“Ерөнхий сайд: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа” – ТАШАА

Товч агуулга:

  • Монгол Улсын өрийн дарамт буурч байгаа нь үнэн.
  • Гэвч өрийн циклээс бүрэн гарсан гэдэг нь ТАШАА ойлголт байна.
  • Энэ онд 13.3 их наяд төгрөгийг зээл хүүгийн төлбөрт төлсөн нь нотлогдсонгүй.
  • Сүүлийн төлбөрийг өөрийн эх үүсвэрээр төлсөн ч өмнөх бондуудын өрийг төлөхөөр босгосон бусад бондын өр төлбөр ирээдүйд хүлээгдэж байна.
  • Ирэх 2024 оны төсвийн алдагдал болох 1.5 их наяд төгрөгийг өрөөр санхүүжүүлэх хүлээлттэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа” гэсэн мэдээллийг 2023.12.25-нд хийсэн.

Уг мэдэгдэлд “Монгол Улс “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна” гэсэн юм.

Энэхүү мэдээлэл нь иргэдийн дунд ялгаатай ойлголт төрүүлээд байгаа аж. Тодруулбал, олон нийтийн дунд Монгол Улс гадаад өрөө бүрэн төлж барагдуулсан гэсэн ойголт түгээмэл байгааг сошиал орчноос харж болно. Тиймээс энэ ойлголтыг нягталж өгөх хүсэлт уншигчдаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Юуны өмнө өрийн талаар жижиг тайлбар энд хийх нь зүйтэй. Монгол Улсын өр, Засгийн газрын өр гэдэг нь хоёр тусдаа ойлголт юм. Монгол Улсын өр гэдэгт Засгийн газрын өрөөс гадна Монголбанк болон бусад хувийн аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл багтдаг ба тухайн байгууллагынхаа хариуцах асуудал байдаг.

Засгийн газрын өрийг Монгол Улсын төсвөөс төлж барагдуулдаг учраас олон нийтэд хамгийн хамаатай асуудал юм.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны III улирлын статистик мэдээллээр Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 4.5%, өмнөх улирлаас 200.4 сая ам.доллар буюу 0.6%-аар тус тус өсжээ. Ийнхүү өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.8 (15.2%) тэрбум ам.доллароор
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 263.9 (19.3%) сая ам.доллароор
  • Засгийн газрынх 226.3 (3.0%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.
  • Харин бусад салбарын гадаад өр 491.0 (5.5%) сая ам.доллар,
  • Төв банкных 369.2 (15.9%) сая ам.доллароор тус тус буурчээ.

Засгийн газрын нийт өрөөс 2023 оны эхний 9 сард үндсэн төлбөрт 3.8 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 918.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 3.1 (5.6 дахин) их наяд төгрөгөөр, хүүгийн төлбөр 337.0 (58.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Засгийн газрын өрийн хэмжээ 2015 оноос хойш хоёр дахин өссөн байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо (тэрбум төгрөгөөр)

Factcheck 2:

Сангийн сайд Б.Жавхлан өр төлж барагдуулсан талаар 2023.12.25-нд мэдээлэл өгөхдөө 2021-2023.12 сар хүртэл Засгийн газар зээлийн үндсэн төлбөрт 10.7 их наяд, хүүгийн төлбөрт 2.6 их наяд төгрөг буюу 13.3 их наяд төгрөг төлсөн гэж мэдээлсэн.

Эх сурвалж: Засгийн газар

Тэгвэл энэ дүнг бид мөн нягталлаа.

Монголбанк, Сангийн яамны мэдээллийг эх сурвалж болгон Үндэсний статистикийн хороо эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулдаг. ҮСХ-ны мэдээллээс харвал 2021 оноос 2023 оны III улирал хүртэл төлөгдсөн өр болон хүүгийн төлбөр 9.1 их наяд төгрөг байна.

Эх сурвалж: ҮСХ

Эх сурвалж: ҮСХ

Б.Жавхлан сайд мэдээллийнхээ үеэр “Энэ жил Хөгжлийн Банк 700 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж дууссан” гэжээ. Өөрөөр хэлбэл, 2023 онд Засгийн газар 2.4 их наяд төгрөгийг зээлийн төлбөр, хүүд төлсөн байна. Энэ дүнг 2021, 2022 оны дүн болох 4.46 их наяд төгрөгтэй нийлүүлж тооцвол нийт 6.86 их наяд төгрөг болж байна.

Харин 2021-2023 оны төсвийн тухай хуульд заасан зээлийн төлбөрт төлөх дүнгүүдийг харвал

  • 2021 оны Төсвийн тухай хуулиар 12 дугаар зүйл.Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2021 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,386,489.8 сая төгрөг байна.
  • 2022 оны Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйл.Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2022 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,545,894.4 сая төгрөг байна.
  • 2023 он Төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйл.Тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2023 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 2,760,217.3 сая төгрөг байна хэмээн тус тус заасан байна.

Тиймээс Засгийн газар 2021-2023.12 сар хүртэл 13.3 их наяд төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон хүүд төлсөн нь нотлогдсонгүй.

Гинжин хэлхээ гэдэг нь хэлхэж холбосон гинж хэмээн Монгол хэлний тайлбар тольд бичжээ. Тэгэхээр гинжин хэлхээнээс гарна гэдэг нь үргэлжилсэн их өр тасарч, дуусна гэж ойлгогдох нь.

Улсын болон Засгийн газрын өрийг олон улсад ДНБ буюу нийт эдийн засагтай нь харьцуулж авч үздэг. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарын мэдээлсэнчлэн өрийн дарамт буурсан нь дараах үзүүлэлтээс харагдаж байна.

Эх сурвалж: Сангийн яам

2016 онд Засгийн газрын өр ДНБ-ий 78.8% байсан бол 2023 оны хагас жилийн байдлаар 46.2% болж буурсан буюу өрийн дарамт багасжээ.

Харин өрийн дарамтаас бүрэн гарсан гэдэг нь ташаа ойлголт байна. Учир нь Монгол Улс өртэй хэвээр, Засгийн газар гадаад зах зээлд гаргасан бондуудыг төлөх үүрэгтэй хэвээр байгаа юм.

Монгол Улсын 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын төсөв 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарав. Гэвч ирэх 2024 оны төсвийг УИХ 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Хэрэв энэ онд давж орж ирсэн орлогыг хуримтлуулалгүй зарцуулбал 2024 онд 1.5 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлэх шаардлагатай болно.

Түүнчлэн 2023 оны байдлаар 2012 оноос авч эхэлсэн бондуудын өрийг өрөөр санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны үлдэгдлийг харвал:

Эх сурвалж: Сангийн яам

Үүнээс Номад, Century 1,2,3 гэсэн бондуудыг ирээдүйд төлнө.

Тиймээс Монгол Улсын ДНБ-д эзлэх өрийн хэмжээ, өрийн дарамт буурч байгаа нь үнэн ч өрийн циклээс бүрэн гарсан гэдэг нь ТАШАА ойлголт байна.

Эх сурвалжууд:

  • Монголбанк
  • Сангийн яам
  • Үндэсний Статистикийн Хороо
  • Монгол Улсын Төсвийн тухай хууль, төсөл
  • Legalinfo
  • zasag.mn
  • Монгол хэлний их тайлбар толь
Төстэй мэдээлэл

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын цахим орчинд ОХУ, Украин улсын хооронд болсон дайны тухай ямар мэдээллүүд гарч, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn цоо шинэ мониторинг хийсэн юм. Монголчууд фэйсбүүкт дайны талаар эх сурвалжгүй мэдээллийг түлхүү тараасан, Дайны талаарх дүн шинжилгээ бүхий мэдээлэл цахим орчинд ховор байгаа […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

  Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү […]

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх