У.Хүрэлсүхийн тогтоолыг Г.Занданшатар хүчингүй болгож хүүхдийг дахин эрсдэлд оруулах уу?

Хурдан морины хаврын уралдааныг сэргээх нь зөв, уламжлалаа дээдлэх хэрэгтэй гэдэг нэг тал, хүүхдийн эрх амь насанд хүртэл ноцтой зөрчигдөж байна гэсэн хоёр талд нийгмийг хуваагаад байгаа энэ сэдэв дээр гарц шийдлийг эрэлхийж бид гуравдугаар сарын турш энэ сэдвийг олон талаас хүргэх болно. 

Монгол бол эртнээсээ мал аж ахуйн нүүдэлчин соёлтой ард түмэн гэдэг утгаараа монгол хүн, монгол морийг салгаж ойлгох аргагүй. Тиймдээ ч эрийн гурван наадам өнөөдрийг хүртэл төр, түмний баяр цэнгэлийн гол агуулга явсан хэвээр байгаа билээ. Харин маргааны гол учиг бол өвөл, хаврын морин уралдаан.

Хамгийн сүүлд, өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Галт суманд 11 настай хүүхэд морины ажил хийхээр яваад нас барсан хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл гарсан.

Монгол Улс Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сард Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай 57 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг зохион байгуулахыг бүрэн хориглосон байдаг. Энэ бол тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд уяачдыг биш, хүүхдийг эрхийг бодож гаргасан чухал шийдвэр мөн. Тэгвэл уг тогтоолд 2025 оны нэгдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 41 дүгээр тогтоолыг баталсан. Уг өөрчлөлтөөр хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг оролцуулахгүй байх, энэ асуудалд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт үүрэг болгожээ. 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрыг тогтоолоор өвөл, хавар хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа хийж болох боловч 18 нас хүрээгүй хүн унахыг хязгаарласан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон хэрэг. 

Гэвч энэ бүхэн хэрэгжихгүй байгааг зургаан аймгийн есөн суманд зөрчил гарсан, тэр дундаа Хөвсгөл аймгийн Галт суманд болсон харамсалтай тохиолдол батлан харуулж байна.  

Унаач хүүхэд гэж хэн болох талаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заажээ. Үүнд “Хурдан морины уралдаанч хүүхэд” гэж найм, түүнээс дээш настай, эрүүл мэндийн байгууллагаас уралдаанд оролцоход эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй гэсэн тодорхойлолт авсан, хурдан морины уралдаанч хүүхдийн ослын даатгалд даатгуулсан хүүхдийг ойлгоно” гэжээ. 

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын судалгаагаар 2017-2025 онд нийт 2,860 удаагийн хурдан морины уралдаан болж, давхардсан тоогоор 83,872 хүүхэд оролцсоноос 3,413 хүүхэд унаж, 659 хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэл авсан бол найман хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 25 хүүхэд амь насаа алдсан харамсалтай статистик байна. Тэгвэл 2014-2024 онд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 46 хүүхэд амь насаа алджээ. Тэдний 22 буюу бараг тал хувь нь өвөл, хаврын хахир хатуу үеэр ямар нэгэн морины ажилд оролцож байгаад нас барсан гэдгийг ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлсэн. 

Хууль эрх зүйн тайлбар, бодит нөхцөл байдлаас харвал хүйтний улиралд хүүхэд морь унах, морины ямар нэгэн ажилд оролцох нөхцөлийг дөнгөж 2025 оны нэгдүгээр сараас л зохицуулж эхэлсэн гэсэн үг. Харин энэ хугацаанд өвөл, хаврын уралдааныг зохион байгуулж ч байсан, хүүхдээр унуулж ч байсан ажээ. Хурдан морины уралдаанаас гадна сунгаа, үсэргээ, морины ажил гэж нэрлээд байгаа үйл явдлууд ч хүүхдүүдэд эрсдэлтэйг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газрын тоо харуулж байна.

Энэ бол 2017-2025 оны статистик ба амь насаар хохирсон тохиолдлуудын дийлэнх нь сунгаа, бэлтгэлийн үед гарчээ.

Уяачдад хууль, тогтоомж үйлчлэхгүй, хүүхдийн эрх падлий ч үгүй байна. Ганц үнэт зүйл нь өв уламжлал. Гэвч монголчууд өвөл, хавар хурдан морины уралдаан хийдэггүй, хавар, зуны дэлгэр цагт л зохион байгуулдаг байсныг түүх ч, судлаачид ч хангалттай гаргаж тавиад байгаа билээ. 

Харин энэ бүхний цаана хүүхдүүдийн хохироогоод байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Бүхэн бүтэн амь нас үгүй болж байгаа энэ асуудалд хариуцлагыг улам чангаруулах ёстой хэмээн нийтээрээ үзэж буй ч өв соёл чухал хэмээн улайрах уяачдын дайралт тасрахгүй байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар гуравдугаар сарын 5-нд 2026 оны анхны хурлаа хийсэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үеэр “Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглосон боловч хаврын морин уралдааныг хориглоогүй юм билээ. Шүүхийн шийдвэр ч гэсэн адил. Хаврын морин уралдаанд насны хязгаар тогтоосон байгаа. Насыг л заагласан болохоос хориогүй.

Тэгэхээр уяачдын холбоо болон хүүхдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагууд суугаад, хэлэлцүүлэг хийгээд, энэ асуудлыг нэг мөр болгож цэгцэлмээр байна” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Г.Занданшатарын Засгийн газар хүүхдийн эрхийг хамгаалсан У.Хүрэлсүхийн тогтоолыг хүчингүй болговол тэрбээр олон улсад Монгол Улсын хүлээсэн үүргээсээ буцаж, унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлснээс ялгаагүй болно. Тиймээс түүний шатрын нүүдэл ямар байх нь нийгмийн анхаарлыг татсан сэдэв болоод байна.

Төстэй мэдээлэл

Тамхины хяналтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төсвийн байнгын хороо хэлэлцэх үеэр ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан шинжээч Д.Ганзориг гишүүдийг эргэлзүүлсэн мэдээлэл өгснийг нягталлаа. Эргэлзээтэй мэдээлэл: Д.Ганзориг: Шинэ төрлийн тамхинууд нь янжуур, утаат тамхинаас эрсдэл багатай гэж байгаа вэ гэхээр никотиныг нь яриагүй юм аа. Эрүүл мэндийн эрсдэл нь тэр нүүрсхүчлийн хий, хавдар үүсгэгч бодисууд, […]

Энэ сард бид хүүхдүүдийн сахарын хэт өндөр хэрэглээг сонгон авч, хөндөж байна. Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн эрүүл мэндийн статистикт бага насны хүүхдүүдийн өвчлөл тодорхой чиг хандлагатайгаар өсөж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэдээллээр энэ насны хүүхдүүдийн тэргүүлэх өвчлөлийн жагсаалтыг амьсгалын тогтолцооны өвчин жил бүр тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ч хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр […]

Бага насны хүүхдүүдийн дунд тасралтгүй өсөж буй хүүхдийн шүдний өвчлөл болоод учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Батбаяртай ярилцлаа. -Статистик харахаар бага насны хүүхдүүдийн өвчлөлийг амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байна. Энэ нь улирлын чанартай огцом өсдөг. Харин хоёрдугаарт, хоол боловсруулах тогтолцооны […]

Нар зулай дээрээс төөнөсөн айхавтар халуун өдөр. Төрөлх хотынхоо эгэл жирийн хөдөлмөрч ард иргэдийн аж амьдралыг сурвалжлах даалгавар авсан шинэхэн сэтгүүлч миний бие өмнө нь хөл тавьж үзээгүй Зүүн салааг зорихоор шийдэв. Огт танихгүй айлд очоод, мэдэхгүй хүнийхээ аж амьдралыг нүдээр үзэж, чихээр сонсоно гэдэг нэг бодлын хачирхалтай хийгээд этгээд. Мэдээж ямар нэгэн алдаа гаргах […]

Геополитикийн агуулгад эргэлдэж байсан Оросын мэдээллийн урсгал өнөөдөр илүү нарийсаж, Монголын эрчим хүч, уран, уул уурхай, гадаад хөрөнгө оруулалт зэрэг стратегийн салбарууд руу чиглэх болсон нь сүүлийн мониторинг судалгаануудаар тодорхой болж байна. Сошиал орчинд тархаж буй эдгээр агуулга нь байр сууриа илэрхийлж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ олон нийтийн айдас, эргэлзээ, үл итгэх байдлыг […]

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж буй энэ үед улс төрийн маргаан сошиал орчинд өрнөж, улмаар төлбөртэй сурталчилгааны шинжтэй, зохион байгуулалттай кампанит ажиллагааны шинж тэмдэг илэрч байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны зургаадугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ Эдийн засаг, хөжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины салбарын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх