“Маск, шинжилгээ, вакцинаараа коронавирусыг тараасан” – ТАШАА

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ.

Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!!

Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 жилийн дотор гаргана хэмээн зарлажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй маш их хөрөнгө мөнгө зарцуулснаа хэрхэн нөхөх, мөн 8 тэрбум хүн ихдэж байгаа тул 4 тэрбум болгох арга нь хуурамч КОВИД байсан юм. Өөрөөр хэлбэл 1 сумаар 2 туулай буудсан!!! Үхлийн тун- хүнцэлтэй вакцинаа тарихын тулд үхлээр нь айлгаж эхэлсэн. (Уханий жүжиг!)Дараа нь маск, шинжилгээ, вакцинаараа коронавирусыг тараасан. Ингэж л энэ түүх эхэлсэн. Хулхидаж боловуу!? Зогсоо!!! Жамаараа амьдармаар байна” гэжээ.

Коронавирусийн цар тахлын үед мэдээллийг баттай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг FactCheck.mn сануулсаар байгаа билээ. Учир нь төөрөгдүүлсэн ташаа мэдээлэлд итгэх нь эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй бөгөөд ташаа мэдээлэл түгээсэн хүн үүнд хариуцлага хүлээхгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 

Дээрх пост дахь агуулгыг нягталлаа. 

“Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!!”

FactCheck:

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа бүртгэгдэж, зарим тохиолдолд хүндэрч байгаа талаар 2020 оны нэгдүгээр сарын 3-нд ДЭМБ анх мэдээлсэн. Тухайн үед буюу нэгдүгээр сарын 5-ны байдлаар өвчлөлд өртөгсдийн тоо 59 болж, 163 хавьтлыг эмнэлгийн хяналтад авсан гэж мэдээлж байв. 

Уг хатгалгаа нь коронавирусийн нэг төрөл болохыг тогтоож, COVID-19 хэмээн албан ёсоор нэрлэх болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2020.02.11-нд зарласан бол 2021.03.12-нд тус байгууллага цар тахал болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь тусдаа өвчин биш нэг ойлголт буюу нэг өвчин гэжээ.

Коронавирусийн халдвар бол энгийн ханиад томуу биш юм. Өнөөдрийн байдлаар энэхүү вирусийн улмаас дэлхийн 220 орны 4,151,655 хүн нас бараад байгаа ба Монгол Улсад нас баралтын тоо 755 болоод байна.


“Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 жилийн дотор гаргана хэмээн зарлажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүй маш их хөрөнгө мөнгө зарцуулснаа хэрхэн нөхөх, мөн 8 тэрбум хүн ихдэж байгаа тул 4 тэрбум болгох арга нь хуурамч КОВИД байсан юм”

FactCheck:

Энэ талаар бид өмнө нь нягтлан хүргэж байсан.

Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг ч коронавирусээс их ялгаатай болохыг эрдэмтэд тайлбарлажээ. Уг өвчнийг үүсгэгч ХДХВ буюу ретровирус нь удмын мэдээллээ олшруулахдаа хүний цагаан эсийн эрхтэнцрүүдийг ашигладаг ба ийнхүү хуулбарлах явцад олон удаа мутацид өртдөг байна. Тиймээс уг вирусийн эсрэг вакцин бүтээхэд бэрхшээлтэй байдаг гэжээ


“Үхлийн тун- хүнцэлтэй вакцинаа тарихын тулд үхлээр нь айлгаж эхэлсэн. (Уханий жүжиг!)Дараа нь маск, шинжилгээ, вакцинаараа коронавирусыг тараасан. Ингэж л энэ түүх эхэлсэн. Хулхидаж боловуу!? Зогсоо!!! Жамаараа амьдармаар байна”

FactCheck:

Вакцины найрлагад хүнцэл ордог гэсэн албан мэдээлэл байхгүй байна. 

Вакцины найрлагын талаар бид өмнө нь мөн нягтлан мэдээлж байв.

Монгол Улсад хүн амын дийлэнх хувийг дархлаажуулахад ашигаласан, БНХАУ-ын Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэн ба Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV /Vero Cell/ вакциныг уламжлалт аргаар гаргаж авсан.

Уг вакцины дагалдуулсан зааварт найрлагадаа доорх бодисыг агуулсан гэсэн байна.

Үндсэн найрлага: идэвхгүйжүүлсэн 19n-CoV-CDC-Tan-HB02

Туслах найрлага: хөнгөн цагааны гидроксид,

Нэмэлт бодисууд: натрийн устөрөгчийн фосфат, натрийн хлорид, натрийн дигидрофосфат агуулжээ.

Хөнгөн цагаан вакцины найрлагад нэмэлтээр орсноор хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлага дахь хөнгөнцагаан нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно гэдгийг АНУ-ын Хүнс болон эмийн захиргаанаас мэдээлжээ. Хөнгөн цагааны агууламжтай бусад вакциныг ЭНД-ээс харж болно.

Нэмэлт бодисуудын тухайд тус вакцины 2021 оны тавдугаар сарын 26-нд шинээр танилцуулсан судалгаагаар тус вакцины үндсэн бодисгүйгээр туслах бодис тарьсан үр дүнг нийтэлжээ. Судалгаанд үндсэн ба туслах бодистой вакцин нь үр дүнтэй талаар тайлбарласан байна. 25,000 хүнийг хамруулсан уг судалгаагаар BBIBP-CorV /Vero Cell/ вакцин нь халдвараас урьдчилан сэргийлэх үр дүн 75%, өвчний хүндрэлээс 100% сэргийлж байгаа нь тогтоогджээ.

Вакцины тухайд хүнд металл гэж нэрлэгдэж байгаа нь мөнгөн ус. Гэхдээ энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь маш бага хэмжээний мөнгөн усны агууламжтай бөгөөд   бактери, мөөгөнцрийн халдвараас сэргийлэх үүрэгтэй байдаг байна. 

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орвол хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирт шиг ялгаатай нөлөөтэй болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдийн товлолт вакцины найрлагаас тимерозыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Вакцин нь вирусийн халдвар авах шалтгаан болохгүй

Вакцин нь вирусийг дамжуулдаггүй. Үүнийг тайлбарлавал:

Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн судлаачид орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээс коронавирусийн гурван хэв шинжийг ялган авсан.

Эсийн дотор үржиж олшрох чадвартай нэг хэв шинжийг сонгон авч, коронавирусийн арвин нөөцтэй болсны дараагаар вирусийг бета-пропиолактон гэдэг бодис ашиглан химийн аргаар идэвхгүйжүүлсэн. Идэвхгүй болсон вирус халдвар үүсгэдэггүй ч бүтцийн уургууд нь хэвээр үлддэг. Вирусийг идэвхгүйжүүлсний дараагаар цэвэршүүлж, маш бага хэмжээний хөнгөн цагаанд суурилсан бодистой хольсон.

Хөнгөн цагаан нь вакцины нөлөөгөөр өрнөх дархлааны хариу урвалыг идэвхжүүлж, дархлаа тогтохыг нэмэгдүүлдэг. 

Өөрөөр хэлбэл, вакцины найрлага дахь идэвхигүйжүүлж цэвэршүүлсэн вирусийн хэсэг нь халдвар үүсгэхгүй, харин вирусийн эсрэг дархлаа тогтоох замаар тухайн хүнийг хүндээр өвчлөх болон нас барах эрсдэлээс сэргийлж байна.  

Монгол Улсын хувьд вакцины үр дүн нас барах эрсдэлээс 92% хамгаалж байгаа гэсэн судалгаа гарсан ба хэрэв вакцин тарьж хүн амаа дархлаажуулаагүй бол долдугаар сарын эхний байдлаар нас баралт 15,600-46,000-д хүрэх байсан гэж тооцоолсноо доктор Т.Бэгзсүрэн танилцуулсан. 

Вакцин үхэлд хүргэсэн ба нас баралтын шалтгаан болсон нотолгоо өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна. 

Эх сурвалжууд:

ЭМЯ

ХӨСҮТ

https://www.who.int/director-general/speeches/detail/who-director-general-s-remarks-at-the-media-briefing-on-2019-ncov-on-11-february-2020

https://www.unaids.org/en/resources/presscentre/featurestories/2021/february/20210209_how-was-a-covid-19-vaccine-found-so-quickly

https://cdn.who.int/media/docs/default-source/immunization/sage/2021/april/4_sage29apr2021_sinovac.pdf?sfvrsn=2d82605d_5

https://www.reuters.com/article/uk-factcheck-covid-vaccine-ingredients-idUSKBN2AQ2SW

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/adjuvants.html

https://www.cdc.gov/vaccines/hcp/conversations/downloads/vacsafe-thimerosal-color-office.pdf

https://www.chop.edu/centers-programs/vaccine-education-center/vaccine-ingredients/thimerosal

https://www.nytimes.com/interactive/2020/health/sinopharm-covid-19-vaccine.html

https://covid19.trackvaccines.org/vaccines/5/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Олон нийтийн цахим сүлжээнд “МОНГОЛЫН БҮХ ТОМ БАНКНУУД АРД ТҮМЭНДЭЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА. “Сайн уу” хувийн мессежээр 1,500,000 төгрөгийг шууд хожоорой. Энэ бол зээл биш БАЯР ХҮРГЭЕ” гэсэн пост сүүлийн өдрүүдэд тараад байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Nasanjargal Saraa гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.12.30-ны өдрөөс эхлэн дээрх […]

Жижиг, дунд үйлдвэрийн газар хэвлэл мэдээллийн 10 байгууллагатай 1.78 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан баримт цахим орчинд ил болоод буй. Уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу уг гэрээнд багтсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Шилэн дансанд байршуулсан энэхүү гэрээ нь “Шинэ хоршоо хөдөлгөөний бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг […]

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх