Хүүхдийн чихрийн хэтэрсэн хэрэглээ

Энэ сард бид хүүхдүүдийн сахарын хэт өндөр хэрэглээг сонгон авч, хөндөж байна.

Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн эрүүл мэндийн статистикт бага насны хүүхдүүдийн өвчлөл тодорхой чиг хандлагатайгаар өсөж байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ насны хүүхдүүдийн тэргүүлэх өвчлөлийн жагсаалтыг амьсгалын тогтолцооны өвчин жил бүр тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ч хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Гэхдээ энэ өсөлт нь ихэвчлэн улирлын чанартай дэгдэлт, томуу, томуу төст өвчний хэлбэлзэлтэй холбоотой бөгөөд оргил үе нь түр хугацаанд үргэлжилдэг.

Харин жагсаалтын хоёрдугаарт, хоол боловсруулах тогтолцооны өвчин, тэр дундаа амны хөндийн буюу шүд цоорол сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, нийгмийн эрүүл мэндийн анхаарах шаардлагатай томоохон асуудал болж хувирчээ.

2020 онд 10,000 хүүхэд тутамд 1,182.9 байсан энэхүү өвчлөл 2024 онд 1,786.7 болж бараг 50 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Тиймээс анхаарах шаардлагатай хэмжээнд хүрсэн энэ өвчлөлийн шалтгааныг бид хөндөхөөр эхний нийтлэлээ бэлтгэлээ.

Бүх зүйл амаар орж, бие рүү дамждаг. Гэтэл ам руу орохдоо л өвчлөл үүсгэж байгаа хүнс энэ бүхний шалтгаан болдог ажээ. Шүдний цоорол, амны хөндийн өвчлөл, нян бактери нь 200 гаруй өвчний эх үүсвэр болдгийг Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн нүүр амны их эмч О.Санчирмаа хэлж байна. Нүүрс ус ихтэй буюу чихэрлэг хоол хүнс нь амны хөндийн хүчил ихээр ялгарах нөхцөлийг бүрдүүлж, шүдийг цоолоод байгааг тэрбээр тайлбарлав. Хамгийн харамсалтай нь нэг ангийн 30 хүүхдийн 4-5 нь л эрүүл шүдтэй гэсэн үр дүн ЕБС-ийн суралцагчдад үзлэг хийх үеэр гарсныг тэрбээр хэллээ. Тиймээс энэ асуудалд нийтээрээ анхаарал хандуулахаас аргагүй болжээ.

Шүд цоорох өвчин нь зөвхөн Монголд бус, дэлхий нийтийн асуудал болжээ. ДЭМБ-ын судалгаагаар 2 тэрбум хүн шүд цооролтой байгаагаас 510 сая нь хүүхдүүд байгаа бол Монгол Улсад 2024 оны байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан 1.5 сая хүний 736.9 мянга нь 0-17 насны хүүхдүүд байсан аж. Судалгааны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролтой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77.7 хувьтай байна. Харин 2.9 хувь нь шүдний гажигтай байжээ. Эрт илрүүлгийн үр дүнд хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг танилцуулсан. Тухайлбал, шүдний өвчтэй хүүхдийн чих хамар хоолойн өвчлөл эрүүл хүүхдийнхээс илүү байгааг дурджээ.

АНУ-ын Халдварт өвчин хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар сахарын хэт хэрэглээ нь инсулиний ялгарах тэнцвэрийг алдагдуулж, бодисын солилцооны эмгэг, II төрлийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Улмаар архинаас үл шалтгаалсан элэгний өвчлөл, шүд цоорол, судас хатуурал гээд олон төрлийн өвчний суурь шалтгаан болдгийг мэдээлжээ. Мөн Америкийн Эмчилгээний шим тэжээлийн сэтгүүлд сахарын хэт их хэрэглээ, ялангуяа сахартай ундаа хүүхдийн калорийн хэмжээг нэмэгдүүлж, илүүдэл жинтэй болоход шууд нөлөөлдөг нь тогтоогдсон байна.

Монгол Улсын гавъяат багш, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар хэлэхдээ тав хүртэлх насны хүүхдэд өдөрт таван грамм буюу нэг цайны халбага, 5-12 хүртэлх насны хүүхдэд өдөрт 15 грамм сахар хэрэгтэй гэсэн юм.

“Гэтэл үүнийг хэтрүүлснээс болоод хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хамгийн түрүүнд амны эрүүл ахуй, шүд цоорлыг үүсгэж байгаа. Нүүрс усыг хэтрүүлснээр амны хөндийн бактери ургах, үржих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн чихэрлэг хүнс хэтрүүлэн хэрэглэсэн бага насны хүүхэд хэт хөдөлгөөнтэй болж, өөрийгөө хянах чадвар нь буурсан байдгийг ажиглалтаар тогтоосон. Харин яагаад гэдгийг нь шинжлэх ухаан нотлоогүй. Үүнээс гадна нүүрс ус нь задраад био химийн процесст орж, хэт их энерги болохоороо таргалалт үүсгэж байгаа. Таргалалтаас сэргийлэх арга нь нүүрс усыг багасгаж, уургийн хэрэглээг нэмэгдүүлэх. Сахарын хэрэглээг хэтрүүлснээс чихрийн шижинг үүсгэдэг хоёрдогч үндсэн шалтгаан нь ч болдог” хэмээн тэрбээр ярилаа.

Яагаад шүдний өвчлөл ийм өндөр байна вэ?

Монгол аав ээжүүд агаарын бохидолтой холбоотой хүүхдүүдийнхээ амьсгалын замын өвчинд илүү анхаарал хандуулдаг бол шүдний хувьд ихэвчлэн өвдсөнийх нь дараа мэдддэг. Нэгдүгээрт, шүд цоорсон ч эхний үед ил өвдөхгүй, хоёрдугаарт, амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал, шүдээ тогтмол угаах, амттан хэтрүүлэхгүй байх, тогтмол үзлэгт хамруулах соёл нийтэд бүрэн төлөвшөөгүй хэвээр байгааг эрт илрүүлгийн үр дүнгээс харж болно.

Хүүхдийн нас нэмэгдэхэд аманд байх шүдний тоо олшрох ба идэж хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний сонголт, төрөл нэмэгддэг байна. Шүдний өвчлөлийн оргил нас 7-8 байгаа нь холимог буюу сүүн болон байнгын шүдтэй хүүхэд гэсэн үг. Энэ нь насан туршийн байнгын шүдний өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй ажээ.

Энэ талаар Шүд, эрүү нүүрний төвийн нүүр амны их эмч О.Санчирмаа тайлбарлахдаа сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэхгүй, мэдэхгүй явснаас болж шинээр гарсан байнгын шүдээ өвчлүүлдэг гэсэн юм. Сүүн шүд зургаан сартайгаас гарч эхлээд хүүхэд 36 сар хүрэхэд 20 сүүн шүд бүрэн шүдэлж гүйцдэг аж.

Харин эрт илрүүлэгт хамрагдсан гурван настай хүүхдүүдийн дунд 20 шүднээс хоёр нь өвчилсөн тохиолдол зонхилсныг тайланд дурдсан байсан юм.

Та хүүхдээ өдөрт хоёр удаа шүдээ угаалгах дадалтай болгосон ч амтлаг ундаа, чихэрлэг хоол хүнсний хэрэглээ өндөр хэвээр байвал эрсдэл буурахгүй. Тэр тусмаа нэг нас хүрээгүй нялх хүүхдэд чихэртэй цай өгөх, шүд ургаж эхлэх үед чихэртэй бүтээгдэхүүн өгөх зэрэг буруу дадал түгээмэл байдаг нь өвчлөл нэмэгдэх бодит шалтгаан болдог байна. Энэ талаар “Оношмед” эмнэлгийн хүүхдийн эмч Б.Туяа “Нэг хүртэлх насны хүүхдийн нэмэлт хоолонд давс, сахар хэрэглэхгүй. Бага насны хүүхэд хоногт таван грамм сахар, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм, насанд хүрсэн эмэгтэй хүн 25 грамм, эрэгтэй хүн 30 грамм сахар хэрэглэхэд хэвийн хэмжээ гэж үздэг. Хүүхдийн сахарын хэрэглээг хэтрүүлснээс буйл үрэвсэх, шүд хорхойтох, хоолны дуршил буурах, дархлаа сулрах, өсөлт хоцрох, хэт хөдөлгөөнтөх, анхаарал төвлөрөлт буурах эмгэгүүд үүсдэг. Бидний хэрэглэж байгаа ихэнх бүтээгдэхүүнд сахар ямар нэг хэмжээгээр агуулж байгаа. Тухайлбал, нэг хатуу чихэр хамгийн багадаа 25 грамм сахар агуулдаг. Үүн дээр нэмээд гурил, төмс, будаа зэрэг хоол хүнснээсээ бас нүүрс ус (сахар) авдаг” гэдгийг онцолсон юм.

Мэдээж хэтрүүлэн хэрэглэсэн нүүрс ус нь өөх болж хуримтлагдан таргалалт үүсгэж байгааг дээр дурдсан.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь таргалалттай гэж гарсан байдаг. Таргалалтын шалтгаан нь чихэр болон бусад хүнс, хоолноос үүдэлтэй байна. Тиймээс чихэр, сахар, түүнээс үүдэлтэй өвчлөлөөр хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байх үүргээ аав, ээжүүд ухамсарлах цаг болжээ.

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Эрүүл монгол хүнийг өсгөхийн тулд одооноос бид анхаарлаа хандуулахгүй бол энэ чимээгүй дайсанд ирээдүй болсон хүүхдүүдээ эзлүүлж, чимээгүй өвчлүүлсээр байна.

Эх сурвалж:

  • ДЭМБ
  • ЭМЯ
  • НЭМҮТ
  • ЭМХТ
  • НШЭНТ
  • “Оношмед” эмнэлэг
  • АНУ-ын Халдварт өвчин хяналт, сэргийлэлтийн төв
  • Америкийн Эмчилгээний шим тэжээлийн сэтгүүл
Төстэй мэдээлэл

Товч агуулга Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР …. 11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Aimar Social News гэх фэйсбүүк хуудсаар “Монгол эмэгтэй

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх