
Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн.
Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын начин, тод манлай уяач, Үндэсний сурын харвааны I зэрэгтэй, сүүлийн 1990 оноос хурдан морь уясан өв тээгч нэгэн билээ. Эрлийз морь монгол соёлд чухам хэрхэн нөлөөлж, монгол адууг яагаад хамгаалах зэрэг чухал сэдвээр түүний ярьсныг хүргэж байна.
-Та сүүлийн 10 орчим жил морь уяагүй, уях боломж хаагдсан тухайгаа ярьсан. Ер нь эрлийз морь хэзээнээс хурдан морины уралдаанд орж ирэв? Яагаад орж ирэх болов гэсэн асуултаар яриагаа эхлүүлье.
-Эрлийз адууны тухай хөөж яривал биднээс арай өмнөх үе рүү буюу 1945 оны дайны дараах үетэй холбогдоно. Тэр дайны дараа монгол адуу тэвчээртэй, хатуужилтай болох нь харагдаж, ЗХУ дайнд ялахад нөлөөлсөн олон шалтгаан нөхцөлийн нэг нь монгол адуу байдаг. Үүнийг би биш, дэлхийн эрдэмтэд ярьдаг. Тухайлбал, 20-оод жилийн өмнө Хөх хотод болсон “Тал нүүдэлчдийн өв соёл” гэдэг эрдэм шинжилгээний том хурал дээр энэтхэг эрдэмтэн ирж, монгол адууны гайхамшгийг дурдаж байсныг би сонсож явлаа.
Ингээд дайны дараачаас адуу уяад улс хувьсгалын 49 жилийн ойгоор гэдэг бил үү, анх эрлийз адуу айрагдсан байдаг юм. Тэр үед үндэсний өв соёл гэдэг асуудал яригдахгүй байлаа шүү дээ. Социализм байгуулахад өв соёл бол хуучинсаг үзэл байв. Харин монгол наадам яаж үлдсэн юм бэ гэхээр 1921 онд ардын хувьсгал ялж, цэргийн наадам гэж хийсэн. Тухайлбал, цэргийн наадмын харваанд нь Д.Сүхбаатар жанжин өөрөө түрүүлсэн. Тиймээс ардын хувьсгалыг тэмдэглэх том баяр байж, нум сум харваж, үндэсний бөхөө барилдаж, монгол адуугаа уралдуулдаг. Энэ дунд 1945 онд дайн байлдаанд хэрэг болно гээд оруулж ирсэн адуугаа манай адуутай эрлийзжүүлээд иртэл морьтой байлддаг арга хөгжлөөсөө өөр болчихлоо шүү дээ.
Тэгэхээр тэр үед нэгэнт орж ирсэн адууг Монгол Улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэг гэж байгуулаад морьдыг нь уяж болох юм аа гэдэг утгаар албан ёсны уяач авчраад уралдуулах болсон. Тэр уяач нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү гуай байхгүй юу. Цалин аваад төрийн ажил хийж байгаа л хэрэг шүү дээ.
Тэр үед улсын наадам долдугаар сарын 11, 12-нд болж, хөдөөнийхөн сумандаа уралдчихна, аймгийнхан аймагтаа уралдчихна, хот улсад уралдчихна. Ингээд наадмын маргааш нь хадландаа, намрынхаа ажилд гардаг ийм цаг үе байлаа.
Ингээд 1990 онд зах зээлийн нийгэмд ч шилжсэн. Морио уралдуулах ёстой юм байна, мориныхоо, уяачийн бай шагналыг өсгөе гэж ярих болсон. Бид чинь сургууль соёл төгсөөгүй үед бол өв соёл гэж яг юу юм бэ гэдгээ ч сайн ойлгохгүй л хэсэг улс тодорхой хэмжээнд тойруулгын адуугаа уралдуулж, тодорхой айраг түрүүгээ аваад явж байв. Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хоёр халзан морийг Монгол Улсын манлай уяач Батчулуун уяж, нэг нь түрүүлж, нэг нь аман хүзүүдэж байсан ба дараагаар нь Монголын ард түмэнд танигдсан шарга азарга, магнай халтар гээд азаргуудаар тойруулга адуу төгсгөл болоод ирсэн.
Тэгэхэд адууг эрлийзжүүлээд уралдах юм бол хурдан байдаг юм байна гэдгийг олж харсан хувь хүн сонирхлоороо адуу импортоор оруулж ирээд, англи, араб адуу бий болж, уралдах болсноор тэнцвэр алдагдсан.
-Эрлийз морь уралдах болсноор ямар өөрчлөлт бий болсон талаар та илүү дэлгэрүүлээд ярихгүй юу?
-2002 онд Нагааранзын зээрд морь гэж тува эрлийз морийг авсан эзэн нь надаар уяулахаар гуйж ирээд, би тэр морийг нь уятал урд жил нь улсын наадам, Их хурдад түрүүлсэн, Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Ононгийн хээр морины урд орчхож байгаа юм.
Их спортоор хичээллэж, бөхийн чөлөөт барилдаанаар тив дэлхийд төрийнхөө дууллыг эгшиглүүлж байсан тамирчин хүний хувьд, бөх хүний хувьд би дэлхийн уралдаан ямар болдгийг, өөр өөр төрлийн цусны адуу нэг зам дээр уралддаггүй юм байна гэдгийг харж байсан. Тэрийгээ амьдрал дээр мэдрээд авчхаж байгаа юм. Би зүгээр л тэр морийг уяхад тэр том уяачийн морийг улсын наадамд түрүүлчхэж байгаа юм, эрлийз морь учраас алхаа гишгээ нь том.
Сүүлдээ эрлийз адуу хөгжүүлээд уралдаад ирэхээр тухайн үед Монголын морин спорт, уяачдын холбоо асуудлыг хэлэлцээд ерөөсөө монгол адуу, эрлийз адуу хоёр нэг зам дээр уралдаж болохгүй юм байна, тусад нь уралдуулъя гэдэг шийдвэр гаргасан. Ингээд долдугаар сарын 13-нд уяачдын өдөрлөгт эрлийз морьд давхиулж, тэрийг бүр хуулиар дэмжчихэж байгаа юм, улсын цол өгөөд. Ингээд улсын цол өгөөд явсан чинь эрлийз уралдаандаа сайн давхиагүй морьд нь монгол мориных руугаа орчихож байгаа юм. Мэдээж эрлийздээ сайн давхиагүй ч монгол адуутай уралдахаар урдуур ороод түрүүлээд ирнэ биз дээ. Ийм л жишгээр, хувийн ашиг сонирхлын үүднээс монгол наадмыг үймүүлж, бусниулсан, өв соёлыг устгаж буй хүчин зүйл нь эрлийз адуу юм.
Эрлийз адуунд тусад нь уралдаан гаргаж өгсөөр байтал наадамд хууль дүрэм зөрчиж, монгол морины уралдаанд айраг түрүү авч, цолны төлөө улайран хөөцөлдсөн нөхдүүд бий болсон.
Англи, араб азарга оруулж ирээд энд гүү гишгүүлэх, хээлтүүлэх ямар ч боломжгүй. Үүнийг тодорхой хүн хувийн ашиг орлогын төлөө оруулж ирж байна шүү дээ. Эрлийз адуу оруулж ирж үймүүлэгчид англи, арабын адуу оруулж ирээд монгол сайн гүүн дээр гишгүүлээд төл авч байгаа нь Малын генетик нөөцийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Ингэж хууль зөрчиж үйл ажиллагаа явуулснаар өнөөдөр Монгол наадмыг дампууралд хүргэсэн.
-Монгол малын удмын санд ингээд нөлөөлөөд байгааг хэн хянах ёстой юм бэ? Энэ асуудал ер нь дураараа, замбараагүй л байгаа гэсэн үг үү?
-Дураараа замбараагүй байх ямар ч үндэс байхгүй. Удмын сан, өв соёл гэж ийм байдаг юм байна гэдгийг 2000 оны үед бас ч гэж ойлгоод эхэллээ шүү дээ. Тийм ч учраас 16 жилийн өмнө Юнескод очиж, монголчууд эрийн гурван наадмыг бүртгүүлсэн. Дэлхийд уралдаан байдаг уу, байна. Тойруулга уралдаан зөндөө бий. Бөх байна уу, байна. Харваа байна уу, байт харваа байна. Тэгвэл Монгол наадам юугаараа онцлог гэдэг дээр асуудал тавигдаад, Монгол наадам бол хүүхэд монгол морио унаж уралддаг, долдугаар сарын 11, 12-нд төрийнхөө их баяр наадмыг хийдэг нь Монголын ард түмний нийт бэлгэдэл юм байна гэж үзсэн. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан биет бус соёлын өв гэж үзээд гэрчилгээгээ авсан. Тэгэхээр наадмын морь бол эрлийз байх боломжгүй юм гэдэг нь эндээс тодорхой байна шүү дээ.
Гэтэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэг дэргэдээ Монголын морин спорт, уяачдын холбоо гээд спортын холбоо гээд байгуулчихсан. Морины уралдааныг дэлхийд хаана ч спорт гэж үздэггүй. Олимпод морьтой гурван төрөл байдаг нь уран морь унах буюу унаач, морины бүжиг, саадтай харайлт, морины гурван төрөлт хослол гэж байдаг. Тэгэхээр манайд спорт, уралдаан, наадам гэсэн ялгаа байхгүй болчихсон, энэ нь болохгүй байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн гаргаж ярьж, удмын сангийн тухай хуулийг нэн даруй баталж, хэрэгжүүлэх ёстой юм байна гээд УИХ-аар оруулж, хууль батлагдсан. Энэ хуульд бүх зүйлийг тодорхой заагаад өгчихсөн, генийнх нь хувьд дэлхийн жишгээр яаж ялгах ёстой тухай.
Түүний дараа Ч.Улаан сайд болж, энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн.
-Энэ бүх зүйл дээр маргаад байх шаардлагагүй, хуультай гэж та хэлэх гээд байна, тийм үү?
-Малын удам гэдэг зүйл хаанаас гарч ирсэн бэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуулиас эхтэй. Үндсэн хуулиа уншаад үзэхээр өв соёл төрийн хамгаалалтад байна, таван хошуу мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заагаад өгчихсөн шүү дээ. Энэ нь таван хошуу малын удмын санг нь хамгаалах ёстой гэсэн үг. Энэ хууль хэрэгжихгүй байгаа учраас удмын сангийн хуулийг гаргах ёстой гэж үзээд тусад нь хуултай болсон. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ч.Улаан сайд улсын төсвөөс 600 орчим сая төгрөг гаргасан. Ингээд төрийн бус байгууллагыг хамруулаад бид Монгол Улсын адууны цөм угшил буюу Увсын Тэс адууны угшил, Хөвсгөлийн Цагаан адуу, Галшар адуу гэх мэтчилсэн сумдаас 1,500 адууны цусыг авчирч өгсөн.
Гэтэл сайд солигдож Х.Болорчулуун гэдэг хүн сайд болсон. Х.Болорчулуун гэдэг хүн ашиг сонирхлын зөрчилтэй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг маш бүдүүлгээр зөрсөн. Учир нь тэр хүн 50 хувьтай, цэвэр англи цусны эрлийз адууг Онон тод манлайгаар уюулаад төрийн наадамд аман хүзүүдүүлчихсэн.
Ингэж УИХ-ын гишүүд хууль дүрэм зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дараа нь З.Мэндсайхан гэдэг хүн сайд болсон. Тэр хүн бас л эрлийз адуугаар цол авсан, өөрөө морь мэдэхгүй мөртлөө хүнээр морио уюулаад.
З.Мэндсайханы талаар ярих их бий. Монгол адууны удмын генийг устгаж, монгол морь, монгол малчин морио уяж уралдах боломжгүй болгосныхоо дараа эрлийз адуугаа үнэтэй болгож, өнөөдрийн байдлаар 2-3 тэрбум төгрөгөөр нэг адуугаа зарж байна шүү дээ.
Тэгэхээр энэ бол хууль зөрчиж, улс төрд нөлөөгөөр хувийн ашиг сонирхлын үүднээс ажиллаж байгаа хэлбэр. Тиймээс бидний хөдөлмөр зараад аваад ирсэн 1,500 адууны цусыг санаатай юу, санаандгүй юу одоо ашиглах боломжгүй болгосон. 600 сая төгрөг ч алга болсон.
Бид 2022 онд Үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлүүлж, монгол зургаан насны морь уралдуулахаар хуульчилсан. Ингээд Юнескод бүртгэснээрээ ч, Монгол Улсын хууль тогтоомжоороо ч ямар ч тохиолдолд эрлийз морь уралдах боломжгүй байгаа биз.
-Энэ улстөрчид тэгвэл цолны төлөө л хууль зөрчөөд байгаа хэрэг үү?
-Цол гэдэг юмны төлөө том хүн хүүхэд ашиглаж байна, янз бүрийн уралдаан зохион байгуулж байна. Энэ нь манай улсын элсэн орсон Хүний эрхийн конвенцыг зөрчиж байгаа.
Эрлийз адуу уралдах өв соёл манайд байгаагүй. Зөвхөн Үндэсний баяр наадмаар монгол морио хүүхдээрээ унуулдаг бөгөөд энэ нь бидний бэлгэдэл. Үндэсний морин уралдаан гэдэг бол тодорхой агуулгатай. Монгол наадмын нэгэн төрөл, үндэсний морин уралдаан бол ашгийн бус, бэлгэдлийн чанартай. Үүнийхээ хамгийн эрхэм зүйл нь хүүхэд нь байдаг. Хамгийн бахархалтай зүйл нь нөгөө тэсвэр тэвчээртэй монгол адуу нь байдаг. Бахархал болсон энэ зүйлийг нь устгачихаар энэ бол өв соёл биш болно л гэсэн үг.
-Тэгвэл уяачид, эрх бүхий хүмүүс хаврын уралдааныг сэргээхгүй л бол өв соёлоо алдлаа гэж их чанга дуугарч байна. Өвөрмонголчууд хавар уралдаад, бид хамаг бүхнээ алдлаа гээд байгааг та юу гэж дүгнэх вэ?
-Хаврын уралдааныг хийе гэж төрийн тэргүүнүүдийг шахаад байгаа хүмүүс бол дандаа морь уюулагч нар, малгай авч өмсөх дуртай л нөхдүүд. Хаврын уралдаан хийж Засгийн газрын тогтоолыг, хүүхдийг эрхийг зөрчих гээд байна шүү дээ. Тухайлбал, өвөл, хаврын цагт морины ажил хийж болохгүй гэж байхад өнгөрсөн жил хоёр хүүхдийн амь насаар тоглочихсон шүү дээ. Энэ бүгд дандаа хууль дүрэм зөрчөөд байгаа үйлдэл.
Дүнжингарав гээд хаврын уралдаан 20 гаруй жилийн л түүхтэй. Тэнд морь айрагдуулахаар цол өгчихдөг. Тэр цолны төлөө л үхэн хатан хөөцөлдөөд байгаа хэрэг. Өнөөдөр УИХ-ын гишүүд дотор цолтой сайхан гишүүд байна, мориныхоо зүсийг ч сайн ялгадаггүй. Өөрсдөө хууль баталчихдаг, хуулиа хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр тэнд мөнгө угаалт байгаад байна.
Нөгөө талаар, өөрийнхөө дэмжиж байсан дарга ч юм уу, бөх ч юм уу нэр алдартай нэг хүнд 50, 100 саяар үнэлдэг эрлийз адуугаа бэлгэнд өгчхөж байна. Тэр адуугаар нь айраг түрүү авч байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил.
Хятадад морины уралдаан их болоод тэнд нь манай хүүхдүүд очоод байгаа юм биш. Хятадад хүүхдээр хурдан морь унуулах хууль байхгүй. Харин Хятадад өнөөдөр монгол адууг цэврээр нь хөгжүүлсэн хүнд төрөөс нь мөнгө өгнө гэж байна шүү дээ. Тэгээд тэд биднийг дуурайж сэрвээг нь хэмжиж уралдуулах гэж үзээд болохгүй, хамгийн буруу шийдэл байна гэдгийг хэлж байна. Сэрвээгээр нь монгол морийг тогтоох боломжгүй бол монгол адууны генийг, удмын санг тогтооё гэж байгаа юм. Хэрэв тэд биднээс түрүүлээд тогтоочих юм бол монгол адуу биш, хятад адуу болох байхгүй юу, тийм үү.
Ийм зүйлээс бид хоцроод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хаврын уралдаан болохгүй байгаагаараа өв соёлоо алдаж байгаа хэрэг биш. Ийм зүйлээр эрлийз морьтой хэсэг бүлэг улсууд ард түмний тархийг угааж, төрийн хуулийг зөрчиж, дээд шүүхийн хүчин төгөлдөр байгаа тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. Хэсэг бүлэг мөнгөтэй улсуудын ярианд автаж, төрийн түшээд гуйвах, тэднийг даган баясах хандлага маш их илэрч байгаа учраас энэ асуудал засрахгүй байна.
Ер нь Монгол төрийн наадмыг Төр л хийх ёстой. Тийм ч учраас 2022 онд батлуулсан Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой, монгол адуугаа авч үлдэхийн төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг Засгийн газар ойлгож хүлээж авсан.
-Та сая монгол адууныхаа генийг тогтоох дээр хоцорсон тухай хэллээ. Энэ тухай илүү тодруулахгүй юу?
-Тэгэхээр сүүлийн 6, 7 жилд Үндэсний их баяр наадамд нэг ч монгол морь айрагдсангүй. Монгол морь айрагдахгүй, монгол адуу устах гэж байгаа хэрэг биз дээ? Хүн төрөлхтний түүхэнд оруулсан монголчуудын том өв гэж ЮНЕСКО-д бүртгэсэн соёлоо ингээд устгуулаад, Үндсэн хуулинд заасан мал сүргээ хамгаалж чадахгүй устгаж байхад сэрэхгүй байна гэдэг бол эмгэнэл, том доройтол гэж би хардаг.
Дэлхийн эрдэмтэд, бүх орны адуу судлаачид дэлхийд хоёрхон төрлийн адуу л байдаг гэж үздэг, монгол ба бусад.
Бусад гэдэг нь дандаа хүн бүтээсэн адуу байх нь, цусаараа ялгаатай. Гэтэл өнөөдөр сэрвээнийх нь өндөр, намаар ялгана гээд зогсож байгаа нь харамсалтай. 1,500 адууны цусыг устгачихсан ч бид ахиад цуглуулъя гэвэл яваад аваад л ирнэ. Гэхдээ өнөөдөр шинжлэх ухаан, техникийн хөгжил оргилдоо хүрчихсэн 21-р зуунд адууны хялгасаар л гарал үүслийг нь тогтоочихно шүү дээ. Хольцтой бол хувиараа гараад л ирнэ.
Улс орнууд англи, араб гээд адууных нь цус ямар байх ёстойг хэдийн тогтоогоод хадгалчихсан. Гэтэл өнөөдөр бид монгол адууныхаа цусыг, генийг тогтоож хадгалж чадаагүй сууж байгаа нь тун харамсалтай. Түүнээс гадна Үндсэн хуулиар хүлээсэн хамгаалах үүргээ биелүүлэхгүй хууль зөрчөөд, гэмт хэрэг үйлдээд байж байгаа. Адууг эрлийзжүүлэх нь өөрөө гэмт хэрэг юм байна л даа. Тиймээс үүнийг шалгуулах талаар бид явж байна.
Ингээд шалгуулахаар хаана очиж буруутах вэ гэхээр хууль бусаар үржүүлэг хийх боломж олгосон Засгийн газар буруутна. Ямар ч байсан 2026 оноос үржүүлгийн зориулалтаар англи, араб адууг оруулж ирэхийг хориглочихлоо. Ингэж аргаа барж байгаа хэдий ч дээр дооргүй мэдэрч эхэлж байгаа нь сайн хэрэг юм даа.
-Эрлийзжүүлэх нь хууль бус юм бол энэ бүхнийг зогсоох ёстой юм биш үү?
-Ерөөсөө энэ үржүүлэг чинь бас хуультай юм байна шүү дээ.
Хууль бус үржүүлэг хийчихсэн учраас энэ нь өөрөө гэмт хэрэг учраас шалгуулъя гэж байгаа юм. Тиймээс эрлийз адуу оруулж ирэх, импортын зөвшөөрөл өгсөн, үржүүлэг хийсэн улсуудыг хуулийн байгууллагаар тодорхой хэмжээгээр шалгуулах ёстой гэж үзэж байгаа.
Мөн 1,500 адууны цусыг өнөөдөр ашиглах боломжгүй болгосон, ашиг сонирхлын зөрчилтэй Х.Болорчулуун, З.Мэндсайхан нарыг холбогдох байгууллагад өгч шалгуулахаар ажиллаж байгаа. Ямар ч байсан тодорхой үүрэг хүлээсэн хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнээс хойш хууль зөрчигчдийг бол тодорхой хэмжээнд шийтгэх хэрэгтэй.
-Ер нь цаашид өв соёлоо хадгалахын тулд яах хэрэгтэй гэж та харж байна вэ?
-Юуны түрүүнд Үндсэн хуулиа уншиж, өв соёлоо мэдэх ёстой. Яагаад наадам хийгээд байдаг юм бэ гэдгээ бид ойлгох ёстой. Монгол наадам бол монголчуудын том дархлаа, ондооших маш том гаргалгаа. Хамгийн бахархах ёстой зүйлийн нэг нь монгол адуу гэдгийг саяхан Ерөнхийлөгч ч хэлсэн. Монгол адуу өөрөө өөрийгөө дэлхийд үнэтэй болохыг зарлаж, өнөөдөр ОХУ-ын төрийн талбай дээр хөшөөгөө босгочихсон байна. Гэтэл монгол наадмыг үймүүлээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэд биш гэж үү.
Тухайлбал, өнөөдөр хамгийн том гал байгуулаад, тэрийгээ удирдаад явж байгаа МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар гэж хүн байна. Баахан эрлийз адуу уячихсан, тэрийг нь ярихаар “Дуламсүрэн гуай, миний адуунд дуртай нь буруу юм уу” гэдэг. Монгол Улсын төрд ажилладаг хүн юм бол монгол наадамд монгол адуугаар уралдах ёстой. Эрлийз адууг хөгжүүлэх нь эрх чөлөөтэй. Түүгээрээ том хүн унуулаад дэлхийн жишгийг дага л даа.
Дэлхийн жишигт хэзээ ч морины угсааг өндөр намаар нь ялгадаггүй. Дэлхийн жишигт хэзээ ч ашгийн төлөө хүүхдээр морь унуулж уралддаггүй. Дэлхийн жишгийг зөв дагах хэрэгтэй.
Бид бол Үндсэн хуулийг баримтлаач, монгол адуугаа авч үлдээч, Монгол наадмыг хэл амгүй болгочихооч л гэж хүсэж байгаа. Монгол наадмыг уяачдын холбоо, хэсэг бөхчүүд хийдэггүй шүү дээ, төр өөрөө хийдэг. Төрийн наадамд жирийн малчин уяач уралддаг боломжоор хангаад өгөөч ээ л гэж хүсэж байгаа. Нэг Их Хурлын гишүүн, нэг цагдаагийн даргын морь түрүүлдэг, айрагддаг, хэдэн дарга нар нь бүгд жүчээ барьсан нь ашиг сонирхол мөн байгаа биз дээ?
-Нэгэнт эрлийз адуу зөндөө их бий болчихсон энэ үед дараагийн шийдэл юу байж болох вэ? Эрлийз адуугаа морин тойруулгаараа олон улсын жишигт нь нийцүүлээд уралдуулах ёстой юу?
-Энийг 15 жилийн өмнө шийдчихсэн асуудал байхгүй юу, эрлийз адууг тусад нь уралд гээд. Гэтэл хууль зөрчөөд, төр нь хууль зөрчигчдийнхөө талд ороод шийдээд байгаад л учир байгаа юм. Ийм байхад хардалт төрөх нь зүйн хэрэг.
-Монгол адууг устгачихлаа гэж та нэлээд олон удаа хэллээ. Монгол адуу монгол наадамдаа уралдаж байгаа хэвээр биз дээ?
-Яагаад ингэж хэлээд байна гэхээр жирийн малчин уяач, монгол морьтой хүн уралдах боломжгүй байна. Тиймээс монгол азаргатай хүн уяхгүй болчихсон. Эрлийз морьд сум, аймагт нь хурдлаад монгол морь айрагдахгүй болохоор тэр шүү дээ. Ингэж хууль зөрчиж, малчин ард, эгэл түмний эрхийг зөрчиж Монгол наадмыг устгаж байгаа байхгүй юу. Үүний төлөө л анхаарах ёстой юм. Тэрнээс гаргалгаа зам бол зөндөө байна.
Монгол наадмаар хуулийн дагуу монгол морьд уралддагийг нь л баталгаатай болгож өгөх ёстой. Гэтэд монгол адуу, англи адуу хоёроо ялгахын тулд сэрвээг нь хэмжээд байдаг ийм доогтой, бүдүүлэг, гутамшигтай зүйл байхгүй. Гаднынхан сонсоод бүр толгой сэгсэрдэг.
Хоёрдугаарт, эрлийз адуугүй бол та нар сумынхаа наадамд ч айраг авч чадахгүй шүү дээ гэдэг ухуулга явуулж, эрлийз адуугаа зардаг. Ингээд хурдан хүлгийн өлгий нутаг Сүхбаатар аймгийн угшилтай морь худалдаж авдаг байсан бол мөнгөний урсгал өөр тийш явж, аав, ээжийнхээ бүтээж өгсөн үнэт зүйлээр хөдөө амьдралаа дээшлүүлдэг байсан нь үгүй болж байна.
Хаврын уралдааныг нээчихээр тэд морио уяж чадна гэсэн ухуулгыг хөдөө явуулчихдаг. Гэтэл тухайлбал өнөөдөр хөдөө малаа төллүүлж байгаа цаг. Эхнэр нь сургуулийн хүүхдээ дагаад төв рүү явчихсан. Би сая Архангай аймгийн Хотонт сум ороод ирсэн. Нэг гэрт таван залуу яриад сууж байгаа юм. “Морь уяхтай манатай, ганц нэг морио унаад эдэлж байна. Уг нь монгол морь уралдвал уях л юм” гэж байх жишээтэй.
Буруу шийдлийн балаг маш их болж байна шүү дээ. Дуламсүрэн гуай Дүнжингарав хаврын уралдааныг нээж өгөх гэсэнгүй, та нарын эсрэг явж байна гэж малчин залууст очиж ярьдаг мөнгөтэй улс байна. Тухайлбал, 50 хувьтай нэг адууг ахын дүү энүүгээр уралд гээд бэлгэнд өгчихдөг. Хүнээс юм авсан хүн чинь морио уяна, эрлийз учраас сайн давхина шүү дээ. Ингэж явсаар байгаад өнөөдөр суманд гуравхан монгол морь морддог болчихсон.
-Монгол морьдын хэдэн хувь нь эрлийз болсон тухай тооцоо судалгаа байгаа болов уу?
-Манай эрдэмтдийн үзэж байгаагаар монгол адууны 20 орчим хувь эрлийзжчихсэн байна гэж байгаа. Энэ хэмжээнд нь тогтоохгүй бол монгол адууны удмын сан гээгдэх дөхөөд байна.
Түүнээс гадна эрлийз адуу бол бэлчээрээр онд орж чадахгүй, асрамжийн мал. Монгол адуу бол зуд, шуургаар ч бэлчээртээ явж байгаад ирнэ, зун нь барьж авч уяад л уралдчихдаг. Харин эрлийз адууг бөөцийлөх гэж өвөл 4-5 сая төгрөг зарцуулах болж буй хэрэг. Энэ нь ард түмний амьдралд, өрхийн эдийн засагт ямар нөлөөтэйг харуулах биз ээ.
-Эрлийз болон монгол адууны хүүхэдтэй харьцах ялгаа өөр байдаг уу, ер нь ямар байдаг вэ?
-Бүр тэмээ, ямаа шиг ялгаатай. Яагаад дэлхийд хүүхэд унахыг зөвшөөрөгдсөн гэхээр монгол адууны хурд нь бага. Монгол адуу жилийн дөрвөн улиралд зохицсон, хамгийн чухал нь эзэндээ ээлтэй мал. Биднийг хүүхэд байхад аав ээж бяруун дээр мордчих юм бол загнадаг байсан. Хэзээ монгол хүн үхэр унаж байсан юм, үхэр эврээ дэвсдэг, ойчвол бэртэнэ миний хүү гэнэ. Харин монгол адуу дэлээ дэвсдэг байхгүй юу. Эзэндээ, нутагтаа ээлтэй учраас газрын холоос нутаг руугаа гүйгээд байгаа биз. Байгалийнх нь мэдрэмж өндөр мал байхгүй юу. Тиймээс монгол адуу хэзээ ч эзэн дээрээ гишгэдэггүй, өлий байхад тойроод гарч чаддаг мал.
Уяач хүний морь уядаг хамгийн дээд арга бол морио эрлэх буюу хамгийн хурдан дээр нь аваачих. Гэтэл Монголын хурдан гүүн дээр дэлхийн хүний бүтээсэн хурдан адууг гаргаж ирээд, тэгээд том биетэй адууг сайн уяач уяад, дээр нь эм тариа хэрэглээд ирэхээр хурдална гэж явж өгнө биз? Цагт 40 километрийн хурдтай явдаг монгол адуун дээр мордох уу, 60 километрийн хурдтай явдаг эрлийз адуу дээр мордох уу гэдэг өөр. Эрлийз адуу өндөр, ойчвол өндөр дээрээс ойчино. Байгалийн мэдрэмж байхгүй учраас тойрч гарахаа мэдэхгүй. Техник дээр л гэхэд осол аваар хурд хэтэрснээс болж гардаг биз дээ. Аажуухан явсан машин зогсож чаддаг. Харин тэр их хурдтай адуу жалган дээр очоод зогсож чадахгүй.
Тийм ч учраас эрлийз адууг хүүхэд унаж болохгүй гэдэг дээр хүүхдийн болон хүний эрхийн байгууллага, хүүхдэдээ хайртай монгол хүн болгон нэгдсэн. Тийм эрсдэлтэй уралдаандаа хүүхдээ явуулдахаар яах вэ? Хамгаалалтын хувцас сайн бэлдэнэ, зам засна гэнэ. Зөвхөн хотод л баячууд зам засаж уралдаан хийнэ. Хэрвээ тийм их мөнгө хөрөнгөтэй бол тэр хүмүүс насанд хүрсэн хүнээр морио унуулаад дэлхийн жишигт нийцсэн тойруулга байгуулаад уралд л даа. Тэгээд л болоо шүү дээ. Тэрнээс биш Монгол Улсын 360 суманд морь уралдааны зам засна гэж байхгүй.
Өв соёлынхоо төлөө, монгол адууны төлөө, монгол наадмынхаа төлөө, биднийг дэлхийд ондоошуулж харуулж чаддаг тэр бэлгэ тэмдэг, эрийн гурван наадам ямар учиртайг хүн болгон мэдэх ёстой цаг болчихсон. Ингэж байж Монгол Улс цаашид оршин тогтноно.