Г.Эрэгзэн: Хүннүгийн өвийн гол цөм Монгол Улсад хадгалагдан үлдсэн гэдгийг дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн гэсэн үг

Монгол Улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүллээ. Ингэснээр уг өв нь зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний үнэт өв болж буй юм. Эдгээр дурсгалт газар нь МЭӨ III–МЭ I зууны үед Евразийг хамарсан нүүдэлчдийн анхны эзэнт гүрэн болох Хүннүгийн төр, нийгмийн зохион байгуулалт, оршуулгын зан үйл, урлаг, олон улсын харилцааг цогцоор нь илэрхийлэх археологийн үнэт өв юм. 

Хүннүгийн язгууртны оршуулгын нийт 10 цогцолбор дурсгалт газар байдгаас томоохон 6 дурсгалт газрыг энэ сарын 25-ны өдөр БНСУ-ын Пусан хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы үеэр Дэлхийн өв хэмээн албан ёсоор бүртгээд байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсгийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч ШУА-ийн археологийн хүрээлэнгийн захирал доктор дэд профессор Г. Эрэгзэнтэй ярилцаж, уг өвийн талаарх мэдээлэлийг тодрууллаа.

Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор гэдэг нь яг ямар дурсгалт газруудыг хамарч байгаа вэ?

-Бид зургаан томоохон дурсгалт газрыг нэг кластер болгон Дэлхийн өвд бүртгүүлсэн. Үүнд Ноён уул, Дуурлиг нарс, Гол мод-1, Гол мод-2, Тахилтын хотгор, Чихэртийн зоо гэх хүннүгийн оршуулгын дурсгалт газрууд багтаж байгаа. Эдгээрийг сонгосон шалтгаан нь сүүлийн зуу орчим жилийн хугацаанд хамгийн өргөн хүрээтэй археологийн судалгаа хийгдсэн, мөн Хүннүгийн язгууртны хамгийн том оршуулгын газрууд гэдэг үндсэн дээр сонгож нэр дэвшүүлсэн. Эдгээр цогцолбор дахь булшны зохион байгуулалт, бүтэц, тэндээс гарсан олдворууд нь  Хүннүгийн ахуй соёл, эдийн соёл, оюуны соёл, төрийн байгуулал, нийгмийн бүтэц, гадаад харилцааны талаарх  мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж байдаг. Үүнээс гадна Хүннүгийн улс төрийн төв өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт байсныг нотлох хамгийн чухал археологийн баримтуудын нэг нь эдгээр дурсгалт газар юм. Тиймээс дэлхий дээр байгаа Хүннүгийн оршуулгын цогцолбор газруудаас хамгийн үнэ цэнтэй зургаан дурсгалт газар гэж хэлж болно.

Эдгээр дурсгалыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэнээр Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

-Хамгийн түрүүнд Хүннүгийн өвийн гол цөм Монгол Улсад хадгалагдан үлдсэн гэдгийг дэлхий нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж байна гэсэн үг. Хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс, угсаа гарвал мөн гэдгийг баталгаажуулахад маш чухал ач холбогдолтой. Хоёрдугаарт, энэ өв зөвхөн Монголынх биш, дэлхийн хүн төрөлхтний үнэт өв мөн гэдгийг ЮНЕСКО-оор хүлээн зөвшөөрүүлж байгаа хэрэг. Мэдээж бүртгэгдсэнээр зөвхөн эрх биш, үүрэг ч бий болно. Монгол Улс эдгээр дурсгалыг олон улсын жишгийн дагуу хамгаалах, хамгаалалтын захиргаа байгуулах, хадгалалт хамгаалалтыг улам сайжруулах үүрэг хүлээж байгаа. Бидний хамгийн эхний зорилго бол энэ өвийг өнөөдрийн байгаа байдлаар нь хойч үедээ бүрэн бүтэн үлдээх юм. Үүний дараа аялал жуулчлалын талаар ярих боломжтой. Дэлхийн өвийн жагсаалтад багтсан дурсгалуудыг үзэх сонирхол жуулчдад өндөр байдаг. Тиймээс эдгээр дурсгалт газрыг хамгаалалттайгаар аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлснээр орон нутгийн хөгжил, эдийн засагт  бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

-Дэлхийн өвийн хорооны хурлын сэтгэгдлээс хуваалцаж болох уу? 

– Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монголын археологичдын олон жилийн хөдөлмөрийн бодит үр дүн байлаа. Олон жил судалж, өөрсдийн гардаж хийсэн ажлаа дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг судлаач хүний амьдралд тэр бүр тохиохгүй бахархалт мөч. Бидний хувьд энэ бол тийм л түүхэн үйл явдал болж байна. Мөн Манай нэр дэвшүүлсэн өв ямар нэгэн эсэргүүцэл, нэмэлт засварын саналгүйгээр Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь бахархалтай байлаа. Чуулганы үеэр хэлэлцсэн бусад орны зарим өвд нэмэлт тайлбар, засвар шаардсан бол Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг санал нэгтэйгээр богино хугацаанд дэмжсэн нь Монголын судлаачдын олон жилийн хөдөлмөр, судалгааны чанарыг олон улсын түвшинд үнэлсэн чухал амжилт болсон юм. 

ЮНЕСКО-ийн 1972 оны Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцын хэрэгжилтийг хангадаг гол байгууллага болох Дэлхийн өвийн хороо нь 21 гишүүн улсаас бүрддэг. Тус хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинэ өв бүртгэх, өвийнхамгаалалтын байдлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргах үндсэн үүрэгтэй. Монгол Улс уг конвенцод 1990 онд нэгдсэн бөгөөд 2025 онд анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдон 2029 он хүртэл ажиллах юм. Энэ нь Монгол Улсад дэлхийн өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд оролцохын зэрэгцээ үндэсний соёл, байгалийн өвөө олон улсад сурталчлах чухал боломж болж байна. 

Монгол Улсаас өмнө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд Соёлын өвийн ангиллаар:

Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004),

Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011),

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015),
Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал (2023).

Байгалийн өвийн ангиллаар:

Увс нуурын ай сав (2003),
Монгол дагуурын ландшафт (2017) 

Хүннүгийн оршуулгын цогцолборт багтаж буй газрууд:

1. Ноён уул

2. Гол мод-1

3. Гол мод-2

4. Дуурлиг нарс

5. Чихэртийн зоо

6. Тахилтын хотгор

Ц.Ану

Төстэй мэдээлэл

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм. …Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья. Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний […]

Би тамхичин. Биш ээ, электрон тамхичин. Нэг их ялгаагүй дээ. Өглөө босуутаа нуухаа ч аваагүй байж вэйпээ хайн тэмтэчнэ. Сорохын төдийд л хэчнээн сайхан болдог гээч. Тэр даруй уушги хүндрэх нь мэдрэгдээд л. Ухаан санаа балартан, дүйнгэтэх нь таатай ч юм шиг. Гэхдээ орноосоо босох эрч хүч дараа нь огт байхгүй болчихдог. Орондоо хэвтээд л […]

Ахмадын тэтгэврийн зээлийн талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүхээс тодрууллаа. Тэрбээр ахмадуудын зээлийн хугацааг сунгаж, хүүг бууруулахыг арилжааны банкуудаас шаардах нь төрийн хийх ажил биш гэдгийг тодотголоо. -Ахмадуудын тэтгэврийг зээлээр олгож байгаа талаар та ямар байр суурьтай байдаг вэ? -Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад […]

Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр пэйж 2026.06.21-нд дараах постыг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дээр ашигласан зурагт Их Британийн Эрүүл мэндийн яам буюу Department of healt гэсэн эх сурвалж дурдаад “Цахилгаан болон халаадаг тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэж бичэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн томоохон байгууллагуудын логог оруулжээ. Factcheck […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх