Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий дахинд COVID-19-ийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл олон нийтэд эрчимтэй түгж буй бөгөөд улс орон бүрийн фактчекерүүд тухайн баримтыг нягталж, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхээр идэвхтэй ажиллаж байна.
Factcheck.mn мөн COVID-19-тэй холбоотой ташаа мэдээлэл, зөвлөгөөнүүдийг цувралаар хүргэсээр байгаа билээ.
Дараах видеог нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм.
2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд орчуулан нийтэлсэн уг видеог 28 хоногийн хугацаанд 28,077 хүн үзжээ.
Энэхүү бичлэгт байр сууриа илэрхийлсэн гаднын олон орны эрүүл мэндийн ажилтнуудын хэлсэн мэдээллийг бид нягталснаа хүргэж байна.
Дэлхийн эмч нарын холбооны Ерөнхийлөгч, молекулярын биологийн болон дархлаажуулалтын шинжлэх ухаанаар мэрэгжшсэн эмч гэх Долорис Кахил:
–Коронавирус бидэнд хэлсэн шиг ноцтой зүйл биш байжээ. COVID-19-ийн шинж тэмдгүүдийг Д витамин, цайр болон аюулгүй эмнүүдээр амжилттай эмчилж болдгийг бид мэддэг болсон. Тиймээс хөл хорио сахих, карантилах, зай барих болон маск зүүх нь шаардлагагүй байжээ.
Түүнчлэн вакцин тариулах шаардлагагүй. мРНХ төрлийн вакцин нь хэзээ ч албан ёсоор зөвшөөрөгдөж байгаагүй бөгөөд сүүлийн 20 жилд үүний талаар судалгаа хийгдсэн боловч вакцин нь амьтдын туршилтад маш ноцтой гаж нөлөө учруулж, амь насыг нь хөнөөж байсан юм.
FACTCHECK:
-COVID-19 халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд энгийн арга бол олон хүн цугласан газарт очихгүй байх, хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, ариутгах хэмээн ДЭМБ зөвлөсөөр байна. Мөн энэхүү зөвлөгөөг дагах шаардлагагүй болсон талаар албан ёсоор дэлхий нийтэд албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа ба хамгийн үр дүнтэй сэргийлэх аргад тооцогдсон хэвээр байгаа юм.
Харвардын их сургуулиас хамгийн сүүлд буюу 2020 оны арваннэдүгээр сарын 23-нд шинэчилсэн мэдээллээр Витамин Д амин дэм нь COVID-19-д өртөхөөс сэргийлэх зарим үндэслэл байгаа гэжээ. Учир нь Д аминдэмийн дутагдалтай хүмүүс амьсгалын дээд замын халдварт өртөмтгий болдог.
Иймд Д аминдэм нь COVID-19-өөс хоёр төрлөөр сэргийлэх боломжтой гэж үзсэн байна. Нэгдүгээрт, вирус, бактерийн эсрэг бидний бие махбод байгалийн аргаараа өөрийгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлэхэд тусалж чадна.
Хоёрдугаарт, COVID-19-ийн халдвартай зарим хүн хүнд өвчинд нэрвэгдэх шалтгаан болдог үрэвслийн хариу урвалаас урьдчилан сэргийлэхэд тус болно гэжээ.
D витаминыг өдөрт авах тун нь
- 70 ба түүнээс доош насанд хүрэгчдэд өдөр бүр 600 IU,
- 70-аас дээш насанд хүрэгчдэд өдөр бүр 800 IU
- өдөрт 1000-2000 IU витамин Д агуулсан нэмэлт тэжээл нь ихэнх хүнд аюулгүй
- Харин 4000 IU-ээс дээш авах нь эрүүл мэндэд аюул үүсгэх эрсдэлтэй гэжээ.
Цайрын хувьд вирусийн халдварын үед дархлааны хариу урвалыг бий болгодог болохыг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны мэдээлэлдээ дурдсан байна.
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор цайрын нэмэлтийг дангаар нь эсвэл гидрохлорохинтэй хослуулан эмнэл зүйн туршилтад ашиглаж байгаа ч COVID-19-ийг эмчлэх хамгийн тохиромжтой тунг тогтоогоогүй байгааг анхааруулжээ.
Цайрыг эрэгтэйчүүдэд өдөрт 11 мг, жирэмсэн бус эмэгтэйчүүдэд 8 мг тунгаар зөвлөдөг байна.
Ковид-19-ийн бүртгэгдсэн клиник туршилтад хэрэглэсэн цайрын тун судалгаагаар харилцан адилгүй байгаа ба хамгийн ихдээ 220 мг байв.
Энэхүү эрдсийг удаан хугацаанд хэрэглэх нь цус багадалт, лейкопени зэрэг өвчнөөс гадна мэдрэлд нөлөөлөх сөрөг талтай. Эмнэл зүйн хувьд үр дүнгүй, хортой нөлөө үзүүлдэг тул COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй байхыг зөвлөж байгааг тус хүрээлэн мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл, эдгээр амин дэм, эрдэс нь COVID-19-ийг амжилттай эмчилдгийг батлаагүй ба судалгаанууд үргэлжилсээр байна.
-мРНХ төрлийн вакциныг эрүүл мэндийн шинжлэх ухааны түүхэнд анх удаа гаргаж авч байгаа нь үнэн. Ердийн вакцинууд нь тухайн өвчний сулруулсан вирусийг агуулсан байдаг бол энэхүү mRNA гэх шинэ технологи бүхий вакцин нь Covid-19 вирусийг агуулаагүй, түүнээс хуулбарласан генетикийн кодыг агуулж байгаа, лабораторийн аргаар гаргаж авснаараа онцлог. Pfizer нь дэлхийд хамгийн анх буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд ДЭМБ-аар албан ёсоор баталгаажсан вакцин.
-Эрдэмтэд 30 жилийн өмнөөс вакциныг хэрхэн хялбар аргаар бөгөөд их хэмжээгээр бүтээх болможтой байдлаар хийх талаар судалсаар иржээ.
Энэ бүх хугацаанд эрдэмтдийн олж нотолж чадсан гурван зүйл нь
- мРНХ-ийг дархлаа тогтолцооны хүчирхийллийн урвал үүсгэхгүйн тулд хэрхэн өөрчлөх ёстойг
- Цусан дахь мРНХ дамжин өнгөрөхөд дархлааны тогтолцооны эсүүдийг хэрхэн яаж дэмжихийг
- Тэдгээр эсүүдээс хэрхэн их хэмжээний уураг гаргаж авахыг олж мэдэж чадсанаараа олот болж байна.
Нидерландын анагаах ухааны эмч Элк Клерк:
Би вакцины талаар өөрөө судалсны эцэст танд гурван зүйл хэлмээр байна. Юуны өмнө энэ вакцин охид бүсгүйчүүдийг үргүй болгох боломжтой.
Хоёрдугаарт энэ вакцин таны дархлааны системийг гэмтээж, цитокины шуурга гэдэг аминд аюултай урвал үүсгэх боломжтой. Энэ урвал нь өөр коронавирусийн вакцины туршилтад хүн болон амьтанд ажиглагдаж байжээ.
Гуравдугаар энэ вакцин таны генийн код буюу ДНХ-г үүрд өөрчилж чадна. Ингэснээр юу болж болохыг бид мэдэхгүй.
–COVID-19-ийн халдвар дэгдсэнээс хойш дэлхийн нөхөн үржихүйн салбарын эрдэмтэд энэ талаар олон янзын судалгаа явуулж эхэлжээ. Энэ талаарх судалгааг нэгтгэн гол үр дүнгүүдийг RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмч Э.Одхүү, демдерологич Оргилболд нар тоймлон танилцуулсан юм.
Шинэ коронавирус нь эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй бага нөлөөтэй бөгөөд эрчүүдийн эр бэлгийн эсийг гэмтээдэг шиг эмэгтэйчүүдэд нөлөөлсөн судалгаа байхгүй гэдгийг хэлсэн юм.
Мөн ээж нь халдвар авахад COVID-19 урагт дамждаггүй гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Жирэмсний үед хүнд хөнгөнөөс хамаараад ноцтой хүндрэл дагуулахгүй. Харин тухайн эмэгтэй цус багадалт, чихрийн шижин, даралт, зүрх судас, бөөр зэрэг суурь өвчтэй байж байгаад халдвар авбал сүүлийн болон дунд гурван сард жирэмсний хүндрэл гарах магадлалтай хэмээн дүгнэсэн байна.
-Ковид-19 өвчнөөр шинж тэмдэггүй болон бүдэгхэн шинж тэмдэгтэй өвчилсөн олон хүн байгаа нь уг вирусийг хүний дархлаа байгалаасаа дарж чаддаг хэмээн дүгнэхэд хүргэж байгаа. Тиймээс мРНХ вакцин коронавирустэй тэмцэх эсрэг биетүүдийг үүсгэж, дархлааг өдөөх ёстой. Энэ нь уг вакцины нөлөөлөх зарчим аж.
Хэдийгээр mRNA вакцин бүхэлдээ вирус биш учир өвчин үүсгэх чадваргүй хэдий ч дархлаа тогтолцоог өдөөж, вирусийн уургийн мэдээллийг таниулах өргөн боломжтой хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
Түүнчлэн эрдэмтэд уламжлалт вакцинтай харьцуулахад мРНХ вакцин нь илүү хүчтэй дархлаа үүсгэдэг болохыг олж тогтоосон байна. Дархлааг идэвхжүүлж эсрэг бие ба дархлааны систем алуурчин эсүүд үүсгэдэг бөгөөд энэ нь вирусийн эсрэг давхар цохилт хэмээн дүгнэж байна.
–COVID-19-ийн вакцин нь тухайн хүний ДНХ-ийг өөрчлөхгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна. Яг ийм эргэлзээ төрүүлсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд AFP нягталжээ.
Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд бие махбодийг сургадаг бөгөөд ингэснээр жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно.
Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд таниулах замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.
Харин хүний ДНХ-д ямар нэгэн өөрчлөлт үзүүлдэггүйг Чилийн их сургуулийн, халдварт өвчнөөр мэргэшсэн профессор Жаннетт Дабанч Пенья тайлбарлахдаа “Энэ нь зарим уургийг илэрхийлэх зориулалттай тул бидний бие махбод тэдрээгийг тодорхойлж, шаардлагатай хамгаалалтыг бий болгодог. Вирус ийм л байдаг. Харин бидний генийн мэдээллийг удирдах боломжгүй” гэжээ.
Түүнээс гадна генетикийн кодыг коронавирусийн уураг руу шилжүүлэх үйл явц нь ДНХ байрладаг эсийн цөмд биш харин цитоплазмд явагддаг болохыг Аргентины Кюйогийн туршилтын анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн судлаач Мария Виктория Санчес нэмж хэлсэн байна.
Бельгийн анагаах ухааны эмч Хилд Смит:
Шинэ COVID-19 вакцин нь аюултай бөгөөд дэлхий дахинд ямар ч цар тахал байхгүй гэдгийг хэлмээр байна.
Корона төрлийн вируст эм үйлдвэрлэгчид вакцин гаргах гэж 20 жил хичээж ирсэн боловч амьтад дээр туршихад ноцтой гаж нөлөө үзүүлж, дархлааны өвчтэй болоод байсан тул хэзээ ч чадаагүй юм. Эдгээр дархлааны өвчнүүдийн зарим нь КОВИД-19 өвчтөнүүдэд тохиолдсон хүндрэлүүдтэй ойролцоо.
Одоо цар тахал гэсэн шалтаг дор эм үйлдвэрлэгчид амьтад дээр турших шатыг алгассан байна. Энэ нь хүмүүс бид туршилтын туулай нь гэсэн үг бөгөөд бид ноцтой гаж нөлөөнд өртөж болзошгүй юм.
FACTCHECK:
-АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээсэн энэ төрлийн шинэ вакцин АНУ, ХБНГУ, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк зэрэг дэлхийн зургаан өөр орны нийт 43,500 сайн дурынханд туршигдах явцдаа эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой гаж нөлөө үзүүлээгүй бөгөөд нийт хамрагдагчдын эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд КОВИД-19 өвчнөөс хамгаалах дархлаа тогтоож чадсөн үр дүнг өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан.
-2020 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) COVID-19 -н халдвар эпидеми буюу тахлын хүрээнээс хальж пандеми буюу цар тахлын хэмжээнд хүрснийг анх удаа зарласан. ДЭМБ-ын гаргасан мэдэгдэлд дурьдсанаар хүн ам дархлаагүй ямар нэгэн шинэ өвчин гарч, урьдчилсан таамаглалыг даван олон хүнийг хамарч дэлхий нийтээр тархах үед цар тахал хэмээн тодорхойлдог байна.
2021.01.11-ний өдрийн байдлаар COVID-19 халдвараар дэлхийн 218 улс, газар нутгийн 90.76 сая хүн өвчилж, 1.94 сая хүн нас бараад байна. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдлын тоо 1,442-т хүрэв.
-мРНХ вмкциныг хэдэн долоо хоногийн дотор амьтад, дараа нь хүмүүст туршсаны эцэст уг вакциныг Их Британи, АНУ хүлээн зөвшөөрсөн. ДЭМБ мөн албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна.
Одоогоор хамгийн эхэнд ДЭМБ-аас баталгаажуулаад Pfizer вакцины үр дүн 95%-тай гарсан бөгөөд тарилгын өвдөлт, толгой өвдөх, даарах, булчин өвдөх зэрэг түгээмэл гаж нөлөө илэрсэн.
Мөн анх вакцин хийлгэсэн хүмүүс дундаас хоёр хүнд сөрөг нөлөө илэрсэн нь харшилтай холбоотой байсан тул харшилтай хүмүүст хийхгүй байх түр зөвлөмж гаргаад буй.
Аль ч төрлийн вакцин харшилтай хүмүүсийн биед сөрөг нөлөө үзүүлэх явдал түгээмэл байдаг бөгөөд вакцин хийлгэхээсээ өмнө харшилтай эсэхээ мэдэгдэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөөр иржээ.
Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажсан байна.
Норвегийн анагаах ухааны эмч Нилс:
КОВИД-19 вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдаагүй. Энэ бол шинэ технологи бөгөөд хэдхэн сарын дотор хэдхэн мянган хүнд л туршиж үзсэн юм. Та өөрөө судлаад үзээрэй. Энэ бол жинхэнэ цар тахал биш.
Норвегид нас баралтын түвшин дундаж хэмжээнээс дээшлээгүй.
FACTCHECK:
–Дээр тайлбарласан болно.
Английн Эрүүл мэндийн эрх чөлөөний холбоог үндэслэгч, тэтгэвэрт гарсан эмч Элизабет Эванс:
КОВИД-19 вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдаагүй. мРНХ гэдэг цоо шинэ технологийг ашиглаж байгаа энэхүү туршилтын вакциныг сая сая хүмүүст тарих нь бодлогогүй бөгөөд шаардлагагүй гэж бид үзэж байна.
Дархлааны өвчнүүд, үргүйдэл, хорт хавдар гэх мэт хожим л илэрдэг гаж нөлөөнүүдийг үгүйсгэх ямар ч урт хугацааны судалгаа байхгүй, вирусийн тархцыг зогсоох нотолгоо ч байхгүй.
FACTCHECK:
–Дээр тайлбарласан болно.
Шведийн албан ёсоор зөвшөөрөгдсөн зүү тавих заслын эмч бөгөөд 40 жил хувийн эмнэлэг ажиллуулж буй Борис Драгин:
Ковид цар тахал бол жинхэнэ цар тахал биш. Энэ бол бидний хүний эрх, эрх чөлөө, нийгэм дээрх дайралт. Хүмүүсийг дарамталж ашиг олдог, аюулгүй байдлын хангамжаа яаравчилдаг гэмт хэрэгтэн компанийн туршилтын кавциныг мэдрэл муутай хүн л тариулна.
Ийм вакцин дээр даатгал өгөх зүрхтэй даатгалын компани энэ дэлхий дээр байдаг гэж бодож байна уу?Манай “удирдагчид” болон бусад хор хутгагчид тариулмаар байвал тариулна биз.
FACTCHECK:
–Дээр тайлбарласан болно.
Английн анагаах ухааны эмч бөгөөд эмч, эрдэмтэн, судлаачид, хуульчдаар бүрдсэн Английн эрүүл мэндийн эрх чөлөөний холбоог төлөөлж буй Анна Форбес:
Тоо баримтыг буруу танилцуулж, PCR шинжилгээг зохисгүй хэрэглэснээс болж SARS COV2 вирусийн эрсдэлийг хэтрүүлэн үнэлсэн гэж бид үзэж байна. Бид зөв мэдлэгтэй болсны дараа эмчлүүлэх зөвшөөрөл олгодог зарчим, эрүүл мэндийн сонголт, бие махбодын хараат бус байдлыг хамгаалахыг уриалж байна. Эмч нарын зүгээс бид эдгээр эрхүүдээ хамгаалах нь туйлын чухал гэж үзэж байна.
FACTCHECK:
–PCR шинжилгээг Ковид-19-ийн сэжигтэй тохиолдлыг оношлох алтан стандарт гэж үзэж байгаа бөгөөд Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн шинжилгээ юм.
Энэ талаар олон орны эрдэмтэдтэй холбогдон баримтыг нягталжээ.
Улмаар PCR-ийн шинжилгээний хуурамч эерэг гарах боломж 0.1-0.2%-ийн хооронд байна гэжээ.
Түүнчлэн, PCR-ын шинжилгээ нь бусад вирусnaн генетикийн материалыг SARS-CoV-2-тэй буруу ташаа холих, сандуурах боломжгүй болохыг эрдэмтэд мэдэгдсэн байна.
Каролинскийн их сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дэд профессор асан, Анагаах ухааны эмч Ралф Сандберг:
Миний бодлоор PCR шинжилгээ нь найдваргүй, үнэндээ маш олон худал эерэг хариу өгдөг. Ингэж биднийг айлгаж байгаад тарих гээд байгаа тул би энэ вакцинд итгэхгүй байна.
FACTCHECK:
–Дээр тайлбарласан болно.
Анагаах ухааны эмч ба албан ёсоор зөвшөөрөгдсөн сэтгэцийн эмч Эндрью Кауфман:
Энэ цар тахал нь жинхэнэ цар тахал биш юм. КОВИД-19 вакциныг туршиж шалгах хангалттай хугацаа өнгөрөөгүй тул аюулгүй, үр дүнтэй байх нь баталгаагүй. Нэмж дурдахад, шинэ гээд байгаа энэ өвчний баталгаатай тодорхойлолт бас байхгүй байна.
Цэвэршүүлж нотолсон ямар ч вирус байхгүй тул вакцины зорилтот вирус гэж байхгүй.
Ерөнхийд нь харж үзэхэд ямар нэгэн онцгой өвчнөөс үүдэлтэй онцгой үхлүүд тохиолдоогүй тул энэ вакцины ямар ч хэрэг байхгүй юм.
Эмч нар КОВИД-19-ийг мөрдөн байцаахыг хориглож энэхүү сэжигтэй өвчин болон вакциных нь талаар үнэн мэдээллийг цензурдэж байна.
Хэзээ ч гараагүй цар тахал, хэзээ ч хэрэг болоогүй вакциныг сурталчлагчид миний 50 жил мэргэшсэн эмч цол, нэр хүндийг минь гутааж байна.
КОВИД-19 бол тэр чигтээ луйвар бөгөөд түүхэн дэх хамгийн том хууран мэхлэлт гэж би 2020 оны гуравдугаар сард хэлсэн билээ.
Зөв мэдлэгтэй болсны дараа эмчлүүлэх зөвшөөрөл олгодог анагаах ухааны суурь зарчим нь зайлшгүй шаардлагатай боловч одоо вакцин тариулах гээд байгаа хүмүүст зөв мэдлэг өгөхгүй байна.
Цензурд өртсөн эмч нарын мэдээллийг чөлөөтэй нийтэлдэг brandnewtube.com гэх мэт цахим хуудсуудад талархлаа илэрхийлье.
FACTCHECK:
–Дээр тайлбарласан болно.
Бельгийн эмч Йохан Деннис:
Корона вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдаагүй. Яаралтай онцгой байдал алга. Энэ бол хуурамч цар тахал. Коронавирус нь үхэл аюул, тархцын хувьд энгийн ханиадтай ойролцоо.
Би засгийн газруудын маань авч буй хэтэрхий сүртэй арга хэмжээнүүдийн эсрэг байна. Яаралтай онцгой байдал ерөөсөө алга. Бидэнд вакцин тарихын тулд энэ бүх айдсыг зохион байгуулсан.
Энэ вакцин аюулгүй гэдэг нь батлагдаагүй бөгөөд хэтэрхий хурдан хийсэн. Урт хугацааны үр нөлөө нь юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Үүнийг илүү их мөрдөн шалгах шаардлагатай.
Яарах зүйл огт байхгүй. Вакцин нь таны ДНХ генийг өөрчлөх магадлалтай. Энэхүү хүн төрөлхтөн дээрх туршилтын хохирлыг нөхөн барах ч боломжгүй, үр хүүхдүүд маань буцаан засах ч боломжгүй.
Би үүнийг хэзээ ч өөртөө, өвчтөнүүддээ эсвэл хайртай хүмүүстээ тариулахгүй. Бид ямар туршилтын туулай биш дээ. Энэ вакцинд нанотехнологи бий. Цэргийн зориулалтаар нано робот бүтээгдэж байсан. 5G хүчтэй цацраг сүлжээ болон хиймэл оюун ухаанд таны гар утсаар дамжуулан холбосноор таныг удирдаж болохуйц хүүхэлдэй болгож болзошгүй онц шинж тэмдгүүд байна. –
Ийнхүү та хүн чанараа хүртэл алдаж болзошгүй. Тиймээс шийдвэр гаргахаасаа өмнө өөрөө судлаарай.
Роберт Кеннедигийн цахим хуудас childrenshealthdefense.org-оос та маш хэрэгтэй мэдээлэл олох боломжтой.
FACTCHECK:
Вакцинаар дамжуулан нано чип тарьж, 5G технологиор хянах боломжтой эсэх талаар factcheck.kz 2020 оны тавдугаар сарын 23-нд нягталжээ.
Уг мэдээлэлд нановакцин нь наночип биш гэдгийг тодотгосон байна. Түүнчлэн баримтуудыг нягталсны үндсэн дээр вакцинаар дамжуулан нано чип тарьж, 5G технологиор хянах боломжгүй гэдгийг тайлбарлажээ. Нано чипүүд нь ямар ч хэмжээтэй байсан эрчим хүчний хангалттай багтаамжгүй ба радио долгионы дохиог хүлээн авах чадваргүй тул 5G ашиглан хянах боломжгүй байна.
Америкийн анагаах ухааны эмч Кери Мадэ:
Би өөрийнхөө хувийн эмнэлгийг эзэмшдэг байсан бөгөөд хоёр өөр хувийн эмнэлэгт захирлаар ажилласан. Түүнчлэн сүүлийн 19 жилийн хугацаанд анагаахын оюутнуудад багшаар ажилласан.
КОВИД-19-ийн цар тахал гэж байхгүй. Өвчин оношлох зориулалтгүй PCR гэдэг хэрэгслээр бид оношлоод байна. Ингэх ёсгүй. Түүнчлэн эмнэлэг, эмч нар өвчтөнөө КОВИД-19-тэй гэж оношлох бүртээ санхүүгийн урамшуулал авч байна.
Дэлхийн өнцөг булан бүрт лабораторийн алдаагаар худал эерэг хариу гараад байна.
Би КОВИД-19 вакцин тариулахгүй, мөн өвчтөндөө КОВИД-19 вакцин тариулахыг зөвлөхгүй гэдгээ хэлье.
Энэ вакцин нь хүн төрөлхтөн дээрх туршилт бөгөөд мРНХ гэдэг хиймэл бодис тарих гээд байгаа нь түүхэн дэх анхны тохиолдол юм. Ямар үр дагавартайг нь хэн ч хэлж мэдэхгүй. Үүнээс гадна тэд нанотехнологи хавсарган тарихыг санал болгож байна. Ер нь маш олон янзын эрсдлүүд байгаа тул эхлээд өөрсдөө сайтар судлах хэрэгтэй. Энэ бол дэлхийд өгөх сэрүүлэг.
FACTCHECK:
–Дээр тайлбарласан болно.
FACTCHECK:
Энэхүү видеоны хамгийн эхэнд ярьсан Молекулярын биологийн болон дархлаажуулалтын шинжлэх ухаанаар мэрэгжшсэн эмч Долорис Кахил нь Дэлхийн эмч нарын холбооны Ерөнхийлөгч юм.
Энэ талаар бид өмнө нь баримтыг нягталж байснаа дахин хүргэе.
World doctors alliance буюу Дэлхийн эмч нарын холбоо гэх байгууллагын албан ёсны сайтыг үзвэл 2019 онд цар тахалтай холбоотой мэдээллийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн тусламжтай хүргэхээр байгуулагдсаныг харж болно. Холбоог үүсгэн байгуулагч доктор Мохаммад Адил нь танилцуулгадаа “Зөвхөн 2019 онд л гэхэд би маш олон шагнал, бэлэг дурсгал, сертификат, талархлуудыг эрүүл мэндийн олон их, дээд сургууль, коллежоос авсан” гэсэн өгүүлбэрээр өөрийгөө тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, танилцуулгад аль их, дээд сургууль төгссөн, ямар сургуулиудаас, ямар шагнал авсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, товчхондоо албан бус байгаа нь харагдаж байна.
Түүнчлэн тус холбоо нь “Дэлхийн” гэх тодотголтой ч эгнээнд нь үүсгэн байгуулагчаас нь гадна таван эмч харьяалагддаг байна.
Энэ нь таван эмч суугаад цар тахлыг дүгнэх боломжгүй гэдгийг харуулж буй юм.
Энэ талаар Монгол дахь ЮНИСЕФ-ийн эрүүл мэндийн мэргэжилтэн, доктор Ч.Батаа “Энэхүү эх сурвалж нь хэт шашны, өөрсдийгөө элит гэдэг, арьсны үзлийг дэвэргэдэг, Америкийн төв өмнөд хэсгийн газрын эзэд, нефтийн эзэд, BYU, ACU гэх мэт бүхэл бүтэн шашны инститүүдийг дэмжиж ажиллуулдгаас гадна гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслэл (ЖСАХ) хэрэггүй буюу бэлгэвч, аборт гол шийдэл гэж явцууруулж гуйвуулдаг, вакцин хэрэггүй, хүн өсөж үржих, үхэж өвдөх нь бурхны гарт гэсэн номлол баримталдаг бүлэг хүмүүсийн нэгдэл гэдгийг манай иргэд мэддэг, ойлгодог, оюуны дархлаа, шүүлтүүртэй болмоор байна” хэмээн онцолсон юм.
Ижил видео