Хурдан морь унах нь ЯАГААД ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨР гэж?

“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд ярьжээ. 

Та 9 настайдаа ямар ажил хийдэг байсан бэ? “Хүүхэд ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ, сурч боловсрох, тоглож наадах, ээж аавдаа эрхлээд гүйж байх нас шүү дээ” гэж та өөрийн эрхгүй гайхан бодож байгаа биз?

Тэгвэл 2025 онд 600 гаруй уралдаанд 12,000 гаруй хүүхэд хурдан морь унаж уралдсан гэсэн мэдээллийг ХГХХЕГ-аас бидэнд өгсөн. Үүнээс харахад хурдан морь унадаг нэг хүүхэд жилд ойролцоогоор 20 уралдаанд оролцсон байх нь. Уралдаан бүрийн өмнө бэлтгэл ажлаа хангаж, үсэргээ, сунгаанд оролцож, өглөөнөөс үдэш хүртэл морины ажил хийдэг нь тодорхой.

Нийт уралдаанч хүүхдийн 10,700 нь айлын морь унадаг, 1,000 нь л өөрийн морийг унадаг гэсэн тоон мэдээлэл бий. Тэгэхээр унаач хүүхдүүдийн хүчир хөдөлмөрийг гагц уралдаанаар нь л хэмжих боломжгүй юм.

“Өглөө эрт босдог, орой 23:00 цаг гээд амардаг. Уралдааны үед бүр үүрээр босдог. Морь унахаа болиод зүгээр л гэртээ байдаг ажил хийх юм сан гэж боддог” хэмээн нэгэн унаач хүү мөрөөдөн ярьжээ.


Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) шинжээчдийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт хандан дараах анхааруулгыг ирүүлж байж.

“Уралдааны морь унах нь утгаараа өөрөө аюултай буюу осолтой нөхцөлд тооцогдох ба хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд гэмтэл учруулах магадлалтай тул 18 наснаас доош насны хүүхдийг морь унахыг үргэлжлүүлэн зөвшөөрч байгаад эмзэглэн санаа зовж байна.”

Энэ анхааруулга Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182-р конвенцийн хэрэгжилттэй хамааралтай. 

Үүнийг “Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай конвенцод хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сайн сайхан байдалд аюултай хөдөлмөр байх юм бол үүнийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж нэрлээд, устгана гэж тодорхойлсон. Үүн дотор нэгдүгээрт, сурч боловсрох цагаараа ажил хөдөлмөр хийж байгаа бол, хоёрдугаарт өөрийн гэр орон, гэр бүлийнхэнтэйгээ бус, өөр айлд амьдрангаа ажиллаж байгаа бол тухайн ажил шууд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт багтана” гэж “Бүх нийтийн боловсролын төлөө” ИНБ-ын ерөнхий зохицуулагч Тунгалаг тайлбарласан. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д өвөл, хавар хурдан морь унах ажил мөн багтдаг. 


Олон улсын байгууллагаас анхааруулга, зөвлөмж илгээсээр байтал эрх мэдэлтнүүд хүүхдийн хичээл сургуулийг нь завсардуулж, амь насаар нь дэнчин тавьсан хаврын уралдааныг дахин сэргээхэр ярилцаад байгаа. 

Хүүхдийн хөдөлмөрийн хөлсөнд “машин авсан нь” буюу орчин цагийн мөлжлөг

Хурдан морь сонирхогч, уяачдын фэйсбүүк бүлгэмд “унаач хүүхэд авна” гэсэн зар хөвөрдөг. Утсаар нь холбогдоход, “Сарын сая төгрөгийн цалинтай, байрлаж ажиллана” гэж хариулсан юм. Тохиролцож болно, ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулж, олон сарын цалинг нь урьдчилж бөөнд нь өгөх боломжтой гэдгийг ч хэлсэн.  

7-10 настай балчир хүүхэд цалингаа өөрөө захиран зарцуулж чадах уу? Ар гэртээ нэмэр болж байгаа гэсэн хүүхдийн гэнэн бодлоор хөдөлмөрийн мөлжлөгт өртөж буй юм биш биз?

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн ХГБХХ-ын хэлтсийн дарга Н.Хөхөөгөөс тодруулахад тэрээр “Үүнийг судлахад ихэнх уяач “бид хангалттай цалин өгдөг” гэж ярьдаг. Насанд хүрсэн хүний өнцгөөс бодоод үзье л дээ. Та, би ажилд ороод хөдөлмөрийн гэрээ байгуулж, сар бүр цалин авахаар тохирлоо гэхэд ажил олгогч цалингаа өгнө, нөгөө талаас ажилтан тодорхой үүрэг хүлээнэ. Гэтэл бид хүүхдийг ийм үүрэг хүлээгч болгочхоод байна шүү дээ. Хүүхдэд заавал хийх ёстой ажлууд оноож, тэр ажлыг нь хийлгэх гээд яг үнэндээ боловсролын үйлчилгээнээс нь таслаад байгаа хэрэг. Нөгөө талаас, бид уралдаан болохтой холбоотой гэрээнүүдийг шалгадаг. 

Эцэг эх, хүүхэд, уяач гэсэн гуравласан гэрээ байгуулж, сард өгөх хөлсийг тохирсон байдаг. Шалгаад үзэхээр гэрээн дээрх мөнгөн дүн нь 800 мянга, 1.5 сая гэж харагддаг ч яг үнэндээ уралдаанч хүүхдэд сард тэдэн төгрөг олгоно гэсэн тогтсон норматив байдаггүй. Хамгийн гол нь, тэр мөнгө нь хүүхдийн гарт яг очиж байна уу гэвэл бас үгүй байгаа юм.

Жишээ хэлэхэд, манай Сонгинохайрхан дүүрэгт авга эгч нь уяачаас тухайн хүүхдийг хурдан морь унуулж, морины ажил хийлгэж, тэднийд амьдруулна гэж тохирсныхоо хөлсөнд машин авсан тохиолдол хоёр жилийн өмнө гарсан” гэсэн юм.

Бид хүүхдийг насанд хүрсэн хүн шиг үүрэг хүлээгч болгож, “заавал хийх ёстой” ажил оноож байгаа нь боловсролын үйлчилгээнээс тасалж буй хэрэг юм. Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаагаар, ОУХБ-ын ажлын байран дахь хөдөлмөрийн мөлжлөгийг илрүүлэх 9 шалгуурын бүх шинж тэмдэг хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрт илэрч байгааг онцгойлон анхааруулжээ.

Аймаг орон нутагт уяачид хүүхдүүдийг өвөл ч морины уяа тойлго хийлгэж, үндсэн ажилтан мэт ханддаг тухай сургуулийн нийгмийн ажилтнууд халаглан ярьж байна. Хаврын уралдаан голцуу улсын шалгалттай давхацдаг бөгөөд унаач хүүхдүүд 7-30 хоногоор хичээл тасалдаг.

“Хичээлийн жил дуусаагүй байхад уяачид сургуулийн гадаа отож байгаад хүүхдүүдийг авч явах гээд байдаг. Манай бага ангийн багш нар хүүхдүүдээ алдчихгүй гээд заримдаа 10 хүүхэд гэртээ хонуулж, эцэг эхтэй нь хүртэл муудалцаж явсан тохиолдол бий” гэж нэгэн сургуулийн захирал ярьсан байна.

Хичээлээс хөндийрсөн хүүхдүүд 14-15 нас хүрч уралдах нас нь өнгөрөхөд суурь боловсролгүй үлдэж, туслах уяач болох, мал маллахаас өөр сонголтгүйгээр бусдаас хараат амьдрал руу шилждэг аж.


Д.Тунгалагийн хэлснээр “Хүүхэд өөрөө юу сайн, юу муу вэ, ирээдүйд надад юу хэрэгтэй вэ гэдгийг тунгааж, шийдвэр гаргах тархины хөгжил нь хараахан гүйцээгүй байдаг. Тийм ч учраас эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ашиг сонирхолд нь нийцүүлж шийдвэр гаргахыг Хүүхдийн эрхийн конвенцийн зарчим гэж үздэг.

Ер нь хүүхэд суурь боловсрол эзэмшсэнээр амьдралынх нь маш өргөн боломжууд нээгддэг. Цаашдаа малчин, инженер, эрдэмтэн болох уу гэдэг тэр потенциалыг нь нээж өгч байгаа суурь хугацаа бол энэ 12 жилийн боловсрол юм. Яг энэ үедээ л хүүхэд насан туршийн амьдралдаа нөлөөлөх шийдвэр гаргах чадварт суралцаж, төлөвшдөг.

Боловсролын орчинд байснаараа хүүхэд хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийллээс хамгаалагдаж, эрүүл саруул өсөж хөгжих боломжтой болдог” гэсэн юм.

Хүүхэд ирээдүйнхээ төлөө зөв шийдвэр гаргах насанд хүрээгүй тул тэднийг хамгаалах нь эцэг эх, төр засгийн үүрэг юм. Гэтэл бид  хаврын уралдааныг “өв соёл” гэх нэрийн дор зохион байгуулж, балчир хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролоор дэнчин тавьсаар байх уу? Уяачид цол нэмж, ар гэрийнхэн нь ашиг хүртэж байхад ачааны хүндийг үүрсэн хүүхэд хүйтэн жүчээнд боловсролоо гээгээд хоцрох нь дэндүү шударга бус.



Төстэй мэдээлэл

Хур бороо, хуй салхи ээлжилсээр зуны сар хэдий нь дундаа оржээ. Дэлгэцийн ард өнгөрүүлэх урт өдрүүдээс түр ч болов холдоод өөрийн дотоод ертөнц шиг өвөрмөц хийгээд өнгөлөг газар эморохыг хүсвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавыг зориорой. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 400 орчим километр, харин Улаанбаатар хотоос 870 гаруй километр зайд […]

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо. Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр […]

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр нас барсан иргэний нэр дээр бүртгэлтэй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг зургаадугаар сарын 1-нээс эхлүүлжээ. ЭТТ-гийн мэдээллээр 132,203 иргэний нэр дээр 111.2 сая ширхэг хувьцаа, түүнд ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг бүртгэлтэй байна. Эрдэнэс Тавантолгой ХК Хувьцаа […]

“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй. 2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р […]

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэр 2027 оноос бидний орлого, өмч, орон сууц, боловсрол, эрүүл мэнд гээд өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хөндөж буй. Гэхдээ зарласан бодлого, тоо, үр дүн бодитой хэрэгжихэд олон шалгуур бий бөгөөд иргэд хэрэгжилтийг хэрхэн хянахаа мэддэг байх нь чухал. Тиймээс шийдвэр бүрийг хянахын тулд дараах шалгуурыг зайлшгүй мэдэх шаардлагатай. 1. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх