Хаврын уралдааныг ЗААВАЛ зохион байгуулъя!

Өнгөрсөн Цагаан сараар УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Тод манлай уяач Д.Даваахүү “Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг” гэлээ. Урин дулаан цагт л зөвхөн морин уралдаан зохион байгуулснаар морины соёл Монголд төдийгүй дэлхийд хагас үлдэж буй тухай санаа нь их л чилээрхсэн янзтай хэллээ. Н.Учрал дарга хариуд нь “Зүүн бүсүүдээр уулзалт хийлээ. Зарим залуус хэлэхдээ, биднийг орон нутагт байлгаж байгаа гол шалтгаан адуу. Хавар өвлийн уралдаанд л морио уралдуулах гэж хөдөө байгаа гэж ярьж байсан. Тиймээс бид (төр) цаашдаа энэ морин уралдааныг зөв зохион байгуулж, тэднийгээ тасралтгүй дэмжиж чадвал хөдөө сургууль барьснаас илүү амьдрах нөхцөл бүрдэх юм байна гэж бодсон. Тэгэхээр одоо тал бүрийн төлөөллийг оролцуулаад шийдэлд хүрэх цаг ирсэн” хэмээн айлдав.

Шийдэлд хүрэх цаг болсон гэж тэр юуг хэлнэ вэ?

Уг нь хүүхдээ хамгаалангаа өв соёлоо үлдээе гэдэг шийдлийг 2019 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай 57 дугаар тогтоолоор баталсан. Уг тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг зохион байгуулахыг бүрэн хориглосон байдаг. Энэ бол тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн аюулгүй байдлыг бодож гаргасан чухал шийдвэр бөгөөд шийдэл байсан юм.

Харин уг тогтоолд 2025 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 41 дүгээр тогтоолыг баталсан. Уг өөрчлөлтөөр хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг оролцуулахгүй байх, энэ асуудалд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааныг өвөл, хаврын улиралд зохион байгуулахыг нь хуулиар зөвшөөрсөн. Гагцхүү 18 нас хүрээгүй хүүхэд унаж болохгүй гэдэг хууль яг одоо мөрдөгдөж байна гэсэн үг. Гэтэл өнгөрсөн сараас хойш Монголын морин спорт, уяачдын холбооноос удаа дараа өвөл, хаврын уралдааныг хүүхдийн аюулгүй байдлыг ханган эргээд зохион байгуулдаг болгох талаар мэдэгдээд байна. Тэд өвөл, хаврын хахир цагт ЗААВАЛ хүүхдээр унуулж байж өв соёл хадгалагдана хэмээн үзэж байгаа юм. Тэгж байж морины соёл дэлхийд бүрэн үлдэнэ гэж алдарт уяач Д.Даваахүү маш тодоор манлайлан хэлснийг дээр өгүүлсэн.

Хуулиа ч дагая, түүх соёл, өв уламжлалаа ч дагая

Тиймээс хуулиа дагаад хаврын хурдан морины уралдаанаа хуулийнхаа дагуу өвөл, хаврын улиралдаа ч зохион байгуулахыг уриалж байна. Ингэхдээ мөн хуулийнхаа дагуу 18-аас дээш буюу насанд хүрсэн унаачаар унуулъя. Эрийн гурван наадам бол энхийн цагт ч дайн байлдаанд бэлэн байх бэлтгэл сургуулиас эхтэй гэдгийг түүхч, судлаачид хэлдэг.

Манай монголчууд эрт үеэсээ 8-13 насны хүүхдээ хурдан моринд мордуулаад дайнд явуулдаг байсан баримт одоогоор АЛГА.

Харин бүртгэгдсэнээр сүүлд Манжийн үед одоогийн морин уралдааны хэлбэрээ олсон тухай ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр маш сонирхолтой санаа хэлэхдээ “Бидэнд яг тэдий үеэс хүүхэд хурдан морины уралдаанд уралдаж эхэлсэн гэдэг тоо баримт байхгүй. Гэхдээ олон сэжүүрээр гаргаж ирж болно л доо. Чингис хаан, хөвгүүдээ идэвхтэй баатар болгохын тулд бөх барилдуулж, харваж намнуулж, хурдан морь унуулж сургах тухай Ил хаант улсын сурвалж дээр маш тодорхой тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь “Нууц товчоо” ч юм уу, манай өөрийн сурвалж дээр үлдээгүй шалтгаан бол тэдгээр нь баяр, наадам бус, өдөр тутмын зан үйл, амьдралын хэвшил тул онцгойлж тодорхойлоогүйтэй холбоотой.

Харин хожим тухайлбал, Халх журамд 18, 19-р зууны манай эрх зүйн сурвалж баримт бичгүүд дээр хурдан морины уралдааны анхны мэдээллүүд гарч эхэлдэг. Түүн дээр хүүхэд уралдаад ирэхэд мориноосоо унах юм бол яах тухай, хүүхдэд нь гүйж орвол барианд орсонд тооцно ч гэдэг юм уу, өөрөөр хэлбэл анхан шатны дүрэм шинжтэй зүйлс харагддаг. Энэ үед өнөөгийн уралдаан хэлбэржиж тогтож эхэлжээ гэж үзэж болохоор. Түүнээс өмнө уралдаж байсан ч эрэлт, шаардлага нь өөр байсан.

Цаашилбал Манжийн хааны төрийн ёсны зан үйл, баяр цэнгэлийн зургууд нэлээд байна л даа. Энэ дунд Манжийн хаад төрийн томоохон ёслол хийхэд тэнд нь монголчууд үйлчилж байгаа, ноёд нь мөргөж байгаа байдалтай ийм зургууд бий. Түүн дотор монгол бөхчүүд барилдаж, эрчүүд харваж, хурдан морь унасан хүүхдүүд уралдаж байгаа дүр зураг үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, 17-р зууны сүүлч 18-р зуунаас хойш хурдан морины уралдааны өнөөгийн хэв шинж аажмаар хэвшиж тогтжээ. Жишээлэхэд бидний сайн мэддэг даншиг наадам байна. Даншиг наадамд их насны морь, соёолон морь, хязаалан морь уралддаг байсан. 20-р зуун гараад даага, шүдлэн, жороо морь гэх мэт нэмэгдээд уралдаж эхэлсэн. Дагаад хүүхэд унадаг ёс журмууд нарийсаад явсан байна. Тэрнээс биш бидэнд огт байгаагүй, сүүлийн үед ороод ирчихсэн соёл гэж үзэх нь бас өрөөсгөл.

Бид яагаад хүүхдээ уралдуулж унуулаад байна вэ гэхээр, түүхээ уламжлалаа, өв соёлоо хүүхдээр дамжуулж өвлүүлж, уламжлуулж байна. Харин өнөөдөр энэ маань яг тэр ёсоороо уламжлагдаж байна уу, үгүй юу? Тэр мөн чанараа хадгалж чадаж байна уу, үгүй юу? Хэлбэрийн төдий орчихоод цаанаа ашиг хонжооны өөр зүйл яваад байна уу, үгүй юу? гэдэг асуудал бас байна” хэмээн тайлбарласан. 

Чухам уг Халх журамд оруулж, анхны гэхээр шинжтэй дүрэм тохирсон байхыг харвал энэ үеэс л хурдан морийг хүүхдээр унуулж албан ёсоор уралдаан зохион байгуулж иржээ. Манай зүүн бүс Манжийн хааны адуун сүргийн гол түшиц газар байсан. Түүх соёл, өв уламжлал талаас харахад хүүхдээр хурдан морь унуулж уралдуулаад, түүнийг нь ноёд харж зугаацан цэнгээд суудаг түүх ийм ажгуу.

Нөгөө талаас хүүхдээр хурдан морь унуулах нь тэдний амь нас, эрүүл мэндэд халтай байдаг тухай цөөн хэдэн тоог цухас дурдъя, хэдийгээр энэ улсын “том”-чууд тоодоггүй ч гэсэн. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын статистик мэдээллээс үзвэл сүүлийн 9 жилийн хугацаанд нийт 3,400 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн тохиолдол бүртгэгджээ.

Жилд дунджаар 380 орчим хүүхэд мориноос унадаг гэсэн үг. Энэ хугацаанд нийт 46 унаач хүүхэд амиа алдсан гэж ХЭҮК-оос мэдэгдсэн. Эндээс эрүүл ухаантай хүн бол хүүхдийн амиар зугаацахаа зогсоох ёстойг ойлгоход тийм ч өндөр ёс суртахуун, соёл, уламжлал хэрэггүй.

Төгсгөлд нь байгаль цаг үе талаас нь харъя. Уяачид “Өвөл, хавар комбинзон өмсгөөд уралдуулахад хүүхэд даардаггүй” хэмээн тайлбарладаг.

Гэтэл -12-оос -20 хэмийн тэсгим хүйтэнд, салхи сөрөн давхиж буй 7-10 настай хүүхдийн бие махбодод ноцтой эрсдэл учирдгийг анагаах ухааны судалгаагаар тогтоосон байдаг. Харин насанд хүрсэн хүн бол өөр. Тэд хүйтнийг даах чадвар хүүхдээс хамаагүй илүү. Тиймээс конбинзон өмсөөд уралдахад даарахгүй гэдгээ томчууд өөрсдөөрөө нотолж, насанд хүрсэн хүнийг хаврын хурдан морины уралдаанд уралдуулахыг дахин уриалъя.

Том хүнээр унуулах бас нэгэн шалтгаан

Өнөөгийн уралдаанд давхиж буй морьд бол дийлэнх нь эрлийзэжсэн. Үүнийг батлах тоог сонирхуулъя.

Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл Монголд 5.1 сая адуу бүртгэгдсэн. Үүнээс 26 орчим хувь нь эрлийз гэх мэдээлэл бий.

Эрлийз адууны дийлэнхийг уралдааны зорилгоор ашигладаг гэж малчид, уяачид ярьдаг. Уралдаанд зориулж монгол морио эрлийзжүүлж буйн шалтгаан тодорхой.

Эрлийз адуу өндөр, хүчтэй, хурдтай. Гэвч тэдэнд монгол адуунд байдаг нэг чанар дутдаг. Тэр нь унаач хүүхдээ “мэдэрдэг” чанар. Судалгаанд дурдсанаар эрлийз адуу нь унасан хүүхдийг мэдэрч зогсох, зай барих зан төлөв сул, харин ч гишгэх, чирэх эрсдэл өндөр байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, морь хурдтай, хүчтэй болох тусам хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учруулах эрсдэл огцом ихэссэн хэрэг. Харин эрлийз морины тэр хүчийг насанд хүрсэн хүн бол даана. Магадгүй өвөл, хаврын салхи жавар хүйтэн гэвэл “Комбинзон өмсгөөд уралдуулахад хүүхэд даардаггүй” хэмээн уяачдын хэлснийг эргэн санах хэрэгтэй. Тиймээс нэгэнтээ элрийз морь дийлэнхдээ уралддаг болсон үнэн тул үүндээ таарсан нас биед хүрсэн хүнээр хаврын хурдан морины уралдаанд уралдуулахыг дахин уриалъя.

Эцэст нь

Энэ оны гуравдугаар сарын 5-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анхны хурлаа хийх үеэр тухайн үеийн Ерөнхий сайд, тус зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар “Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглосон боловч хаврын морин уралдааныг хориглоогүй юм билээ. Шүүхийн шийдвэр ч гэсэн адил. Хаврын морин уралдаанд насны хязгаар тогтоосон байгаа. Насыг л заагласан болохоос хориогүй. Тэгэхээр уяачдын холбоо болон хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд суугаад, хэлэлцүүлэг хийгээд, энэ асуудлыг нэг мөр болгож цэгцэлмээр байна” гэсэн бөөрөнхий хариулт өгөөд өнгөрсөн.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэнтээ хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн тогтоолыг өнөөгийн Ерөнхий сайд Н.Учрал хүчингүй болгож, хөдөө сургууль барихаас илүүтэйгээр хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг эргэж сэргээвэл тэрбээр олон улсад Монгол Улсын хүлээсэн үүргээсээ буцаж, унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлснээс ялгаагүй болно.

Тийм ч учраас хуулиа ч дагаад, өв соёл, уламжлалаа ч дагаад насанд хүрсэн унаачтай хурдан морины хаврын уралдаанаа ЗААВАЛ зохион байгуулахыг эцэст нь дахин нэг уриалъя.

Төстэй мэдээлэл

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов. Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Монголчуудын ондоошлыг төдийгөөс өдий хүртэл хадгалж, хамгийн их хүндэтгэл мэдрүүлж, язгуурыг сэргээдэг сар шинийн баяр хаяанд иржээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Цагаан сараар заавал дагаж мөрддөг уламжлал ба заншлаас хүргэж байна. Цагаан сарын баяр Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гэдэг ч Монгол Улсын түүхэн цаг хугацааны туршид шарын […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.25-нд “О НАСНААС НЬ ТОВЛОЛТ ВАКЦИН НЭРТЭЙ ХОР ШАХУУЛСАН ХҮҮХДҮҮД БАРАГ БҮГД АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ МУУТАЙ БОЛСОН!!!” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: Төрсөн цагаас нь хойш хийдэг вакцинууд хүүхдийн анхаарал төвлөрөлтэй холбоотой эмгэг үүсгэдэггүй болохыг батлах гурван том судалгаа байдгийг Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн Вакцины боловсролын төвөөс мэдээлсэн байна. Эхнийх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх