FACTCHECK: Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн сурталчилгааны ҮНЭН ба ХУДАЛ

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа.

Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ

У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ 2016-2019 онуудад 147 цэцэрлэг ашиглалтад оруулсан бол 2021 онд багтаан 53 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авна гэжээ.

Factcheck: Тэр нийт 177 сургууль барьж, бага ангийн хүүхдүүдийг үдийн хоолтой болгосон – ХУДАЛ

У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ 2016-2019 онуудад 100 сургууль ашиглалтад оруулсан бол 2021 онд багтаан 62 сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авна гэжээ.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлэх “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг 2018 онд Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын гишүүд хамтран санаачлан боловсруулж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Тус хуулийг 2019 оны тавдугаар сарын 30-нд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан бөгөөд хууль 2020 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Эх сурвалж:
https://vip76.mn/content/61876

Factcheck: Тэр улс даяар 104 эмнэлэг барьж байгуулсан – ХУДАЛ

У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ 2016-2019 онуудад 52 эмнэлэг ашиглалтад оруулсан бол 2021 онд багтаан 29 эмнэлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авна гэжээ.

Factcheck: Хүүхэд бүрд 100,000 төгрөгийн тэтгэмж өгдөг болгосон – ҮНЭН

Засгийн газар 2020 оны тавдугаар сарын 6-нд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёрдахь багц арга хэмжээний талаар хэлэлцсэн. Энэ үеэр хүүхэд, эмзэг бүлгийн иргэд, бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрд сар болгон 100,000 төгрөг олгохоор болсон.Өмнө нь олгож байсан 30,000 төгрөгийг 70,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг. 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны хуралдаанаар хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн.

Эх сурвалж:
https://zasag.mn/news/view/25582
http://ub.hudulmur-halamj.gov.mn/menu/59/post/913

Factcheck: Эрдэнэт үйлдвэрийг луйварчдаас буцаан авч, ашгаар нь айл бүрийн ТОГНЫ МӨНГӨ, дулааны мөнгийг төлөх болсон – Үнэн ба худал

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ-ын Ростех корпорац 1978 оноос хойш эзэмшиж ирсэн. 2016 онд ОХУ-ын Ростех корпорацтай хийсэн хэлцлийн дүнд 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирж байлаа.

Ингэхдээ 49 хувийн энгийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс корпорац” ОХУ-ын Ростех компаниас шилжүүлэн авсан юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй төдийгүй тэрхүү 49 хувийг өмчилж байсан гаднын компаниас худалдаж авах замаар эх орондоо авчирсан, ААН-ийн хувийн өмч байжээ.

2017 онд УИХ 23 дугаар тогтоол гаргаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан. Улмаар Эрдэнэт үйлдвэрийг 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болгосон. Тэгвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын нөлөөг бууруулж, аж ахуйн нэгж, өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцах шийдвэр гаргасан.

Харин санхүүжилтийг төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ашгаас нөхөх болсон.

Эх сурвалж:
https://energy.gov.mn/c/1198
https://news.mn/r/2382449/
https://ubinfo.mn/read/8545
https://montsame.mn/mn/read/77205

Factcheck: Бөөн баривчилгаа хийж, хужаа нарыг нь хөөн буцаан авсан САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДООРОО ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн – ҮНЭН 

Дундговь аймгийн Гурван сайхан суманд байрлах Салхитын мөнгөний ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” ХХК эзэмшдэг байжээ. Тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон учир Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу тус ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сард тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр цуцалж, төрийн мэдэлд шилжүүлжээ.

Улмаар 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартайгаар эхлүүлсэн. Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 20 гаруй мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Улсын Их Хурал батлан хэрэгжүүлсэн.

Эх сурвалж:
https://zasag.mn/news/view/21513
https://gogo.mn/r/3qmeg
https://montsame.mn/mn/read/249172
https://ikon.mn/n/1vdn

Factcheck: 50 жил баасанд баригдсан хотоо үмхийгүй болгож цэвэрлэх байгууламж барьж эхэлсэн – ҮНЭН 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ дээрх төслийг тус улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх асуудлыг хөндөж тавьснаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн гэрээ 2019 онд хийгдсэн.

2020 онд Сонгинохайрхан дүүргийн нутагт шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлжээ. Шинэ цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд Барилга, хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консорциум”-ыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Эх сурвалж:

http://eagle.mn/r/65159
https://mcud.gov.mn/a/253
https://ikon.mn/n/1um8
https://ikon.mn/n/1o81

Factcheck: УТААГ 50% бууруулсан – ХУДАЛ

Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргаж, 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын тогтоосон нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр танилцуулсан. 

“www.airvisual.com” вебсайтын 2018-2020 онуудад гаргасан жилийн тайланг харъя. Тус вебсайт нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Европын холбооны “Цэвэр агаараар амьсгалах эрх” төслийн санхүүжилтээр агаарын чанар хариуцсан төрийн агентлагуудын дэмжлэг, тоон мэдээлэлд тулгуурлан дэлхийн 10,000 давсан байршил, 3,058 хотын агаарын чанарын индексийг жилийн 365 өдөр, цаг минутын нарийвчлалтай шууд байдлаар харуулдаг.

Мөн дэлхийн хотуудын агаарын чанарыг тодорхойлохдоо агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг гол үзүүлэлтээ болгодог бөгөөд PM 10, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл болон озоны хэмжээг харуулдаг.

2018 онд Монгол Улс 73 орноос 58.5 гэсэн агаарын чанарын индекстэйгээр 6-д, Улаанбаатар хот 62 хотоос 5-д жагсчээ. Агаарын чанарын индекс 58.5 байна гэдэг нь “Улаан” буюу эрүүл мэндэд хортой, зүрх болон уушгины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэсэн үг.

2019 оны тайланд Монгол Улс 98 орноос, Улаанбаатар хот 85 хотоос 62 гэсэн үзүүлэлтээр 3-т жагссан. Агаарын чанарын индекс 62 байна гэдг нь мөн л “Улаан” ангилалд багтана.

Харин 2020 оны тайланд Монгол Улс 106 орноос 46.6 үзүүлэлтээр 4-т Улаанбаатар хот 92 хотоос 3-т жасгчээ. Агаарын чанарын индекс 46.6 байх нь “улбар шар” ангилалд багтдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд хортой, ялангуяа хүүхэд, амьсгалын замын өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэй гэсэн үг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын индекс 10-аас ихгүй байвал эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Хэдий Монгол Улс агаарын чанарын индексийг 10 дотор барих хол, 2020 онд “Улбар шар” зэрэглэл рүү шилжиж чадсан ч утаа 50% буураагүйг агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд харуулж байна.

Factcheck: Хулхи диплом өвөртөлдгийн эсрэг нарийн мэргэжлийн сургуульд сурч буй оюутан бүрт сар бүр 200,000 төгрөгийн стипенд (тэтгэмж) өгдөг болгосон – ҮНЭН

Засгийн газар 2019 оноос МСҮТ, Политехник коллежийн оюутнуудад сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх “Тэмүжин өрлөг” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болгоно хэмээн хэлж байсан. 

Ингээд 2020 оны хоёрдугаар сард Засгийн газраас ажилгүйдлийг бууруулах чиглэлээр МСҮТ, Политехник коллежийн оюутнуудын тэтгэлгийг 200,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Factcheck: 60 жил хүлээгдсэн НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙГ барьж эхэлсэн – ҮНЭН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан. Үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Гаднах дэд бүтцийг Монгол Улс хариуцан гүйцэтгэсэн бөгөөд Энэтхэг улс газрын тосны үйлдвэр барих гол ажлыг хариуцана. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг хүлээн авах ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ гэжээ. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орно.

Эх сурвалж:
https://mrpam.gov.mn/news/1772/
https://news.mn/r/2100452/
https://ikon.mn/opinion/1bko

Factcheck: ХУРДНЫ ЗАМ, ШИНЭ НИСЭХ БУУДАЛ, замын цагдаагийн ГҮҮР, ЧИНГИСИЙН МУЗЕЙ, ӨВЛИЙН СПОРТЫН ОРДОН барьсан

ХУРДНЫ ЗАМ, ШИНЭ НИСЭХ БУУДАЛ – ХУДАЛ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд Япон Улсад албан ёсны айлчлал хийхдээ анх тус улсын Засгийн газарт санал болгосон. Харин уг төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2006 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Япон Улсын Засгийн газарт тавьсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөж ярилцсан байна.

Үүний дүнд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулж, мөн сарын 29-нд УИХ-аар соёрхон баталсан.

2013 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлж 2019 онд дууссан. Харин У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайдаар томилогдсон.

Замын цагдаагийн ГҮҮР – ХУДАЛ 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьсан. У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон.

ЧИНГИСИЙН МУЗЕЙ – ҮНЭН 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах шийдвэр гаргасан. Бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Музейн барилгыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд 53 тэрбум төгрөгийн төсөвтэй.

ӨВЛИЙН СПОРТЫН ОРДОН барьсан – ХУДАЛ 

“Мөсөн өргөө” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан санаачилжээ. Төслийн гол санхүүжүүлэгч нь “Ачит ихт”, хөрөнгө оруулагчид нь “МАК”, “UFC” зэрэг компани аж. 

Factcheck: Ундны усгүй болсон Улаанбаатарыг 100 жилийн цэвэр усны нөөцтэй болгосон – ХАРААХАН ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ АНУ-ын Мянганы сорилтын корпораци /МСК/-аас Монгол Улстай байгуулах хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурсан. Компакт гэрээний зорилго нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Гэрээний хүрээнд Монгол Улсад 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг АНУ-ын МСК-аас санхүүжүүлнэ. Гэрээний дагуу Монгол Улс МСК-аас олгох буцалтгүй тусламжийн мөнгөөр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэнэ. Үүнд,
Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах
Хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой болгох
Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажлууд ажил багтжээ. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийт санхүүжилт 461 сая ам.доллар. Үүний 111.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар гаргана.

Factcheck: Оюутолгойн луйварчдад толгой дохихгүй гэдийж торгуулийн мөнгөөр нь иргэн бүрт 300,000-ын тусламж өгсөн – ТАШАА

Коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 14 хоногийн хатуу хөл хорио тавьж, ингэхдээ Монгол Улсын 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн. Санхүүжилтийг “Оюу Толгой” компаниас гурван удаагийн шилжүүлгээр орж ирсэн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын өрөөр шийдвэрлэсэн. Гэхдээ татварын өрийн асуудлаар Лондоны арбитрын маргаан үргэлжилж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдээгүй. Гэхдээ ийнхүү иргэддээ мөнгө олгох шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, олгосон юм. 

Тэрбээр энэ талаар ““Оюу Толгой” компани актаар ногдуулсан мөнгийг шилжүүлсэн нь ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Цаашлаад арбитрын маргаан үргэлжиллээ гэхэд багадаа 2-3 жил үргэлжилнэ. Тэр үед нөхцөл байдал сайжирна. Оюутолгойн асуудал эхний байдлаар ингээд үр дүн гараад санхүүжилт нь ороод ирсэн байгаа энэ үед бид эс үйлдэл хийгээд яахав” гэжээ.

Нягталсан: А.Одонтуяа

Төстэй мэдээлэл

Товч агуулга Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 70-90% бага байна. Израильд хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тун эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан. Нягтлах мэдээ Goymedee гэх нэртэй сайт “Вакцины дөрөв дэх тун дархлааг улам сулруулна гэв” гэсэн гарчигтай мэдээ 2021.01.12-нд нийтэлжээ. Уг мэдээнд “Европын […]

uguulleg.com гэх сайт 2021.09.12-нд “ДЭМБ-ын ноцтой мэдэгдэл: 3-р тун хийж байгаа орнуудыг улам титэм вирусыг дэлгэрүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг ороод уншвал… “Гурав дахь тун бол судалгааны шатанд явж байгаа, эрдэмтэд янз бүрийн таамаг гаргаж байгаа ч тэр нь бат.лагдаж, нот.логдоогүй байгаа талаар эрдэмтэд хэлсээр, анх.ааруулсаар байна. […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна. Уг агуулгыг нягталлаа. FACTCHECK: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх […]

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ. Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх