Factcheck: Ураны хайгуул мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдоогүй

Товч агуулга

  • Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгээс 2023 онд Дорноговь аймгийн гурван суманд хийсэн томоохон судалгаагаар малын эрүүл мэнд уул уурхайн ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй.
  • Шинжилгээнд хамрагдсан гурван сумын бараг бүх мал тэжээл боловсруулах замын эмгэг, тэжээлийн дутагдал болон бодис солилцооны хямралын өвчинд нэрвэгдсэн байна.
  • Орон даяар 2019 онд хийсэн малын гаж хөгжлийн судалгааг харвал Дорноговь аймгийн гаж төлийн тоо улсын дунджаас хавьгүй доогуур байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

Ураны хайгуул болон туршилт нь сум, орон нутгийн малчдын мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Малчдын амьдралын ганц эх үүсвэр нь тэдний мал сүрэг байдаг.

Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгээс 2023 оны хавар Дорноговь аймгийн гурван суманд малын эрүүл мэндийн томоохон судалгаа хийхэд малын эрүүл мэндэд уул уурхайн ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй байна.

Тодруулбал, гурван сар үргэлжилсэн уг судалгаа, шинжилгээний дүн уул уурхайгаас шалтгаалсан ноцтой өөрчлөлтийг харуулаагүй буюу уул уурхайн хамаарал нотлогдоогүй байна. Ялангуяа, уран олборлож буй Улаанбадрах сумын малд онцлон тэмдэглэх шинж тэмдэг, бие даасан өвчин, ялгарах эмгэг илрээгүй. Харин энэ бүхний цаана уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон бэлчээрийн доройтлоос үүдсэн ус, шим тэжээлийн дутагдалтай холбоотой байгааг судлаачид тэмдэглжээ.

Уг судалгаагаар ураны төсөл хэрэгжүүлэхээр үйлдвэрийн туршилт явуулсан Зөөвч-Овоо төслийн талбай байрлаж буй Улаанбадрах сум, тус сумтай залгаа Хөвсгөл болон огт уул уурхайгүй Айраг гэсэн гурван сумын 57 малчин айлын 32,571 толгой малд эрүүл мэндийн бүхий л чиглэлээр шинжилгээ судалгаа хийсэн байдаг.

Уг судалгааны үр дүнгүүдээс харвал:

  • Дорноговь аймагт 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 612 толгой мал шимэгчтэх өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь улсын дунджаас хоёр дахин цөөн үзүүлэлт аж.

Тус аймагт өнгөрсөн онд улсын дунджаас гурав дахин олон буюу 740 толгой мал халдваргүй өвчнөөр өвчилжээ. Үүнд ургамлын хордлого, үнхэлцэг усжих, булчин цайх, тэжээл боловсруулах замын (чацга алдах) өвчин болон эрдсийн дутагдал зэргийг авч үзэх аж.

Дорноговь аймгийн малын өвчлөл, хорогдлыг сүүлийн таван жилээр дүгнэвэл:

  • тэжээл боловсруулах замын өвчнөөр хамгийн их буюу 1832 толгой мал,
  • амьсгалын замын өвчнөөр 1258 толгой,
  • элдэв хордлогын өвчнөөр 655 толгой мал тус тус өвчилсөн байна.

Харин энэ хугацаанд малын хорогдлын хамгийн их хувь буюу 31%-ийг тэжээл боловсруулах замын өвчин эзэлжээ.

Нэг анхаарах үзүүлэлт нь, сүүлийн таван жилд бүх өвчилсөн малын эзлэх хувь нь сүүлийн 18 жилийн туршид өвчилсөн малын 5.8%-ийг эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт өвчлөлийн 94% нь 2018 оноос өмнө тохиолджээ. Малын хорогдлын хувьд ч мөн ялгаагүй 98% нь сүүлийн таван жилээс өмнө бүртгэгдсэн байна.

Судалгааны явцад хийсэн хамгийн чухал ажил бол шинжилгээ. Тус шинжилгээгээр Улаанбадрах сумын 19, Хөвсгөл сумын 18, Айраг сумын 20 айлыг хамруулжээ. Ийнхүү 57 малчны 367 малын лабораторийн шинжилгээг харвал уран олборлож буй Улаанбадрах сумын малын үзүүлэлтүүд нөгөө хоёр сумынхаас онцын ялгаатай, огцом өвчлөлтэй байгаа зүйл ажиглагдаагүй байна. Тухайлбал, малын кальц багассан үзүүлэлт Улаанбадрах суманд Хөвсгөл, Айраг сумдынхаас хоёр дахин бага байжээ. Харин Улаанбадрах сумын малын дээжин дэх фосфорын хэмжээ нь нөгөө хоёр сумынхаас хоёр дахин илүү багассан буюу Айраг, Хөвсгөл сумын малд фосфорын хэмжээ 2-3 дахин илүү байсан аж. Цайрын хувьд Хөвсгөл болон Айраг суманд илүү их дутагдалтай байсан ба эдгээр үзүүлэлт нь зарим өвчин, эмгэгийн шалтгаан болж байгаа нь нотлогджээ.

Мал, амьтны биед нүүрсус, цардуулыг задлагч фермент болох амилаза л гэхэд 98% буюу бараг бүх малд буурсан байсан нь нойр булчирхайн эмгэг үүсэж, тэжээл боловсруулах замын өвчлөлийн суурь болж байгаа нь тогтоогдсон байна. Элгэн дэх уургийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох шүвтэр 96% буюу эдгээр малд ихэссэн нь бөөрний дутагдалд орж, уургийн задрал хэт нэмэгдэх, улмаар бодисын солилцоо хямралд орж, өвчин эмгэг үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн элэгний үйл ажиллагааг зохицуулах фермент болох аланинтрансфераза 80% буюу шинжилгээнд хамрагдсан малд ихэссэн байжээ. Энэ нь элэгний эсийн болон цөсний хүүдийн өвчлөл үүсэх, бодисын солилцоо буурах, элэгний хоёрдогч хэлбэрийн өвчлөл бий болох үндэслэл болж байна.

Элэгний үйл ажиллагааг илэрхийлэгч билирубин шинжилгээнд хамрагдсан бүх малд 100% ихэссэн байгаа нь элэг болон цөсний хүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар тэжээл боловсруулах замын өвчин, эмгэгт олноор нэрвэгдэх нөхцөл үүсжээ.

Өөрөөр хэлбэл, шинжилгээнд хамрагдсан гурван сумын бараг бүх мал тэжээл боловсруулах замын эмгэг, тэжээлийн дутагдал болон бодис солилцооны хямралын өвчинд нэрвэгдсэн байна. Шимэгчийн шинжилгээний тухайд мөн л өвчлөөгүй мал бараг үгүй байжээ. Тус гурван сумын малд, ялангуяа хонинд Эймериоз хэмээх эгэл биетнээр үүсгэгддэг төл малын өвчин ихээхэн тархсан байжээ. Энэ өвчний үед ажиглагддаг гэдэсний эмгэг, чацга алдах, цус багадах, турах шинж тэмдгүүд малд илэрсэн байна. Мөн мал халуурч, богино хугацаанд цус багасах, эрүүн доор усан хаван гүйх, чацга алдах, хэвтэх зэргээр өвчилж олноор үхэх нэг шалтгаан болдог бөөрөнхий хорхойн халдвар шинжилгээнд хамрагдсан малын 91 хувьд илэрчээ.

Түүнчлэн бүх дээжинд хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, селений хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-15 дахин бага байжээ.

Дээрх бүх судалгаа, шинжилгээний дүн уул уурхайгаас шалтгаалсан ноцтой өөрчлөлтийг харуулаагүй буюу уул уурхайн хамаарал нотлогдоогүй байна.

Ялангуяа, уран олборлож буй Улаанбадрах сумын малд онцлон тэмдэглэх шинж тэмдэг, бие даасан өвчин, ялгарах эмгэг илрээгүй. Харин энэ бүхний цаана уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон бэлчээрийн доройтлоос үүдсэн ус, шим тэжээлийн дутагдалтай холбоотой байгааг судлаачид тэмдэглжээ.

Мөн орон даяар 2019 онд хийсэн малын гаж хөгжлийн судалгааг харвал Дорноговь аймгийн гаж төлийн тоо улсын дунджаас хавьгүй доогуур байгаа юм.


Тиймээс ураны хайгуул мал аж ахуйд сөргөөр нөлөөлсөн гэдэг нь ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалж:

  • Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо
  • Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн
  • Үндэсний статистикийн хороо

Төстэй мэдээлэл

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар […]

Lkhagvadorj Chimed хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.08.03-нд “ХӨСҮТ-н Захирал

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Монгол Улс ураны томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төсөлд уран олборлохтой холбоотой суурь АМНАТ ашигт малтмал борлуулалтын орлогын 5% байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үийн өсөлтөөс хамааран 0-9% байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын […]

Smart business гэсэн сошиал хаягаар спонсорлож түгээсэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зурагтай, оросоор “Хэрэв эхний сард 3 сая төгрөг олж чадахгүй бол би танд 25 сая төгрөг өгнө. Б.Лхагвасүрэн” хэмээн бичсэн постер цахим орчин таржээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Smart business гэх пэйжээр спонсорлож буюу төлбөр төлж явуулсан уг постерын доор […]

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх