Вакцинтай хөхүүл ээжүүдийн хүүхдүүд гепатитаар өвчилсөн – ХУДАЛ

Товч агуулга

Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй.

5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй.

Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй.

Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр.



Их Британид сүүлийн үед бүртгэгдэж байгаа хүүхдийн гепатитийн тохиолдол КОВИД-19-өөс шалтгаалжээ. Нэг сартайгаас 4 нас хүртэлх хүүхдүүдийн элэгний өвчлөл гэнэт ихсэх болсон бөгөөд хөхөөр хооллосон хүүхдүүдийн ээж нар КОВИД-19-ийн вакцины бүрэн тунтай байжээ” гэсэн агуулгатай пост олон нийтийн сүлжээнд эрчимтэй тархав.

Уг агуулгыг баримтыг нягтлагч Fullfact.org сайт шалгаж, албан ёсны олон мэдээллээр няцаажээ.

Factcheck:

Олон нийтийн сүлжээнд тархсан дээрх агуулгуудад ДЭМБ, Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг болон Sky News сайтын дараах линкүүдийг хавсаргасан ч аль алинд нь тэдгээр хүүхэд хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19-ийн вакцинд хамрагдсан тухай бичээгүй байна.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 3-ны өдөр нийтэлсэн товч танилцуулгад Англид 2022 онд 16-аас доош насны нийт 163 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон тухай бичжээ. Тэдний 118 нь 3-5 насны хүүхдүүд байсан байна. Гэсэн ч тэр хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй буюу энэ талаар танилцуулгад дурдаагүй байна. Харин “Элэгний гепатит бүртгэгдсэн нийт тохиолдлын 75%-ийг эзэлж байгаа, 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. 5-аас дээш насныхан дунд цөөн хүүхэд вакцинд хамрагдсан тохиолдол байна” гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл, элэгний үрэвсэл нь коронавирусийн эсрэг вакцинтай ямар нэгэн хамааралтай гэсэн нотолгоо огт байхгүй юм.

Олон нийтийн дунд тарсан постод мөн 11-16 насны хүүхдүүдийн дунд мөн элэгний үрэвсэл ихсэж байгаа бөгөөд энэ насныхан дор хаяж вакцины нэг тунг хийлгэсэн тухай дурджээ.

Гэвч энэ тухай Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдэгдэлд бичээгүй ба том хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн тохиолдлуудыг харвал вакцинд хамрагдсан хүүхдийн тоог “Таваас цөөн” гэж тодорхойлсон байна.

Иймд ДЭМБ “Гепатит оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь COVID-19 вакцин тариулаагүй учраас COVID-19 вакцины гаж нөлөөтэй холбоотой таамаглал одоогоор дэмжигдээгүй байна” гэжээ.

Лондоны Эзэн хааны коллежийн Туршилтын анагаах ухааны профессор Питер Опеншоу энэ талаар “Би энэ тухай ямар нэгэн найдвартай эх сурвалжаас сонсоогүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй” гэж тайлбарласан байна.

Гепатитын чиглэлээр дагнасан Ноттингемийн их сургуулийн шинжээч, профессор Вилл Ирвинг Full Fact-д өгсөн тайлбартаа “Хүүхдүүдэд бүртгэгдсэн элэгний эдгээр тохиолдлын гол таамаглал нь аденовирусийн халдвараас үүдэлтэй гэсэн таамаглал юм. КОВИД-19-ийн вакцинуудын нэг болох АстраЗенека нь аденовирусээс гаралтай гэдгийг хүмүүс мэднэ.

Оксфордын АстраЗенека вакцинд сармагчингийн аденовирус ашигласан. Харин хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь хүний аденовирус бөгөөд генетикийн хувьд сармагчингийхаас огт өөр.

Вакцин дахь аденовирусийн аль нэг бүрэлдэхүүн хэсэг нь эдгээр хүүхдүүдэд бүртгэгдсэн аденовируст ямар нэгэн байдлаар мутацад орох буюу хувирах ямар ч боломжгүй” хэмээн хэлжээ.

Их Британид гепатитаар өвчилсөн 163 хүүхдийн 126-д аденовирусийг шинжлэхэд 91-т нь эерэг илэрсэн байна.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгч “Эдгээр хүүхдүүдийн цуснаас илэрсэн аденовирус нь Их Британид зөвшөөрсөн хоёр вакцинд ашиглагдсан вирусээс өөр төрөл юм. Хоёр вакцинд репликацид ордоггүй аденовирусийг ашигладаг бөгөөд эдгээр нь зөвхөн вакцины үйлдвэрлэлд ашигладаг тодорхой эсийн шугамд л үржих боломжтой. Тиймээс хүний биед үржихгүй бөгөөд вакцин хийлгэсэн хүнээс хүүхдэд болон бусад гэр бүлийн гишүүдэд дамжих боломжгүй” гэдгийг тодорхой хэлжээ.

Тиймээс вакцинаас элэгний үрэвсэл үүссэн гэдэг мэдээлэл няцаагдаж байна.

Эх сурвалжууд:

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Төстэй мэдээлэл

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн гуравдугаар тунд хамрагдах хугацаа болон 2, 3 дугаар тун хоорондын зайны талаар янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд байгаа тул бид энэ талаар нягтлан хүргэж байна. Factcheck: ДЭМБ-ын Шинжлэх ухааны цуврал мэдээллийн есдүгээр сарын 11-ний дугаарт дархлаа сэргээх буюу 3 дахь тунгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ярилцлагад дараах 3 шалтгааны улмаас […]

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!! Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!!” Factcheck: Вакцинууд […]

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Товч агуулга Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 725 хүн шэйрэлж, 3К хариу үйлдэл, 1.4К коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх