Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өндөрлөж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд энэ удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн зургаан жил ажиллах нөхцөл бүрдээд буй онцгой үе юм. Энэ үед МҮОНТВ уламжлал ёсоор мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй болоод буй.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг анх удаа шууд нягтлахаар зэхэж байсан FactCheck.mn, GoGo.mn, iKon.mn, TIME.mn, Ub.life мэдээллийн вебсайтууд хамтран цахим мэтгэлцээн зохион байгуулах санаачилга гаргасан.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар цахимаар мэтгэлцэхийг зөвшөөрсөн боловч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн менежер Д.Амарбаясгалан нийт ард түмэнд зориулаагүй цахим мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн тул мэтгэлцээнгүй сонгууль болох гэж байна.
Иймд дээрх таван редакц хамтран Ерөнхийлөгчийн сонгуулийн гурван нэр дэвшигчийн тараасан зөвхөн сурталчилгааны сонинуудад баримтыг нягталлаа.
Энэхүү баримтыг нягталж байгаа нь хэн нэг нэр дэвшигчид давуу байдал олгож, аль нэг агуулгыг тусгайлан авч үзэлгүй яг одоо иргэдийн гарт очсон, бүгдэд байгаа баримтад тулгуурласан гэдгийг онцлох нь зүйтэй.
Мөн нэр дэвшигчдийн төрийн өндөр албан тушаал хашсан жил ялгаатай тул нягтлах баримтын тоо зөрүүтэй байгааг тодотгоё.
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сурталчилгааны сониноос
Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон. Хөл хорионы үеэр иргэн бүрд 300 мянган төгрөг олгосон. Энэ бүхэн бол байгалийн баялагтаа монгол хүн бүр эзэн байх ёстойг бодитоор хэрэгжүүлсэн эхний алхмууд юм.
Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг цар тахалтай холбоотойгоор 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөг болгон олгохоор шийдвэрлэсэн буюу бүр мөсөн тав дахин нэмэгдүүлээгүй.
2020 онд АХБ-ны 100 сая доллар, ОУВС-ийн 99 сая доллар, Дэлхийн банк зэрэг донор байгууллагын хандив тусламжаас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг санхүүжүүлснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар танилцуулсан. https://www.facebook.com/watch/live/?v=262257818578851&ref=watch_permalink&t=0
Энэ оны зургаадугаар сарыг дуустал олгох хүүхдийн мөнгөний санхүүжилтэд л гэхэд АХБ нэмж 73 сая долларын зээлийг гуравдугаар сарын 26-нд баталсан https://www.adb.org/mn/news/adb-project-expand-cash-grants-children-mongolia бол 2021.05.20-ны УИХ-ын чуулганаар АХБ-наас нэмж 170 сая доллар зээлэхээр болсон. Үүний тодорхой хэсгээр Хүүхдийн мөнгийг санхүүжүүлнэ. https://www.facebook.com/watch/live/?v=617095566355272&ref=watch_permalink&t=0
Дулааны цахилгаан станц III, IV-ийн өргөтгөл, Чойбалсан, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөлийг хийж, Тавантолгой ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, 220 МВт.цаг цэнэгт хураагуурын станцын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Тавантолгой ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, цэнэгт хураагууруудын бүтээн байгуулалтын ажил эхлээгүй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн шинэчилсэн Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын тал хүлээн авч тендерт оролцох 3 компанийн нэрсийг ирүүлсний дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яам 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарлалаа.
Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолын хавсралт Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн 3.10.5-д Азийн хөгжлийн банктай хамтран том чадлын 100 МВт-ын цэнэг хураагуурыг барьж эрчим хүчний нэгдсэн системд холбох төслийг эхлүүлэх гэж заажээ.
Дубайн гэрээг цуцлахаар болоод байна.
Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН
МАН-ын Мөрийн хөтөлбөрийн 1.2.10-т, Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэжээ.
Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын Ажлын хэсэг Дубайн гэрээг цуцлах болно гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч аль аль тал нь “Дубайн гэрээ”-г цуцлах тал дээр санал нэгдэж, албан ёсны баримт бичиг үйлдээгүй байна.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах бөгөөд гадагш урсдаг 1.5 тэрбум ам.долларыг эх орондоо үлдээх боломж бүрдлээ. Бүх хэрэгцээгээ бүрэн хангана.
Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Монгол Улс 2020 онд 1.99 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж, хэрэглэсэн. 2025 он гэхэд 2.5 сая тонн болно. Шинэ үйлдвэр нь жилд 1.33 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь дотоодын хэрэглээний 54 орчим хувийг хангана гэсэн үг.
Бензин 611.1 339 / 55.5%
Дизель түлш 1049.9 824 / 78.5%
Онгоцны түлш 25.8 80 / 3.1*
Эх сурвалж: https://mrpam.gov.mn/public/pages/165/2020-12mon.pdf
http://mmhi.gov.mn/public/more/id/1273
Байгаль орчныг хамгаалж, 983 лицензийг цуцалж, иргэдийнхээ мэдэлд оруулж ирсэн.
Factcheck: ХУДАЛ
2017.9.30 гэхэд улсын хэмжээнд 11.2 сая га талбайг ашигт малтмалын лиценз байдлаар олгосон байсан. 2021.3.30-ны байдлаар энэ тоо 6.1 сая га болтол буюу 5.1 сая га талбайгаар буурсан байна. Уг тоо ташаа байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос хойш 4.6 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан ба хэлсэн тоо нь мөн л ташаарсан байх магадлалтай. |
У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос хойш буюу 2017 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 817 лиценз цуцлагдсан эсвэл хүчингүй болсон хэмээн АМГТГ-аас мэдээлсэн байна.
Эх сурвалж: АМГТГ, https://mrpam.gov.mn/public/pages/169/2021-03-mon.pdf
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн сурталчилгааны сонин, сэтгүүл дээрх ярилцлага
Бид дэлхийд 18 дугаарт эрэмбэлэгдэх хэмжээний газар нутагтай
Fact check: ТАШАА
-Монгол Улс газар нутгийн хэмжээгээр 19-т жагсдаг.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсанаар 700 мянга гаруй иргэн тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон.
Fact check: ХУДАЛ
-Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаж хэрэгжсэнээр 497.6 мянган иргэн сайн дурын даатгалд хамрагдаж ажилласан жилээ нөхөн тооцуулсан.
Эх сурвалж:
Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын санд хийсэн нийцлийн аудит (http://www.audit.gov.mn/files/report/compliance/Social-insurance.pdf)
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал: Нийтдээ 540.8 мянган даатгуулагч иргэний 1990-2000 оны хооронд тасарсан хугацааг нөхөн тооцсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сурталчилгааны сонин, сэтгүүл дээрх ярилцлага
Монгол хүн бүр 30 шахам /29.2/ сая төгрөгийн өртэй байна.
Factcheck: ТАШАА
2020 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт өрийн хэмжээ 32,361.83 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс 8,653.84 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. Өнгөрсөн оны Хүн амын тооллогоор манай улс 3,296,866 хүнтэй байв. Буюу нэг хүнд 9.8 мянган доллар буюу 28 сая төгрөгийн өр ногдож байна.
1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоноор интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон юм.
Factcheck: ТАШАА
1992 онд байгуулагдсан АНУ дахь Интернэтийн талаарх мэдээллийг дэлхий нийтэд түгээх бодлоготой, ашгийн бус төрийн бус байгууллага болох ISOC (интернет нийгэм)-ийн мэдээлснээр 1996 онд Монгол Улс интернэттэй болсон Азийн 12 дахь орон гэжээ. Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл ташаа байна. http://www.isoc.org/inet96/proceedings/h1/h1_1.htm
Манай улсын экспортын 90 хувь нь байгалийн баялгийн түүхий эд байна. Үүний 70, 80 хувь нь нүүрс.
Factcheck: ТАШАА
Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл, 2020 оны байдлаар нүүрсний экспорт 40 хувь, зэсийн баяжмалын экспорт 23.7 хувь, бусад барааны экспорт 35.5 хувьтай байжээ.