Байгууллагууд 00-оо ашиглуулах хуультай, ГЭХДЭЭ торгуульгүй, ГЭХДЭЭ торгуулна, ГЭХДЭЭ 3 сая биш

Altantsetseg Badgar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.12.02-эд “Байгууллагууд 00-доо оруулахгүй гэвэл 1800-1200 дугаар руу залгаж хэлээрэй. 3сая төгрөгийн торгуультай” гэсэн пост оруулжээ.

Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Тухайн постыг 8.9К хүн шэйрлэж, 1.4К хүн лайк дарсны дийлэнх нь итгэсэн хандлагатай байна. Нийт 205 хүн сэтгэгдэл бичсэн ба олонх нь иргэд байгууллагын бие засах газраар үйлчлүүлэх боломжийг хоёр талтай шүүмжилжээ.

Энэ талаар иргэдийн санал гомдлын талаарх мэдээллийг хүлээн авдаг 1800-1200 тусгай дугаарыг хариуцдаг, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас лавлав.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй албан байгууллагууд бие засах газар ашиглуулах нь дараах гурван эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаг байна. Үүнд:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 8.1.8-д эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөгөөр иргэд, үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үйлчлэх

2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн “Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/995 дугаар захирамжаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор үйлчлүүлэгч иргэдэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх 

3. Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5-д Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна хэмээн тус тус заажээ.

1800-1200 тусгай дугаарт 2023 оны байдлаар ариун цэврийн өрөө ашиглуулаагүйтэй холбоотой 190 гомдол ирүүлжээ. Ийнхүү гомдол ирэхэд тухайн байгууллагад албан бичгээр сануулга өгөх арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ-аас авдаг байна.

Харин хяналт, шалгалт торгуулийн арга хэмжээний тухайд торгох эрхтэй субьект нь байцаагчид аж. Хуучинаар мэргэжлийн хяналтад харьяалагдаж байсан улсын байцаагч нь харьяа яам, агентлагт шилжсэн бөгөөд дээрх асуудалтай холбоотой байцаагч нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт харьяалагдах болжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа бие засах газартай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага нь иргэдэд чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байх тухай заасан байдаг. Яг тэр заалт нь Зөрчлийн тухай хуульд бол байхгүй. Тэгэхээр ариун цэврийн өрөөгөө ашиглуулаагүй гээд торгох санкц байхгүй. Зөрчлийн тухай хуулиар заасан асуудлын хүрээнд нь бид торгуулийн арга хэмжээ авдаг. Тэгэхээр Зөрчлийн тухай хуульд байхгүй асуудлаар бид торгох боломжгүй.

Хэрэв гомдол ирвэл иргэдэд ариун цэврийн өрөөгөө хүртээмжтэй ашиглуулаач ээ гээд улсын байцаагч албан шаардлага өгч болно. Албан шаардлага өгөөд биелэлтийг хангахгүй байх юм бол дараагийн арга хэмжээ нь торгуулийн арга хэмжээ авч болно. Тэр нь иргэн 50 мянга, аж ахуйн нэгж 500 мянган төгрөг байдаг. Тэр заалт нь Эрх бүхий албан тушаалтны албан даалгавар, шаардлагыг биелүүлээгүй гэсэн заалт юм. Түүнээс бие засах газартай шууд холбогдсон торгуулийн арга хэмжээ байхгүй. Гэхдээ ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчлэх ёстой гэсэн хуулийн заалт бол байгаа” хэмээн тайлбарлалаа.

Өмнө нь ийм асуудлаар торгуулж байсан тохиолдол нэг ч гараагүй гэдгийг мөн нэмж хэлсэн юм.

Иймд ариун цэврийн газраар үйлчлүүлээгүй газрыг 3 сая төгрөгөөр торгоно гэдэг нь ХУДАЛ мэдээлэл байна. Гэхдээ нэг байгууллагын талаар удаа дараа гомдол ирээд, хуулийг хэрэгжүүлэхгүй бол шат дараатай авах арга хэмжээ нь 500 мянган төгрөгийн торгууль ногдуулах хэмжээнд хүргэх боломжтой ажээ.

Эх сурвалжууд:

  • Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Төстэй мэдээлэл

Ж.Даржаагийнх ам бүл долуулаа. Тэрбээр өдгөө 42 настай. Сүүлийн 15 жил түлээ,  нүүрс зарж, амьдралаа авч яваа гэнэ. Харин эхнэр Б.Дөлгөөн нь 39 настай, бага ангийн багшаар 10 гаруй жил ажиллаж буй. Том хүү Д.Төгөлдөр энэ жил 17 настай, 11 дүгээр ангид сурдаг бол удаах хүү Д.Билгүүн нь дөрөвдүгээр ангийн сурагч. Харин бага охин Д.Номин […]

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй […]

Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна. вакцинд хамруулахдаа эцэг эхийн зөвшөөрөлд үндэслэн гарын үсэг зуруулж хийнэ

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Factcheck: Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна. Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Цөмийн энергийн тухай хуульд уурхайн нөхөн сэргээлтийн буюу 30-40 жилийн дараа ашиглах зардлыг энэ цаг үед бэлэн мөнгөөр төрийн тусгай санд байршуулах тухай заалт оруулах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор бусад улс орон ийм туршлага ашигладаг эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Дэлхий даяар улс орнууд байгаль орчны эрсдэлийг бууруулах, талбайн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх