Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн нь ЖҮЖИГ биш

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ.

Тэрхүү постод:

Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн элгээрээ хэвтэж, дундаж давхрагагүй улс болон, хил хаагдснаар юмны үнэ тэнгэрт хадлаа.

Үүнээс бид сургамж авч гадны улсаас хамааралтай амьдрах биш өөрсдөө гурил будаа, жимс ногоогоо тарьж, малын түүхий эд, сүү цагаагаа боловсруулан жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэйг ухаарах цаг болжээ. 

Манайхтай ойролцоо 5 сая хүн амтай Норвеги улс 20 сая хүний хоолыг зөвхөн малын дайвар бүтээгдэхүүн сүү цагаан идээнээс бэлддэг. Бидэнд гаднаас сурах, хөгжих юм маш их. 

Анх заавал вакцин шахуулсан хүн л дархлаажина гэж хүчээр хийсэн боловч энэ нь дархлаа байж чадсангүй. Халдвар тараагч болж хувирав.

Миний хувьд вакцины ахлах мэргэжилтэн Өлзийтогтох эмчийн ярилцлагаас өөрийн дархлаагаар даваад гарч болохыг мэдснээс хойш үр дүн, орц найрлага нь мэдэгдэхгүй туршилтын шатандаа байгаа Ко19 вакцин хийлгэхгүй байхаар шийдсэн. Тэгээд ч вакцины гаж нөлөөгөөр олон хүн амь нас хөдөлмөрийн чадвараа алдсан боловч хэн ч хариуцлага хүлээгээгүй. 

Мөн гадаадын олон эрдэмтэн мэргэжилтэнгүүд Ко19 вакцины олон гаж нөлөөг хэлсээр, сануулсаар.

Манайх 6 сарын эхээр гэр бүлээрээ Корона тусаад эдгэрсэн. Вакцин хийлгээгүй хүмүүс нь хөнгөн тусаад вакцины 1, 2-р тунд хамрагдсан нь хүндэвтэр туслаа. Бага насны хүүхдүүд эерэг гарсан боловч шинж тэмдэг илэрсэнгүй өнгөрөв. Вирусын эм, С, Д бусад амин дэмийг гэрээр уугаад 10 хонгийн дотор бүрэн эдгэрлээ.

Тусаад эдгэсэн учраас биед эсрэг биет үүссэн, дархлаа суусан вакцин хийлгэх шаардлагагүй. Туссан ч зүгээр л ханиад гэдэг нь батлагдлаа.

Одоо делта мутаци гэж сүржигнэн хүн амыг айлгах гэж маш их хичээж байна. Айх шаардлагагүй.

Байгалийн жамаараа Корона тусаад өнгөрсөн хүмүүс яах ч үгүй. Туссан ч хөнгөн тусна.

Корона вакцин хийлгэсэн хүмүүс харин яахыг хэлж мэдэхгүй.

ДАХИН НЭМЖ БҮҮ ХОР ШАХУУЛ!!!

3, 4-р тун гэж байхгүй шүү Монголчуудаа!!!

Хүүхдүүддээ бүр ч хэрэггүй!

Монголын минь унаган байгалийн жимс, ногоо, цэвэр агаар, буянт малын минь мах, сүү цагаан идээ, зүгээр л элс шороо, уул ус маань бүгд амин дэм бидний монгол дархлаа, монгол ухаанаараа л бүгдийг давж чадна. Урин дулааны улирлыг ашиглаж эрүүл агаарт биеэ шарж, эко хүнсээ хэрэглэж эрүүл мэндээ сайн дархлаажуулж аваарай гэжээ.

Коронавирусийн цар тахлын үед мэдээллийг баттай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ. Учир нь төөрөгдүүлсэн ташаа мэдээлэлд итгэх нь эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй бөгөөд ташаа мэдээлэл түгээсэн хүн үүнд хариуцлага хүлээхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Дээрх пост дахь коронавирустэй холбоотой агуулгуудыг нягталлаа.

Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход…

FactCheck:

Коронавирусийн цар тахал бол жүжиг биш юм. Үүнийг нотлох тоо баримтаас дурдвал, өнөөдрийн байдлаар энэхүү вирусийн улмаас дэлхийн 220 орны 4,151,655 хүн нас бараад байна. Монгол Улсад нийт өвчилсөн хүний тоо 2021.07.23-ны байдлаар 153,787 болсон бөгөөд уг вирусийн халдварын улмаас 755 хүн нас барав. 

ДЭМБ энэхүү вирусийн халдварыг “цар тахал” болохыг 2021.03.12-нд албан ёсоор зарласан юм. 

Цар тахал гэдэг нь тахал үүсгэж буй өвчний шинж, түүний эсрэг авах арга хэмжээ өөрчлөгдөөгүй гэсэн үг бөгөөд харин өвчний хамрах газар зүйн хүрээ тэлснийг хэлж байгаа нэр томьёо юм.

ДЭМБ -ын гаргасан мэдэгдэлд дурдсанаар хүн ам дархлаагүй ямар нэгэн шинэ өвчин гарч урьдчилсан таамаглалыг даван олон нийтийг хамарч дэлхий нийтээр тархах үед цар тахал хэмээн тодорхойлдог аж.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлууд, түүний хохирлыг доорх зургаас харна уу. 

Эх сурвалж: visualcapitalist

“Анх заавал вакцин шахуулсан хүн л дархлаажина гэж хүчээр хийсэн боловч энэ нь дархлаа байж чадсангүй. Халдвар тараагч болж хувирав”.

FactCheck:

Вакцин нь халдвар авах шалтгаан болохгүй.  

Монгол Улс дархлаажуулах зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийнхээ 73.9%-ийг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин болох BBIBP-CorV /Vero Cell/ вакцинаар дархлаажуулаад байна. 

Энэхүү вакциныг гарган авсан талаарх тайлбарыг харвал:

Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн судлаачид орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээс коронавирусийн гурван хэв шинжийг ялган авсан.

Эсийн дотор үржиж олшрох чадвартай нэг хэв шинжийг сонгон авч, коронавирусийн арвин нөөцтэй болсны дараагаар вирусийг бета-пропиолактон гэдэг бодис ашиглан химийн аргаар идэвхгүйжүүлсэн. Идэвхгүй болсон вирус халдвар үүсгэдэггүй ч бүтцийн уургууд нь хэвээр үлддэг. Вирусийг идэвхгүйжүүлсний дараагаар цэвэршүүлж, маш бага хэмжээний хөнгөн цагаанд суурилсан бодистой хольсон.

Хөнгөн цагаан нь вакцины нөлөөгөөр өрнөх дархлааны хариу урвалыг идэвхжүүлж, дархлаа тогтохыг нэмэгдүүлдэг.

Өөрөөр хэлбэл, вакцины найрлага дахь идэвхигүйжүүлж цэвэршүүлсэн вирусийн хэсэг нь халдвар үүсгэхгүй, харин вирусийн эсрэг дархлаа тогтоох замаар тухайн хүнийг хүндээр өвчлөх болон нас барах эрсдэлээс сэргийлж байна.  

Монгол Улсын хувьд вакцины үр дүн нас барах эрсдэлээс 92% хамгаалж байгаа гэсэн судалгааг ХӨСҮТ-өөс гаргасан ба хэрэв вакцинжуулалт хийгээгүй бол долдугаар сарын эхний байдлаар нас баралт 15,600-46,000-д хүрэх байсныг доктор Т.Бэгзсүрэн тооцоолсноо танилцуулсан. 

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн 20,000 орчим хувилбар бүртгэгдсэнээс альфа буюу Их Британи, дельта буюу Энэтхэгийн хувилбар хамгийн аюултай гэдгээрээ анхаарал татаж байгаа. 

Монгол Улсад өнгөрсөн хугацаанд хоёр удаагийн халдварын давалгаа гарсан хэмээн ХӨСҮТ болон ЭМЯ судалгаагаараа үзэж байгаа бөгөөд хоёр дахь давалгааны үеийн халдварын 80-90% нь альфа хувилбар байсан хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, халдварлах чадвар илүү өндөр хувилбар тархсанаас өвчлөх хүний тоо өссөн хэмээн үзжээ. 


“Одоо делта мутаци гэж сүржигнэн хүн амыг айлгах гэж маш их хичээж байна. Айх шаардлагагүй.

Байгалийн жамаараа Корона тусаад өнгөрсөн хүмүүс яах ч үгүй. Туссан ч хөнгөн тусна.

Корона вакцин хийлгэсэн хүмүүс харин яахыг хэлж мэдэхгүй”.

FactCheck:

Коронавирусийн Дельта хувилбар буюу Энэтхэг улсаас гаралтай мутац нь халдварлах чадвар улам өндөр болсон бөгөөд одоогоор дэлхийн 98 улсад бүртгэгдээд байна. 

Дельта хувилбарын халдварлах болон хүндрэл үүсгэх байдал бусад хувилбараас 67% өндөр байна. Мөн амт үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдлууд байгааг ЭМЯ мэдээлсэн. Дельта хувилбараар эмнэлэгт хэвтэх байдал альфа хувилбараас хоёр дахин өндөр байгааг мөн хэлсэн.

вирус мутацид орсноор вакцины үр дүнг тодорхой хэмжээгээр бууруулах магадлалтай байна.  Тухайлбал, Синофармын вакцины COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх хувь альфа хувилбарын үед 73 байсан бол дельта хувилбарын үед 47, халдвараас урьдчилан сэргийлэх хувь альфа хувилбарын үед 65 байсан бол дельта хувилбарын үед 41% болж буурсан мэдээлэл байна.


Эх сурвалж: healthdata.org

Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар КОВИД-19-ийн дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 35.5 хувь нь өвчилсөн гэсэн дүгнэлт гарсан бол нийт халдвар авсан иргэдийн 64.5 хувь, нас барсан хүмүүсийн 61.6% нь огт вакцинд хамрагдаагүй байжээ.

Манай улсад коронавирусийн дельта хувилбараар 7 хүн өвчлөөд байгаа.

Тиймээс дээрх пост дахь мэдээлэл нь иргэдийг төөрөгдүүлсэн байна.

Эх сурвалжууд:

http://www.healthdata.org/covid/covid-19-vaccine-efficacy-summary?fbclid=IwAR1uXdMoZO9FvoIz0XeJuRoiJC7UiXh5j3o4oGySjnNpu4Ap-IWljz7L4o8

https://www.reuters.com/article/uk-factcheck-covid-vaccine-ingredients-idUSKBN2AQ2SW

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html

https://www.cdc.gov/vaccines/hcp/conversations/downloads/vacsafe-thimerosal-color-office.pdf

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/thimerosal

https://www.nytimes.com/interactive/2020/health/sinopharm-covid-19-vaccine.html

https://covid19.trackvaccines.org/vaccines/5/https://www.facebook.com/watch/live/?v=336487258026872&ref=watch_permalink&t=0

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Хөгжлийн банкнаас зээл авсан “Мон цемент” компани үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Zarig.mn сайт 2022.02.19-нд “Мон цемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Монполимет ХХК болон МАК цемент ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжсэн ч тэд барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй гэх мэдээлэл […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.08.15-нд Орос, Украйны дайны талаар дараах пост оруулсныг 89 хүн шэйрлэж, 112 хүн лайк даржээ. Уг постод “Украинд 2014 онд АНУ-ын дэмжлэг санхүүжилттэй төрийн эргэлт гарч, түүнээс хойш 8 жилийн турш либерал хувийн ХМХ-үүд нь хөршөө муулах буюу Оросыг бүх талаар харлуулах, Орос хүнийг хүн биш гэж итгүүлэх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх