Зөвхөн 2023 онд 5 залуу цэрэгт яваад амиа алдаад байна

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн ээлжит үйл явдал болж байна. 

Энэ нь 2023 оны цэрэгт яваад амиа алдсан анхны хэрэг биш юм. 

2023.05.05

Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид тавдугаар сарын 5-ны өдөр Буянт сумаас татагдсан 19 настай залуу долоо хоногийн дараа цэргийн ангидаа нас барав. 

2023.05.20

Ховд аймгийн нутагт цэргийн алба хаагч нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн шалгагдаж эхэлсэн байна. 

2023.06.23

Төв аймгийн Алтанбулаг сумын нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид татагдсан оюутан цэрэг цэрэгжилтийн спортын хичээлийн үеэр ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. 

2023.10.11

Дорнод аймгийн Хилийн цэргийн заставын харуулын байранд хүн нас барсан дуудлага бүртгэгдэж, гэрээт цэрэг галт зэвсгээр өөрийгөө буудсан байж болзошгүй байдалтай амь хохирсон хэргийг мөрдөн шалгаж байгааг мэдээлэв.

Өнгөрсөн он жилүүдэд хэчнээн залуус цэрэгт алба хаах гэж яваад амь хохирсныг олон нийтэд нээлттэй, хэвлэл мэдээллээр мэдээлэгдсэнээр шүүж, нягталлаа. 

Factcheck:

2013.12.12

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид нэгэн байлдагч нас барсан хэрэг гарчээ. 

2015.11.05

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид 2013 оноос хойш 5 цэрэг амиа алдсан талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. 

2015.12.19

Дорнод аймгийн Халх гол сум дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алджээ. 

2017.04.11 

Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. 

2017.06.13 

Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байжээ.

2019.01.22

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч нас барав. Уг хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ротын захирагч А.Энхбаяр, ротын салааны механик, жолооч Р.Вандлхангаа, салаан захирагч П.Бадамсамбуу нарыг холбогдогчоор татаж, шүүхээр ял оноосон байна. 

2019.01.30

Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч харуулын байраа орхин зэвсэгтэйгээ оргосон хэрэг гарсан бөгөөд хоёр хоногийн дараа нас барсан байдалтай олдсон. 

2021.03.30

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэний улмаас нас барсан хэрэг гарав. 

2022.06.22

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хааж байсан иргэн нас барав. 

2022.07.13

Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний …дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу цэргийн ангиас гадуур барилга дээр ажиллаж байхдаа нас баржээ. 

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2020.06.17-ны өдөр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан бөгөөд уг илтгэлийн V бүлэгт “Цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ” гэсэн бүтэн бүлэг асуудлыг багтаасан байв. 

Тус тайланд бичсэнээр 2021 он хүртэлх сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, 9 нь дотоодын цэрэгт хамааралтай байна гэжээ.  

Дүрмийн бус харилцааны эрх зүйн зөрчлийн талаар уг тайланд ийн тусгасан байна.

  • Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил ба эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 7 тохиолдлын 3 нь усанд живсэн, 2 нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, 1 нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, 1 нь амиа хорлосон байна. 
  • Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 217 гэмт хэрэг, зөрчилд 298 алба хаагч холбогдон шалгагдаж, 37 цэргийн алба хаагчийн амь нас хохирсны 13 нь хугацаат цэргийн алба хаагч,107 цэргийн алба хаагч дүрмийн бус харьцааны зөрчил гаргасны 36 нь хугацаат цэргийн алба хаагч байсан бол цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт 31 хугацаат цэргийн алба хаагч холбогджээ.
  • Дотоодын цэргийн анги, байгууллагад 2012-2013 онд 1 гэмт хэрэг, 8 зөрчил бүртгэгдсэнээс хүний эрүүл мэнд хохирсон 2, цэргийн албанаас оргон зайлах 1, бусад хэлбэрийн 5 зөрчил байна.

Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байгааг мөн дурджээ.

ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77 тохиолдол байснаас хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 9, эрүүл мэнд хохирсон 44, оргон зайлсан 14 тохиолдол байжээ. 

Эндээс үзвэл хугацаат цэргийн 9 албан хаагч 2013-2021 онд амь насаа алдсан бол дээр дурдсан нийтэд ил болсон мэдээллээр 2022-2023 онд 7 албан хаагч цэрэгт яваад амь насаа хохирсон нь олон нийтэд мэдээлэгдсэн байна. 

Эх сурвалжууд:

  • ЦЕГ
  • ЗХЖШ
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • УИХ
  • iKon.mn
  • Gogo.mn
  • News.mn
  • Eegle.mn
  • Eguur.mn
Төстэй мэдээлэл

Монгол Улсад уурхайн үйл ажиллагаа малчин иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон үнэлэх судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулан Форум Ази, Хүний эрх хөгжлийн төв ТББ-аас явуулсан талаараа 2023.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн. Судалгаанд хэчнээн иргэнийг хамруулсан нь тодорхойгүй байгааг хэвлэлийн хурлаараа ярьсан байна. “Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны […]

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

Монгол Улс 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд,  65-аас

Товч агуулга Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байна. Хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх