Ерөнхий сайдын шийдвэрийг хянахад иргэдийн мэдэх ёстой 9 зүйл

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэр 2027 оноос бидний орлого, өмч, орон сууц, боловсрол, эрүүл мэнд гээд өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хөндөж буй. Гэхдээ зарласан бодлого, тоо, үр дүн бодитой хэрэгжихэд олон шалгуур бий бөгөөд иргэд хэрэгжилтийг хэрхэн хянахаа мэддэг байх нь чухал.

Тиймээс шийдвэр бүрийг хянахын тулд дараах шалгуурыг зайлшгүй мэдэх шаардлагатай.

1. ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ

Үр өгөөж: 2027 онд Оюутолгойн ногдол ашгаас анх удаа ₮3 их наядыг төвлөрүүлж, иргэдийн саналд үндэслэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Эрсдэл: Зэсийн үнэ, олборлолт, компанийн ашиг буурвал төлөвлөсөн орлого тасарч, түүнд тулгуурласан төсөл санхүүжилтгүй болох эрсдэлтэй.

Хэрхэн хянах вэ?

  • ₮3 их наяд бодитоор орж ирсэн үү?
  • Ямар төсөлд, хэдийг зарцуулсан бэ?
  • Өр, зардал нэмэгдсэн үү?

2. 1,072 ХУВЬЦААНЫ ЭРХ

Үр өгөөж: Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1,072 хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих боломжтой болно.

Эрсдэл: Санхүүгийн мэдлэг, мэдээллийн хүртээмж хангалтгүй бол иргэд хувьцаагаа бодит үнээс доогуур худалдах, өмчлөл цөөн хүний гарт төвлөрөх эрсдэлтэй.

Хэрхэн хянах вэ?

  • Хувьцааны бодит үнэлгээг хэрхэн тогтоох вэ?
  • Арилжааны дүрэм нийтэд ил тод, тодорхой байна уу?
  • Жижиг хувьцаа эзэмшигчийг хэрхэн хамгаалах вэ?

3. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ

Үр өгөөж: Татварт төлөх ₮79,000 цалингийн орлого гарт үлдэж, ААН-ийн татварын ачаалал буурч, 23,000 орчим компани сарын НӨАТ-ын тайлангаас чөлөөлөгдөнө.

Эрсдэл: Татварын орлого буурахыг зардал танахгүйгээр нөхвөл төсвийн дарамт өөр сувгаар нэмэгдэж болно.

Хэрхэн хянах вэ?

  • Хэдэн иргэн бодитоор хамрагдав?
  • Иргэний гар дээр сард бодитоор хэдэн төгрөг үлдэв?
  • Татварын орлого ₮840 тэрбумаар буурч байгааг хэрхэн нөхөв?

4. ТЭТГЭВЭР, ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ

Үр өгөөж: Ахмадуудын дундаж тэтгэвэр ₮1,335,400-д хүрч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50% өснө. 

Эрсдэл: Үнэ тэтгэврээс хурдан өсвөл нэмэгдэл бодит амьжиргаанд мэдэгдэхгүй. Цалин, тэтгэврийн өсөлт нь төсвийн байнгын зардлыг мөн нэмэгдүүлнэ.

Хэрхэн хянах вэ? 

  • Тэтгэврийн бодит худалдан авах чадвар өссөн үү?
  • Инфляц хэд байна вэ, буурч байна уу?
  • Тэтгэвэр, цалингийн нэмэгдлийг цаашид тогтвортой санхүүжүүлэх эх үүсвэр бий юу?

5. 16,000 ӨРХИЙН ОРОН СУУЦ

Үр өгөөж: 14,000 өрхийг 6%-ийн ипотекийн зээлд, 2,000 өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр байтай болно. Төрийн 4,000 орон сууцнаас 15%-ийн урьдчилгаа төлөөд авах нөхцөл бүрдэнэ. Эрсдэл: Нийлүүлэлт нэмэгдэхгүйгээр зээлийн эрэлт өсвөл байрны үнэ өсөж, хөнгөлөлтийн үр өгөөжийг үнэ “идэх” эрсдэлтэй.

Хэрхэн хянах вэ?

  • 16,000 өрхийг хамруулах журам нээлттэй, шударга байна уу?
  • Орон сууцны үнэ өөрчлөгдөж байна уу?
  • Хэнд, ямар шалгуураар зээл олгов?

6. ЭРЧИМ ХҮЧНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Үр өгөөж: “ДЦС-6”-г барьж, ДЦС-3-ыг шинэчлэн, 10 аймгийн дулааны станц ашиглатад орсноор эрчим хүчний тасалдал буурна. 

Эрсдэл: Санхүүжилт, шугам сүлжээний ажил хоцорвол өртөг өсөж, хангамж сайжрах хугацаа хойшилно.

Хэрхэн хянах вэ?

  • Төсөл хугацаандаа хэрэгжиж байна уу?
  • Анхны төсөвт өртөг нэмэгдсэн үү? 
  • Цахилгааны тасалдал буурч байна уу?

7. БОЛОВСРОЛЫН БОЛОМЖ

Үр өгөөж: Бүс бүр Кембрижийн хөтөлбөртэй сургуультай болж, Google-ийн лаборатори 100 сургууль, уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй 100 ногоон сургууль, 15 дотуур байртай болно.

Эрсдэл: Барилга, төхөөрөмжид хөрөнгө оруулсан ч багш, сургалтын чанар, ашиглалтын зардал хүрэлцэхгүй бол бодит үр дүн гарахгүй.

Хэрхэн хянах вэ?

  • Сургууль, төхөөрөмж хэд нь бодитоор ашиглалтад оров?
  • Багшийн хүрэлцээ сайжрав уу?
  • Сурагчдыг тэгш хамруулж, сургалтын чанар, үр дүнд өөрчлөлт гарав уу?


8. ЭМНЭЛЭГ, ҮНЭГҮЙ ЭМ

Үр өгөөж: Шинээр 34 эмнэлэг барьж, ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмээ үнэ төлбөргүй авна.

Эрсдэл: Барилга нэмэгдсэн ч эмч, сувилагч, тоног төхөөрөмж, эмийн санхүүжилт хүрэлцэхгүй бол үйлчилгээний хүртээмж бодитоор нэмэгдэхгүй.

Хэрхэн хянах вэ?

  • 34 эмнэлгээс хэд нь ажиллаж эхлэв?
  • Эмч, сувилагчийн орон тоо бүрдсэн үү?
  • Үнэгүй эм тасалдаж байна уу?
  • Иргэдийн өөрөөсөө төлөх эмчилгээний зардал буурсан уу?

9. НОГООН ХӨГЖИЛ

Үр өгөөж: Цахилгаан автомашин цэнэглэх 500 “Ногоон өртөө”-тэй болж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэл гаалийн татваргүй болж, шатахууны хараат байдал буурна. 

Эрсдэл: Цахилгаан хангамж, байршил, засвар үйлчилгээ, ашиглалт хангалтгүй бол цэнэглэгчид ашиггүй хөрөнгө болж үлдэнэ.

Хэрхэн хянах вэ?

  • “Ногоон өртөө” тогтмол, тогтвортой ажиллаж байна уу? 
  • Байршил нь хүртээмжтэй байж чадаж байна уу?
  • Цэнэглэх үнэ, хүлээлгийн хугацаа ямар байна вэ?

Юу хянахаа мэддэг иргэн “хэрэгжсэн” гэсэн тайланг амьдралд мэдрэгдсэн үр дүнтэй тулгаж, дүгнэлт хийж чадна. Тиймээс төсвийг үр ашигтай, нийгэм, эдийн засгийн өгөөжтэй зарцуулахад иргэдийн хяналт, оролцоо хамгаас чухал байна.

Төстэй мэдээлэл

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Өнгөрсөн Цагаан сараар УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Тод манлай уяач Д.Даваахүү “Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг” гэлээ. Урин дулаан цагт л зөвхөн морин уралдаан зохион байгуулснаар морины соёл Монголд төдийгүй дэлхийд хагас үлдэж буй тухай санаа нь их л чилээрхсэн янзтай хэллээ. […]

Цахилгаан тамхи нь тамхинаас гарахад илүү үр дүнтэй

Товч агуулга Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР …. 11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая […]

“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд ярьжээ.  Та 9 настайдаа ямар ажил хийдэг байсан бэ? “Хүүхэд ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ, сурч боловсрох, тоглож наадах, ээж аавдаа эрхлээд гүйж […]

Aimar Social News гэх фэйсбүүк хуудсаар “Монгол эмэгтэй

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх