ЦУВРАЛ-2 Дайны талаарх дүн шинжилгээ бүхий мэдээлэл цахим орчинд ховор байна

Одоогоос яг нэг жилийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсыг цэрэггүйжүүлэх нэрийдлээр тус улс руу зэвсэгт хүчнээ илгээж байв. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ингэж эхэлсэн ОХУ-ын түрэмгийлэл, өөрсдийнх нь хэлснээр “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байсан ч жил гаран үргэлжилж буй дайн болон өргөжиж, өнөөдөр ч дуусаагүй байна. Монгол Улсын мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн энэхүү дайн дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаагийн зэрэгцээ мэдээллийн асар хүчтэй “дайн” цахим орчинд хил хязгааргүй тархсан билээ.

Иймд Орос, Украины дайны нөхцөл байдалд төвийг сахисан, нотолгоонд суурилсан тоо, мэдээлэл бий болгох, улмаар иргэдийн мэдээлэлтэй харьцах чадварыг сайжруулах зорилгоор хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Монголын анхны талбар FactCechk.mn -ээс дайнтай холбоотой мэдээллүүдэд мониторинг хийгээд байна. Тодруулбал, Монголын цахим орчин буюу мэдээллийн вэбсайт, фэйсбүүк орчинд түгсэн дайнтай холбоотой мэдээллүүдийн хэлбэр, агуулга, байр суурь, эх сурвалжуудад дүн шинжилгээ хийв.

Үүнээс вэбсайтын мэдээллийн талаар онцлон авч үзвэл бүх талын эх сурвалжийг багтаан анализ хийсэн сэтгүүл зүйн бүтээл ховор байгаа нь ажиглагдлаа. Энэ нь иргэд тэнцвэртэй мэдээллээр хангагдаж, бодит байдлыг зөвөөр үнэлж дүгнэх боломж хязгаарлагдмал байсныг илтгэж байгаа юм.

Тухайлбал, дайн эхэлснээс хойших есөн сарын хугацаанд монгол хэл дээрх дотоодын сайтуудаар 706 мэдээлэл нийтлэгдсэн нь мониторингод бүртгэгдсэн. Тэдгээр мэдээллийн эх сурвалжийг нягтлахад 72% нь АНУ, Англи, Франц зэрэг орны хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эх сурвалжаа болгожээ. Харин Оросын талын эх сурвалж 5% байсан бол Украин улсын эх сурвалж огт байхгүй байв. Энэ нь эх сурвалжийн тэнцвэрийг хангаагүй хэмээн үзэв.

Эх сурвалж: Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn

Түүнчлэн дайнтай холбоотой нийт мэдээллийн 91% нь үйл явдлын буюу орчуулгын мэдээ, 9% нь нийтлэл, ярилцлагын хэлбэртэй байсан нь “Монгол Улсын цахим мэдээллийн орчинд дайны талаарх бодит нөхцөл байдлыг олон эх сурвалжаас нягтлан судалж, боловсруулалт хийгдсэн мэдээлэл маш хангалтгүй түвшинд байна” хэмээх дээрх дүгнэлтийг хийхэд хүргэсэн юм.

Эх сурвалж: Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn

Мэдээллийн эх сурвалжийн тухайд АНУ-ын Аssociated Press, Английн BBC, Reuters агентлагийн мэдээнүүд зонхилсон бөгөөд хариу үйлдлийн тоогоор ч эхэнд бичигдэж байна. Ялангуяа, Gereg, iKon.mn мэдээллийн сайтуудад дайнтай холбоотой мэдээллүүд топ 10 жагсаалтад багтсан байгаа юм. Тухайлбал “Путин хориг арга хэмжээ Оросыг дэлхийд ганцаардуулж чадахгүйг Өрнөдийнхөнд анхааруулав” гэсэн гарчигтай iKon.mn сайтад нийтлэгдсэн мэдээ 4,600 удаа шэйрлэгдсэн нь хамгийн өндөр хандалт авсан мэдээнд тооцогдов. Энэ нь Associated Press агентлагаас эх сурвалжтай үйл явдлын мэдээ байв.

Харин Орос, Украины эх сурвалж аль аль нь хамгийн их уншигдсан мэдээнүүдэд багтаагүйг онцлох нь зүйтэй.

Хэлбэрийн хувьд ийнхүү дүгнэсэн бол агуулгын хувьд мэдээллийн сайтуудаар тайлант хугацаанд нийтлэгдсэн 706 мэдээллээс 52% нь аль нэг талыг дэмжээгүй, үйл явдлын мэдээ байв. Харин 43% нь Украиныг дэмжсэн бол ердөө 5% нь Оросыг дэмжсэн агуулгатай байна.

Дээр дурдсанчлан Монголын цахим орчинд гарсан дайны талаарх мэдээллийн 60 гаруй хувь нь өрнөдийн орнуудын хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас дамжуулсан тул Оросын талыг дэмжсэн мэдээ, мэдээлэл хамгийн бага түвшинд хүрч, үйл явдлын мэдээ болон Украиныг дэмжсэн байр суурь зонхилсон нь ийнхүү ажиглагдсан.

Гэвч сэтгэгдлүүдийг харвал хамгийн их хүрсэн мэдээллүүд дээр уншигчид ОХУ-ын Ерөнхийлөгчийг дэмжсэн, бахархсан үзэл бодол ихээр илэрхийлжээ. Тухайлбал, дээр эш татсан “Путин хориг арга хэмжээ Оросыг дэлхийд ганцаардуулж чадахгүйг Өрнөдийнхөнд анхааруулав” гэсэн мэдээний сэтгэгдлүүд ийм өнгө аястай байсан бол ОХУ-ын ЭСЯ-ны гадна монголчууд дайныг эсэргүүцэж жагссан тухай мэдээнд жагсаалыг буруутгаж, бухимдсан сэтгэгдлүүд зонхилжээ. Тодруулбал, жагсаалаас болж ОХУ-тай харьцаа муудах, импортын барааны үнэ өсөх вий гэсэн айдастай, нөгөө хэсэг АНУ-ыг дайны буруутан гэж үзсэн сэтгэгдэл их байсан бол тус жагсаалыг захиалгатай жагсаал гэж хардсан сэтгэгдэл нэлээд байсан юм.

Олон нийт, уншигчид аливаа мэдээллийг гар утас, дэлгэцээр дамжуулан цахим орчноос голчлон авдаг болсон энэ цаг үед цахим орчин дахь Орос Украины дайнтай холбоотой нөхцөл байдлын тухай зохих судалгаа, шинжилгээ хийгдсэн нийтлэл, сурвалжилга дутагдаж байгааг эцэст нь дахин тодотгоё. Өдөр өдрөөр хэрэглэгчдийн тоо нь өсөн нэмэгдэж буй цахим хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн анхаарлын төвд байгаа аливаа асуудлаар иргэдийн мэдэх эрхэд нийцүүлж хараат бус, судалгаа шинжилгээтэй, нэгдсэн бодитой ойлголт өгөхүйц нийтлэл, сурвалжилга бэлтгэн тоймлон хүргэх хэрэгцээ шаардлага байсаар байгааг онцолъё.

Мониторингод бүртгэгдсэн цөөн хэдэн даацтай нийтлэлд гаднын хэвлэлийн орчуулгын мэдээлэл үлэмж зонхилж байсан бөгөөд монгол сэтгүүлчийн бүтээл маш дутмаг байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ялангуяа, уг дайнтай холбоотой мэдээ, мэдээлэл нь хэдий гадаад улс орны асуудал мэт боловч дэлхий даяар үр нөлөө үзүүлж буй том үйл явдал бөгөөд хөрш орны хувьд манай улсад ч багагүй үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс тусгаар улсын бие даасан хэвлэл мэдээлэл оршин буй Монгол Улсын иргэний хувьд мэдээлэл авч буй анхдагч эх сурвалж нь бүгд шахуу гадаад улсын сэтгүүлч, редакцаас бэлтгэсэн мэдээ, нийтлэлийн дан орчуулга байх нь мэдээллийн дайны эрин үед нэгийг бодож хоёрыг тунгаах ёстой үзэгдэл юм.

Төгсгөлд нь энэхүү мониторингийг зөвхөн цахим орчин дахь мэдээллийн сайтуудад хийсэн ба телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ороогүй болохыг сануулъя.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Уг постод, “Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад […]

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын цахим орчинд ОХУ, Украин улсын хооронд болсон дайны тухай ямар мэдээллүүд гарч, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn цоо шинэ мониторинг хийсэн юм. Монголчууд фэйсбүүкт дайны талаар эх сурвалжгүй мэдээллийг түлхүү тараасан, Дайны талаарх дүн шинжилгээ бүхий мэдээлэл цахим орчинд ховор байгаа […]

Товч агуулга: Орос, Украины дайн эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд олон улсыг хамарсан цахим мэдээллийн дайн өрнөж байгаа нь олон нийтийг мэдээллийн боловсрол эзэмших шаардлагыг хэзээ хэзээнээс илүү бий болгов. Ялангуяа, ОХУ-тай хил залгаа оршдог манай улсын хувьд цахим хэрэглэгчид хуурамч мэдээлэлд илүүтэй автах өндөр магадлалтайг 2023 онд Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хийсэн […]

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх