УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ураны талаар хэлсэн мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс ухаад гаргаад идэхээ л боддог. Түүнээс гадна энэ чинь хортой байхгүй юу. Энийг судлаад тогтоогооч ээ” гэжээ.

Энэ мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Монгол Улсад уран олборлох нэг л төсөл хэрэгжихээр хөрөнгө оруулалтын гэрээний шатанд явж байна.

Тус ордын нөөцийг бүртгүүлснээс хойш 10 орчим жил бэлтгэсний үр дүнд үйлдвэрийн туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн талаар тус төслийг хэрэгжүүлж байгаа “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард танилцуулсан. Ингэхдээ Монголд анх удаа газар доор уусган олборлох өндөр технологи ашиглаж байгаа буюу үйлдвэрлэл хаалттай тойргоор тасралтгүй явагддаг тул газрын хөрс хөндөгдөхгүй, тэсэлгээ хийхгүй, усны хэрэглээ бага буюу дэлхий дээр байгаль орчинд хамгийн нөлөө багатай технологи ашиглаж байгааг хэлсэн.

Зөөвч-Овоо төслийн талбайд үйлдвэрлэлээс гарч байгаа ганц хаягдал нь илүүдэл ус гэдгийг дэд ахлах оператор Р.Мягмарсүрэн хэвлэлд танилцуулж байсан ба цацраг идэвхгүй зөвхөн энэ ус л агаарт бага зэрэг уурших боломжтойг тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүн асаны хэлсэн мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Н.Норовоос тодрууллаа. Тэрбээр ийм үндэслэл, аюул байхгүйг хэлээд “Байгаль дээр бүхий л газар уран байдаг. Тэр уран бороо болж орно гэдэг юм байхгүй. Харин бидний энэ түлж байгаа нүүрсний утаа буюу хаягдал үнсэнд уран агуулагдаж байгаа. Манай орны хүрэн нүүрс уран агуулсан байдаг. Түүнийг нийслэлийн цахилгаан станцуудад шатаахад хаягдал үнс нүүрсэнд агуулагдаж байснаас уранаар 7 дахин баяжсан байдаг. Тэгэхээр уран агуулсан үнс агаарт шууд хаягдаж байгаа. Ураны хүдрийг газар доор уусган олборлох үед уран агуулсан ус битүү циклээр эргэлдэн, уран нь давархайд шүүгдэж үлдэх учир агаарт хаягдах боломжгүй юм.

Ер нь хүмүүсийг айлгахын тулд зөвхөн уран гэдгийг нь тасалж аваад яриад байх нь утгагүй. Хүн төрөлхтөн бол цөмийн бөмбөгөөс үүдэн уранаас айдаг болсон. Тэрийг нь ашиглаж ингэж айлгана гэдэг манай орны утаагүй цэвэр хөгжлөөс хойш татаж байгаа хэрэг юм.

Уран бол цацраг идэвхт элемент. Манай дэлхийг үүсэхэд л байж байсан. Дэлхийн насыг ураны хагас задралын үе гэдгээр тооцож үнэлдэг. Хүн төрөлхтнийг үүсэхэд байж л байсан” хэмээн тайлбарлав.

Мөн Зөөвч-Овоо төслийн үйлдвэрт ураны хүдэр байгаа давхаргын усыг нь л битүү циклээр эргэлдүүлдэг болохыг тэрбээр нэмж хэллээ. “Тэр усыг соруулж гаргаж ирээд хүхрийн хүчил нэмж буцаан шахаад, хүхрийн хүчилтэй уусмал нь уранаа уусгаж аваад буцаж гарч ирснийг нь тунгааж аваад буцааж шахах процесс явагддаг. Хүхрийн хүчлийн уусмалыг хор гэж тайлбарлах нь өрөөсгөл. Аюултай эсэхийг харьцуулан тайлбарлавал, авто машины аккумулятор гар түлэх хэмжээний буюу 30-40 процентын хүхрийн хүчилтэй байдаг бол газрын гүн рүү шахаж байгаа усан дахь хүхрийн хүчлийн хэмжээ 1-2 хувийг л эзэлж байгаа. Үйлдвэрийн энэ бүх процессыг хяналтын цооног байгуулан гаргаад хянадаг. Ураны хүдэр байгаа усны давхарга буюу уусган баяжуулалт хийж байгаа усны давхаргын дээд, доод давхаргад шилжиж байгаа эсэхийг бүгдийг нь эдгээр цооногийн тусламжтай хянаж байна. Тэр хэсгийн ус бол аюултай гэж яриад байгаа ураны хүдэр бий болсон тийм л ус, ундны ус биш. Бусад давхаргын ус руу уран уусгаж байгаа ус орохгүй” гэж доктор Н.Норов хэллээ.

Мөн “Ураны 50 орчим хувийг үйлдвэрлэдэг Казахстан улс ураныхаа ихэнхийг нь газар дор уусган олборлох технологиор гарган авч байгаа. Ерөнхийдөө дэлхий дээр хүрээлэн буй орчинд хамгийн аюул багатай, сонгодог арга. Зөөвч-Овоогийн хувьд газар доорх элсэн давхаргад үүссэн орд учраас ураныг уусган баяжуулах аргыг ашиглах боломжтой болж байгаа юм. Манайд өөр төрлийн буюу галт уулын гаралтай, Мардай гээд таван бүлэг орд байгаа. Ураны агуулга ихтэй боловч олборлоход хэцүү, газар доор уусган олборлох боломжгүй, ил болон гүний уурхайгаар ашигладаг” гэдгийг нэмж тайлбарлав.

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр мөн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын яриаг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Зөөвч-Овоод байгаа уран газрын гадаргаас 150-аас доош метрийн гүнд байгаа. Гарч ирээд хүн хордуулаад байх юм байхгүй. Хоёрдугаарт үйлдвэрлэл битүү циклиэр явдаг тул ус, агаарт дэгдээд байх юм байхгүй. Надад Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай болон Зөөвч-Овоо буюу уран олборлож байгаа уурхайн газар дээр нь хэмжсэн цацрагийн хоёр хэмжилт байгаа. Улаанбаатар хотод 0.12 µЗв/цаг байгаа бол Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо уурхай сайт дээр 0.11 µЗв/цаг буюу хоёр хэмжээ бараг адилхан байна. Тиймээс С.Ганбаатарын яриа ямар ч ор үндэсгүй бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Гэхдээ уран бол химийн хувьд хоруу чанартай, цацрагийн тухайд эрсдэлтэй боловч цацрагийн аюулгүйн норм барьж ажиллах шаардлагатай” гэв.

Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ураны талаар ярьсан мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн байна.

Төстэй мэдээлэл

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Хамгийн анх […]

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг […]

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Factcheck: Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх