Автомашины QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн хуулиар шийтгэнэ – ҮНДЭСЛЭЛГҮЙ

“Автомашины дугаарыг өөрчлөх, QR кодыг хуурамчаар үйлдвэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэнэ” гэсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. 

Тодруулбал, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнууд QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр явж байгаа. Харин QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох асуудал гарч байгаа тул хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сануулсан. 

Ингэхдээ “Бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг” гэж тайлбарласан юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна. Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан ‘Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах’ гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй” гэжээ. 

Эрүүгийн хуулиар QR кодтой холбоотой асуудлыг шийтгэх зохицуулалттай эсэхийг нягталлаа. 

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт дараах баримт бичиг хамаарахаар тусгасан байна. Үүнд:

Тусгай зөвшөөрөл

-эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг
-тамга, тэмдэг
-хэвлэмэл маягт
-иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх
-боловсролын үнэмлэх, диплом
-гадаад паспорт, төрийн шагнал
-хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг. 

Дээрх жагсаалтад QR код бүхий хуудас багтаагүй. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 

  • 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, 
  • 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж, 
  • 5-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж тус тус заасан. 

Монгол Улсын Засгийн газрын 2020.12.21-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 226 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020.12.22-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1320 тоот захирамжид QR код бүхий хуудсын эрх зүйн үр дагаврыг тусгаагүй байна.

QR кодтой холбоотой захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгээгүй. Тодруулбал, QR код бүхий хуудсыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “тусгай зөвшөөрөл”, “эрх олгосон баримт бичиг”-т хамааруулж болохгүй. 

Иймд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдын хэлж буй “хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах” үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан ‘Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах’ гэмт хэрэгт буруутгагдаж эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдэг нь үндэслэлгүй байна. 

Харин дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” гэдэгт хамаарч, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээх эрсдэлтэй байж болох юм.

Нягталсан: Хуульч Л.Галбаатар

Төстэй мэдээлэл

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Бэлгийн замаар халддаг өвчинг Вакцин нэрээр 11-ээс дээш насны хүүхдэд тарих гэж байгаа !!! 7 хоногийн дараа буюу 11 сарын 25-аас. Сургуулиудаар очиж !!! Шприз барьсан алуурчид болжээ …” гэсэн пост шэйрэлжээ. Уг постыг 119 хүн цааш түгээж, 82 хүн хариу үйлдэл үзүүлж, 16 хүн коммент бичжээ. […]

Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор эхлүүлсэн бөгөөд дөрөв хоногийн байдлаар 4,926 хүнийг хамруулаад байна. Үүнтэй холбоотойгоор бид цар тахлын эсрэг вакцины талаарх мэдээллүүдийг нягтлан хүргэж буй. Манай улс жирэмсэн эхчүүдэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхгүй байх зөвлөмж өгч буй. Тэгвэл АНУ-д жирэмсэн ээжүүд вакцийн хийлгэх үү, болих уу гэдэг сонголтын өмнө […]

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт дууссан. Сонгуулийн ерөнхий хорооноос 22:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг өгсөн бөгөөд санал хураалтын ирц Сонгинохайрхан дүүрэгт 48.89, Хэнтийд 46.65 хувьд хүрсэн юм. Нэмэлт санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүйтэй холбоотойгоор сонгуулийн үр дүн хэрхэх талаар эргэлзээ үүсэж, зарим хүн ирц […]

Хятадын Жейжиан мужийн Вэнжоүд “мутацад орсон коронавирус” илэрсэн гэх цуу яриа Хятадад дэгджээ. Тодруулбал, Вэнжоүд халдвар авсан нь тогтоогдсон 490 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 40% нь Уханийхаас тэс өөр, мутацлагдсан вирусийн халдвар гэсэн мэдээлэл таржээ. Дээрх хуурамч мэдээлэл хүмүүсийг сандралд оруулсан төдийгүй Хятадад Вэнжоүгийн хүмүүсийг адлах болжээ. Өчигдөр хэвлэгдсэн Бүх Хятадын Халдвараас Урьдчилан Сэргийлэх Анагаахын […]

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх