Уул уурхайн нөхөн сэргээлтийн зардлыг хэрхэн бүрдүүлдэг вэ?

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийг төслийг хэлэлцэх гэж байгаа ба уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан.

Тэгвэл уурхайн хаалтын зардлыг хэрхэн бүрдүүлдэг талаар бид нягталлаа.

Уул уурхай ба металлын олон улсын зөвлөл(ICMM) бол уул уурхайн компаниудыг уурхайн бүхий л явцад хаалтыг үр дүнтэй гүйцэтгэх нэгдсэн удирдлагаар хангадаг гол байгууллага бөгөөд тус зөвлөлийн удирдамжийг уул уурхайн хариуцлагатай хаалтын хүрээ хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөдөг байна.

Тийм ч учраас BHP, Rio Tinto, Anglo American зэрэг уул уурхайн үндэстэн дамнасан томоохон компаниуд төлөвлөлтийн эхний үе шатаас эхлээд уурхайг хаах, нөхөн сэргээх хүртэл байгаль орчин, нийгэм, засаглалын тэнцвэрийг хангах үүднээс уг удирдамжийг ашигладаг байна.

Хамгийн гол зүйл болох уурхайн хаалтыг үр дүнтэй хийх санхүүгийн асуудлыг санхүүгийн баталгаа буюу хаалтын бонд гаргах замаар хийдэг байна. Энэ нь тухайн компанид санхүүгийн хүндрэл тулгарсан ч байгаль орчныг нөхөн сэргээх, хог хаягдлын менежмент, аюулгүй байдлыг хангахад зориулж хөрөнгө гаргах нөхцөлийг бүрдүүлдэг.

Санхүүгийн баталгааг уул уурхайн компаниуд янз бүрийн хэрэгслээр дамжуулан ашиглаж болно.

1. Баталгаажуулалтын бонд: Уурхайн хаалтад зориулж баталгаа гаргах хөрөнгийг даатгагч эсвэл банкаар дамжуулан худалдаж авдаг гуравдагч этгээдийн бонд. Үүнд дараах хэрэгслүүд багтдаг.

  • Батлан ​​даалтын бонд: Хаалтын санхүүжилтийг баталгаажуулдаг гуравдагч этгээдийн бонд бөгөөд ихэвчлэн даатгалын компани эсвэл банкаар дамжуулан худалдаж авдаг.
  • Эскроу сангууд: Уурхайн ашиглалтын хугацаанд компаниуд аажмаар мөнгө байршуулдаг, бие даасан тусгай данс эсвэл сан юм.
  • Банкны баталгаа: Компани үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хаалтын зардлыг төлөхөөр санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа.
  • Self-bonding: Зарим тохиолдолд санхүүгийн хувьд хүчирхэг компаниуд өөртөө баталгаа гаргахыг зөвшөөрч болдог ба санхүүгийн эрүүл аюулгүй байдалд тулгуурлан хаалтын зардлыг баталгаажуулдаг. Гэвч энэ нь эрсдэлтэй тул энэ хэрэгслийг ашигласан практик бага байдаг.

2. Дэвшилтэт санхүүжилт: Уурхайн ашиглалтын явцад инфляцыг тогтмол тохируулж, зохицуулалтын шаардлагад өөрчлөлт оруулж, хаалтын зардлыг шинэчилж, уурхайн үйл ажиллагааны явцад тодорхой хэмжээний тодорхой мэдээлэлтэй болох замаар хөрөнгөө аажмаар хуваарилах арга.

3. Хаалтын төлөвлөлт ба зардлын тооцоо: Хаалтын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, тогтмол шинэчилдэг. ICMM-ийн удирдамж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, олон нийтийн оролцоо, хаалтын зардлыг тасралтгүй шинэчлэх зэрэг нэгдсэн арга барилыг санал болгодог. Зардлын тооцоололд ихэвчлэн талбайг нөхөн сэргээх, хог хаягдлыг менежментийг хамааруулсан байдаг.

Ингэхдээ ямар алхмуудыг хийдэг вэ гэхээр

  • Үнэлгээ ба тогтмол хяналт: Уул уурхайн компаниуд төслийн төлөвлөлтийн үе шатанд хаалтын зардлын анхны үнэлгээг хийж, хангалттай хөрөнгө гаргахын тулд эдгээр тооцоог үе үе хянаж байдаг.
  • Талуудын оролцоо: Компаниуд хаалтын стратегийг бүс нутгийн хүлээлт, стандарттай уялдуулахын тулд орон нутгийн иргэд, зохицуулах байгууллага, байгаль орчны мэргэжилтнүүдтэй ихэвчлэн хамтран ажилладаг.
  • Ил тод байдал ба тайлагнал: Санхүүгийн баталгааны байдал, хаалтын төлөвлөгөөний талаар олон нийтэд тогтмол тайлагнаж байх нь оролцогч талуудтай хариуцлага, итгэлцлийг хадгалахад тусалдаг.

Уурхайн хаалтын сангуудыг хүртээмжтэй, найдвартай байлгаснаар уул уурхайн компаниуд ICMM-ийн зарчим болон дэлхийн шилдэг туршлагыг дагаж мөрдөж, уурхайн хариуцлагатай менежментийг хэрэгжүүлж, байгаль орчин болон орон нутгийн иргэдийг хамгаалдаг.

Уран олборлогч компаниудын хувьд уул уурхайн салбарын бусад компаниудын нэгэн адил уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн зардлыг нөхөх хангалттай хөрөнгөтэй байхын тулд санхүүгийн баталгааны дээрх механизмуудыг ашигладаг.

Эдгээр баталгааг зохицуулах байгууллагууд ихэвчлэн үүрэг болгодог бөгөөд байгаль орчны эмзэг байдлыг харгалзан уран олборлолтын тусгай шаардлагад нийцсэн санхүүгийн хэрэгслүүдийг хослуулж ашиглаж мөн болдог байна. Тухайлбал, компаниуд төслийнхөө эцэс хүртэл хүлээхээс илүүтэйгээр уурхайн ашиглалтын хугацаанд аажмаар тус санд хуримтлалаа нэмэгдүүлэх замаар санхүүгийн ачааллыг бууруулж, инфляцыг тохируулсан хаалтын зардлыг нөхөхийн тулд сангуудын өсөлтийг баталгаажуулдаг.

Үүний зэрэгцээ уран олборлох үйл ажиллагаа эхлэхээс авахуулаад дуусаж, нөхөн сэргээлт хийх уурхайн бүхий л мөчлөгийг урьдчилан төлөвлөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг хамгийн түрүүнд харгалздаг. Мөн ил тод байдал, бусад талуудын оролцоог хангах, уурхайн хаалтын тусгай баг ашиглах, байгаль орчны байнгын хяналт, эрсдэлийг бууруулахад анхаарах бөгөөд ICMM-ийн удирдамжийг дагаж мөрдөн ажилладаг.

Уран олборлох томоохон үйл ажиллагаа явуулдаг зарим орны туршлагыг судалж үзэв.

1. Канад 

    Ураны томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулдаг Канадын Саскачеван мужид Камеко, Орано зэрэг компани зөвхөн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг нөхөх зорилготой итгэлцлийн сангуудыг байгуулах шаардлагатай байдаг. Инфляц болон хаалтын зардлын тооцоонд гарсан аливаа өөрчлөлтийг тооцохын тулд эдгээр санг Засгийн газрын эрх баригчид жил бүр хянаж, тохируулдаг байна.

    Тус муж хаалтын төлөвлөлтөд орон нутгийн уугуул иргэдийн шууд оролцоог дэмждэг бөгөөд энэ ил тод байдал нь итгэлцлийг нэмэгдүүлдэг.

    Санхүүжилтийн зохицуулалтад байгаль орчны урт хугацааны мониторинг хийх заалтууд багтдаг ба энэ нь цацрагийн болзошгүй эрсдэлийг мөн харгалдаг байна. Энэ нь тус бүс нутагт уурхай хаагдсаны дараах шилжилт, нөхөн сэргээлтийг амжилттай хийхэд нөлөөлдөг байна.

    Яг л ийм хариуцлагатай зохицуулалтаар нөхөн сэргээлт нь хийгдсэн уурхайн нэг жишээ нь Клафф Лэйк уурхай юм.  Уг уурхайд 1980-2002 онуудад олборлолт хийсэн ба  муж улс нь 2024 онд буцаан хүлээж авсан байдаг. Клафф Лейк уурхай нь нөхөн сэргээлт хийн Канад буцаан хүлээн авсан анхны орчин үеийн ураны уурхай юм.

    2. Австрали

    Австрали улс компаниудад уурхайн зөвхөн хаалтын үед биш, үйл ажиллагааны бүх хугацаанд үе шаттайгаар нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгодог байна. Австралийн Энержи Ресурс (ERA) уул уурхайн компани Хойд нутаг дахь Рейнжер ураны уурхайнхаа хүрээнд нөхөн сэргээлтийн томоохон сан байгуулж, байнгын зардлыг нөхөх зорилгоор үе шаттайгаар санхүүжүүлдэг байна.

    Тус улсын хуулиар уул уурхайн компаниудыг хаалтын зардалд нэн даруй бэлэн байлгах санхүүгийн хэрэгсэл буюу банкны баталгаа, баталгааны бондыг ашиглахыг шаарддаг. Эдгээр санхүүгийн баталгааг байнга хянадаг байна. Түүнчлэн ураны уурхайн хаалтад байгаль орчны хатуу стандартыг мөрддөг байна. Үүнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн өргөн хүрээний үнэлгээ, хаалтын бондоор санхүүжүүлсэн ус, хөрсний чанарын урт хугацааны хяналт зэрэг багтана.

    3. Казахстан

    Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Казахстан улс төрийн өмчит Kazatomprom-той гадаадын түншүүд хамтарсан үйлдвэрүүд байгуулан ажиллахдаа санхүүгийн баталгааг багтаасан өвөрмөц загварыг хэрэгжүүлэхээр гэрээнд тусгасан байдаг байна. Тодруулбал, хаалтын болон нөхөн сэргээлтийн зардлыг хоёр тал хариуцдаг байна. 

    Тодруулбал, ЗХУ-ын үеийн хаягдсан ураны уурхайнуудыг Казахстан улс сэргээн засварлахад зориулж төрөөс санхүүжүүлж, орчин үеийн үйл ажиллагаагаар өр төлбөрийг удирдах жишиг тогтжээ.

    4. АНУ

    АНУ-ын уран олборлогч компаниуд, ялангуяа Wyoming зэрэг мужуудад үйл ажиллагааны зөвшөөрөл авахаасаа өмнө батлан ​​даалтын бонд байршуулах шаардлагатай байдаг байна. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) болон Цөмийн зохицуулах хороо (NRC) нь хаалтын хатуу удирдамжийг хэрэгжүүлэхийн тулд муж улсын засгийн газруудтай хамтран ажилладаг байна.

    Эдгээр сайн туршлага нь ураны уурхайг хаах хариуцлагатай хандлагыг бий болгож, үйлдвэрлэлийн хэрэгцээг байгаль орчноо хамгаалах, олон нийтийн итгэлцлийг хадгалахтай зэрэгцүүлэн тэнцвэржүүлдэг гэж үздэг.

    Хамгийн чухал нь уурхай хаах төлөвлөгөөг эхлүүлэхдээ л өөрчлөгдөж буй зардлыг тооцоолж, санхүүгийн баталгааг тогтмол шинэчлэх аж.

    Өөрөөр хэлбэл, олон улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудын төсөлтэй зэрэгцээд уурхайг хаах төлөвлөгөө хийгддэг бөгөөд санхүүжилтийг урт хугацаанд, инфляцтай уялдуулан бүрдүүлэхдээ бонд, банкны баталгаа гаргах тэргүүн туршлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд олон жилийн дараах зардлыг бүхлээр нь өнөөдөр шууд бэлнээр байршуулдаг туршлага дэлхий дээр байхгүй ажээ.

    Эх сурвалж:

    Уул уурхай ба металлын олон улсын зөвлөл(ICMM)

    Хариуцлагатай уурхайн хаалт зөвлөмж

    Уурхайн хаалтын сайн туршлагууд

    Күйнсландын их сургууль

    Төстэй мэдээлэл

    Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

    Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

    Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

    news.mn сайт 2021.12.21-ний өдөр “Хятад улс албан ёсоор крипто валютыг гаргав” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Дэлхийн олон улсын засгийн газар болон томоохон банкнуудын айдас биеллээ олжээ. Учир нь Хятад улс крипто валют, блокчэйн технологийн салбарт нэг алхам урагшилж, өөрсдийн албан ёсны койноо гаргав. Хятадын засгийн газраас уг шинэ койныхоо маркетинг, худалдан авалтыг “YuanPay […]

    Өөр мэдээ олдсонгүй.

    Хандив

    FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

    Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

    Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

    Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

    Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

    Мэдээлэл хайх