“Украин улсыг цэрэггүйжүүлнэ” хэмээн зарлаж ОХУ-ын эхлүүлсэн “Цэргийн тусгай ажиллагаа” тун удалгүй түрэмгийлэл болж, дараа нь бүрэн утгаараа дайн болон өргөжиж, өнөөдөр ч дуусалгүй бүтэн жил даван үргэлжлээд байна. XXI зуунд зэвсгийн хүчээр өөр нэгэн улс руу хүч түрэмгийлсэн энэхүү үйл явдал хажуу хөршид маань болж байгаа тул монголчууд анхааралтай ажиглаж, энэ талаарх мэдээллийг чих тавин сонссон хэвээр байгаа билээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын цахим орчинд дайны талаарх ямар мэдээллүүд гарч, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn цоо шинэ мониторинг хийсэн юм. Монгол Улсын хүн амаас давсан буюу ухаалаг утас хэрэглэгчийн тоо нь 4.8 саяд хүрч, тэр дундаа 2.5 сая иргэн нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй болсон энэ үед фэйсбүүк орчинд дайнтай холбоотой мэдээлэл хэрхэн түгсэн талаарх анализын үр дүнг эхний ээлжинд хуваалцаж байна. Мөн хүмүүст хамгийн их хүрсэн фэйсбүүкийн 10 постыг авч үзсэнийг доор үзүүлэх болно.
ОХУ зэвсэгт хүчнээ Украин руу илгээж, дайны эхлэлийг тавьсан 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойших есөн сарын хугацаанд фэйсбүүкийн орчинд гарсан мэдээллүүдийг мониторингийн хүрээнд авч үзсэн юм. Ингэхдээ тухайн нэг постны олон нийтэд хүрсэн байдал, хамрах хүрээ, хариу үйлдэл зэрэг нь харьцангуй өндөр (500-ааc дээш) мэдээллийг түүвэр болгон авсныг дурдах хэрэгтэй.
Уг шалгуурыг хангасан мэдээлэл буюу пост тайлант хугацаанд 126 бүртгэгдсэн бөгөөд эдгээрт фэйсбүүк хэрэглэгчид нийт 136,329 удаа хариу үйлдэл үзүүлжээ.
Өөрөөр хэлбэл, нэг мэдээлэлд дунджаар 1,082 удаа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэн байна. Энэ нь мэдээллийн сайтуудаар гарсан дайнтай холбоотой мэдээнийхтэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт юм (Мэдээллийн сайтуудад хийсэн мониторингийн үр дүнг мөн цувралаар нийтлэх болно). Нийт хариу үйлдлийг задалж харвал
- сэтгэл хөдлөлөө илэрхийлэн эможи дарсан давтамж 92,177 удаа
- бусадтай хуваалцсан нь 30,502 удаа
- бичсэн сэтгэгдлийн тоо 13,650 байв.
Өөрөөр хэлбэл, дайнтай холбоотой постуудад сэтгэгдэл бичиж, бусадтай хуваалцахаас илүүтэй эможи дарж хариу үйлдлээ ихэвчлэн илэрхийлжээ.
Мониторингоор авч үзсэн нэг чухал зүйл нь “эх сурвалж”
Мэдээллийн сайтууд бүхэлдээ эх сурвалжаа дурдсан байсан бөгөөд ердөө 5% нь Оросын эх сурвалжтай байсан юм. Тэгвэл фэйсбүүк дэх дайнтай холбоотой постуудын дийлэнх буюу 86% нь эх сурвалжгүй, үлдсэн хувь нь бүгд Оросын эх сурвалжийг ашигласан байсан нь анхаарал татсан нэг үзүүлэлт байв.
Түүнчлэн агуулгын хувьд фэйсбүүк мэдээллийн
- 33% нь аль ч талыг илэрхий дэмжээгүй буюу эсэргүүцээгүй, үйл явдлын мэдээ,
- 8% нь Украиныг дэмжсэн бол
- 59% нь Оросыг дэмжсэн байна.
Тодруулбал, Оросыг дэмжиж, Монгол-Оросын түүхэн харилцааг сануулсан, Украин, АНУ, Европын бусад орныг буруушаасан, хувь хүмүүсийн үзэл бодол бүхий пост/мэдээнүүд фэйсбүүкт давамгайлж, улмаар маш олон хүнд хүрчээ.
Тэгвэл хамгийн олон хүнд хүрсэн тэр постуудын эзэд хэн байсан бэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Дээр дурдсан 10 фэйсбүүк постын эзэн болох найман хэрэглэгчийг доорх хүснэгтээс харна уу.
Анхдагч эх сурвалж | Мэдээ орсон огноо | Нийт хариу үйлдлийн тоо | Хуваалцсан тоо | Эможийн тоо | Сэтгэгдлийн тоо | Байр суурь | |
1 | Munkhbayasgalan Bayasgalan * | 9/4/2022 | 46433 | 12000 | 28333 | 6100 | Оросыг дэмжсэн |
2 | Ider-Od Bat-Erdene | 9/22/2022 | 14934 | 1000 | 13330 | 604 | Украиныг дэмжсэн |
3 | Ider-Od Bat-Erdene | 7/5/2022 | 11190 | 2200 | 8495 | 495 | Украиныг дэмжсэн |
4 | Sky Light | 11/8/2022 | 5318 | 1200 | 3678 | 440 | Оросыг дэмжсэн |
5 | Хатуу мэдээ | 11/1/2022 | 4465 | 4004 | 461 | Оросыг дэмжсэн | |
6 | En Bayaraa | 3/21/2022 | 3197 | 1400 | 1560 | 237 | Оросыг дэмжсэн |
7 | Эмүжин | 7/5/2022 | 2068 | 207 | 1743 | 118 | Аль нь ч биш |
8 | Tserenkhuu Ishtseden | 2/25/2022 | 1774 | 106 | 1537 | 131 | Оросыг дэмжсэн |
9 | Эмүжин | 4/4/2022 | 1653 | 178 | 1237 | 238 | Оросыг дэмжсэн |
* Munkhbayasgalan Bayasgalan фэйсбүүк хэрэглэгчийн хувьд 2019.08.29-нд Халх голын дайны талаар пост оруулсныг 2022.09.04-нд Монгол Дайчин гэх фэйсбүүк хэрэглэгч дахин шэйрэлсэн бөгөөд мөн л олон хүнд хүрсэн байв.
Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед дэлхийн иргэн бүрийн мэдээлэлтэй харилцах суурь боловсрол (Media literacy) маш чухалд тооцогдож байгаа билээ.
Манай улсын хувьд социализмын үеэс пропаганда суурьтай сэтгүүл зүй, мэдээлэл харилцааны хэлбэртэйгээр олон арван жил явж ирсэн. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ямартай ч бие даасан, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг бий болгохыг зорьж яваа нийгэм хэдий ч зарчмаа үл хайхардаг зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн мэдээллийн сүлжээний баталгаагүй их мэдээлэл зэрэг бусад олон хүчин зүйлээс үүдэж иргэдийн мэдээлэлтэй харилцах суурь боловсрол, тэр дундаа аливаа мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээж авч хэрэглэх чадвар хангалттай биш байсаар байгаа нь тодорхой ажиглагддаг. Тухайлбал, үүнийг КОВИД-19 цар тахлын үед ч, коронавирусийн эсрэг вакцины үед ч олон нийтэд хурдтай түгэн дэлгэрч байсан олон олон хуурамч мэдээллээс харж болно.
Дайны тухайд энэхүү чухал үйл явдлын талаар монголчууд эх сурвалжгүй, эсвэл дийлэнх нь зөвхөн нэг талын буюу ОХУ-ын эх сурвалжтай мэдээллийг фэйсбүүкээс авсаар байсныг FactCheck.mn-ээс хийсэн дээрх мониторингийн үр дүн илтгэсэн.
Иймд дайны талаарх пост, мэдээллүүдийг өөр эх сурвалжаар баталгаажуулах шаардлага, олон талаар тэнцвэржүүлсэн мэдээллийн хэрэгцээ нийгэмд байсаар байна.