Х.Бат-Эрдэнэ: Хаврын уралдаан ч бай, зуны бүсийн уралдаанууд ч бай хүүхэд унаж, гэмтэж, эндэж, гэмтэж байсан тохиолдол байдаггүй – ХУДАЛ

Товч агуулга

  • ММСУХолбоо нь Их хурд, Улсын наадам, Бүсийн уралдаан, Холбоодын уралдаан, Англи, Араб морьдын уралдааны зохион байгуулдаг. 
  • Тус холбооны зохион байгуулдаг хурдан морины уралдаануудын үеэр хүүхэд унаж, бэртсэн олон тохиолдол нээлттэй байна. 
  • 2017 оны байдлаар Дүнжингарав уралдааны үеэр л гэхэд нэг хүүхэд амь насаа алдаж байжээ. 

Монголын морин спорт, уяачдын холбоо НҮТББ-ын Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ NTV телевизэд өгсөн ярилцлагадаа уламжлал болсон хаврын морин уралдааныг цаашдаа тогтмол зохион байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлэх үеэрээ дараах мэдээллийг өгөв.

“Хаврын уралдаан ч бай, зуны бүсийн уралдаанууд ч бай Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулалттай хийж байгаа уралдаанууд дээр энэ олон жилийн хугацаанд бол хүүхэд унаж, гэмтэж, эндэж, гэмтэж байсан тохиолдол байдаггүй. Нэг улсын аварга малчин ч юм уу, нэг цолтой хүний өөрийн хувийн зохион байгуулалтгүй, хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, зам харгуйгаа бэлдээгүй ийм байдлаас болоод дур мэдэн хийсэн уралдаануудаас болоод хүүхдүүдийн бэртсэн, эндсэн тохиолдлууд байдаг. Энийг бүгдийг нь төв холбооны зохион байгуулсан уралдаан дээр хүүхдүүд л гэмтэж бэртээд байдаг юм шиг буруу ойлголт яваад байдаг. Холбоо байгуулагдаад өдий 30 жил болохдоо Их хурд, бүсийн уралдаан, хаврын Дүнжингарав зэрэг уралдаануудаар хүүхэд эндээд, хүүхэд гэмтэж бэртээд явсан тохиолдол бол байхгүй шүү дээ. Ганц, нэг мориноос унасан хүүхдүүдийн тоо бол байдаг. Гэхдээ хүндээр гэмтэж, бэртсэн хүүхдүүд бол байдаггүй” гэжээ.

Түүний хэлсэн үгийг нягталлаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны албан ёсны нэгдсэн сайт болох https://www.morinerdene.mn/ ийн мэдээллээс харвал тус холбоо Их хурд, Улсын наадам, Бүсийн уралдаан, Холбоодын уралдаан, Англи, Араб морьдын уралдааны зохион байгуулдаг байна.


Монголын морин спорт, уяачдын холбооны санал санаачилгаар Засгийн газрын шийдвэрээр “Дүнжингарав” хурдан морины уралдааныг зохион байгуулах болсон бөгөөд тус холбооны Тэргүүлэгчид 2026.01.13-ны өдөр хуралдаж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаснаа мэдээлжээ.

Хавар, өвлийн болон бүсийн хэмжээний хурдан морины уралдааны үеэр нээлттэй байгаа мэдээллүүдийг шүүж үзлээ.

  • 2015.02.26-нд болсон Төвийн бүсийн хаврын “Дүнжингарав 2015” уралдаанд 202 унаач хүүхэд оролцож, 11 нь унаж бэртсэн байна.
  • “Дүнжингарав-2016” уралдааны үеэр 19 хүүхэд мориноос унажээ. Тэднээс хоёр хүүхдийн шилбэний доод яс хугаралттай байж болзошгүй гэсэн оношийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн тавьж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн.
  • 2017 оны байдлаар Дүнжингарав хурдан морины уралдаанаар нийтдээ 50 гаруй унаач хүүхэд мориноос унаж, 16 хүүхэд хүндээр бэртэн, НЭГ хүүхэд амь насаа алдсан байдаг. 
  • 2018 оны Дүнжингарав хурдан морины уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж 3 хүүхэд хүнд хэлбэрийн гэмтэл авсан байна. Мөн 2 хүүхэд үзэгдэх орчны хязгаарлагдмал байдал, уралдааны зохион байгуулалт муу байснаас машин мөргөж ухаан алдсан, 1 хүүхдийн шилбэний яс хугарсан зэргээр 20 гаруй унаач хүүхэд бэртэж гэмтжээ.
  • 2025.08.08-10-нд Хүй долоо худагт болсон “Их хурд-10” хурдан морины уралдааны үеэр хурдан морь уралдаанч хүүхдэд тавигдах шаардлагыг хангаагүй болон морьдын хэмжилтэд шаардлага хангаагүй байна. Энэ уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унажээ. Эрлийз бага насны морины уралдаанаар 4 хүүхэд мориноосоо унаж, 1 хүүхэд хүндэвтэр гэмтэл авчээ.
  • ХЭҮК-ын мэдээллээр 2025 онд болсон бүсүүдийн хурдан морины уралдааны үеэр нийт 51 унаач хүүхэд гэмтсэн талаар өнгөрсөн онд мэдээлж байв.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Хурдан мориноос унаж амь насаа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав” нийтлэлдээ “Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх нь түгээмэл ажээ” гэдгийг дурджээ. Уг нийтлэлд Дотрын эмч, доктор Т.Баясгалан хэлэхдээ “Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй. Хэдий тийм ч бага насандаа уралдааны морь унаж байсан гэх бөөр, давсагны өвчлөлтэй хэд хэдэн хүн хандаж байсан. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай” гэжээ. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс мөн эш татвал “Улсын хэмжээнд 2013-2015 оны 2002 хүүхэд мориноос унаж гэмтэл авсан бөгөөд 6 хүүхэд үхсэн байна. Хаврын морин уралдаанд бэлтгэж, уяа, сунгааг өвөл хийх ба гадаа -15 хэмтэй, салхины хурд 10 км/цаг байхад агаарын хэм -21 хэмийн хүйтэнтэй тэнцэж, хөлдөлт 30 минутад үүсэх боломжтой билээ. Хүйтний улирлын байгаль цаг уурын нөлөөтэйгөөр зузаан хувцаслах, хамгаалалтын хэрэгсэл өмсөхгүй байх зэргээс шалтгаалан хүүхдийн бэртэл, гэмтлийн зэрэг хүндрэх, насанд хүрсэ хойноо дотор эрхтэн, тулгуур эрхтэн, мэдрэлийн эмгэгтэй болох эрсдэл маш өндөр байна.

Мөн улсын хэмжээнд уралдаанд оролцсон 529 хүүхдээс судалгаа авахад 52.3 хувь нь ямар нэгэн байдлаар мориноос унаж байсан, 22.6 хувь нь хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гэмтсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан гэжээ. Үүний зэрэгцээ 71.6 хувь нь бэртэл гэмтэл хамгийн их гардаг улирлаар өвөл, хаврын улирал гэж онцолсон байна” гэжээ.

Эдгээр баримт, мэдээллээс харвал Монголын морин спорт, уяачдын холбоо НҮТББ-ын Дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ NTV телевизээр дамжуулан ХУДАЛ мэдээллийг олон нийтэд өгсөн байна.



Төстэй мэдээлэл

Хур бороо, хуй салхи ээлжилсээр зуны сар хэдий нь дундаа оржээ. Дэлгэцийн ард өнгөрүүлэх урт өдрүүдээс түр ч болов холдоод өөрийн дотоод ертөнц шиг өвөрмөц хийгээд өнгөлөг газар эморохыг хүсвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавыг зориорой. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 400 орчим километр, харин Улаанбаатар хотоос 870 гаруй километр зайд […]

Товч агуулга: Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг Unurtsetseg Naran гэх фэйсбүүк хуудсаараа “Бидний хэрэглэж буй хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизмын үндэс болоод байнаа нөхөд өө. Усан үзэм их идвэл аутизмтай хүүхэд төрөөд байнаа гэж эмч нар хэлж байна…” гэсэн агуулгатай пост 2026.09.10-нд оруулжээ.  Энэхүү постын агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.  “Жимс, […]

Бага насны хүүхдийн өдөрт авах сахрын хэмжээ 5 гр. Гэтэл дээрх бэлэгнүүдэд агуулагдаж буй сахар хамгийн бага нь 147 гр, хамгийн их нь 383 гр сахар байгаа юм. Тодруулбал, 147 гр сахар агуулсан бэлгэнд 29 өдөр авах сахар байгаа бол 383 гр сахар агуулсан бэлэнд 76 өдөр авах сахрын хэмжээг агуулжээ. Эдгээр дээр нэмээд тосны […]

Тамхи хэрэглэгчдийнхээ 50%-ийг үхэлд хүргэдэг. Хорт хавдаг үүсгэдэг 70 гаруй төрлийн хорт бодис тамхинд агуулагддаг. Хүний эрүүл мэндэд энэхүү бүтээгдэхүүн нь ийм хор уршигтай, 20 жил хэрэглэхэд үр дүн нь үхэл байдгийг олон судалгаа нотолжээ. Тэгвэл тамхи гэж яг юу вэ? Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Тамхины суурь конвенцоор, тамхины ургамал болох Nicotiana tabacum-оос гарган […]

“Эко хүүхдийн төлөө нэгдье” сэдвээр Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас Даваа гараг(2025.11.17)-т мэдээлэл хийсэн бөгөөд вакцин тариулахгүй байхыг, тэр дундаа 11 настай хүүхдүүдийг Хүний папилломавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхыг уриалсан нь иргэдийг төөрөгдүүлэв.  Factcheck: Вакцины найрлагад орсон бодисууд нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд тухайн өвчний эсрэг үр дүнтэй, аюулгүй болохыг мэргэжлийн байгууллагууд […]

FactCheck Review Mongolia гэх фэйсбүүк хаягийг нягталж өгөх

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх