Тамхины асуудлаар сүүлийн долоо хоногт Метад Монголоос хамгийн их зардал гаргажээ

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж буй энэ үед улс төрийн маргаан сошиал орчинд өрнөж, улмаар төлбөртэй сурталчилгааны шинжтэй, зохион байгуулалттай кампанит ажиллагааны шинж тэмдэг илэрч байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны зургаадугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ Эдийн засаг, хөжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины салбарын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн буруутгасан юм.

Тэрбээр “Ж.Энхбаяр сайд өөрийн албан бланкаар тамхины хуульд өөрчлөлт оруулах даалгаврыг Сангийн сайдад ил цагаанаар өгөөд сууж байна. Тооцооллыг нь харах юм бол ямар нэгэн байдлаар Вольтам, Алтангадас, Электроник гаджет зэрэг тамхины компаниудын татвар бууруулах гэсэн бүх тооцоолол албан бичигт нь тусаж, төрийн бодлого болох гээд явж байна” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Ж.Энхбаяр гэдэг энэ сайд Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулж болно гэдэг зөвшөөрлийг өгөөд бүх янжуур тамхи, утаат тамхины гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн” хэмээн буруутгасан юм. 

Ингэж мэдэгдсэний дараахан нь ижил постууд зэрэг цацагдав

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаж эхэлснээс удалгүй Ж.Энхбаярыг хамгаалсан өнгө аяс бүхий мэдээллийг олон фэйсбүүк хуудсаар зэрэг түгээж эхэллээ. Factcheck.mn сайтын мөшгөснөөр үг үсгийн зөрүүгүй, яг ижил текстүүдийг өөр өөр нэртэй олон хуудас нэгэн зэрэг нийтэлсэн нь тогтоогдов. Цаашлаад эдгээр постуудыг Meta компанийн сурталчилгааны системээр төлбөр төлж, олон нийтэд түгээжээ.

Meta Ads Library-ийн мэдээллээс харахад дараах хоёр агуулгыг ижил цаг хугацаанд хэд хэдэн хуудсаар төлбөртэйгөөр сурталчилсан байна. Тухайлбал, “ЭЗХЯ: Тамхины онцгой албан татварыг 2027-2030 онд жил бүр 10 хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсэн” болон “Сангийн сайд Мэндсайхан: Номинчимэг гишүүн буруу ойлгосон байх. Ж.Энхбаяр сайд тамхины онцгой албан татварыг 2030 он хүртэл жил бүр 10 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн” гэсэн агуулгууд үүнд багтаж буй юм.

Meta-ийн зар сурталчилгааны сангийн мэдээллийг нягтлахад Ж.Энхбаяр сайдыг хамгаалсан дээрх мэдээллийг “Шуурхай мэдээлнэ”, “Онцгой мэдээ”, “Ondoo news”, “Супер Зугаа”, “Aimar News”, “ЭЛДЭВ ЧИМЭЭ”, “Aimar Social News”, “Шуурхай Мэдээ”, “Сонин хачин” зэрэг 9 өөр фэйсбүүк хуудас нэгэн зэрэг түгээсэн байна.

Meta-гийн нэг сарын тайлангаас нягталж харвал, дээрх 9 хуудас ойролцоогоор 9 сая төгрөг буюу 2,477 ам.долларын сурталчилгаа цацаж, Монгол Улсаас Meta-д хамгийн их төлбөр төлсөн 20 хаягийн жагсаалт дотор бүгд багтжээ.

Сүүлийн долоо хоногийн мэдээллээр, тус 9 хуудас ижил агуулгатай 26 контентыг 3 өдөр сурталчлахад ойролцоогоор 4 сая төгрөг буюу 1,110 орчим ам.доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, сарын нийт зардлынхаа тал шахам хувийг зөвхөн улс төрийн энэ маргаанд зориулан, гуравхан хоногийн дотор зарцуулсан байна.

Эдгээр хуудас яг ижил цаг хугацаанд, ив ижил текст бүхий постыг Meta-ийн сурталчилгааны системээр төлбөр төлөн түгээснээс үзвэл пост тус бүрийг нэг саяас олон хэрэглэгчид хүрэхийг зорьж төлөвлөснийг харуулж байна. 

Сурталчилгааны ард хэн байна вэ?

Мөшгөх явцад дээрх хуудсуудын нийтэлсэн бусад мэдээллийг тогтмол хуваалцаж байсан фэйсбүүк хэрэглэгч анхаарал татсан юм. Тэр нь Amrsna Ba нэртэй хаяг байв.

Тус хаяг нь эдгээр хуудсын агуулгыг олон удаа давтан түгээсэн бөгөөд сошиал орчинд түүнийг Aimar Sanaa хэмээх контент үйлдвэрлэгч байгууллагатай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл түгээмэл байдаг. Тэгвэл тухайн продакшны бэлтгэн гаргасан “Энгийн нэгэн” подкаст контентыг Амарсанаа нь хөтлөн явуулдаг байсан нь “Aimar sanaa” нэртэй Youtube сувгийн 2020 оны 5 сарын 20-ны өдөр нийтэлсэн дугаарт нь үлджээ.

Түүнчлэн Б.Амарсанаа нь Ж.Энхбаяр сайдын зөвлөхөөр ажилладаг бөгөөд электрон тамхины салбарын төлөөлөгчдийг УИХ-ын гишүүдтэй холбож, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож байсан байж болзошгүй талаар шүгэл үлээгчид мэдээлсээр байгаа юм. Amrsnaa Ba хаягийн нээлттэй мэдээллийг шалгахад тухайн хүн өөрийгөө Монгол Улсын Засгийн газрын түвшинд ажилладаг, Шадар сайдын зөвлөх хэмээн танилцуулсан байна.

Хэрэв дээр дурдсан сурталчилгааны кампанит ажилтай холбоотой нь нотлогдох аваас төрийн албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн оролцоотой зохион байгуулалттай мэдээллийн ажиллагаа өрнүүлсэн асуудал хөндөгдөхөөр байна.

Төстэй мэдээлэл

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов. Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. […]

Арванхоёрдугаар сарын турш Factcheck.mn бага насны хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн. “Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээх энэ үгийг бүх хүн мэддэг боловч мэдэхээс цаашгүй болжээ. Монгол Улсад шүдний асуудалгүй айл өрх гэж байхгүй болсныг мэргэжлийн хүн хэлж байна. Гол нь энд зөвхөн шүдний асуудлыг яриад байгаа биш, түүнээс үүдсэн бусад өвчлөл […]

Манай улсад залуу үеийнхний электрон тамхины хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Н.Алтанхуягаас нөхцөл байдлыг тодруулан ярилцлаа.  Тэрбээр электрон болон янжуур тамхинаас шалтгаалсан өвчлөлийн тоон мэдээллийг хооронд нь харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдгийг онцолсон. Учир нь уламжлалт тамхины хор уршгийн талаарх судалгаа, бүртгэл харьцангуй өргөн байдаг бол электрон […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх