Тамхичин миний өчил

Би тамхичин. Биш ээ, электрон тамхичин. Нэг их ялгаагүй дээ. Өглөө босуутаа нуухаа ч аваагүй байж вэйпээ хайн тэмтэчнэ. Сорохын төдийд л хэчнээн сайхан болдог гээч. Тэр даруй уушги хүндрэх нь мэдрэгдээд л. Ухаан санаа балартан, дүйнгэтэх нь таатай ч юм шиг. Гэхдээ орноосоо босох эрч хүч дараа нь огт байхгүй болчихдог. Орондоо хэвтээд л баймаар, вэйпээ сороод л, хэвтээд л, хэвтээд л…

Анх би вэйпийг 16 настайдаа сорж үзсэн, ангийнхаа хүүхэдтэй мөнгөө “гуялан” байж дэлгүүрээс авч билээ. Тэгтлээ вэйпэд хорхойсож байлаа л даа. Оюутан болоод хэрэглээний мөнгөөрөө вэйп худалдаж авдаг болсон, ингээд таван жил үүнийг хэрэглэжээ.

Ер вэйпээ алга хийчихвэл галзуурсан юм шиг л хайна. Заримдаа мөнгөгүй болох үед байж ядна. Ядахдаа хямдаар нь тамхи ч болтугай 250 төгрөгөөр аваад татчихъя гэж бодно.

Танил сонсогдож байна уу? Ингэж л өсвөр насны хүүхдүүд никотинд донтож эхэлсэн байдаг. Харамсалтай нь урд тархи нь гүйцэт хөгжих 25 нас хүрэхээсээ өмнө никотинд донтсон бол энэ нь насан туршид нь үргэлжлэх магадлал өндөр аж. 

Өглөө босоод л электрон тамхи татах хүсэл хаанаас төрөөд байна вэ?
Яагаад татахын төдийд санаа амран булчин суларч, дараа нь эрч хүч шавхагддаг вэ?
Хэчнээн ядарсан ч дахин дахин татах хүсэл яагаад ундраад байдаг юм бол?

Хамаг учир никотинд бий. Сорох төдийд л никотин уушгиар дамжиж цусанд ороод, хэдхэн секундийн дотор тархинд хүрнэ. Улмаар тархинд “допамин” буюу аз жаргалын дааврыг ихээр ялгаруулна. Гэхдээ хуурмагаар. Тархи гэнэт бөөн аз жаргал мэдрээд л, бүх асуудал шийдэгдчихсэн юм шиг таашаал төрдөг байна. 

Энэ хуурамч мэдрэмж ердөө хэсэгхэн зуурынх л аж. Удалгүй допамин эргээд огцом унаснаар бие өмнөхөөсөө бүр илүү ядарч, сэтгэл санаагаар унаж, түгшиж эхэлнэ. Буцаад хэвийн байдалдаа орохын тулд тархи дахиад л өнөөх “гоё” мэдрэмжээ нэхэж эхэлнэ. Үүнийг л донтолт гэх.

Жонс Хопкинсын судлаачдын тогтоосноор, электрон тамхинаас гарах уур нь гэм хоргүй биш буюу найрлагадаа хэдэн мянган үл мэдэгдэх химийн бодис, амт оруулагч, хар тугалга, никель зэрэг хүнд металл агуулсан аэрозоль юм. Сорох төдийд энэ хорт нэгдэл никотины хамт тархинд хүрэхээс гадна бөөрний дээд булчирхайг цочроож, адреналиныг огцом ялгаруулдаг. Зүрхний цохилт хурдсаж, цусны даралт ихсэхийн зэрэгцээ уушгины нарийн эд эсүүд үрэвсэх нь уушги хүндрэх, амьсгаа давчдах гол шалтгаан болдог гэнэ. 

Яагаад өсвөр насныхан үүнд илүү хурдан донтдог талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) гаргасан тайланд,

Өсвөр насны хүүхдийн тархи никотинд донтох хурд насанд хүрэгчдийнхээс хэд дахин өндөр байдаг. Ийн донтсоноор тархины мэдрэлийн эсүүдийн холбоосыг насан туршид нь гэмтээх эрсдэлтэй. Никотин нь анхаарал төвлөрөх, суралцах чадварыг бууруулаад зогсохгүй урамшууллын системийг дарангуйлж, допамин буюу аз жаргалын дааврын ялгарлыг бүрэн хянадаг. Вэйпгүй үед бухимдах, сорж байж л тайвшрах нь хар тамхины хамааралтай ижил түвшний сэтгэцийн өөрчлөлтийг үүсгэдэг гэжээ.

Никотин нь маш хүчтэй донтуулах үйлчилгээтэй, мөн эрүүл мэндэд гоц хор хөнөөлтэй. Никотин агуулсан электрон тамхи хэзээ ч аюулгүй биш гэдгийг эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн олон кэйс нотолдог. Түүнчлэн, өвчний тархалтын хэд хэдэн судалгаанд электрон тамхи хэрэглэх нь уламжлалт тамхинд донтох эрсдэлийг, ялангуяа өмнө нь тамхи татаж үзээгүй өсвөр үеийнхний дунд 3-5 дахин нэмэгдүүлдэг гэжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Дараагийн үеийг урхидах нь: Тамхины үйлдвэрүүд залуу хэрэглэгчдийг хэрхэн өөртөө татдаг вэ?” гэх тайландаа “Уламжлалт тамхины хэрэглээ огцом буурч байгаа учраас тамхины бизнесийнхэн орлогоо хадгалахын тулд шинэ үеийнхнийг онилж байна. Ингэхдээ 16,000 гаруй төрлийн амт оруулагч, өсвөр үеийнхэнд зориулсан загвар бүхий электрон тамхи зэрэг шинэ бүтээгдэхүүнээр дамжуулан хүүхэд, залуусыг никотинд донтуулах стратеги хэрэгжүүлж байна” хэмээн анхааруулсан.

Эцсийн дүндээ өнөөгийн өсвөр насны хүүхдүүд үндэстэн дамнасан корпорацуудын нарийн тооцоолсон бизнесийн золиос, мөнгө олох хэрэгсэл болон хувирч байгааг бид ухаарах цаг нэгэнт иржээ.

Хаа сайгүй, захын хүнсний дэлгүүр бүрд зардаг нүд булаам загвар хийцтэй, чихэр жимсний амттай тэдгээр электрон төхөөрөмж бол гэнэ сэргүй олон мянган хүүхдийг урхидах хамгийн нарийн, харгис арга хэрэгсэл аж.

Өсвөр үеийнхэн бие махбод, сэтгэлзүйн эрүүл мэнд, залуу насаараа хохирч, үхэн хатан донтож байхад, томоохон корпорацууд тэрбум тэрбум долларын ашиг олсоор. Хүүхдүүдийн уушгинд орох хорт бодис бүрээр данс нь зузаарч, ТҮЦ-д ширхэг тамхинаас өгөх 250 төгрөгийг хүртэл хуу хамсаар байна. 

Би тамхичин. Дөчин жил үүнийг татлаа. Амьсгалахад уушги цээж хэржигнэн шуухитнах нь зовуурьтай гэж. Хэд гуравхан ханиахад л хатгаа туссан шиг өвдөнө гээч. Гурван давхрын шатаар мацах тухай ярих юм биш. Жаахан л алхвал амьсгал давхцах, бачуурах зэрэгцээд бурхны орныг зорихоо шахах юм. Тэгвэл ер нь хаашаа ч хөдлөлгүй, орондоо хэвтээд л байя. Хэвтээд л, хэвтээд л, хэвтээд л…. 

Янжуур ч, электрон тамхи ч аль аль нь эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөтэй тул бүх төрлийн тамхинаас хүүхдүүдээ хамгаалъя. 

Төстэй мэдээлэл

Энэ сард бид хүүхдүүдийн сахарын хэт өндөр хэрэглээг сонгон авч, хөндөж байна. Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн эрүүл мэндийн статистикт бага насны хүүхдүүдийн өвчлөл тодорхой чиг хандлагатайгаар өсөж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ насны хүүхдүүдийн тэргүүлэх өвчлөлийн жагсаалтыг амьсгалын тогтолцооны өвчин жил бүр тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ч хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр […]

Арванхоёрдугаар сарын турш Factcheck.mn бага насны хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн. “Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээх энэ үгийг бүх хүн мэддэг боловч мэдэхээс цаашгүй болжээ. Монгол Улсад шүдний асуудалгүй айл өрх гэж байхгүй болсныг мэргэжлийн хүн хэлж байна. Гол нь энд зөвхөн шүдний асуудлыг яриад байгаа биш, түүнээс үүдсэн бусад өвчлөл […]

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

Дахин нийтлэв… ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр […]

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм. …Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья. Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх