Шахмал түлшнээс үүдэлтэй элэгний хавдрын шинэ төрлийн вирус гарсан-ТАШАА

Сэтгүүлч Баасанжавын Отгон 2023.11.16-нд “ХСҮТ-ийн Эрдэнэхүү эмч: 5 орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан🥲Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа” гэсэн пост оруулжээ.

Уг постын шэйр нэг хоног хүрэхгүй хугацаанд 1.8К хүрч, 2.8К хүн хуваалцсан бөгөөд 500 гаруй сэтгэгдэл бичсэн байна. Нийт хариу үйлдлийн 117 буюу 10 хүрэхгүй хувь нь инээсэн эможи дарсан бол үлдсэн бүх хүн итгэсэн хандлагатай байна.

Постод орсон агуулгыг бид уншигчдын хүсэлтээр нягталлаа.

Factcheck:

Factcheck.mn вирусийн талаар АШУҮИС-ийн Бичил амь судлал, халдварын хяналт сэргийлэлтийн танхимийн багш, Аганаах ухааны магистр М.Баттөрөөс тайлар авлаа.

Тэрбээр “Вирус бол амьд эс дотор үрждэг. Хөгжлийнхөө явцад мутацлагдаж, шинэ төрөл үүсдэг. Гэхдээ шахмал түлшнээс амьд вирус үүсэх боломжгүй бөгөөд мутацлагдана гэж байхгүй. Мөн Монголд элэгний шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй. Элэгний B, D вирус нь зөвхөн хүний элгийг өвчлүүлдэггүй, зарим амьтны элгийг мөн өвчлүүлдэг. Тус вирусүүд нь хоорондоо ялгаатай ба A, B, C, D дэд бүлэгт салаалдаг. Манайд шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй, ялангуяа нүүрснээс үүдэж бүртгэгдэх шинжлэх ухааны боломж байхгүй. Тиймээс уг пост дахь агуулга үндэслэлгүй, худал” хэмээн тайлбарлалаа.

Мөн Хавдар Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй холбогдож, түүнээс тайлбар авсан юм.

Тэрбээр сэтгүүлч Б.Отгонд тухайлсан ярилцлага өгөөгүй бөгөөд өмнө ярьсан мэдээллийг буруу ойлгосон гэж үзэж байгаагаа юуны өмнө хэлээд постод бичсэнчлэн таван орны судлаачид судалгаа хийсэн нь үнэн гээд “Эс өөрчлөгдсөн болохоос вирус биш. Утаанаас вирус үүснэ гэж юу байх вэ, буруу ойлгосон байж магадгүй” гэдгийг хэллээ.

“Утаа мэдээж хортой. Ялангуяа, түүхий нүүрс шатааснаас гарсан утаанд агуулагддаг диметил сульфур буюу диметилжсэн хүхэр гэдэг бодисоос үүсэлтэй мутацын мөр байна. Тэр нь зөвхөн монголчуудын хавдар дээр байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан талаар өмнө нь би ярьж байсан.

2017-2018 онд хийгдсэн уг судалгааны дүн шинжилгээ хийж явсаар байгаад 2022 оны сүүлчээр олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн. Судалгаанд Сингапурын, Америкийн Нью Жерси, Франц, Монгол гээд таван орны судлаачид хамтран Хүний эсийн геномын буюу генетикийн шинжилгээ хийж, элэгний хавдрын эсийн мутацыг тодорхойлсон. Элэгний эсийн өөрчлөлт буюу хавдар үүссэн шинжийг үзэхээр ихэнх нь буюу Европынх ч бай, Монголынх ч бай 80-90 хувь нь B, C вирусээр үүсгэгдсэн ба 20 орчим хувь нь орчны нөлөөтэй байсан. Гэтэл тэр 20 хувийн тодорхой хэсэгт Европынход илрээгүй, зөвхөн манайд илэрсэн эсийн өөрчлөлт байсан ба нүүрсний утаанаас гардаг тэрхүү диметил сульфураас эсийн муцат үүдэлтэй гэж тодорхойлсон. Вирус бол биш” хэмээн доктор Н.Эрдэнэхүү тайлбарлав.

Нэгэнт нүүрсний утаанаас ялгарч байгаа утаан дахь бодис элэгний хавдрын эрсдэл үүсгэж байгаа бол иргэд өвлийн улиралд амны хаалт зүүснээр сэргийлэх боломжтой талаар түүнээс асуусан юм. Тодорхой хэмжээнд боломжтойг тэрбээр хэлээд “Ер нь тамхины гаралтай хавдар яг утаатай харьцуулаад харахад шалтгааны өндөр хувийг эзэлдэг буюу нийт хавдрын шалтгааны 30, элэгний хавдрын шалтгааны 20 орчим хувийг эзэлдэг. Иймд олон улсад Тамхинаас гаралтай хавдар үүссэн тохиолдолд тэр хүн эрүүл мэндийн даатгалдаа хамтын төлбөр төлдөг, тамхи татдаггүй хүнээс илүү өндөр үнэ төлж эмчилгээнд ордог. Тамхинаас үүссэн хавдрын эс гараад ирвэл таны төлөх мөнгө илүү өндөр байдаг тогтолцоо руу олон улс явж байна. Энэ тогтолцоог манайд ч гэсэн чадавхжуулах хэрэгтэй” гэдэг мэдээллийг нэмж өглөө.

Мэргэжлийн хүмүүсийн дээрх тайлбарыг харвал сэтгүүлч Б.Отгоны нийгэмд түгээсэн пост ТАШАА байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Их Британи: Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй АНУ-д 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон ч вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш Factcheck: Хүүхдүүдийн дунд гепатитийн хүнд хэлбэрийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Pfizer-BioNTech компанийн Pfizer вакцинтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Гэвч […]

Товч агуулга: “Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой. Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг. SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори. Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Монголд Францын НАТОгийн […]

Товч агуулга Газрын тухай хуульд хамгийн сүүлд 2022.07.05-нд нэмэлт өөрчлөлт оруулсан ба дээр пост дахь агуулга бүхий заалт алга. Ж.Энхбаяр одоогоор парламентад дэвшиж, сонгогдоогүй буюу УИХ-ын гишүүн биш, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Уг бичлэг дорж хаяж хоёр жилийн өмнөх үйл явдлыг харуулж байна. Хөтлөгч Ezo Enhzorig нэртэй фэйсбүүк хаягаас 2022.09.15-ны […]

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү! Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно, гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн” гэсэн постыг тавдугаар сарын 8-ны өдөр нийтэлжээ. Уг постыг 213 хүн цааш түгээж, 139 хүн сэтгэгдэл бичиж, 532 хүн лайк дарсан байна. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх