МИАТ 6 онгоцтой 120 даргатай – ТАШАА

Товч агуулга:

  • МИАТ 2 алба, 4 газар, 24 хэлтэс, 6 тасагтай буюу удирдлагын тоо 120 хүрэхгүй байна.
  • Нийт ажилтны дийлэнх нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг.
  • МИАТ компани нислэг үйлдэхээс гадна Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, Газрын үйлчилгээ гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  • Тус компаний бүх үйл ажиллагаа ИНЕГ-ийн багц дүрэм, Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо, АНУ, ЕХ, бусад орны эрх бүхий байгууллагаас холбогдох дүрэм, журмын дагуу явдаг.

Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ.

Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү?

6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – 300.000 юм билээ.

Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх гэж байгаа бол хэлбэртэх биш хамгийн эхэнд дарга ангиасаа сална даа! За бараг сонгуулиар салгана даа хулгайч нараас нь” гэжээ.

Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

МИАТ компани нь Монгол Улсын ИНЕГ-аас баталсан ИНД-119, 108, 141, 145, Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо(IATA)-ны IOSA, ISAGO, Америкийн нэгдсэн улсын FAA FAR-129, FAR-145, Европын Холбооны EASA Part-145, TCO, ACC3, бусад орны эрх бүхий байгууллагаас холбогдох дүрэм, журмын дагуу гэрчилгээжсэн буюу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэдгээр гэрчилгээний тодорхойлолт, хязгаарлалтуудын хүрээнд байнгын хяналт дор, бүхий л шаардлагыг хангаж ажилладаг гэсэн үг. Мөн компанийн үндсэн заавар гэж байх бөгөөд уг зааврын дагуу компанийн салбар албад, нэгжийн дэлгэрэнгүй бүтэц, үйл ажиллагааны чиглэл, уялдаа холбоо, ажилтнуудад тавигдах ажлын байрны ерөнхий шаардлага болон бусад холбогдох үйл ажиллагааг зохицуулж явдаг байна.

МИАТ компанийн бүтцийг харвал 2 алба, 4 газар, 24 хэлтэс, 6 тасагтайгаар ажилладаг байна. Эдгээр алба, газар, хэлтэст нийт 1,078 ажилтан ажилладаг бөгөөд дийлэнх хувь нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. “Цөөхөн онгоцтой хэрнээ 1000 гаруй ажилтантай гэдэг нь зөвхөн нислэг үйлдвэрлэлд оролцоход ийм бүтэцтэй ажиллаж байна гэж ойлгоод байгаа. МИАТ компани нислэг үйлдэхээс гадна Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, Газрын үйлчилгээний байгууллагатай. Үндсэндээ агаарын тээврийг дагасан бизнесийн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэдгийг МИАТ компани тайлбарлав.

Бид энэ талаар мэргэжлийн хөндлөнгийн хүмүүсийг тайлбарыг мөн авлаа.

Тэдний нэг болох Бат инженер дээрх постын зураг дээрх бүтцийг 1998 оноос хэрэгжиж ирсэн схем бөгөөд мэргэжлийн бус хүн тэр бүтцэд ажиллах боломжгүй гэдгийг хэллээ. “МИАТ 1998 онд Францад бүртгэлтэй А310 гээг онгоц авсан. Тэр үед Францын DGAC буюу манайхаар ИНЕГ-тай адил бүтэц нь манайхыг ажилтнуудаа олон улсынхтай ойролцоо болго гэсэн асуудал тавьсан. Тэр нь үйл ажиллагаагааг аюулгүй, эмх цэгцтэй болгоход хэрэгтэй болохоос биш намын хүмүүс тэр бүтцэд орж ирээд ажиллаад байдаг юм байхгүй” гэдгийг тэрбээр тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, зайлшгүй байх ёстой ажилтнуудын бүтэж ажээ.

Мөн уг бүтэц нь МИАТ нэг онгоцтой байсан ч, 100 онгоцтой байсан ч яг л байх ёстой бүтэц гэдгийг тэрбээр баталгаажуулж хэлсэн.

Агаарын тээвэр бол зогсолтгүй үргэлжилж байдаг үйлчилгээний салбар. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн

  • 84.1-д Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна.
  • 87.2.Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж тус тус заажээ.

Долоо хоногт 168 цагтай гэж үзвэл тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд зөвхөн нэг ажлын байран дээр доод тал нь дөрвөн ээлжийн хүн ажиллах шаардлагатай болж байна.

“Өдрийн аль ч цагт МИАТ-ийн нэг онгоц агаарт байж байдаг. Жишээлбэл, алсын зайн нислэгүүд дандаа шөнө нисэж, үүрээр буудаг. Ээлжийн ажилтай хүмүүс нь өдөр шөнөгүй л тэндээ байж байдаг учраас өдрийн найман цагтай, гэр бүлийн жижиг компани шиг төсөөлж болохгүй” гэдгийг Бат инженер нэмж тайлбарласан юм.

Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбар доорх хууль эрх зүй, олон улсын гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсад Иргэний нисэхийн дүрмээрээ нэг нисгэгч сард 100 цагаас илүү нисэж болохгүй гэсэн шаардлагатай бөгөөд жилд хоёр удаа давтан сургалтад заавал суух шаардлагатай байдаг байна. Тэгэхээр нэг онгоцыг зөвхөн 1-2 нисгэгч жолооддоггүй ба боловсон хүчний илүүдэлгүй, харин дутагдалтай байдаг байна.

Онгоц сонирхогч, математикч мэргэжилтэй, агаарын тээврийн менежментээр мэргэшсэн иргэн Б.Маргад мөн энэ талаар тайлбар өгсөн. Тэрбээр “МИАТ яагаад том байгаа гэхээр яг үйлчилгээ талдаа газрын үйлчилгээнд бараг 300 хүн байгаа.

Яагаад Хүннү эйр, Аэромонголиагаас их хүн байна гэхээр тэд зөвхөн МИАТ-ынхаа ажлыг хийдэггүй. Туркиш Эйрлайнсын онгоц нислээ гэхэд тэнд бүртгэлийг нь МИАТ хийдэг. Тэгэхээр ээлжээр ажиллах ёстой, ээлж нь хэдэн хүнтэй байх ёстойг заахаар олон болчихдог” гэдгийг тайлбарласан юм.

Мөн үнэ тарифын талаар “Дэлхийн дунджаар онгоцны нэг суудлыг нэг км зөөхөд дунджаар 7-10 центийн зардал гардаг. Энэ нь дунджаар 500 доллар байдаг.

Нислэг бүр дүүрэн явахгүй. МИАТ 80%-тай байгаа нь маш өндөр тоо. Хамаг хүчин чадлаараа нисэж байна гэсэн үг. Цагийн хуваарь зарлаад, МИАТ Сөүл рүү өдөр бүр нисэхээр боллоо гэхэд 50 хүнтэй байлаа гээд нисэхгүй гэдэггүй. Тэгэхээр зарим нислэг нь 50, зарим нь 100 хүнтэй явна. Нийт нислэгийнх нь дунджаар нь суудал ашиглалтыг гаргадаг. 70% ч өндөр тоо. Эрээнээс хямд байна гээд байгаа. Эрээний онгоц 50 хүнтэй яваад байгаа байхгүй юу. Тэртэй тэргүй хоосон явах гээд, 500 долларыг Эрээнээс олж чадахгүй, цөөн хүнтэй учраас 100 доллароор Монголоос хүн аваад 500-г биш 400-г алдая гэсэн л бодлого. Түүнээс биш өртгөөрөө зарж байгаа гэсэн үг биш юм.

Агаарын тээвэр дэлхий дээр хамгийн их дүрэм журмаар зохицуулагдсан салбар. Яагаад гэвэл нэг дор маш олон хүний амь нас эрсдэлд ордог учраас. Түүнээс биш авто замын ослоор нас барж байгаа хүний тоо агаарын тээврээр нас барж байгаа хүний тоог харьцуулбал хамгийн аюулгүй тээвэр шүү дээ. Гэхдээ ЗГ, ОУ-ын байгуулагуудаас тавьж байгаа шаардлага нь маш өндөр” гэсэн юм.

Иймд “МИАТ 6 онгоцтой 120 даргатай” гэдэг мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:
  • МИАТ
  • ИНЕГ
  • Бат инженер
  • Онгоц сонирхогч, математикч мэргэжилтэй, агаарын тээврийн менежментээр мэргэшсэн иргэн Б.Маргад
  • Legalinfo.mn

 

 

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

Монгол Улс ураны томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төсөлд уран олборлохтой холбоотой суурь АМНАТ ашигт малтмал борлуулалтын орлогын 5% байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үийн өсөлтөөс хамааран 0-9% байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын […]

Товч агуулга: “Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой. Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг. SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори. Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Монголд Францын НАТОгийн […]

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр твиттерт МАХН-ын гэж андуурагдахаар хаягнаас “Манай намын хаягийг дагаснаар та байр авах эрхийн гэрчилгээгээ гардаж авлаал гэсэн үг” гэсэн жиргээ тарав. Уг жиргээг иргэдийн ихэнх нь хуурамч хэмээн ялгаж таниж буй хэдий ч дотор нь итгэн үнэмшиж буй иргэд ч байгаа нь сэтгэгдлүүдээс харагдав. Тухайлбал тэд, дахиж танай намд итгэхгүй, […]

Хэд хоногийн өмнөөс “Ройтерс”: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа гэсэн гарчигтай мэдээ фэйсбүүк орчинд түгээгдэж эхлэв. Тухайн мэдээлэл нь www.shuud.mn сайтын бэлтгэсэн мэдээлэл бөгөөд энэхүү үйл явдал нь өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн үйл явдал болох нь мэдээ уруу ормогц харагдаж байна. Гэвч тухайн мэдээллийг нийгмийн мэдээллийн сүлжээнд […]

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх