
“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй.
2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р тогтоолыг Засгийн газар гаргав. Төр хүүхдээ хамгаалж байна. Гэсэн ч түүнээс хойш тус шийдвэрийг эсэргүүцэгчид олширсоор 2025 онтой золголоо.
2025 он. Нэгдүгээр сард уяачид хаврын уралдааныг сэргээх шаардлага тавин, морьтой жагссаны үр дүнд Засгийн газар 41-р тогтоолыг баталж, эрх зүйн хувьд хаврын морин уралдаан зохион байгуулах боломжтой болсон. Харин уг тогтоолд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахгүй байх нэмэлт заалт бий. Бодит байдал дээр уг хязгаарлалт хэрэгждэггүйг холбогдох тоо баримт баталдаг. Тоо цаасан дээр бичигддэг, гэтэл цаана нь олон бяцхан зүрх цохилохоо больж, хөл гар нь хугарч, хөвгүүд сургуулиа бүр мөсөн орхидог харамсалтай явдал үргэлжилсээр.
2026 он. Энэ жилийн Цагаан сараар эрх мэдэл бүхий гишүүд, төлөөлөгчид хаврын уралдааныг сэргээхээр ажиллаж эхэлнэ хэмээн мэдэгдэж, зарим улс төрчид ирэх сонгуулиар авах саналаа тооцон уяачдын талд байгаа нь ажиглагдлаа. Угтаа өвөл, хавар уралдаан зохиох эрх хуулийн хүрээнд боломжтой хэвээр. Удаа дараа ийн тэмцэж байгаа нь хүүхдээр морио унуулж уралдуулах гэсэн санаа.
Гэтэл энэ зуур төрийн хамгааллаас гадуур үлдсэн унаач хүүхдүүдийн язгуур эрх зөрчигдсөөр буйг 2026 оны хоёрдугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн Галт суманд болсон харамсалтай явдал гэрчилнэ.
Хуулийн зохицуулалт тодорхой биш, хяналт сул байдгийн илрэл бол энэ хэрэг. Морины ажил хийхээр явсан 11 настай хүү хэзээ ч эргэж ирсэнгүй. Эндээс бид нэг зүйлийг нухацтай бодох ёстой. Угтаа юуг “морины ажил” гэх, юуг “сунгаа”, “үсэргээ” гэж тодорхойлох талаар хуульд нарийвчлан дурдаагүй байдаг. Ийм тодорхой бус байдал олон хүүхэд эрсдэлд өртөх, эзэн хариуцагчийг нь хариуцлагаас мултлах нөхцөл үүсгэж байна.
Түүнчлэн, хүний амь эндсэн харамсалтай явдал болсноос хойш 14 хоног өнгөрөхөд хууль хяналтын байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байсан талаар хэвлэлд мэдээлсэн. Олон нийтэд ил болсон ганц л жишээг дурдахад ийм байна. Цаана нь өөр хэчнээн хүүхдэд эмгэнэлт явдал тохиож, хэчнээн хүүхдийн эрхийг зөрчиж буйг бид бүрэн мэдэх боломжгүй.
Аюулгүй орчинд эрүүл, эсэн мэнд амьдрах нь хүүхдийн язгуур эрх. Тэгвэл энэ эрхийг ноцтой зөрчсөнийг батлах тоог дурдъя.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бүртгэлээс эш татахад 2012 онд мориноос унаж гэмтэн уг төвд эмчлэгдсэн 326 хүүхдийн 73 нь тархины, 23 нь их биеийн, 180 нь дээд мөчний, 48 нь доод мөчний, 2 нь хавсарсан гэмтэл авсан байна.
Өөрөөр хэлбэл 22.3%-ийг тархины гэмтэл, 55.2%-ийг дээд мөчдийн гэмтэл эзэлж байна. Энэ нь мориноос унах үедээ хүүхэд толгойгоороо газар харуулдан унах, ингэхдээ гараараа тулдагтай холбоотой. Мөн амиа алдсан хүүхдүүд бүгд тархины гэмтлээр нас баржээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2017-2025 оны статистик мэдээллээс үзвэл, сүүлийн 9 жилийн хугацаанд нийт 3,400 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн тохиолдол бүртгэгджээ. Жилд дунджаар 380 орчим хүүхэд мориноос унадаг бөгөөд хамгийн олон нь 2018 онд тохиож, 661 хүүхэд унасан аж.
Энэ хугацаанд нийт 46 унаач хүүхэд амиа алдсан гэж ХЭҮК-с мэдэгдсэн. 2021 онд уралдааны тоо 21 байсан ч 3 хүүхэд эндсэн нь хурдан морины уралдаан өөрөө хэчнээн өндөр эрсдэлтэйг харуулна.
Уяачид “өвөл, хавар комбинзон өмсгөөд уралдуулахад хүүхэд даардаггүй” хэмээн тайлбарладаг. Гэтэл хасах 12-20 хэмийн хүйтэнд салхи сөрөн давхиж буй 7-10 настай хүүхдийн биед ноцтой эрсдэл учирдгийг анагаах ухааны судалгаагаар тогтоосон байдаг.
ХЭҮК-с 2022 онд хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааны хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны спортын мэргэжлийн эмч нартай хамтран 21 аймгийн 8-14 насны хурдан морь унаач 80 хүүхдийн бие бялдрын ерөнхий хөгжлийг судалжээ.
Судалгаанд хэвийн хөгжилтэй хүүхдүүдтэй харьцуулахад нийт хурдан морь унадаг хүүхдүүдийн 12 хувьд нь цээжний хэлбэр шөвгөр, 28 хувьд нь хэт хөнгөн ясны бүтэцтэй биеийн хэв шинж, 9 шахам хувьд нь нурууны нэг тал руу мурийсан, 9 орчим хувьд нь хөлийн ул хавтгай болсон, 6 гаруй хувьд нь шувуун цээжтэй гэсэн тайлан гарчээ.
Түүнчлэн хаврын хөлдүү хөрс дээр эмээлгүй давхихад хүүхдийн дотор эрхтэн хүчтэй доргиж, бөөр унжих, элэг гэмтэх, цустай шээх шинж тэмдэг илэрдэг. Цаашлаад хөвгүүдийн нөхөн үржихүйн эрхтэн гэмтэж үргүйдэх, охидын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй. Хамгаалалтын шилгүй уралдсанаас нүдний эвэрлэг бүрхэвч хөлдөх, хүйтэн агаар залгиснаар хатгалгаа тусах эрсдэл түгээмэл аж.
Уралдааны дараа хөл нь бадайрч, алхаж чадахгүй байгаа хүүхдийн зовуурийг “даарснаас болсон” гэж тоомжиргүй ханддаг, энэ нь яваандаа үе мөч, мэдрэлийн архаг өвчлөл болох үндэс болдог байна. Гэмтсэн хүүхдүүдийн тал шахам хувь нь эмнэлгийн тусламж огт авч чаддаггүй ба “өөрсдөө эдгэрнэ” гэх хандлагаар орхигдсоноор насан туршдаа эдгэшгүй өвчтэй үлдэх эрсдэлтэй байна.
“Соёолон морь унаж, сунгаанд явахад миний олом тайлагдаад мориндоо чирэгдсэн. Ашгүй гутал сугараад үлдсэн. Хэвтэж байхдаа чихээ хөлдөөсөн. Намайг босож чадахгүй болохоор машинтай ирж авсан. Гэхдээ эмнэлэгт үзүүлээгүй”
Унаач хүүхдүүдээс бэртэл, гэмтэл авч байсан эсэх талаар ганцаарчлан асуухад ингэж хариулж байжээ.
“Эмнэг морины амыг дийлэхгүй мориноосоо унах, морьтойгоо бөмбөрөх тохиолдол их гардаг. Манай найз олон удаа толгойгоо хагалсан”
“Миний хувьд их хүнд гэмтэж байгаагүй. Гэхдээ мориноос унаж хүнд бэртсэн хүүхэд олныг мэднэ. Тархи хөдлөх, шалбарах, цус гарах бол наад захын асуудал. Тэднийг ер нь эмнэлэгт үзүүлдэггүй. Өөрсдөө л хэсэг хугацааны дараа эдгэрдэг гэж боддог”
“Бороонд морь халтирч унах нь осолтой учир хэцүү санагддаг.” Хүүхдүүд ингэж ярьж байна. Тэдний үгийг бид заавал сонсох ёстой. Сонсоод, сонсоогүй мэт царайлж, хэнэггүй өнгөрдгөө хэзээ болих вэ?
Нөхцөл байдал ийм харамсмаар байхад шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хаврын уралдааныг дахин сэргээх талаар ярьж эхлээд байна.
Дээр дурдсанчлан уг нь арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг Засгийн Газар тогтоол гарган хориглосон. Уг тогтоолд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахгүй байх нэмэлт заалт бий. Гэвч эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүд, дарга нар хаврын уралдааныг сэргээхээр ажиллаад эхэлсэн. Хавар уралдаан зохиох эрх хуулийн хүрээнд боломжтой хэвээр атал удаа дараа ийн тэмцэж байгаа нь хүүхдээр л морио унуулж уралдуулах гэсэн санаа. Тэдний энэ үйлдлийг “Хүүхдийн амь нас яах вэ, дарга нар хавар наадмаар байна” гэхээс өөрөөр юу гэж ойлгох вэ?