“Форум Ази”-ийн танилцуулсан судалгааны мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Монгол Улсад уурхайн үйл ажиллагаа малчин иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлон үнэлэх судалгааг Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумдын иргэдийг хамруулан Форум Ази, Хүний эрх хөгжлийн төв ТББ-аас явуулсан талаараа 2023.04.10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлсэн. Судалгаанд хэчнээн иргэнийг хамруулсан нь тодорхойгүй байгааг хэвлэлийн хурлаараа ярьсан байна.

“Эдгээр сумдын иргэд малын бэлчээргүй, ундны усны хомстолтой, хүн, малын эрүүл мэндийн суурь нөхцөл нь нөхөн үржихүй, эдийн засагт ноцтойгоор нөлөөлөх болсон” хэмээн уг мэдээлэлд бичжээ. Тодруулбал, 

Бэлчээр хомстсон

Ундны усан дахь хүнд металл хортой хэмжээнд хүрсэн /ус уувал хордлого болдог/

Хүн, малын эрүүл мэнд доройтсон

Өрхийн орлого буурсан

Иргэд нутгаасаа дайжсан гэж дүгнэсэн байна. 

Энэхүү судалгаагаар танилцуулсан мэдээллүүд үнэн зөв эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. 


Factcheck 1:

Монгол Улсын бэлчээрийн нөхцөл байдалд “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үнэлэлт өгч, томоохон судалгаа хийсэн байдаг. 2017-2020 онд хэрэгжүүлсэн уг төслөөр Дорноговь аймгийн бэлчээрийн даац 1.3-3.4 дахин хэтэрсэн гэж үзжээ.

Даланжаргалан 3.3 дахин

Хатанбулаг 2.5

Улаанбадрах сумынх хоёр дахин хэтэрсэн гэж тухайн судалгаагаар дүгнэсэн байна.

ҮСХ-ны тооллогоор 2017 онд тус аймагт 2 сая мал тоологдох үед бэлчээрийн даац ийн хэтэрсэн бол 2022 оны байдлаар энэ тоо 50% нэмэгдсэн байна. Энэ нь бэлчээрийн нөхцөл байдал улам доройтсон гэж үзэх боломжтой. Малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээр талхлагдаж, нийт улсын газар нутгийн 65 хувь нь доройтжээ.


Factcheck 2:

Говийн бүсийн Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоог сайжруулах төлөвлөгөө боловсруулах ЖАЙКА, ХХААЯ-ны хамтарсан судалгааг 2006 онд Пасифик Консалтантс Интернешнл ХК, Металл боловсруулалт, инженерийн “Мицуй” ХК хийж гүйцэтгэжээ. Уг судалгааны хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд 127 цэгээс газар доорх усны дээж авч, 29 үзүүлэлтээр усны чанарын шинжилгээ хийсэн байна. Ийнхүү шинжлэхэд бага гүний усны 92 дээжийн 78%-д фтор стандарт хэмжээнээс их, 30.3%-д эрдэс бодис мөн стандартаас их, 3 цэгт хүнцэл агуулагдаж байгаа нь илэрчээ. Гүний ус агуулагч чулуулгийн 35 дээжийн 28.6 хувьд хатуулаг стандартаас их, эрдэс бодис, хлор, фтор стандартаас их буюу усны чанар муу, ундны усанд ашиглахад тохиромжгүй гэсэн дүгнэлт гарч байжээ. Иймд цаашид усыг цэвэршүүлэх шаардлагатай гэж үзсэнийг судалгаанд дурдсан байна.

2020 онд Засгийн газраас томилсон ажлын хэсгийн шалгалтаар мөн Дорноговь аймгийн гүний ус нь байгалиасаа эрдэсжилт ихтэй болохыг нотолж, цэвэршүүлж ашиглах шаардлагатай гэж үзсэн талаар олон нийтэд мэдээлсэн.

Шинжлэх ухааны академи мөн 2022 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох судалгаа хийсэн талаараа танилцуулсан. Тус судалгаагаар малчдын малаа усалж, ундны усаа авдаг худгуудын 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан бөгөөд газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фтор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, ураны уурхайн үйл ажиллагаа эхлэхээс олон жилийн өмнө Дорноговь аймгийн усны чанар унданд ашиглах боломжгүй байсан бөгөөд энэ нь байгалийн тогтоцтой нь холбоотой болохыг дээрх судалгаанууд харуулсан байна. 


Factcheck 3:

Дорноговь аймгийн ЗДТГ-аас Малын эрүүл мэнд дэд хөтөлбөрийн хүрээнд гаргасан 2013-2017 онд хонины цэцэг, шүлхий болон бусад өвчний судалгааг харахад дээрх гурван сум аймагтаа харьцангуй өвчлөл багатайд бичигдсэн байна.

Тус аймагт малын гажиг төрөлт тулгамдсан асуудал болсон талаар Мал эмнэлгийн ухааны доктор, малын их эмч Ц.Цэрэнчимэд ярьжээ. 

Гажиг төлийн талаар улсын хэмжээнд хамгийн сүүлд гарсан томоохон судалгааг Монголын хувийн мал эмнэлгүүдийн нэгдсэн хоршооноос 2019 онд хийсэн байна. 

Тус судалгаанд нийслэл болон 18 аймгийн 1,006 мал эмнэлгийн нэгжүүдийн 81.4 хувийг хамруулж, малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжил, эрхтэн, тогтолцооны гажигтай төл малын талаар судалжээ. Ийнхүү үзэхэд Дорноговь аймаг Монгол Улсын 21 аймгаас малын гажиг төрөлтийн тоогоор 11-т бичигдсэн байна. 

Эх сурвалж: Мал эмнэлэгүүдийн дундын хоршоо

Мөн судалгааны үр дүнд малын гажиг төрөлтөд бэлчээрийн даац болон цус ойртолт нөлөөлж байгаа гэж гарсан талаар Мал эмнэлгүүдийн дундын хоршооны Малын их эмч Г.Бат-Ирээдүй ярилцлагаараа мэдээлжээ. Үүнээс хойш ийм хэмжээний судалгаа хийсэн гэсэн мэдээлэл алга.  

Дорноговь аймгийн гажиг төлийн талаарх 1993 оноос хойших дата мэдээллийг дахин боловсруулж, томоохон судалгаа хийж байгаа талаар өнгөрсөн онд тус аймгийн Мал эмнэлгийн газрын дарга У.Мөнгөнхүү хэлж байсан юм. Тус судалгааны үр дүнгийн талаар түүнээс дахин холбогдож тодруулахад судалгааг үргэлжлүүлж, тандалт хийх шаардлагатай болсныг хэллээ. Учир нь 1993 оноос хойших мэдээллийг судлахад гажиг төл төллөлт буурч, бараг үгүй болсон дүр зураг ажиглагдсан тул үргэлжлүүлэн тандалт хийхээр болсон байна.

Нялхсын эндэгдэл гэж амьд төрөөд 0-1 насандаа эндсэн хүүхдийн тоогоор илэрхийлэгдэнэ хэмээн ҮСХ тодорхойлж судалгаа гаргадаг. ЭМЯ-наас эх сурвалж болгож ҮСХ-ны танилцуулснаар Дорноговь аймагт сүүлийн таван жил нялхсын эндэгдэл дөрвөн удаа тохиолджээ. 2023 оны гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээд 77 тохиолдол бүртгэгдсэн бол Дорноговь аймагт нэг ч тохиолдол гараагүй байна.

Зулбалтын тухайд улсын хэмжээгээр гаргасан статистик гэвэл 2018 онд ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн Монгол Улсын нийгмийн үзүүлэлтийн судалгаа байна. Уг судалгааг бүсчлэн гаргажээ. Уг судалгаагаар улсын дундаж 5.9% байгаа бол Дорноговь аймаг багтдаг төвийн бүсэд 4.9 гэсэн үзүүлэлттэй байна.

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын судалгаагаар 2017-2021 онд Өргөн суманд зулбалт 24 бүртгэгдсэн байхад Улаанбадрах суманд 14 байжээ. Хатанбулагт 34, Хөвсгөлд 20, Эрдэнэд 26, Зүүнбаян 32 бүртгэгдсэн буюу ураны уурхайн үйл ажиллагаа явуулдаг Улаанбадрах сумаас бусад сумдын хувьд зулбалт өндөр байгааг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Батцэцэг ярьж байв.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хувьд Улаанбадрах сум Дорноговь аймгийн бусад суманд өндөр үзүүлэлтэй байдаггүй аж.


Factcheck 4:

Монгол Улс даяар 2020 он хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогыг явуулсан. Уг судалгаагаар Дорноговь аймагт 71014 хүн бүртгэгдсэн ба энэ нь 2010 онтой харьцуулахад 2.4 хувь өссөн байна. Харин судалгаанд нэр дурдсан аймгуудыг харвал 2010-2020 онд Даланжаргалан, Улаанбадрах сумын хүн ам өссөн бол Хатанбулаг сумын хүн амын өсөлт -0.6 хувьтай байна.

ҮСХ-ны 2022 он хүртэлх тоог харвал 2017 оноос хойших таван жилд тус гурван сумын хүн амын өсөлт тогтвортой байгаа юм.

Иймд “ФОРУМ-АЗИ”-ийн дээрх судалгааг бүхэлдээ үнэн зөв гэж үзэх нь үндэслэлгүй, ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

https://gogo.mn/r/107×2?fbclid=IwAR0hncdY97x2N47u14s2HkfZnn_CJxQ_EFJRSq-eHuCATvKX_0gGY5r63dw

https://www.greenmongolia.mn/post/39884

https://openjicareport.jica.go.jp/pdf/11821881_01.pdf

https://ikon.mn/n/20my

https://ikon.mn/n/2fm9

http://www.dornogovi.gov.mn/home/63?_id=318

https://ikon.mn/n/20bk

https://www2.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_2100_014V1&SOUM_select_all=0&SOUMSingleSelect=_0_1_2_3_344_4_5&YearM_select_all=0&YearMSingleSelect=_202303&viewtype=table

https://www.unicef.org/mongolia/media/456/file/SISS2018-report-mn.pdf

https://ikon.mn/opinion/2ijj

https://www2.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Dornogovi_XAOCT_Negdsen_Dun.pdf&ln=Mn

Төстэй мэдээлэл

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ. Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна. Дээрх мэдээллийг нягталлаа. Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд […]

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна. Тэдгээр зөвлөгөөг нягталлаа. Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа!

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх