Эмч Н.Алтанхуяг: Никотиныг гоёчилж буй амт үнэр болон сурталчилгааг хязгаарлах шаардлагатай 

Манай улсад залуу үеийнхний электрон тамхины хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Н.Алтанхуягаас нөхцөл байдлыг тодруулан ярилцлаа. 

Тэрбээр электрон болон янжуур тамхинаас шалтгаалсан өвчлөлийн тоон мэдээллийг хооронд нь харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдгийг онцолсон. Учир нь уламжлалт тамхины хор уршгийн талаарх судалгаа, бүртгэл харьцангуй өргөн байдаг бол электрон тамхи 2003 оноос хойш үйлдвэрлэгдэж, сүүлийн жилүүдэд л хэрэглээ нь эрчимтэй өссөн тул судалгаа дөнгөж эхэлж буйг хэллээ.

Гэсэн ч шинэ тутам судалгаагаар электрон тамхи янжуур тамхинаас илүүтэйгээр уушгийг ноцтой гэмтээж байгаа тохиолдлууд бүртгэгдэж буйг анхаарууллаа. Тиймээс дараа дараагийн жилүүдэд хийгдэх судалгаагаар энэ нь бүрэн батлагдахыг үгүйсгэхгүй хэмээн тайлбарлав.

Тухайлбал, АНУ-ын судалгаагаар электрон тамхинд агуулагдах “Витамин Е ацетат” гэх бодис нь уушгины хамгаалах бүрхүүлийг дарангуйлж, үрэвсэл үүсгэдэг болохыг тогтоожээ. Үүний улмаас уушги хэвийн тэлэх боломжгүй болж, амьсгал давчдах, цээжээр өвдөх, ханиалгах, шүүрэл, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрч, дэлхий дахинд олон хүүхэд эмнэлэгт хүргэгдэж байгаа аж. 

Уушги судлалаар мэргэшсэн түүний яриаг дэлгэрэнгүй хүргэе. 

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч Н.Алтанхуяг: Янжуур тамхи нь хэдэн зуун жилийн өмнөөс л хүн төрөлхтний амьдралд орж ирсэн байна. 

ДЭМБ-ын мэдээллээр янжуур тамхи нь 7000 гаруй төрлийн химийн нэгдэл агуулдаг бөгөөд 250 орчим нь хавдар үүсгэх эрсдэлтэй. 

Тамхи татдаг болон дам тамхидалтад өртсөн хүмүүсийн аль алинд нь уушгины хавдар, архаг өвчлөл үүсэх магадлал өндөр.

Уушгины архаг бөглөрөлт өвчний 70-80%, уушгины хавдартай хүмүүсийн 90 гаруй хувь нь амьдралынхаа тодорхой хугацаанд тамхи татсан байдаг.

Электрон тамхи арай хор багатай юу?

Электрон тамхины хэрэглээ 18-35 насныхны дунд харьцангуй түгээмэл болжээ. 

Гэвч уламжлалт болон электрон тамхи аль аль нь хүний биед сөрөг нөлөөтэй гэдэг нь олон улсын судалгаагаар нотлогдсон тул эмч нар аль нэгийг нь сайн эсвэл муу гэж үздэггүй. 

Ялангуяа электрон тамхинд агуулагдах төрөл бүрийн амт оруулагч нь өсвөр насныхны сонирхлыг татаж, хэрэглэх сэдлийг өдөөж байгаа нь ирээдүйн үр хойч, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Манай улсын өсвөр насныхны 60 орчим хувь нь электрон тамхийг туршиж үзсэн эсвэл тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн 14-15 наснаасаа хэрэглэж эхэлж байна.

Тамхи татаж байгаа нас хэт залуужаад ирэхээр уушгины өвчлөлөөр өвдөх нас нь дагаад залуужна гэсэн үг.

Түүнчлэн электрон тамхийг өдөрт хамаагүй олон давтамжтайгаар сорж хэрэглэснээр эсрэгээрээ никотины хордлого, үхлийн тун авах эрсдэлтэй гэсэн судалгаа бий. Насанд хүрэгчдийн нэг өдөрт хэрэглэх никотины хамгийн дээд тун нь 60 мг байдаг. Гэтэл 5 хувийн 2 мг агуулсан никотиныг өдөр тутамдаа, тасралтгүй байнга сороход өдөртөө бараг 100 мг хэрэглэх эрсдэл үүсэж байна. 

Дэлхий дахинд тамхины хэрэглээ өндөр улс орнуудын талаар авч үзэхэд бага дунд орлоготой улс орнуудад тамхи татаж байгаа хүмүүсийн тоо их байна.

Уушгины архаг бөглөрөлт өвчин ихэвчлэн 40-өөс дээш наснаас эхэлдэг. 10-30 жил тамхи татсан хүмүүсийн уушгины эрүүл бүтэц нь гэмтсэн байдаг ба энэ нь архаг даамжрах явцтай эмгэг болно.

Мөн хөдөлмөрийн чадвараа ч тодорхой хэмжээгээр алдаж байдаг. Энэ нь улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болно.

Тэгвэл энэ эрсдэлийг бууруулахын тулд бид ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? 

“Электрон тамхинаас чихэрлэг, таатай мэдрэмж авдаг нь хүүхдүүд илүү дурлаж хэрэглэх эрсдэлийг нэмэгдүүлдэг”

Вэйпийг олон нийтийн сүлжээгээр төрөл бүрийн амт, өнгөөр гоёчлон сурталчилж байгаа нь дөнгөж төлөвшиж буй өсвөр насны хүүхдүүдийн сонирхлыг ихээр татах болжээ. Янжуур тамхийг анх татахад муухай санагддаг бол электрон тамхинаас чихэрлэг, таатай мэдрэмж авдаг нь хүүхдүүд илүү дурлаж хэрэглэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн ийм төрлийн тамхины никотины агууламж харилцан адилгүй, зарим нь маш өндөр тунтай хүртэл байдаг.

Манай улсад электрон тамхины найрлага, никотины агууламжийг хязгаарласан хууль, өсвөр насныханд худалдахыг хориглосон зохицуулалт одоогоор байхгүй. Харин зарим улс оронд уушги гэмтээдэг бодисын агууламжийг хязгаарлаж, эрүүл мэндэд хортой гэж үзсэн тохиолдолд худалдаалахыг хориглодог сайн туршлага бий. 

Эрүүл мэндийн салбарынхны зүгээс электрон тамхийг бүрмөсөн хориглох гээгүй, хүний эрх, хувийн сонголтод шууд халдах боломжгүй шүү дээ. Гэхдээ найрлагын хязгаарлалт тавих, сөрөг нөлөөг заавал таниулж анхааруулдаг байх, өсвөр насныханд зарахыг хориглох, хүний биед ноцтой хор хөнөөлтэй бодис агуулсан бол импортлохгүй байх зэрэг зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. 

Бидний энэ байр суурийг тамхи импортлогч компаниуд эсэргүүцэж, харлуулах хандлага гаргадаг. Эрүүл мэндийн байгууллагын хувьд ямар нэгэн компанитай хаалтын гэрээ хийх тохиолдол байхгүй. Харин ч бид бүх төрлийн тамхины хэрэглээний эсрэг хатуу байр суурьтай. Гаднын судалгаа, нотолгоонд суурилсан мэдээллийг иргэдэд зөвөөр ойлгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох нь үргэлж бидний зорилго байдаг.

Уушги судлалын чиглэлээр ажилладаг хүний хувьд тамхинаас үүдэлтэй өвчлөлийн бодит байдал хэр хүнд байгаа вэ?

Их хүнд. Амьсгалж байгаа ч амьсгалаа гүйцэд гаргаж чадахгүй байгаа өвчтөнөө харах хэцүү шүү дээ.

Архаг өвчлөлтэй хүнийг эмчлэх зардал ойролцоогоор 2021 оноос улсын төсвөөс танагдсан нь мөн асуудалтай. Хүчилтөрөгчийн төхөөрөмж хүртэл хүрэлцээ муутай. 

Эрүүл мэндийн ажилтнууд тамхины хор хөнөөл, түүнээс татгалзсанаар гарах эерэг үр дүнгийн талаар үргэлж тайлбарладаг. Гэвч 40-50 жил тамхи татсан хүмүүсийн дунд “Тамхинаас шууд гарахаар уушгины хавдартай болчихдог” гэсэн төөрөгдөл түгээмэл. Тамхинаас гарснаас болж хавдар үүсдэггүй. 

Тамхинд агуулагдах 250 гаруй хавдар үүсгэгч химийн нэгдлээр олон жил амьсгалснаар эрүүл эс хэдийн гэмтэж, хавдрын үе шат эхэлсэн байдаг. Энэ нь яг тамхинаас гарах үетэй давхцаж оношлогдох тохиолдол их бий.

Тамхинаас гарснаас хойш 20 минутын дараа зүрхний цохилт хэвийн болж, нэг жилийн дараа зүрх судасны өвчний эрсдэл 50 хувиар буурдаг. 10 жилийн дараа уушгины хавдраар өвчлөх магадлал хоёр дахин буурч, 15 жилийн дараа огт тамхи татаж байгаагүй хүнтэй ижил түвшинд хүрдэг.

Уушги бол амьсгалын эрхтэн тогтолцооны гол эрхтэн. Хүн хоолгүй, усгүй тодорхой хугацаанд амьдарч чадах ч хүчилтөрөгчгүйгээр амьдарч чадахгүй. Хүчилтөрөгчийг хүний биед оруулдаг гол эрхтэн болох уушгийг гэмтээгээд байгаа эрсдэлт хүчин зүйл нь тамхи гэдэг нь нотолгоонд суурилсан шинжлэх ухаанаар батлагдсан тул ямар ч тамхи, тамхин бүтээгдэхүүнийг битгий хэрэглээрэй гэж уриалж байна. 

Янжуур ч, электрон тамхи ч аль аль нь эрүүл мэндэд хортой сөрөг нөлөөтэй тул бүх төрлийн тамхинаас хүүхдүүдээ хамгаалъя. 
























Төстэй мэдээлэл

Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхантай унаач хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр хүүхдийн эрх, тэр дундаа унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил манлайлж ажилласан эрх зүйч юм. -Өмнө нь та унаач хүүхдийн эрх гэсэн яг энэ сэдвээр 2017 онд тэмцэж, хүчтэй ярьж байсан. Гэтэл 6 жил өнгөрчхөөд байхад өнөөдөр энэ асуудал яригдсан хэвээр байгаа талаар юу […]

Анх 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть боловсруулах төслийг 2022 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч цар тахлын улмаас хойшилсоор 2025 онд ашиглалтад оруулахаар байгаагаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ тухай тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад […]

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарах гэж байна. Монголчууд уламжлалт Цагаан сарын баяртаа зэхэж байгаа энэ үеэр уламжлал, соёл, түүхийн талаар “Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй товч ярилцлаа.  -Цагаан сараар бидний дагаж мөрддөг олон ёс заншил бий. Гэвч яг алийг нь цэвэр монгол, алийг нь харь соёлын нөлөө гэж үзэх […]

Хотын экс дарга С.Амарсайхан 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан дүүжин тээвэр мөн л цар тахалтай холбоотой 2025 онд ашиглалтад орохоор болж хойшилсон. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны намраас туршилтыг эхлүүлнэ гэж мэдээлсэн бөгөөд тус төслийн ажил 2025 онд дөнгөж эхлээд байна.

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн. Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын […]

Factcheck.mn сайт 2025 онд ашиглалтад орно хэмээн улстөрчид мэдээлж, нийгэмд хүлээлт үүсгэсэн байсан ажлууд дахин нэг оны босго давж байгааг эргэн сануулж байна. Хамгийн анх 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тавантолгойн цахилгаан станц барих талаар ярьснаас хойш 13 дахь онтойгоо золгох гэж байна. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн 2018 онд Засгийн газрыг төлөөлж “Оюу толгой” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх