Өнгөрсөн гурван сард улс орнууд тамхины талаар бодлогын ямар шинэчлэл хийсэн бэ?

Монгол Улс электрон болон халаадаг тамхин дээр хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй цөөн улсын нэг болон үлдээд буй. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 76 гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар өнгөрсөн долдугаар сарын 2-нд хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд Намрын чуулганаар батлахаар хойшлуулсан.

Тэгвэл энэ долоо хоногийн Баасан гарагт уг хуулийг батлах эсэх санал хураалт явуулах нь.  

Хэрэв УИХ-ын гишүүд эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэн байр сууриндаа хэвээр байвал Монгол Улс энэхүү хортой бүтээгдэхүүнийг зохицуулалтад оруулж, татвараа авч, өсвөр насныхны тамхидалтаас сэргийлэх боломж бүрдэнэ. Харин гишүүд дэмжихгүй бол хуулийн төсөл бүхэлдээ унах эрсдэлтэй хэвээр. 

Гэтэл энэ хугацаанд олон улсад тамхи, электрон тамхи, никотины бүтээгдэхүүний зохицуулалт чангарсаар байна.  

Их Британи электрон тамхины шингэнд татвар ногдуулж, хяналтын тэмдэг нэвтрүүллээ

Их Британид 2026.10.01-нээс тус улсад үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн электрон тамхины 10 мл шингэн тутамд 2.20 фунт стерлингийн онцгой албан татвар ногдуулахаар болжээ. Уг татвар нь никотинтой болон никотингүй бүх төрлийн электрон тамхины шингэнд үйлчлэх юм байна. Энэ нь электрон тамхины үнийн хүртээмж, татах сонирхлыг бууруулах, ялангуяа хүүхэд, залуус болон тамхи татдаггүй хүмүүсийг хэрэглээнд орохоос сэргийлэхэд чиглэж байгаа талаар тус улсын Засгийн газар мэдээлжээ. 

Мөн жижиглэн худалдаалах бүтээгдэхүүний савлагаанд татварын шинэ хяналтын тэмдэг байрлуулж, хууль бус худалдаатай тэмцэх замаар хууль ёсны жижиглэн худалдааг дэмжих аж. 

Түүнээс гадна аравдугаар сарын 1-нээс уламжлалт янжуур тамхины татварыг нэг удаа нэмэгдүүлжээ. Тодруулбал, 100 ширхэг янжуур эсвэл 50 грамм тамхи тутамд 2.20 фунт стерлингийн татвар ногдуулсан байна.

Австри нэг удаагийн электрон тамхийг хориглож, никотингүй бүтээгдэхүүний хяналтаа чангатгаж байна

Австри улс хүүхэд, өсвөр үеийнхнийг донтох эрсдэлээс хамгаалахын тулд нэг удаагийн электрон тамхийг хориглож, никотины уут болон түүнтэй төстэй шинэ бүтээгдэхүүний зохицуулалтыг чангатгах өөрчлөлт төлөвлөжээ. Үүнд никотин агуулсан бүтээгдэхүүнээс гадна кофеин, гуарана зэрэг сэргээх үйлчилгээтэй бодис агуулсан, никотингүй бүтээгдэхүүнийг ч хамруулахаар тусгасан талаараа өнгөрсөн долдугаар сарын 19-нд мэдээлсэн байна.

Өөрчлөлтийн үндэслэлд дурдсанаар, Австрийн эмнэлгүүдэд жил бүр никотины хордлоготой ойролцоогоор 1,500 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд дөрөв хүртэлх насны хүүхдүүд хамгийн их өртдөг байна. Мөн 2021 онд тус улсад тамхи татах болон дам тамхидалттай холбоотой нас баралт ойролцоогоор 8,500 байсан нь нийт нас баралтын 10 орчим хувийг эзэлжээ.

Австрид утаат тамхины хэрэглээ удаан хугацаанд буурч байсан ч 2020 оноос дахин өсөх болсонтой зэрэгцээд электрон хэлбэрээр сорж хэрэглэдэг тамхи, никотины бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн байна. Ялангуяа өсвөр үеийнхний дунд электрон тамхи, никотины уут, мөн никотингүй боловч сэргээх үйлчилгээтэй шинэ бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй өсөж байгаа тул ийнхүү шинэ зохицуулалт хийхээр болж, энэ онд үе шаттай хэрэгжүүлэхээр хугацааг товложээ. 

Энэ нь 2040 он гэхэд тамхигүй үеийг бий болгох Европын Холбооны зорилготой уялдаж байгаа гэж үзжээ.

Калифорнид нэг удаагийн электрон тамхийг хориглох хууль баталжээ

АНУ-ын Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом нэг удаагийн электрон тамхийг хориглох, хүүхдийн сонирхлыг татах загвартай электрон тамхины сурталчилгааг хязгаарлах зохицуулалт бүхий хуулиудад гарын үсэг зурсан талаар есдүгээр сарын 28-нд мэдээлэв.  

Уг шинэ зохицуулалтаар хүнсний бүтээгдэхүүн, хичээлийн хэрэгсэл зэрэг насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулан борлуулдаг бараатай төстэй харагдах загварчилсан электрон тамхины сурталчилгааг хориглох юм байна. Мөн тамхины жижиглэн худалдаачид уушгины хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдах талаар мэдээлсэн самбар байрлуулах үүрэг хүлээх нь.

Австрали никотин агуулсан уутан бүтээгдэхүүний импорт, борлуулалтад тавих хяналтаа чангатгалаа

Австрали улс никотин агуулсан уутан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж, хүн амын эрүүл мэнд, ялангуяа хүүхэд, залуучуудыг никотины хамааралд өртөхөөс хамгаалах шинэ зохицуулалтыг 2026 оны долдугаар сарын 24-нөөс хэрэгжүүлж эхэлжээ.

Уг шинэ зохицуулалтаар иргэд никотин агуулсан уутан бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээндээ зориулан гадаадаас импортлох, эмчийн тусгай зөвшөөрлөөр авах, эм зүйчээр захиалгын дагуу бэлтгүүлэх боломжгүй болж байна. Өмнө нь Австралийн иргэд тодорхой нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүнийг Хувийн хэрэглээний импортын хөтөлбөрөөр дамжуулан гадаадаас авах боломжтой байжээ. Түүнчлэн албан ёсоор зөвшөөрөгдөөгүй эмчилгээний бүтээгдэхүүнийг эмнэлзүйн үндэслэлээр Тусгай зөвшөөрлийн болон Эрх бүхий эмчийн жор бичих хөтөлбөрийн хүрээнд ашиглах боломжтой байсан бол шинэ зохицуулалтаар никотин агуулсан уутан бүтээгдэхүүнийг эдгээр бүх хөтөлбөрөөс хасаж байна.  

Австрал улсын ЭМЯ-ны харьяа Эмийн бүтээгдэхүүний удирдах газар (TGA)-ын мэдээлснээр никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах эрсдэл, хүүхэд, залуучуудын сонирхлыг татах байдал, никотины хамаарал үүсгэх магадлалыг харгалзан үзжээ. Учир нь тус улсад никотин агуулсан уутан бүтээгдэхүүний хүртээмж нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсныг тэмдэглэсэн байна.

Хонконг тамхины савлагаанаас брэндийн лого, сурталчилгааны чимэглэлийг хасахаар боллоо

Хонконгт уламжлалт тамхин бүтээгдэхүүнийг стандартчилсан энгийн савлагаатай болгох, эрүүл мэндийн анхааруулгыг шинэчлэх зохицуулалтыг 2027.03.01-нээс хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Тамхины хяналтын чиглэлээр ийнхүү бодлогоо чангатгаж байгаагаа өнгөрсөн есдүгээр сарын 11-нд албан ёсоор мэдэгдсэн байна. 

Уг шинэ шаардлагаар тамхины савлагаанаас брэндийн лого, олон төрлийн өнгө, чимэглэл, уриа болон тэмдэглэгээг хасах юм байна. Ингэснээр савлагаагаар дамжуулан хэрэглэгчийн сонирхлыг татах, брэндийн нөлөөг бэхжүүлэх боломжийг бууруулна гэж үзжээ. 

Мөн найман жилийн турш хэрэглэж ирсэн эрүүл мэндийн 12 анхааруулгын агуулгыг шинэчлэхээр болсон байна. Шинэ анхааруулгад тамхитай холбоотой өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох, гадаад төрх өөрчлөгдөх, амьдралын чанар эрс муудах зэрэг үр дагаврыг тодотгохоор төлөвлөжээ. 

Түүнчлэн савлагаанд давирхай, никотины гарцын хэмжээг хэвлэх шаардлагыг хассан байна. Учир нь зарим үйлдвэрлэгч “зөөлөн”, “давирхай багатай” гэх тодотголоор хэрэглэгчдийг татдаг тул эдгээр үзүүлэлт нь бүтээгдэхүүнийг хор хөнөөл багатай мэтээр буруу ойлгуулахаас сэргийлэх зорилготой ажээ.

Эцэст нь

Ийнхүү дэлхийн улс орнууд янжуур болон электрон гээд бүх төрлийн тамхины хэрэглээг бууруулж, нийтийн эрүүл мэндийг никотины хэт хамаарлаас хамгаалах бодлогоо шуурхай тодорхойлж, шинэчилж, цаг үедээ нийцүүлэн арга хэмжээ авч байна. 

Монгол Улсын тухайд өнөөдрийн байдлаар шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний ямар нэгэн зохицуулалтгүй байгаа тул электрон болон халаадаг зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд цахилгаан бараа гэсэн ангиллаар хилээр орж ирсээр байгаа юм. Манай улсад тамхидалтын шалтгаантайгаар жил бүр 4,300 орчим хүн нас барж байна. 13-17 насны сурагчдын 25 орчим хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа судалгаа байна. 

Гэтэл энэ оны эхний есөн сарын байдлаар л гэхэд электрон тамхины импорт өнгөрсөн оны эхний есөн сарынхаас 50 гаруй хувь, халаадаг тамхины импорт 177 дахин, янжуур тамхины импорт 100 сая ширхгээр тус тус өсжээ. 

Тиймээс УИХ-ын гишүүд энэ хуулийг баталж, нийгмийн эрүүл мэндийн бодлогын том өөрчлөлт хийж, ирээдүй болсон хүүхэд залуусаа хамгаалах уу, эсвэл дэмжсэн байр сууринаасаа ухарч, хуулийг бүхэлд нь унагаж, тамхины “диваажин” болсон улс хэвээр үлдэх үү гэдгийг анхааралтай ажиглах үлдэж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Монгол Улсад орж ирж байгаа тамхины статистик үнэхээр огцом өссөнийг Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж байна. Сигар болон янжуур тамхины импорт 2013 онтой харьцуулахад 2024 онд хоёр дахин нэмэгдэж, 3.5 тэрбум ширхэгт хүрсэн байна. Харин электрон тамхи 2020 онд ердөө 47 мянган ширхэг импортлогдож байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болтлоо асар хурдтай нэмэгджээ. […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Харин Монгол Улс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу шууд эмчилгээний санхүүжилтэд зөвхөн 2024 онд 1.73 их наяд төгрөг төсөвлөсний 887.8 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээ байсан бол 837.7 тэрбум төгрөг нь төрөөс хариусан буюу тусламж үйлчилгээнд төсвөөс санхүүжүүлэх дүн байсан юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд төсөвлөж байгаатай дүйх хэмжээний мөнгөөр […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Анх 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть боловсруулах төслийг 2022 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч цар тахлын улмаас хойшилсоор 2025 онд ашиглалтад оруулахаар байгаагаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ тухай тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх