакцинаас гадна улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон байдаг.

2020 онд НҮБ-ийн Хүүхдийн сангаас гаргасан “Бага насны хүүхдийн цогц хөгжил” товхимолд дурдсанаар манай оронд одоогоор 470 гаруй хүүхэд аутизмын эмгэгтэй нь оношлогдон хяналтанд байна гэжээ. Аутизм нь өвчин биш нийгмийн харилцаа, зан үйлийн эмгэг тул эдгэдэгүй бас халдварладаггүй. Аутизмын шалтгааныг шинжлэх ухаан олж нээгээгүй бөгөөд удамшлын ба удамшлын бус байдлаар эсвэл хүрээлэн буй орчны нөлөөгөөр үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. 



“…дэлхийн жишигт байдаггүй ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙД 24 ЦАГИЙН ДОТОР ГУРВАН ВКЦИН ЗЭРЭГ ШАХДАГ “Үндэсний товлол”-оо тэр дэлхийн жишигтээ тааруулж үтэр түргэн өөрчилцгөө!!!!! Та нарын жишиг болгоод байдаг брууныхан чинь нялх хүүхдүүддээ 2-4 сар хүртэл нь ямар ч вкцин хийхгүй байна!!! Дараагийн вкциныг нь дор хаяж 2 сарын дараа хийж байна, гэтэл манай нярайд 24 цагийн дотор гурван хор зэрэг шахчихаад, дахиад 2 сартайд нь зургаан вкцин шахаад, дахиад 3 сартайд нь зургаан вкцин шахаад, дахиад 4 сартайд нь зургаан вкцин шахаж… байгаа нь аймаар биш гэж үү?????”

Factcheck 3:

Европын орнуудын товлолт вакциныг доорх зурагт үзүүлжээ. Уг мэдээллийг 2021 онд шинэчилж, КОВИД-19-ийн вакцин нэмэгджээ.

Европын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс гаргасан товлолт вакцины хуваариас харвал хүүхдийг төрснөөс 24 цагийн дотор Гепатит В-ийн эсрэг вакциныг Норвэйгээс бусад бүх улс нь хийдэг байна.

Сахуугийн вакциныг зарим нь 3, зарим улс нь 4 сартайд нь хийдэг байна.

ЕХ-ны орнуудын бүх вакцины хуваарийг харах линк: https://vaccine-schedule.ecdc.europa.eu/

Дэлхийн 89 улс заавал хийх вакцины товлолтой 20 улс сургуульд орохоос нь өмнө хийлгэхийг шаардаж байна. Улбар шараар ялгасан орнууд Монгол Улстай ижил хүүхдүүдийг товлолт вакцинд хамруулдаг.

Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг болох судалгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс гаргасан байдаг.



“…Вкцины хоруу чанар маш их нэмэгдэж, мөнгөн ус болон хүнд металлын орц агуулж, хуучныхтай огт адилгүй болсныг бүх дэлхийгээрээ ярьж бичиж, манайхаас бусад бараг бүх хэл дээр эрдэмтэн эмч судлаачид нь ном, нийтлэл бичиж, брууны эцэг эхчүүд нь зөндөө эсэргүүцэж тэмцээд байхад гуравхан сая бид мэдрэлгүй мэт гөлийгөөд геноцид хийлгээд байх уу?????!!!!!…”

Factcheck 4:

Вакцины найрлагын талаар өмнө нь нягтлан хүргэж байсан.

Сахуу, татран, хөхүүл ханиад, Гепатит А гэх мэт вакцинуудын найрлагаас хөнгөн цагааныг олж болно. АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-ийн мэдээлснээр байгаль дээр байдаг, байгалийн металл болох хөнгөн цагааныг олон арваны туршид вакцинд аюулгүйгээр ашиглаж ирсэн юм. Ашигладаг гол зорилго нь вакцины нөлөөгөөр идэвхжих дархлааны хариу урвалыг эрчимжүүлж, дархлаа тогтцыг нэмэгдүүлэх юм.

Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ. Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html  линкээр ороод харж болно. Энэ нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болох нь олон жилийн туршид батлагдсан тул ийнхүү ашиглахыг олон улсын эрх бүхий байгууллагууд зөвшөөрсөн байдаг.

Вакцин дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлснээр бага вакцин, бага тунгаар хэрэглэх боломжийг олгодог болохыг Филадельфийн хүүхдийн эмнэлэг онцлон тэмдэглээд “Вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ бага бөгөөд Биологийн шинжилгээ, судалгааны төвөөс зохицуулагддаг” гэдгийг тайлбарласан байна.

Вакцины найрлагад байгаа хүнд металл гэж нэрлэж байгаа орц нь мөнгөн ус. Гэвч энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимеросалыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Одоогийн байдлаар хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хүүхдийн товлолт вакцинуудын талаарх мэдээллийг https://www.cdc.gov/vaccines/parents/diseases/forgot-14-diseases.html линкээс харж болно.

Иймд дээрх пост дахь агуулга бүхэлдээ олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, ТАШАА мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг мэргэжлийн, албан ёсны эх сурвалжаас авч, мэдээллээ нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалж:

Товлолт вакцинууд аутизм үүсгэдэггүй болохыг нотлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга: Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан. Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн. Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж […]

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Товч агуулга Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй. КОВИД-19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг. Эх Оронч Бүсгүйчүүд гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.09.10-ны өдөр “Вакцин хийлгүүлсэн хүмүүс цусаа […]

Нийгмийн сүлжээнд “07.09 Аймшигтай мэдээ: ДЭМБ-ын ХБХ дээр Гебрейесус “Дараагийн аймшигт тахал ойртож байна. Энэ тухай дэлхий эртхэн мэгэдсэнсэн нь дээр” хэмээн палхийтэл мэдэгдэв. Маргааш Женевийн Брифинг болно! гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэлд 2020.09.08-ны 17:20 цагийн байдлаар 258 хүн лайк дарж, 107 хүн шэйрлэжээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Женев хотноо болсон ДЭМБ-ын хэвлэлийн бага […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх