
Скүүтер, мопед нь Улаанбаатар хотын түгжрэл цаг, мөнгөө хэмнэх нэг сонголт мөн ч нөгөө талдаа бусдын эрүүл мэндийг хохироож байгаа, эрсдэл өндөртэй тээврийн хэрэгсэл болоод буй. Тиймээс Factcheck.mn “1 сар 1 сэдэв”-ээрээ энэ удаа скүүтер, мопедын хэрэглээг сонгоод буй. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа.
ХЭҮК өнгөрсөн 2026.05.12-нд энэ чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлжээ.
–Хүний эрхийн үндэсний комиссоос скүүтер, мопедтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдад шаардлага хүргүүлсэн байсан. Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Нийслэлийн оршин суугч бүрд энэ асуудал тулгарч, зарим нь бүр хохирогч болчхоод байна. Авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан дугуй, скүүтэр, мопед, суррон зэрэг бичил тээврийн хэрэгслийг хотын төв замын хөдөлгөөнд нэвтрүүлсэн. Хүмүүсийн хэрэглээ ч ихэсчихсэн. Гэтэл эрх зүйн зохицуулалт, аюулгүй байдлын стандарт, хяналтын тогтолцоо зэрэг нь хангалтгүй байгаагаас энэ хэрэглээ эргээд иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироход хүргэж байна.
Түүнчлэн зам тээврийн ослын тоо үнэхээр их нэмэгдлээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд эдгээр тээврийн хэрэгслийг хэрэглэхийн зэрэгцээ осолд ихээхэн өртөж, хохирогч болсоор байна. Тухайн үйлдлийнхээ хор хохирлыг төдийлөн ойлгохгүйгээр скүүтэр, мопед дээр давхарлаж сундлан, хурд хэтрүүлээд зогсохгүй явган хүний замаар зорчиж байна. Улмаар явган зорчигчдыг мөргөж, өөрсдөө ч гэмтэж, бэртэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудал эргэн тойрон их байна.
Энэ нь Монгол Улсад, Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх төдийгүй бусад эрх эрх чөлөө бүхэлдээ зөрчигдөхөд хүрч байна гэсэн дүгнэлтийг Хүний эрхийн үндэсний комисс хийсэн.
Бид Гаалийн ерөнхий газраас мэдээлэл авахад сүүлийн 3 жилд цахилгаан дугуй, мопедын импорт бараг 10 дахин өсжээ. 2022 онд 1000 гаруй байсан бол 2025 онд 12700 орчим цахилгаан дугуй, мопед импортоор орж ирсэн байгаа юм. Үүнийг дагаад хэрэглээ ч маш их нэмэгдэж, осол гэмтэл ихсээд байна л даа.
Одоогоор бүртгэлтэй долоон компани байна. Жишээ нь, манайд Jet sharing mongolia -ийн аппликейшнийг 120 мянган хүн татсан, өдөрт дунджаар 5,000 орчим хүн унаж хэрэглэж байна. Ви Эм Си группийн аппликейшнийг (Тапа) 1.1 сая хүн татаж, өдөрт 13,000 орчим хүн хэрэглэж байна. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад 2022 онд 17 бүртгэгдэж байсан осол 2025 онд 420 болж өссөн ч энэ нь зөвхөн авто зам дээрх ослын тоо. Гэтэл яг явган хүний зам дээр явж байгаад хүмүүсийг мөргөөд бэртээж гэмтээчихсэн тоонууд цагдаа дээр бүртгэгддэггүй. Тэгэхээр Гэмтэл согог судлалын үндэсний төв(ГССҮТ)-ийн тоо яг бодит байдлыг илтгэх юм. Харин Тээврийн цагдаагийн газарт бол зөвхөн авто зам дээр болсон осол бүртгэгддэг тул бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол авто зам эсвэл явган хүний замын аль хэсэгт гарсныг тодорхой бүртгэж, эрх зүйн зохицуулалтаа сайжруулах шаардлагатай байна.
-ХЭҮК-ын зүгээс яг явган хүний зам дээр гэмтэж бэртээд байгаа, тэр дундаа хүүхдүүд өртөөд байгаа талаар ямар судалгаа гаргасан бол?
-Гэмтлийн эмнэлгээс авсан тоогоор 2025 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 46.6 хувийг 10-19 насны хүүхэд, өсвөр насныхан эзэлж байгаа юм. Бараг 50 хувь нь хүүхдүүд байна шүү дээ. 2026 оны дөрөвдүгээр сарын эхний арав хоногт л гэхэд ГССҮТ-д 102 осол бүртгэгдсэний 15% нь 16-аас доош насныхан, 27 хувь нь 16-18 насныхан байгаа юм.
Уг нь энэ цахилгаан, бичил тээврийн хэрэгслийг хэн унах ёстой вэ гэхээр 16-аас дээш насныхан унана гээд холбогдох эрх бүхий байгууллагууд ярьдаг.
Гэтэл 10 настай хүүхдүүд унаад, бүр гэмтчихсэн, Гэмтлийн эмнэлэг дээр очоод бүртгэгдчихсэн байна. Энэ бол асуудлыг хариуцаж байгаа яам, салбар нь дүрэм журмаа мөрдүүлэхээс гадна эрх зүйн зохицуулалт болон бүртгэлээ сайжруулах шаардлага зайлшгүй байгааг илтгэж байгаа юм.
Цаашлаад яг энэ скүүтэр мопед сурон, бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй нас баралт 2024 онд 3 бүртгэгдсэн. 2025 оны эхний 10 сарын байдлаар 5 болж нэмэгдсэн.
-Бичил тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтийн үйл явц болоод яг ямар зөрчилтэй асуудлууд үүсээд байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Эрх зүйн зохицуулалтын хувьд нэлээд олон хийдэл, зөрчил үүсчхээд байгаа.
Хамгийн эхлээд Засгийн газрын 2018 оны 30 дугаар болон 239 дүгээр тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрмийн асуудал байна. Энэхүү дүрмээр мопед, унадаг дугуй, мотоциклийн ангиллыг тодорхойлж, эрх үүргийг нь заасан байдаг ч цахилгаан скүүтэр, сурон болон түүнтэй адилтгах бичил тээврийн хэрэгслийн талаарх тусгай зохицуулалтыг огт тусгаагүй. Үүнээс үүдээд скүүтэр унасан хүмүүс авто замаар явах уу, явган хүний замаар явах уу гэдэг нь тодорхойгүй болж, явган зорчигчдын аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах, эмх замбараагүй байдал үүсэх эхлэл болсон. Үүний дараа Стандарт Хэмжил Зүйн Газрын даргын 2025 оны С05 дугаар тушаалаар Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага буюу МНС 4595:2025 стандартыг шинэчлэн баталсан. Энэ стандартад L ангиллын тээврийн хэрэгсэлд скүүтэр, суроныг хамруулж, техникийн болон аюулгүй байдлын шаардлагыг тогтоосон боловч яг бодит байдал дээр үүнийг дагаж мөрдүүлэх хэрэгжилт маш хангалтгүй, хэн хяналт тавих механизм нь тодорхой бус чигээрээ үлдчихсэн.
-УИХ болон нийслэлээс ямар арга хэмжээ авч, тэнд ямар зөрчил гарсан гэсэн үг вэ?
-УИХ-ын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, энэ асуудлыг судалсан байдаг. Тус ажлын хэсгээс цахилгаан скүүтэр, дугуйны түрээсийн үйлчилгээ эрхлэгч болон хэрэглэгчийн эрх үүргийг тодорхойлсон эрх зүйн нэмэлт зохицуулалт шаардлагатай гэж дүгнээд хуулийн төсөл өргөн барьсан хэдий ч одоог хүртэл хэлэлцэгдээгүй зогсонги байдалтай байна.
Харин Нийслэлийн Засаг даргын зүгээс 2026 оны дөрөвдүгээр сард А552 дугаар захирамж гаргаж, нийтийн эзэмшлийн талбайд бичил тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зургаан байгууллагад гурван жилийн хугацаатай олгосон. Энд хамгийн том зөрчил үүсэж байгаа юм. Зөвшөөрлийн тухай хуулиар хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох ёстой байтал Нийслэлээс зүгээр л талбай ашиглах нэг удаагийн шинжтэй энгийн зөвшөөрөл өгөөд, хуульд байхгүй шаардлагуудыг гэрээгээр зохицуулах гэж оролдсон. Энэ бол хууль зүйн хувьд маш бүрхэг, алдаатай зүйл болсон.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга 2026 онд дахин 387 дугаар захирамж гаргаж, скүүтэр унах насыг 16-аас дээш байх, унадаг дугуйн замаар зорчих, явган хүнд саад болохгүй байх гэх мэт хөдөлгөөнд оролцох хязгаарлалтуудыг тогтоосон. Гэвч энэ захирамж ямар ч хэрэгжилтгүй, хяналтгүй байгааг ГССҮТ-ийн статистик буюу осолд орж ирсэн хүүхдүүдийн 50 шахам хувь нь 18-аас доош, бүр 10 настай хүүхдүүд байгаагаас бэлхнээ харж болно.
И-Монголиа системээр дамжуулын насны хязгаар тавьсан гэх боловч хүүхдүүд өөр хүний бүртгэлээр ороод унаад явж байгаа нь энэ захирамжийн үйл явц зөвхөн цаасан дээр л үлдсэний илрэл.
-Тэгвэл ХЭҮК-оос энэ тал дээр яг ямар хугацаатай шаардлага хүргүүлсэн бэ?
-Нөхцөл байдал ийм ноцтой түвшинд хүрсэн тул ХҮЭК Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр долоон заалт бүхий албан ёсны зөвлөмж хүргүүлсэн. Нэгдүгээрт, бичил тээврийн хэрэгслийн ангилал болон техникийн шаардлагыг хууль тогтоомжид шинээр нарийвчлан тусгахыг зөвлөсөн. Хоёрдугаарт, жолоодох нас, хурдны хязгаар, хамгаалах хэрэгслийн хэрэглээ болон хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлж, хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулахыг шаардсан. Гуравдугаарт, үйл ажиллагааны зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан судалж, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг онцолсон. Дөрөвдүгээрт, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага, төрийн хяналт, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгохыг тусгасан. Тавдугаарт, авто зам болон явган хүний зам дээрх ослыг цагдаа, эмнэлэг тус тусдаа бүртгэж асар их зөрүүтэй тоо гарч байгаа тул осол гэмтлийн мэдээллийн нэгдсэн сантай болохыг зөвлөсөн. Зургаадугаарт, зорчих маршрут, бүсчлэлийг нарийвчлан тогтоох тухай тусгасан бөгөөд гадны орнуудын жишгээр хотын төв рүү оруулахгүй хязгаарлаж, захаар зорчуулах ёстой байтал манайд эсрэгээрээ хотын төвдөө бөөгнөрч байгааг өөрчлөх шаардлагатай. Долоодугаарт, хүүхэд өсвөр насныханд чиглэсэн аюулгүй байдлын сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулахыг зөвлөсөн.
Үүнээс гадна түрээсийн скүүтэрийг явган хүний зам дээр эмх замбараагүй хаядаг нь харааны бэрхшээлтэй иргэдэд саад учруулж, унаж бэртэх эрсдэл үүсгэж байна. Хугацаатай шаардлагын тухайд Хууль зүйн сайд бидэнд 30 хоногийн дотор албан ёсны хариу ирүүлэх үүрэгтэй. Харин түрээсийн үйлчилгээ үзүүлж буй холбогдох компаниудад мөн адил зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тэд 60 хоногийн дотор хариу өгөх ёстой байдаг. Хэрэв хуульд заасан энэ хугацаанд хариу өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай тул энэ дагуу үйл явц хянагдаад явж байна.
-Түрээсийн үйлчилгээний байгууллагуудад ХЭҮК-оос шаардлага, зөвлөмж хүргүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Хуулийн дагуу Комиссын гишүүний шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан 30 хоногт, зөвлөмжийг 60 хоногт хариу өгөх ёстой. Биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл болдог. Зөвлөмжид бичил тээврийн хэрэгслийн ангилал, стандартыг хуульд тусгах, жолоодох нас болон хурдны хязгаарыг тогтоох, зөвшөөрлийн хуультай уялдуулах, цагдаа болон эмнэлгийн мэдээллийн санг нэгтгэх, хотын төвөөр бус захаар зорчуулах бүсчлэл тогтоох зэргийг шаардсан. Мөн түрээсийг цагаар тооцдог нь хэрэглэгчдийг хурд хэтрүүлж, улаан гэрлээр дайрч, явган хүний болон авто зам дундуур сүлжихэд хүргэж байгаа тул төлбөрийг километрээр тооцдог системд шилжүүлэх, хүүхэд залууст сургалт хийхийг зөвлөсөн.
-Дэд бүтэц муутайгаас болж явган хүний замаар зорчиж байснаа гэнэт авто замаар явахыг тулгах нь хүний эрхийн зөрчил мөн үү? Замын хөдөлгөөнд оролцож байгаа тул тэд жолоочийн үүрэг хүлээх үү? Тээврийн цагдаагийн газраас эдгээрийг мопед гэж үзэж, хамгаалалтын малгай өмсөх шаардлагатай гэсэн. Тэгвэл энэ малгайг компаниуд нь хариуцах уу?
-Тийм ээ. Анх ямар ч хууль эрх зүйн зохицуулалт, стандартгүйгээр олноор нь оруулж ирсэн нь төрийн бодлогын алдаа бөгөөд одоо иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Авто замаар зорчиж байгаа тохиолдолд жолооч гэж тооцогдох тул үйлчилгээ үзүүлэгч компаниуд өөрсдөө зогсоолууд дээрээ хамгаалалтын хэрэгслийг байршуулж, хэрэглэгчдийг хангах ёстой. Энэ шаардлагыг ч бид зөвлөмждөө тодорхой тусгаж өгсөн.